Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 364

 

 

Г.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03848 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Х-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 34 393 980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.М 2014 оны 12 сард иргэн М.Х-ын хүсэлтийн дагуу Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, УС-15, 13260 гудамж 11 дүгээр байр, 22 тоотод байрлах 46.75 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 86 487 500 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. М.Х  уг орон сууцны үнийн 36,5 хувь буюу 31 487 500 төгрөгийг урьдчилан төлөөд үлдсэн 63 хувь болох 55 000 000 төгрөгийг орон сууцны 8 хувийн зээлээр төлөхөөр тохиролцож, худалдан авагчийн үүрэг хүлээсэн. Орон сууцны үнийн 70 хувь болох 55 000 000 төгрөгийг Төрийн банкны хөнгөлөлтэй зээлийн нөхцөлөөр төлсөн. Гэтэл М.Х  өөрөө төлөх урьдчилгаа хэсгийг төлөх боломжгүй байсан тул энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд талууд 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр №22 тоот орон сууц худалдан борлуулах гэрээ, орон сууцны зээлийн гэрээ гэсэн хоёр гэрээг байгуулсан. Одоо хариуцагч талаас гаргаж, маргаад байгаа 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орон сууцны зээлийн гэрээнд зээлийн үлдэгдэл хэсэг 17 946 250 төгрөг гэж бичсэн нь ямар учиртай вэ гэхээр тухайн үед Г.М , М.Х  нарын орон сууцны гэрээнд хөрөнгө зуучлалын компани оролцож байсан бөгөөд М.Х  17 946 250 төгрөгийг өөрөөс төлж үлдэх хэсгийг банкнаас санхүүжүүлжилт авна гэж уг дүнг гэрээнд бичиж байсан боловч зуучлалын компаниас М.Х-д банкны олгох зээлийн дээд хэмжээ 55 000 000 төгрөг гэдэг мэдээлэл өгсөн учир бид түүнд нийцүүлээд одоо манай нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа орон сууцны зээлийн гэрээнд зээлийн хэмжээг 23 446 250 төгрөгөөр тогтоосон. Ингээд М.Х  өөрөө төлөх ёстой 31 487 500 төгрөгөөс 8 041 250 төгрөгийг төлөөд үлдэх 23 446 250 төгрөгт талууд 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээ нь байгуулсан өдрөөс 14 сарын хугацаатай, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үнийн дүнгээр сар бүр 1,2 хувийн хүү тоооцох, мөн зээл төлөгдөхгүй бол хоногийн 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэй болно. Уг зээлийн гэрээг байгуулснаас хойш төлсөн төлбөрийг хасаад үзэхээр одоо зээлийн үндсэн төлбөр 20 956 250 төгрөг болж байна. Мөн гэрээнд заасны дагуу тооцож үзээд зээлийн хүү 2 716 185 төгрөг мөн алдангийн хэмжээг Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хязгаарыг баримтлан 10 478 125 төгрөгийн алданги бүгд анх нэхэмжлэл гаргасан үнийн дүн болох 34 393 980 төгрөгийг шаардаж байна. Талууд гэрээ байгуулахдаа, хэлэлцэн тохиролцохдоо орон сууцны м.кв тутамд үнэ тогтоож тодорхойлоогүй орон сууцыг бүхэлд нь 86 487 500 төгрөг гэж үнэ тогтоосон бөгөөд гэрээнд м.кв-ыг бол ерөнхий байдлаар бичсэн. Иймд, хариуцагч М.Х-с зээл 20 956 250 төгрөг, хүү 2 716 185 төгрөг, алданги 10 478 125 төгрөг, бүгд 34 393 980 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Г.М тай орон сууц худалдан борлуулах гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг 8 хороо УС-15 байрны 6 давхарын 22 тоотод байрлах 46.75 м.кв байрыг худалдаж авахаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Улмаар энэхүү байрны урьдчилгаа төлбөрийг өөрсдөө харилцан тохиролцон иргэн Г.М д нийт 13 541 250 төгрөгийг өгсөн болно. Удахгүй Төрийн банкны 8 хувийн зээлд хамрагдан төлбөр тооцоо нь жигдэрч төрийн банкны зүгээс Г.М руу байрны үлдэгдэл мөнгийг шилжүүлж тухайн байрны ордер банкны мэдэлд шилжсэн болно. Миний бие одоо cap болгон Төрийн банкинд энэхүү байрын 8 хувийн төлбөрөө төлж байна. Энэхүү хугацаанд Г.М гаас байр худалдаж авсан манай байрны иргэд иргэний шүүх болон захиргааны шүүхэд хандан м.кв дутуу гэсэн үндэслэлээр маргаан үүсгэж хоёр жилийн турш явж мөн миний бие төрийн байгуулагын орон тооны бүтцийн өөрчлөлтөөс болж ажлаасаа чөлөөлөгдсөн болно. Г.М-ийн худалдсан орон сууц худалдах гэрээнд 46.75 м.кв гэж заасан боловч мэргэжлийн байгууллагаар хэмжүүлж үзэхэд энэхүү байрны м.кв нь 39 м.кв байсан. Иймд иргэн Г.М нь 7 м.кв илүү байрны мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй тул миний хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 1 м.кв-ыг 1 850 000 төгрөгөөр худалдаж авахаар тооцсон бөгөөд 1 850 000₮ x 72 = 12 950 000 төгрөг энэхүү зээлийн гэрээнээс хасагдах ёстой. Миний бие 2015 оны 3 дугаар сарын 18-нд 1 900 000 төгрөгийг Г.М д бэлнээр, 5 дугаар сарын 26-ны өдөр 750 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 500 000 төгрөгийг Г.М-ийн Хаан банкны данс руу тус тус шилжүүлж, 9 дүгээр сарын 14-ний өдөр 800 000 төгрөгийг Г.М-ийн хүсэлтээр түүний дүү Ж.Отгонтөгсийн дансанд бүгд 3 950 000 төгрөгийн төлөлт хийсэн. Энэхүү зээлийн гэрээ нь барьцаат хөрөнгийн зүйлтэй бөгөөд барьцаанд энэхүү газрыг өгөхөд миний бие татгалзах зүйлгүй болно. Мөн иргэн Г.М нь иргэн намайг хохироож м.кв дутуу байр өгч илүү мөнгө нэхэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Тухайн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийг гэрээг байгуулахдаа Г.М-ийн зүгээс ямарваа нэгэн байдлаар надад тухайн мөнгийг бэлнээр болон дансаар хүлээлгэн өгсөн зүйл огт байхгүй бөгөөд зөвхөн цаасан дээрх гэрээ бөгөөд миний бие аргагүйн эрхэнд гарын үсэг зурж тухайн нөхцлийг хүлээн зөвшөөрсөн болно. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасныг баримтлан, хариуцагч М.Х-с 25 068 652 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.М д олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 9 325 328 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 329 920 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч М.Х-с 283 293 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.М д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг бурууг дүгнэсэн. Учир нь талуудын хооронд ямарваа нэгэн байдлаар зээлийн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ нь мөнгө буюу эд хөрөнгө зээлдэгчид шилжүүлэн өгсөн байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч Г.М-ийн зүгээс ямарваа нэгэн байдлаар хариуцагч М.Х-д зээл олгож шилжүүлж өгсөн зүйл огт байхгүй болно. Гэтэл шүүхийн зүгээс зээл олгосон мэтээр хүү алданги бодож байгаа нь учир дутагдалтай болно. Талуудын хооронд нэг нь байраа худалдах нөгөө нь тухайн байрыг худалдаж авах хүсэл зориг байсан болно. Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж банкны зээлд хамруулж урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг тохиролцон төлөхөөр болсон байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс 8.62 м.кв дутуу талбайтай байр худалдан борлуулан хариуцагчийг хохироон илүү мөнгө шаардаж үндэслэлгүй хөрөнгөжиж байна. Миний бие аваагүй зүйлийнхээ төлөө төлбөр төлөх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй болно. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж үнэн зөв бодит шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч М.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34 393 980 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 46.75 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэх, хариуцагч нь орон сууцны үнэ 86 487 500 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

 

Хариуцагч М.Х орон сууцны үнээс 31 487 500 төгрөг төлөөд, үлдэх 55 000 000 төгрөгийг банкны зээлэнд хамрагдан төлөхөөр тохиролцсон бөгөөд орон сууцны үнэ 31 487 500 төгрөг төлөх үүрэгтэй холбоотойгоор талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдсон. Уг асуудлаар зохигчид маргаагүй. Худалдах-худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солихоор талууд тохиролцсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

            Талууд 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үнийн дүнгийн талаар зөрүү тайлбар гарган маргасан бөгөөд шүүх зээлийн гэрээний үнийн дүнг 17 946 250 төгрөгөөр тооцон, зээлийн гэрээг байгуулагдсан өдрөөс 14 сарын хугацаатай, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үнийн дүнгээр сар бүр 1,2 хувийн хүү тооцож, хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор талууд тохиролцсон гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

            Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 3 950 000 төгрөг төлсөн болох нь хэргийн 30-31 дэх талд авагдсан кассын орлогын ордер, Хаан банкны орлогын мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн үлдэгдэл 13 996 250 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

            Нэхэмжлэгч нь зээлийн хүүг 2 716 185 төгрөгөөр шаардсан бөгөөд нэхэмжлэгчийн зээлийн хүү шаардсан хэмжээ нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа, хүүгийн хэмжээтэй тохирч байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Иймд шүүх зээлийн үлдэгдэл 13 996 250 төгрөг, зээлийн хүү 2 716 185 төгрөг, алданги 8 356 217 төгрөг, нийт 25 068 652 төгрөгийг хариуцагч М.Х-с гаргуулж нэхэмжлэгч Г.М д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг 9 325 328 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Анхан шатны шүүх зээлийн тооцооллыг зөв хийсэн боловч тухайн маргаанд хамааралтай хуулийг заалтыг оновчтой баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03848 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Х-с 25 068 652 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.М д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг 9 325 328 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 283 300 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

 

                             ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ