Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/398

 

 

 

 

 

  2021            04            20                                         2021/ДШМ/398    

 

Д.Ариунжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхөө, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Яндаг,

шүүгдэгч Д.Ариунжаргал, түүний өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар  даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ариунжаргалын өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Д.Ариунжаргалд холбогдох эрүүгийн 2005008071564 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шамбийхан овгийн Дулмаагийн Ариунжаргал, 1973 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 6 дугаар байрны 54 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ПБ73102416/;

 

Д.Ариунжаргал нь 2010 оны 7 дугаар сараас 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 6 дугаар байрны 54 тоот гэртээ Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “нэн ховор” амьтан болох цоохор ирвэсийн түүхий эд болох 2 ширхэг арьс, 2 ширхэг толгойн хэсгийн яс, эрүүний яс 2 ширхэг, ясны үйрмэг зэргийг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Ариунжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шамбийнхан овогт Дулмаагийн Ариунжаргалыг нэн ховор амьтны түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ирвэсний арьсны хамрын үзүүр /хоншоор/ хэсгээс сүүлний үзүүр хүртэл нийт 203 см, их сүүлний урт 89 см урттай 1 ширхэг арьс, хамрын үзүүр /хоншоор/ хэсгээс сүүлний үзүүр хүртэл 174 см, сүүлний урт 82 см урттай 1 ширхэг арьс /урд 2 хөл, хойд 2 хөлийн сарвууны хумс, яс нь хатаж цайрсан/, 2 талын эрүү яс салангид байдалтай, эрүүний 2 талд 2 соёотой, дээд талд 1 соёотой толгойн яс 1 ширхэг, 1 соёо, 9 ширхэг жижиг шүд мэт яс, дээд 2 том соёотой эрүүний яс бүтэн, доод 2 соёо үгүй толгойн яс 1 ширхэг, 2 ширхэг ясны үйрмэг мэт сул шүд зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, бор өнгийн арьсан, дээд талдаа цахилгаан түгжээтэй хоёр тасалгаатай цүнхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т тус тус даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Д.Ариунжаргалаас 52.000.000 /тавин хоёр сая/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Ариунжаргалын өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...шүүгдэгч Д.Ариунжаргал нь 2010 оны 7 дугаар сард Ховд аймгийн Алтай суманд очихдоо багын найз Батсайханы гэрт зочилсон. Тухайн үед Батсайхан нь хоёр ширхэг ирвэсийн арьс болон хоёр ширхэг хоншоорын яс зэргийг бэлэглэсэн үйл баримт тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Дээрх гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед үйлдэгдсэн байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийг гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд тооцно.” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж заасан. Тухайн арьсыг хүлээж авснаар уг гэмт хэрэг төгссөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан. Өөрөөр хэлбэл эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй. 2010 оны 7 дугаар сард Ан агнуурын тухай хууль үйлчилж байсан бөгөөд энэ хуульд нэн ховор, ховор гэж тодорхойлоогүй байсан. 2012 оны Амьтны тухай хуулиар нарийвчлан зохицуулагдсан. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь тогтоогдож байна. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн үндсэн зарчмыг ч хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймд дээрх хууль зүйн үндэслэл журмыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Ариунжаргалын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...бичгээр гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Ариунжаргалын өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...бичгээр гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Прокурор Г.Яндаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.Ариунжаргал нь нэн ховор амьтны түүхий эдийг хадгалж байсан болох нь өөрийнх болон гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Тухайн түүхий эдийг хадгалж байгаад 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр зарын дагуу бусдад худалдахаар явж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн буруу хэрэглээгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч  Д.Ариунжаргал нь 2010 оны 7 дугаар сараас 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 6 дугаар байрны 54 тоот гэртээ Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “нэн ховор” амьтан болох цоохор ирвэсийн түүхий эд хоёр ширхэг арьс, хоёр ширхэг толгойн хэсгийн яс, эрүүний яс хоёр ширхэг, ясны үйрмэг зэргийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Мөнхбатын “...Биологийн Хүрээлэнгийн хөхтний Экологийн лабораторийн шинжээчийн дүгнэлтээр эм цоохор ирвэс болох нь тогтоогдсон тул Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т заасны дагуу нэг цоохор ирвэсийг 2 дахин нэмэгдүүлэн 2 цоохор ирвэсний үнэ 52.000.000 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлж өгнө үү. ...”/хх 24-26/,

гэрч Г.Гэрэлт-Одын “...2014 онд Ариунжаргал надтай танилцаад удаагүй байхдаа би эхнэртэйгээ хамт хэдэн жилийн өмнө хөдөө байдаг найз дээрээ очиход надад хоёр ширхэг цоохор ирвэсийн арьс бэлэглэсэн. Нэг арьсыг нь гэртээ өлгөхөд шалнаас тааз хүрэхээр урттай юм байна лээ гэж ярьж байсныг санаад Д.Ариунжаргалтай яриад “нэг Хятад хүн ирвэсийн арьс сонирхож байгаа” талаар хэлэхэд “дэмий байлгүй дээ” гээд зөвшөөрөөгүй. ...2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Д.Ариунжаргал залгаад “нөгөө арьс авна гэсэн хүн чинь найдвартай юм уу” гэж асуухаар нь би Содном гэх залуугийн утасны дугаарыг өгсөн. Маргааш нь Ариунжаргал залгаад “нөгөө арьс авна гэсэн хүн чинь цагдаа юм байна өчигдөр намайг очсон чинь шууд бариад авчихсан” гэж над руу уурласан. …” /хх 67-69/,

шинжээч Г.Гантулгын “...Цоохор ирвэс нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нэн ховор амьтанд хамаарагдана. Манай орны улаан номд бүртгэгдсэн. ...Шинжилгээнд ирүүлсэн хоёр ширхэг ирвэсийн арьсыг эдэлж боловсруулсан, толгойн ясыг чанаж, цэвэрлэсэн байх тул агнасан хугацааг тогтоох боломжгүй. ...” /хх 114/,

 

Д.Ариунжаргалын яллагдагчаар өгсөн “…2010 оны 8 дугаар сард талийгаач эхнэр болон хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай суманд очихдоо багын найз Батсайханы гэрт зочилж очиход Батсайхан надад хоёр ширхэг ирвэсийн арьс болон хоёр ширхэг хоншоорын яс зэргийг бэлэглэж байсан. ...2020 оны 2 дугаар сард надтай өмнө нь хамт ажиллаж байсан Гэрэлт-Од гэх залуу залгаад “өмнө нь надад ярьж байсан ирвэсийн арьс чинь байгаа юу хүн авъя гээд байна” гэхээр нь “байгаа” гэхэд надад нэг утасны дугаар өгөөд “энэ утас руу залгачих гэж хэлсэн. Би тэр хүнтэй нь яриад арьсаа аваад очтол үзэх гэж байсан хүмүүс нь цагдаагийн үнэмлэх үзүүлээд намайг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авч очсон. ...” /хх 108-111/ гэсэн мэдүүлгүүд,

 

 “…Шинжилгээнд ирүүлсэн хоёр ширхэг арьс, хоёр ширхэг толгойн яс нь бүгд Цоохор ирвэс /Panthera uncia/-ийн хоёр бодгаль амьтных болохыг тодорхойлов. Шинжилгээнд ирүүлсэн хоёр арьснаас хоёул эм бодгалийнх, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болон “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар цоохор ирвэсийн эм бодгаль 13.000.000 төгрөг. Шинжилгээнд ирүүлсэн хоёр цоохор ирвэсийн арьс нь нэг бие гүйцсэн болон нэг залуу бодгальд амьтанд хамаарна. Хоёр амьтны арьсанд буудаж агнасан байх боломжтой хэд хэдэн нүх байна. Цоохор ирвэс нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны Амьтны тухай хуулийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтдын жагсаалт”-д зааснаар нэн ховор зүйл бөгөөд Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын нэгдүгээр хавсралтад бүртгэгдсэн болохыг тогтоосон. ...Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 36/, ирвэсний арьс, толгой хэсгийн яс, эрүүний яс, ясны үүрмэг зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг, тухайлбал, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тэдгээрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ариунжаргалыг нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримтыг тогтоож, энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой тусгасан нь хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Д.Ариунжаргалын “нэн ховор” амьтан болох цоохор ирвэсийн түүхий эдийг 2010 оны 7 дугаар сараас 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд гэртээ хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2-т “...амьтан...гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна, Монгол Улсын ан амьтан төрийн өмч мөн” гэж зааснаас үзэхэд ан амьтан бол үндэсний баялаг бөгөөд ан амьтдын нөөц болон нөхөн сэргэх чадвар, экологийн ач холбогдлоор нь нэн ховор, ховор, агнах нөөцтэй гэж ангилдаг байна. Шүүгдэгч нь тархац нутагтаа тоо толгой нь эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон “нэн ховор” амьтны түүхийн эдийг хадгалсан гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд хүмүүсийн байгальд ээлгүй хандаж, ашиг хонжоо олох, дур сонирхлоо хангах зэргээр хууль бусаар ан агнах нь байгалийн баялаг, ан амьтны төрөл, зүйлийн тоо толгой эрс хорогдох, экологи, биологи, амьдрах орчин, байршлийн бүс нутгийн тэнцвэр алдагдах зэрэг маш их сөрөг үр дагаврыг дагуулж байдаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ариунжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан тухайн зүйлд зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч Д.Ариунжаргалын өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нар “...2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед Д.Ариунжаргал нь 2010 онд цоохор ирвэсний арьсыг хүнээс бэлгэнд авч хадгалснаар энэ гэмт хэрэг нь төгссөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хууль бусаар ан агнах гэмт хэргийн объектив талын шинжээс шалтгаалан гэмт хэрэг төгссөн цаг хугацаа өөр өөрөөр тогтоогдож болно. Тухайлбал, “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийн тухайд Улсын тусгай хамгаалалтай газар нутагт зөвшөөрөлгүй амьтан агнасан, барьсан, ховор болон нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан, барьсан... тэрхүү цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хадгалах...” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой юм. Хадгалах үйлдлийн тухайд уг эд зүйлийг хадгалж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг эд зүйлийг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон байна.

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд Д.Аринужаргал нь 2010 оны 7 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарын 19-ий өдрийг хүртэлх хугацаанд гэртээ цоохор ирвэсний хоёр ширхэг арьсийг хадгалахдаа нэн ховор амьтны түүхий эдийг хадгалж болохгүй гэдгийг мэдсээр байж хадгалан 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хадгалж байсан хоёр арьсаа бусдад худалдахаар авч явах үедээ цагдаагийн байгууллагын ажилтнуудад баригдсанаар төгссөн байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн үеэс хойш гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан оногдуулж болох ялын төрөл, хэмжээнээс хамааруулан ялгамжтайгаар тогтоосон, тухайн этгээдэд эрүүгийн хариуцлагын хөөн хүлээлгэх хугацааг эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа гэж тодорхойлдог.

 

Эрүүгийн хариуцлагад татаж болох хугацааг Эрүүгийн хуульд тусгайлан хуульчилсан нь гэмт хэрэг үйлдсэн үеэс хойш гэмт этгээдийг илрүүлэн тогтоож, хуульд заасан үндэслэл журмын дагуу яллагдагчаар татахгүй тодорхой хугацаа өнгөрсөн бөгөөд тэрээр энэ хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөгтэй холбоотой.

 

 Д.Ариунжаргалыг 2010 оны 7 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарын 19-ий өдрийг хүртэлх хугацаанд нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. /хх 106-107/

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хорих ялын дээд хэмжээг 8 жилээр тогтоосон байгаа тул Д.Ариунжаргалын дээрх үйлдэл нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд түүний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчилж байна.

 

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан ба Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

 

Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлын дагуу хэргийг хянаж үзэхэд шүүгдэгч Д.Ариунжаргалд холбогдох хэргийг анхан болон давж заалдах журмаар хянан хэлэлцэх үед гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Д.Ариунжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр ял шийтгэлээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн “...2010 оны 7 дугаар сард Ан агнуурын тухай хууль үйлчилж байсан бөгөөд тухайн хуулиар нэн ховор, ховор гэж тодорхойлоогүй, харин 2012 оны Амьтны тухай хуульд нарийвчлан зохицуулагдсан” гэх гомдлын тухайд,

 

2002 оны Амьтны аймгийн тухай хуулийн /2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ 7 дугаар зүйлийн 7.1-т “Нэн ховор амьтанд ....Цоохор ирвэс /Uncia uncia/, ...” гэж , 7.2-т “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар агнаж, барьж болно.” гэж, 7.3 Энэ хуулийн 7.2.-т зааснаас бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно.” гэж тус тус хуульчилсан байсныг дурдах нь зүйтэй.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ариунжаргалыг нэн ховор амьтны түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэм буруутайд тооцсон байх бөгөөд хадгалахад тусгай зөвшөөрөл шаардахгүй тул шийтгэх тогтоолын 1 дэх заалтад зохих өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ариунжаргалын өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Ариунболдын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 69 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “...Шүүгдэгч Шамбийнхан овогт Дулмаагийн Ариунжаргалыг нэн ховор амьтны түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...Шүүгдэгч Шамбийнхан овгийн Дулмаагийн Ариунжаргалыг нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ариунжаргалын өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ариунжаргал нь 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 69 /жаран ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХӨӨ

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН