| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2017/0032/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/31 |
| Огноо | 2017-03-29 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2017/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Улсын яллагч Л.Энхтайван
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н
Нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Б.Г-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20171****** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-нд *** аймаг **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, эгчийн хамт *** аймгийн *** сумын * дүгээр баг **** гэх газар оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй, сургуульд сурдаггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т овогт Б-ийн Г- РД: /********* /
Холбогдсон хэргийн талаар
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Г- нь шууд санаатай шунахайн сэдэлтээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн орчимд **** аймгийн **** сумын * дугаар баг * дүгээр хэсгийн * тоот иргэн З.Б-гийн гэрт хууль бусаар нэвтэрч тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан мотоциклийн хойд дугуй, олгой хаймар, хөтлөгч, гинж, хөөрөг, бэлэн 26000 төгрөг зэргийг хулгайлан 248500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, мөн өдрийн 21 цагийн орчимд давтан үйлдлээр тус сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч мотоциклийн эд анги, бусад эд зүйлийг хулгайлан 983200 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “.....2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хөдөө гэрээсээ төвийн гэртээ ирсэн. Гэтэл замд мотоцикль эвдэрсэн. Тэгээд мотоциклоо гэрийн гадаа тавьчихаад Б- гэдэг айлын мотоциклийн дугуйг авсан. Тэр орой нь гадуур явж байгаад А- гэдэг хүний дэлгүүр рүү орж юм аваад явж байгаад ах эгчтэйгээ тааралдсан. Тэгээд маргааш нь цагдаа ирж намайг авч явсан. Тэгээд хөдөө өгч явуулсан юмыг буцаж авчруулсан...” гэх мэдүүлэг
Хохирогч З.Б-гийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би *** аймгийн *** сумын ** дугаар баг ** хэсгийн ** тоотод нөхөр хүүхдийн хамтаар оршин суудаг юм. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нөхөр хүүхдийн хамтаар Оргихын гол гэх газар очиж мал маллаж амьдардаг П гэж хамаатныдаа очихоор явсан. Ингэж явахдаа гэрээ цагаан өнгийн өлгөдөг цоожоор цоожлоод явсан. Ингээд гэртээ ирэлгүй хөдөө айлд байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн цоожийг эвдэж газар хаясан гэрийн эд зүйлүүдийг замбараагүй болгон авдар дотор эд зүйлүүдийг гарган тольны доод хаалгатай шургуулга дотор эд зүйлүүдийг гарган бусниулсан байдалтай байсан. Ингээд гэрийнхээ эд зүйлүүдийг бүртгэхэд тольний доод бор өнгийн даалимбанд хийсэн байсан бор өнгийн орчин үеийн хөөргийг даалимбанаас нь гарган авч явсан байсан. Мөн амбаарт байсан мотоциклийн хойд талын 1 ширхэг дугуй, хөтлөгч араа, гинж, гацуур модон дээр байсан 20.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг нийт 26000 төгрөг эд зүйлүүдийг хулгай хийгээд аваад явсан байсан тул сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/
Хохирогч Г.А-ы 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би *** аймгийн **** сумын төвд “Т” нэртэй төрөл бүрийн дэлгүүр ажиллуулдаг юм. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед дэлгүүрээ хааж хаалга үүдийг нь гаднаас нь цагаан өнгийн төмөр цоожоор цоожлон мөн нууц цоожоор давхар цоожлоод гэрлүүгээ явсан. Манай гэр дэлгүүрээс 500 метр орчимд тусдаа байдаг юм. Маргааш өглөө нь буюу 2016 оны 12 дугаар сарын 29-ний 10 цагийн үед дэлгүүр дээрээ ирэхэд манай дэлгүүрийн хаалганы цагаан өнгийн зүүдэг цүүжийг цохиж эвдэн, нууц цоожийг нь хаалгатай хамт хөшиж эвдэн хаалгыг нь онгойлгон хулгай орсон байсан. Ингээд дэлгүүр рүү ороход дэлгүүр дотор байсан мотоциклийн эд анги, скалад байсан мотоциклийн эд зүйлүүдийг эмх замбараагүй болгосон байсан. Дэлгүүрээс нийт 42 нэр төрлийн 983.000 төгрөгийн үнэ бүхий сэлбэг эд зүйлүүд алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/
Гэрч Б.У-ын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би **** аймгийн **** сумын ** дүгээр багийн Засаг даргын ажлыг 2013 оны 03 дугаар сараас эхлэн хийж гүйцэтгэж байна. Манай багийн малчин Б-ийн Г-нь аав, ээж Б-ын Н-, ах Б.Г нарын хамт ам бүл 4-лээ *** гэх газар мал маллаж амьдардаг юм. 2016 оны 12 дугаар сарын сүүлээр Б.Г-ыг хулгайн гэмт хэрэгт холбогдсон талаар дуулсан. Би малчин Б- ахын хүү Г-ыг сайн мэднэ. Б.Г- нь аав ээжтэйгээ хувийн малаа маллаж амьдардаг, боломжийн амьдралтай улсууд байдаг. Аав Б-, ээж Н- нар нь ааш зан сайтай хүмүүс байдаг юм. Б.Г- нь дөлгөөхөн томоотой хүү байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/
Гэрч Б.Н-гийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед манай бага хүү Б.Г- нь гэрийнхээ ажлыг хийж дуусаад сумын төв явлаа гээд явсан. Ингээд орой 23 цагийн үед манай хүргэн Б охин Г нар УлаанБ- хотоос ирсэн ба 3 цүнхтэй эд зүйл авчирсан. Ямар учиртай цүнх юм гэж асуухад Г- мотоциклтой зам дээр байхаар нь яваад очсон чинь шинэ мотоциклийн сэлбэгүүд газар тараагаад тавьчихсан байхаар нь Г-оос “Ямар учиртай юм бэ гэж асуусан чинь сая олсон” гэхээр нь аваад ирлээ гэж хэлсэн. Ингээд дотор нь ямар эд зүйлүүд байгааг нь гаргаж хартал зарах гэж байгаа үнэ нь бичигдсэн мотоциклийн сэлбэгүүд байсан. Тухайн үед Г- нь хамт ирээгүй сумын төвд үлдчихсэн байсан. Маргааш өглөө нь манай том хүү Ганзориг утсаар над руу залгаад Г-ыг цагдаа нар аваад явчихлаа гэж хэлсэн. Ингээд нөхөр бид хоёр машинаар Г-ын олсон гэх 3 цүнхтэй зүйлийг аваад цагдаад авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/
Гэрч З.Б-ийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед хонь хариулж байгаад ирэхэд манай бага хүү гэртээ байхгүй байхаар нь эхнэр Б.Н-гаас Г-ыг хаашаа явсан талаар асуухад сумын төв явсан гэж хэлсэн.Тухайн үед би яагаад явсан талаар нь асуугаагүй. Ингээд манай хүргэн Б, охин Г нар хотоос ирсэн ба 3 цүнхтэй эд зүйл авчирсан. Юу юм бэ гэхэд Цагааннуур сумын төв рүү орж ирэхэд Г-ын мотоцикл зам дээр байхаар нь яваад очсон чинь шинэ мотоциклийн сэлбэгүүд газар тараагаад тавьсан байхаар нь ямар учиртай юм бэ гэж асуутал сая олсон гэхээр нь аваад ирлээ гэж хэлсэн. Ингээд дотор эд зүйлүүдийг нь гаргаж хартал үнэ нь бисэн мотоциклийн шинэ сэлбэгүүд байсан. Тухайн үед Г- нь хамт ирээгүй ба сумын төвд үлдчихсэн байсан. Маргааш өглөө нь манай том хүү Ганзориг утсаар манай эхнэр Н- руу яриад Г-ыг цагдаа нар аваад явчихлаа гэж хэлсэн. Ингээд эхнэр бид хоёр машинаар Г-ыг олсон гэх 3 цүнхтэй зүйлийг цагдаад авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/
Гэрч Б.Ц-гийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би *** аймгийн *** сумын ЕБС-н бага ангийн багшаар 24 жил ажиллаж байна. Б.Г- нь 1-5 дугаар анги хүртэл бага ангийнх нь багшаар би өөрөө ажиллаж байсан юм. Бага ангидаа сурч байхдаа ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, нийгмийн ажилд идэвхи сайтай, сургуулиас зохиогдож байгаа уралдаан тэмцээнд оролцож тодорхой амжилт гаргаж байсан. Урлаг спорттод сонирхолтой хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/
Гэрч Б-н 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 29-ний орой эхнэр Г-ийн хамт **** аймгийн **** суманд байдаг хадам аав, ээждээ очихоор явсан. Ингээд тэр оройдоо **** сумын төвд явж байхад төвийн урд байдаг ШТС-ын хойд талд машин зам дээр манай эхнэрийн дүү Г- 3 цүнхтэй юм тавьчихсан нэг цүнхтэй зүйлүүдийг гаргаж үзээд сууж байсан. Хажууд нь өөрийнх нь унаж явсан бололтой мотоцикл байсан. Ингээд бид 2-г яваад очиход Г- би сая 3 цүнхтэй эд зүйл оллоо дотор нь хэрэгтэй юм байна уу хараад сууж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид 2 наадах чинь хүн хаясан юм бол хайж ирэх байлгүй хамаагүй үзэж болохгүй бүгдээрээ шинэ юм байна гээд гаргаад үзэж байсан зүйлүүдийг нь цүнхэнд нь хийгээд 3 цүнхтэй зүйлийг нь аваад хадамдаа аваачиж өгсөн. Тэр зүйлүүд нь бүгд шинэ мотоциклийн сэлбэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/
Гэрч Б.Гийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нөхөр Бн хамт Цагааннуур суманд амьдардаг аав, ээж дээрээ очихоор явсан. Ингээд орой 23 цагийн үед шиг санаж байна Цагааннуур сумын төв рүү орохоор явж байтал сумын төвийн урд байдаг ШТС-н хажуугийн зам дээр манай дүү Г- суучихсан 3 шинэ цүнхтэй зүйл тавьчихсан үзэж байсан. Тэр гаргаж тавьсан зүйлүүд нь дандаа шинэ мотоциклийн сэлбэг байсан. Б.Г-оос ямар учиртайг нь асуухад сая эндээс оллоо хэрэгтэй юм байна уу үзэж байна гэхээр нь хүмүүс явж байгаад хаясан юм бол хайж ирэх байлгүй гэж хэлээд 3 шинэ цүнхтэй зүйлийг нь машиндаа хийгээд авч явсан. Б.Г- нь ахынд очих гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/
Гэрч Б.П-ын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 00 цагийн үед гэртээ орж ирэхэд манай эгчийн хүү Б.Г- манай гэрт унтаж байсан. Тухайн үед манай дүү Э манай гэрт байсан ба Б.Г-ыг хэзээ ирсэн талаар асуухад 22 цаг өнгөрч байхад ирсэн гэж хэлсэн. Маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад манай гэрээс гараад явсан. Миний дүү Б.Г- нь төлөв даруу зантай, муу зуршил байхгүй, хүний үгэнд сайн ордог, их дуу цөөтэй сайн хүүхэд байгаа юм. Мотоцикл техникт сонирхолтой, өөрийнхөө мотоциклийг эвдэрчихсэн байна гээд байнга л ухаад сууж байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-12 дугаар тал/
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 20 дугаар тал/
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 26-27 дугаар тал/
Хохирогч Г.А-ы хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 49-50 дугаар тал/
Хохирогч З.Б-гийн хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 53 дугаар тал/
Шүүгдэгч Б.Г-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн №62 албан тоот /хх-ийн 58 дугаар тал/
Хаан банк, Капитал банк, Хас банк, Төрийн банкнуудын лавлагаа /хх-ийн 59-62 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын бүрэн дунд сургуулийн тодорхойлолт /хх-ийн 63 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 64 дүгээр тал/
Голомт банкны лавлагаа /хх-ийн 65 дугаар тал/
Б.Г-ын зан байдлын тодорхойлолт /хх-ийн 66 дугаар тал/
Сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 67-77 дугаар тал/
Б.Г-ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 81-82 дугаар тал/
Б.Г-ын нас тоосон тухай тэмдэглэл /хх-ийн 83 дугаар тал/
Б.Г-ын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/
Б.Г-ын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар тал/ зэрэг болно
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Г- нь шууд санаатай шунахайн сэдэлтээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг 1 дүгээр хэсгийн 06 тоот иргэн З.Б-гийн гэрт хууль бусаар нэвтэрч тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан мотоциклийн хойд дугуй, олгой хаймар, хөтлөгч, гинж, хөөрөг, бэлэн 26000 төгрөг зэргийг хулгайлан 248500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, мөн өдрийн 21 цагийн орчимд давтан үйлдлээр тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” дэлгүүрт хууль бусаар нэвтэрч мотоциклийн эд анги, бусад эд зүйлийг хулгайлан 983200 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо
Үүнд; хохирогч З.Б-, Г.А- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 18-19, 23-24/, гэрч Б.У-ын /хх29/, Б.Н-гийн /хх30/, З.Б-ийн /хх31/ нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-12 дугаар тал/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 20 дугаар тал/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 26-27 дугаар тал/, хохирогч Г.А-ы хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 49-50 дугаар тал/, хохирогч З.Б-гийн хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 53 дугаар тал/ шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.
Хохирогч З.Б-, Г.А- нарын мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж өгсөн мэдүүлгийг шүүх үнэн зөв, үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь; хохирогчийн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгч Б.Г-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар батлагдаж байгаа болно.
Иймд шүүгдэгч Б.Г-ын гэм буруутай үйлдэлд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь тохирсон, тэднийг дээрх зүйл ангид заасан “ ...бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г-од хохирогч З.Б-, Г.А- нар нэхэмжлэх зүйлггүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг өгч байгаа ба Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.7-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, 18 насанд хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-д зааснаар шүүгдэгч Б.Г-од 01 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, түүнийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх, хяналт тавьж ажиллахыг шүүгдэгч Б.Г-ын хууль ёсны төлөөлөгч эцэг З.Б-, эх Б.Н- нарт тус тус даалгав.
Шүүгдэгч Б.Г- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12,14-ийн түрхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 д зааснаар Т овогт Б-ийн Г-ыг мөн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2-д заасан “бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-д зааснаар шүүгдэгч Т овогт Б-ийн Г-ыг 01 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, түүнийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх, хяналт тавьж ажиллахыг шүүгдэгч Б.Г-ын хууль ёсны төлөөлөгч эцэг З.Б-, эх Б.Н- нарт тус тус даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар шүүгдэгч Б.Г- шүүхээс тогтоосон хугацаанд засарч хүмүүжихгүй байвал насанд хүрээгүй хүний сургалт хүмүүжлийн байгууллагад явуулах арга хэмжээгээр сольж болохыг анхааруулсугай.
4.Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12,14-ийн түрхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Шүүгдэгч Б.Г-од урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймгийн шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
.