| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 194/2025/1143/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1395 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1395
2025 05 26 2025/ШЦТ/1395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч М.Билгүүтэй,
шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн “**” дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т.Б
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ЗШ/*дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө *дүүргийн * дугаар хороо, Монелын замд “Тоёота Приус” маркийн **улсын дугаартай тээврийн хэрэгслийг дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ “тухайн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн...” үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгч Т.Б нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Т.Б нь Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ЗШ/*дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө *дүүргийн *дугаар хороо, Монелын замд “Тоёота Приус” маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн...” үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь эрх бүхий албан тушаалтны жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр Т.Б нь 1.75 хувь согтолттой гэх /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,
Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр эрх хасагдсан гэх, /хавтаст хэргийн 26 дугаар тал/,
Иргэний хариуцагч Э.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ажлынхаа хүнээс түлхүүр авах гээд “**” ББСБ-ын эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний бие жолоодон Б-ын хамт найзын гэрт очсон. Бид хоёрыг очиход тэд нар баяр тэмдэглэж байсан ба тухайн өдөр ажилгүй байсан учир тэндий гэрт хонож өнжихөөр болсон. Тэгээд “Сэнгүр” нэртэй 2,5 литрийн 3 ширхэг пиво худалдан авч бид нар хувааж уусан. Манай ажлын хүний гэр нь мухар гудамжинд байдаг ба уг гудамж нь их нарийхан байсан учир тэр хавийн хүмүүс “Машинаа холдуул” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б гараад ажлын хүний хашаа руу оруулж тавих гээд хөдөлсөн. Тэгээд хөдлөөд явж байхад гэнэт урдаас нь хурдтай машин орж ирээд хоорондоо шүргэлцсэн. Тэгсэн тэр тээврийн хэрэгслийн жолооч эгч машинаасаа бууж ирээд Б-ыг согтуу байгааг мэдээд 102 дугаарт дуудлага, мэдээлэл өгсөн. Дуудлага, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсээс цагдаа ирээд Б-ын унаж явсан машиныг журмын хашаанд хийгээд өөрийг нь авч явсан. Тэгээд бид хоёр цагдаагийн машинд нь цуг суугаад цагдаагийн хэлтэс дээр очсон. Цагдаагийн хэлтэст дээр очоод Б-ыг драгер багаж үлээлгэж шалгахад 1,75 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ЗШ/*дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 23-25 дугаар тал/,
Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд: “...Би тухайн үед найзындаа урьд өдөр нь төрсөн өдөр болоод 3 пиво уусан байсан юм. Тэгтэл “Машин гаръя” гээд дуудахаар нь холдуулах гээд гарсан. Гудманд эргэж болохгүй байхаар нь доошоо уруудаж явж байхад цаанаас нэг машин гарч ирсэн. Би уруу газар явж байсан болохоор тоормос гишгээд тухайн машиныг мөргөсөн...” гэх мэдүүлэг болон гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасныг сануулахад шүүгдэгч нь “Өмгөөлөгчгүйгээр, өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно” гэсэн болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, согтуурлын хувь зэргийг харгалзан шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялаа эдлэж дууссаны дараа хугацааг тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал:
Шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *овогт Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдлэж дууссаны дараа хугацааг тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зардал нэхэмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД