| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2025/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/640 |
| Огноо | 2025-03-06 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/640
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Оджаргал,
улсын яллагч Г.Хурмандах,
хохирогчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210031471542 дугаартай, нэг хавтаст хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****
Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь “Цонж коппер” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа тус компанийн ажилтан ***, *** нарын хамтаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 3 дугаар гудамжинд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Жи Мобайл нэт” ХХК-ийн захиалгаар кабелийг агаараар татах ажлыг гүйцэтгэхдээ “Мэдээлэл холбооны сүлжээний байгууламжид ажиллагсдад тавих аюулгүй ажиллагааны шаардлага МИЗ 5596:2020-ийн 6.3.6-д Авто зам болон гүүрэн байгууламж дээр ажиллах аюулгүй ажиллагааны шаардлага: 6.3.6.3-д ажил гүйцэтгэх замын хэсэгт хаалт, хашлага хийж, түүнийг тойрч гарах чигийг заасан тэмдэг байрлуулна., 6.3.6.6-д “Хот суурин болон хүн ам олноор суурьшсан газрын зорчих хэсгийн хөдөлгөөн ихтэй газруудад авто зам хөндлөн гарах, баганад өлгөх ажлыг гүйцэтгэхдээ автомашин, явган зорчигчийн хөдөлгөөн хязгаарлах үед гүйцэтгэх бөгөөд кабелийн ажил хийгдэж байгаа газар, орчинд нь анхааруулах тэмдэглэгээ байршуулан, харуул манаа гаргаж, тухайн орчинд үүсэх хөдөлгөөнд санамж өгч ажиллана.гэж заасан аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүйн улмаас явган явсан ***ыг кабелийн утсаар татаж унаган, эрүүл мэндэд нь баруун талын сүүжний тогоо, умдаг ясны их бие, дээд, доод салаа цөмөрсөн хугарал бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.гэсэн болно.
Хоёр. Эрүүгийн 2210031471542 дугаартай хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал),
2. Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэн ***ын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан өргөдөл (1 дэх хавтаст хэргийн 4 дэх тал),
3. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд Морингийн даваа гэх газар автобуснаас буугаад 7 дугаар гудамж руу алхаж байхад 3 дугаар гудамжинд явган хүний замаар урдаасаа хойшоо чиглэлтэй явж байхад миний доор хар өнгийн утас байсан. Утсан дээгүүр алхаад гарах гэхэд хашаанаас өндөр шидэгдэж, буухдаа хашаа мөргөөд газар унасан. Газар унаад байж байхад 2-3 хүн ирсэн байсан. Тухайн үед нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүн байсан. Түргэн дууд гэж нэг хүн нь хэлсэн. Тэгээд гэмтэл дээр ирээд зурагт ороод, хагалгаанд орж 21 хоног хэвтсэн. Үргэлжлүүлээч “Оточ манал” эмнэлэгт одоог хүртэл хэвтэн эмчлүүлж байна. Улсын эмнэлгийн төлбөр 2,800,000 төгрөг гарсан. *** гэдэг хүн ойролцоогоор 4,000,000 гарсан гэж хэлсэн. Би гомдолтой байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн хүмүүс хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Ахиж дүгнэлт гаргуулмаар байна. Миний аарцгийн гэмтэл ороогүй байна. Би хохирлын 1,500,000 төгрөгийн баримт болон гэмтлийн баримт, амбулаторийн карт, 5 ширхэг зурагт, 1 ширхэг сиди зэргийг гаргаж өгч байна. Тухайн үед ямар нэгэн анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй. Хэн ч анхааруулж хэлээгүй. Тухайн үед нар жаргаж, гэгээтэй байсан. Би түргэний машинаар гэмтлийн эмнэлэг орсон. ***, *** хоёр цуг явсан байсан. Ирээдүйд гарах эрсдэл, цаашид гарах зардлыг нэхэмжилнэ.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 46-47 дахь тал),
4. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: Би Ховд аймгийн төвд мал, мах худалдан авах ажлаар явж байхад над руу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн үед танихгүй дугаар залгахаар нь авахад Гэмтлийн эмнэлгээс ярьж байна *** гэж танай эхнэр мөн үү одоо түнх, дунд чөмөг хугарсан байна. Төлөвлөгөөт хагалгаанд орох шаардлагатай байна, ар гэрээс нь хүн явуулаарай гэж хэлэхээр нь би хадам аав Ганбаатар руу залгаж хэлсэн. Тухайн үед Ховд аймагт их хэмжээний цас орчихсон байсан болохоор яаралтай хот руу очиж амжаагүй. 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод ирж гэмтлийн эмнэлэг ороход Корона вирусийн тохиолдол бүртгэгдсэн байсан болохоор сахиур сольж болохгүй гэхээр нь эхнэртэйгээ утсаар ярьж биеийн байдлыг нь асууж юунаас болж гэмтсэнийг нь асуухад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн үед аавынхаас гараад дэлгүүр орохоор гудамжаар явж байхад тухайн гудамжинд кабель татаж байсан, тэгтэл кабель татсаны улмаас миний хоёр хөлийн завсар орж дээш татагдахад би газар унаж гэмтсэн гэж ярьсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал),
5. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: Би 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд кабель утас татаж дуусаад дараа 10 дугаар хороонд кабель татах ажил хийж байсан. Тухайн өдрийн орой 16 цагийн орчимд *** гэрлийн шон дээр гараад кабель бэхлээд би доод талд нь шатын түшээд зогсож байсан. *** 2 дахь шонгийн цаанаас кабель татах гээд зогсож байсан. Тэгээд байж байхад урд талаас бор хувцастай эмэгтэй даарсан юм уу, согтуу юм уу гэхээр элгээ тэвэрсэн байдалтай урдаас хойшоо чиглэлтэй явж байсан. Мөн хойд тал нь хар өнгийн приус машин мөн явган хүний замаар 50 орчим насны эмэгтэй урагшаа явж байсан. Тэр хүн, машин, урдаас ирсэн эмэгтэй нарын дунд чанга дуугаар кабель татлаа шүү түр хүлээж байгаарай гэхэд хар машин болон настай эмэгтэй хүн зогсож хүлээж байсан. Урдаас ирсэн эмэгтэй бол зогссон үгүй нь мэдэхгүй байсан. Кабель татагдахад ард эмэгтэй хүн орилох чимээ гарсан. Эргээд харсан чинь бор хувцастай эмэгтэй дээшээ хараад унасан байсан. Би шон дээр байсан ***ийг буулгаад бид хоёр тэр эмэгтэй дээр очоод чи яаж байгаа юм бэ, кабель татаж байхыг хардаггүй юм уу гэхэд тэр эмэгтэй буюу *** “би амжаад гарчих байх гэж бодоод дээгүүр нь алхсан юм” гэж хариулсан. Тухайн үед *** толгойг нь өндийлгөөд барьж байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд ***ыг дуудаж түргэний машин дуудаад гэмтлийн эмнэлэг рүү *** машинд суугаад хамт явсан. ...Тухайн кабелыг шонгийн хажууд тавьсан байж байгаад дараагийн шонгийн ажил эхлүүлэх байсан тул тэнд аваачсан байсан. Тухайн хүмүүст амаар анхааруулсан. ...***ыг унасан байхад 50 орчим насны эмэгтэй хүн байсан. Тэр 50 орчим насны эмэгтэй хүн ***ыг унасан байхад бид нар дээр ирсэн. Тэгээд наад эмэгтэй чинь Морингийн архичид нартай нийлж уудаг архичин эмэгтэй байгаа юм, яаж байгаад ингээд уначхав. Урд нь хамт архи хувааж уусан хүнээ дээрэмдээд цагдаа, сэргийлэх болж байсан гэж ярьж байсан. Уг нь гэр нь нүүгээд явсан байхад ганцаараа энд юу хийж явж байгаа юм бол гэж байсан. Бид нар бол ажилтай байсан учраас ямар нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин ***аас архи үнэртэж байсан. Би захирал *** болон эмчилгээний бүх зардал, мөн эмнэлэгт сахиж байнга хоол, унд, тамхи, жимс, хэрэглээний бүх зүйлийг нь авч өгч байсан. Хааяа ***ын нэхсэн жижиг архийг нь оруулж өгч байсан зүйл хүртэл байдаг. Ер бол сайн харж хандаж үйлчилгээ үзүүлж байгаа юм.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54-55 дахь тал),
6. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: Би 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Өлзийт хороонд кабель утас татаж дуусаад дараа нь Морингийн 10 дугаар хороонд кабель татах ажил хийж байсан. Тухайн өдрийн орой 16 цагийн орчимд би шон дээр гараад кабель бэхэлж байхад Ганбат кабель татаж байна, байж байгаараа гэж орилж байсан. Кабель татсан чинь нэг эмэгтэй хүн орилоод байсан. Би доошоо харсан чинь нэг эмэгтэй газар унасан байсан. Тэгэхээр нь би сандраад бууж очоод юу болсон бэ гээд тэврээд авсан. Тэгэхэд тэр эмэгтэйгээс архи үнэртэж байсан. Би чи уусан байж энд кабель татаж байхад дээгүүр нь гардаг нь ямар учиртай юм бэ гэхэд тэр эмэгтэй би амжаад гарчих байх гэж бодоод гарсан чинь уначихлаа гэж байсан. *** ирээд түргэн дуудаад хамт эмнэлгийн машинд нь сууж явсан. Тэр шөнө эмнэлэгт би ***ыг сахиж хоносон. Тэгэхэд эмч нь согтуу байна гэж хэлж байсан. Тухайн үед ар гэрээс нь хүн дуудах гэхэд хүн байхгүй гээд байсан. Маргааш *** надад хандаж миний хувцас нд жижиг юм байгаа аваад ирээч гэхээр нь хувцаснаас нь 200 граммтай архины талыг уусан байсныг авчирч өгсөн юм. *** тэр архийг уусан. Би 2 хоног эмнэлэгт сахиад дараа нь *** ***ыг сахиж байсан. Тухайн үед конус анхааруулгын тэмдэг замынхаа хойд талд гудамжинд тавьсан байсан. Дараа нь цаашаа зөөж явсан юм. ***ыг унасан байхад ***, Ганбаатар, мөн нэг эмэгтэй ирсэн. Тэр настай эмэгтэй ирээд наад эмэгтэй чинь манай энэ хавиар архичид нартай архи уугаад яваад байдаг эмэгтэй гэх ухааны юм ярьж байсан. Бид нар бол ажилтай байсан учраас ямар нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин ***аас архи үнэртэж байсан. Захирал *** эмчилгээний бүх зардал, мөн эмнэлэгт сахиж байнга хоол, унд, тамхи, жимс, хэрэглээний бүх зүйлийг нь авч өгч байсан. Хаяа ***ын нэхсэн жижиг архийг нь оруулж өгч байсан зүйл хүртэл байдаг. Ер бол сайн харж хандаж үйлчилгээ үзүүлж байгаа юм.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54-55 дахь тал),
7. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: Би 2022 оны 11 дүгээр сарын 11-нд үдээс хойш дэлгүүр орох гээд хойноос урагшаа явж байхад урд талаас нэг эмэгтэй хүн ирж явсан. Дэлгүүр орох гэхэд тэр эмэгтэй хүнтэй юм яриад байх шиг байсан. Би нэг хүнтэй юм яриад байж байхад эмэгтэй ёолоод байсан. Тэгээд харсан чинь нөгөө эмэгтэй кабель татагдаад салтаагаар нь ороод дээшээ 1 метр гаран шидэгдэж доошоо унасан. Тэгэхээр нь би очоод үзэхэд манай энэ хавьд хүмүүстэй архи уугаад яваад байдаг эмэгтэй байсан. Би түргэн дуудсан уу гэсэн хамт байсан эрэгтэй нь түргэн дуудсан гэж хэлээд байж байхад түргэн доод хашааны буланд ирсэн. Тухайн эмэгтэй түргэний машинд нэг залуутай хамт явсан. Тэнд байсан залуучууд бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр эмэгтэйгээс архи үнэртэж байсан. Кабель тогтоож байсан гурван залуу байсан. Нөгөө хүүхэн нэг залуутай юм яриад байх шиг байсан. Өөр хүн байгаагүй. Би тэмдэг тэмдэглэгээ байсан үгүйг анзаарч харсан зүйл байхгүй. Ямар ч байсан урдаас тэр эмэгтэй, хойд талд би байсан. Хөдөлгөөн бага байсан. Яг тухайн үед за одоо татлаа шүү гэж орилж байсан. Харин тэнд нэг залуу байсан. Тэр эмэгтэй над руу утсаар яриад олон юм яриад байсан. Тэгэхээр нь чи тэр утсыг татсаны дараа гарахгүй яасан юм гэхэд би амжих байх гэж бодоод гарсан ийм юм болчихлоо гэж ярьж байсан. Би нэрийг нь мэдэхгүй. Харин гэр нь хаана байдаг, байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байнга согтуу явж байдгийг нь мэднэ. Ганбаагийн охин гэдгийг мэднэ. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй. Би дэлгүүрийн үүдэнд бэртсэн хүүхэн гудамжны урд үзүүрт нь байсан. Хажууд нь кабелийн ажил хийж байсан залуу, нэг жижиг хар машин зогсож кабель утас татсаны дараа урагшаа гараад явсан. Өөр ямар нэг хүн болон машины хөдөлгөөн байгаагүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60-61 дэх тал),
8. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №15965 дугаартай:
- ***ын биед баруун талын сүүжний тогооны цөмөрсөн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 35%-с дээш /их/ хэмжээгээр тогтонги алдагдуулах тул хүнд зэргийн гэмтэлд хамаарна.гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 64-65 дах тал),
9.Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн нэмэлт материалаар хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №115 дугаартай:
- ***ын биед баруун талын сүүжний тогооны /сүүжний дэлбэн, сүүжний тогоо, умдаг ясны их бие, дээд, доод салаа/ цөмөрсөн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 35%-с дээш /их/ хэмжээгээр тогтонги алдагдуулах тул хүнд зэргийн гэмтэл хамаарна.гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 109-110 дахь тал),
10. Хөдөлмөр Аюулгүй байдлын шинжээч Л.Эрдэнэбатын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №ХАБ-01-23 тоот дүгнэлтэд:
- Иргэн *** нь явган хүний зам дээр явж байхдаа шилэн кабель утсанд татагдан унаж гэмтсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 /үйлдвэрийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг/-д заасан эрх зүйн нэр томьёолол үйлчлэлд хамаарахгүй байна.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ гэх заалтын дагуу Чонж коппер ХХК-н захирал *** нь уг хуулийн заалтыг хангуулан ажиллах үүрэгтэй.
- Мэдээлэл холбооны сүлжээний байгууламжид ажиллагсдад тавих аюулгүй ажиллагааны шаардлага MNS 5596:2020 6.3.6 Авто зам болон гүүрэн байгууламж дээр ажиллах аюулгүй ажиллагааны шаардлага: 6.3.6.3 /ажил гүйцэтгэх замын хэсэгт заалт, хашлага хийж, түүнийг тойрч гарах чигийг заасан тэмдэг байрлуулна/, 6.3.6.3 /хот суурин болох хүн ам олноор суурьшсан газрын зорчих хэсгийн хөдөлгөөн ихтэй газруудад авто зам хөндлөн гарах, Баганад өлгөх ажлыг гүйцэтгэхдээ автомашин, явган зорчигчийн хөдөлгөөн багатай үед гүйцэтгэх бөгөөд кабелийн ажил хийгдэж байгаа газар, орчинд нь анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байршуулан, харуул манаа гаргаж, тухайн орчинд үүсэх хөдөлгөөн санамж өгч ажиллана/ гэж заасан аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулаагүй. *** нь хувь хүний анхаарал болгоомжгүй байдал /анхааруулж хэлсэн/ нь кабелийг агаараар татах ажлыг гүйцэтгэх үед зорчигч татах кабель дээгүүр гишгэж явсны улмаас шидэгдэж унасан нь осол болох шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байна. ...Осол болох үед шилэн кабель агаараар татах ажил хийгдэж байсан бөгөөд тухайн орчинд нь анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байршуулан, харуул манаа гаргаж, тухайн орчинд үүсэх хөдөлгөөнд санаж өгч ажиллаагүй. Харин гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд ажилтан Ганбат нь шонгоос доош унжсан байсан кабелийг татах үед нь тухайн орчинд байсан иргэдэд анхааруулан хэлсэн байна. Гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд *** нь шонгоос доош унжсан байсан кабелийг татах үед дээгүүр нь алхах үйлдэл хийн осолд өртсөн байна.
- Гэрчүүдийн мэдүүлэг болон ХУР-системээс осолдогч ***ын талаарх хэргийн материалд авагдсан баримт /мэдээлэл/-ыг харахад удаа дараа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгдэж байсан, мөн архины албадан эмчилгээнд явж байсан байна. Иймд тухайн осол болох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй бөгөөд шилэн кабель агаараар татах ажил хийгдэж байсан үйлдвэрийн орчинд ажилтан Ганбат нь шонгоос доош унжсан байсан кабелийг татах үед нь тухайн орчинд байсан иргэдэд анхааруулан хэлсээр байтал осолдогч *** нь өөртөө хөнгөмсгөөр найдан кабель утсан дээгүүр алах үйлдэл хийх үедээ осолдсон байна.гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 102-104 дэх тал),
11. 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд шинжээчийн өгсөн: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн зорилт нь ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл аюулгүй орчинд ажиллах, нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог. Иймд дээрх журам зааврыг зөрчсөн эс үйлдэл нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гарсан бусад журам зааврыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 131 дэх тал),
12. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 636 дугаартай:
- *** нь одоогоор сэтгэцийн талаас эмгэг өөрчлөлтгүй. ...одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
-*** нь D.32.0 Тархины бүрхүүлийн хоргүй хавдар оношоор 2024 оны 02 дугаар сарын 17-ны Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлгийн хөдөлмөр магадлах комиссын шийдвэр №06141516 Хөдөлмөр чадвар алдалтын 2025 оны 01 дүгээр сарын 17-ыг хүртэл тогтоолгосон байна. Уг эмгэг нь олдмол эмгэг болно.
- *** нь одоогоор юмыг удаан ярих боловч юмыг зөвөөр тусган ойлгох, зөвөөр мэдүүлэх чадвартай байна.
- *** нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгох, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байсан байна.
- *** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
- ***т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.гэсэн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 190-194 дэх тал),
13. Яллагдагчаар ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: Би эрх үүрэгтэйгээ танилцлаа, асуух зүйл байхгүй. Би тогтоолтой уншиж танилцлаа тогтоолыг зөвшөөрч байна. Урьд хэд хэдэн мэдүүлэг өгсөн учраас одоо нэмж ярих зүйл алга. Дээр нь эрүүл мэндийн улмаас сайн ярьж чадахгүй байна.гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 139 дэх тал),
14. 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 135-140 дэх тал),
15. Хохирлын баримтууд (2 дахь хавтаст хэргийн 46-123 дахь тал),
16. Цонж коппер ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ (1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал), Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон 2021 оны 12 дугаар сарын 08-аас 2024 оны 12 дугаар сарын 08-ыг хүртэл хугацаанд олгосон гадна холбооны кабель шугамын угсралтын тусгай зөвшөөрөл (1 дэх хавтаст хэргийн 11 дэх тал),
17.2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Цонж коппер” ХХК , “Жи Мобайлнэт” ХХК нарын хооронд байгуулсан №2022/0195/ЖН ажил гүйцэтгэх гэрээ ( 1 дэх хавтаст хэргийн 32-42 дахь тал),
18. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Эрүүл мэндийн байдлын талаарх баримтууд (1 дэх хавтаст хэргийн 212-226 дахь тал), Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 228-234 дэх тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 143 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болохыг тэмдэглэв.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
1. Гэм буруугийн талаар.
1.1 Яллах өмгөөлөгч талын гэм буруугийн талаар дүгнэлтүүд:
Улсын яллагчаас: Шүүгдэгч *** нь “Цонж коппер” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа тус компанийн ажилтан ***, *** нарын хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 3 дугаар гудамжинд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Жи Мобайл нэт” ХХК-ийн захиалгаар кабелийг агаараар татах ажлыг гүйцэтгэхдээ “Мэдээлэл холбооны сүлжээний байгууламжид ажиллагсдад тавих аюулгүй ажиллагааны шаардлага МИЗ 5596:2020”-ийн 6.3.6.3, 6.3.6.6-д заасан аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүйн улмаас явган явсан ***ыг кабелийн утсаар татаж унаган, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид эм, эмчилгээний зардалтай холбоотой 6,077,109 төгрөг төлж барагдуулсан байна. Хохирогчоос баримтаар нэхэмжилсэн 2,205,061 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг;
-Хохирогчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуугаас: Эм тарианаас бусад зардлуудын хувьд хүнд гэмтэл учирч, аарцаг нурууны хугарал үүсэж олон сар жилээр хэвтрийн дэглэм сахисан. Шатахуун, хоол хүнс, утасны төлбөр гэх мэт олон төрлийн зардлууд гарсан байдаг тул хохиролд баримтаар нэхэмжилсэн 8,277,461 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг;
-Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнээс:Миний үйлчлүүлэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргахгүй. Шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хохирогчоос гаргасан баримтуудыг үнэлж шийдвэрлэх байх. Эм, тарианаас бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар шийдвэрлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
1.2 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь “Цонж коппер” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа тус компанийн ажилтан ***, *** нарын хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морингийн 3 дугаар гудамжинд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Жи Мобайл нэт” ХХК-ийн захиалгаар кабелийг агаараар татах ажлыг гүйцэтгэж байхдаа:
-“Мэдээлэл холбооны сүлжээний байгууламжид ажиллагсдад тавих аюулгүй ажиллагааны шаардлага МИЗ 5596:2020-ийн 6.3.6-д заасан “Авто зам болон гүүрэн байгууламж дээр ажиллах аюулгүй ажиллагааны шаардлагын: 6.3.6.3-д Ажил гүйцэтгэх замын хэсэгт хаалт, хашлага хийж, түүнийг тойрч гарах чигийг заасан тэмдэг байрлуулна.,
-6.3.6.6-д заасан Хот суурин болон хүн ам олноор суурьшсан газрын зорчих хэсгийн хөдөлгөөн ихтэй газруудад авто зам хөндлөн гарах, баганад өлгөх ажлыг гүйцэтгэхдээ автомашин, явган зорчигчийн хөдөлгөөн хязгаарлах үед гүйцэтгэх бөгөөд кабелийн ажил хийгдэж байгаа газар, орчинд анхааруулах тэмдэглэгээ байршуулан, харуул манаа гаргаж, тухайн орчинд үүсэх хөдөлгөөнд санамж өгч ажиллана.гэж тус тус заасан аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүйн улмаас явган явсан хохирогч ***ыг кабелийн утсаар татаж унагаж, улмаар эрүүл мэндэд нь баруун талын сүүжний тогоо, умдаг ясны их бие, дээд, доод салаа цөмөрсөн хугарал бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал),
- Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэн ***ын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан өргөдөл (1 дэх хавтаст хэргийн 4 дэх тал),
- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 46-47 дахь тал),
- Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал),
- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54-55 дахь тал),
- Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54-55 дахь тал),
- Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60-61 дэх тал),
-Нийслэлийн шинжилгээний газрын шинжээчийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №15965 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 64-65 дах тал) болон Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн нэмэлт материалаар хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №115 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 109-110 дахь тал),
- Хөдөлмөр Аюулгүй байдлын шинжээч Л.Эрдэнэбатын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №ХАБ-01-23 тоот дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 102-104 дэх тал) болон мөрдөн шалгах ажиллагаанд шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 131 дэх тал),
- 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 135-140 дэх тал),
- Цонж коппер ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ (1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал), Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон 2021 оны 12 дугаар сарын 08-аас 2024 оны 12 дугаар сарын 08-ыг хүртэл хугацаанд олгосон гадна холбооны кабель шугамын угсралтын тусгай зөвшөөрөл (1 дэх хавтаст хэргийн 11 дэх тал),
- 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Цонж коппер” ХХК , “Жи Мобайлнэт” ХХК нарын хооронд байгуулсан №2022/0195/ЖН ажил гүйцэтгэх гэрээ ( 1 дэх хавтаст хэргийн 32-42 дахь тал),
- Яллагдагчаар ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 139 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
1.3 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэрэгт хамаарах ба тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан бол гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.
“Хууль” гэж хууль тогтоох байгууллагаас баталсан нийтээр дагаж мөрдөх, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн эрх зүйн бичиг баримт ба, “захиргааны хэм хэмжээний акт” гэж хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан гадагш чиглэсэн үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг, хэлцэл гэж иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдлийг тус тус ойлгох юм.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Цонж коппер” ХХК-ийн захирал ***, тухайн компанийн ажилтан ***, *** нар нь“Жи Мобайл нэт” ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 3 дугаар гудамжинд кабелийг агаараар татах ажлыг гүйцэтгэж байх явцдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл ажил явагдаж байгаа газарт хаалт, хашлага хийгээгүй, тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулаагүй, мөн автомашин, явган зорчигчийн хөдөлгөөн хязгаарлаагүй, кабелийн ажил хийгдэж байгаа газар, орчинд анхааруулах тэмдэглэгээ байршуулан, харуул манаа гаргаж, тухайн орчинд үүсэх хөдөлгөөнд санамж өгч ажиллаагүй зэргээс шалтгаалж тухайн газарт явж байсан хохирогч ***ыг кабелын утсаар татаж унагаасан үйл баримт тогтоогдсон. Үүнээс улбаатайгаар кабелийн утсанд татагдаж унаснаас ***ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдох бөгөөд тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчдийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэлгүй байна.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.гэж хуульчилжээ.
Хэрэгт “Цонж коппер” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компани хоёр гишүүнтэй, гүйцэтгэх захирал нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр *** бүртгэгдсэн байх тул хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулдаг гүйцэтгэх удирдлага байх тул хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхгүйгээр тус гэмт хэргийн субъект гэж үзэх үндэслэлтэй.
Цонж коппер ХХК-ийн гүйцэтгэх захирал, шүүгдэгч *** нь ажил үүрэг гүйцэтгэх явцдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг биелүүлээгүй эс үйлдэхүй нь гэмт хэргийн объектив талын шинжийг хангаж байх ба тухайн гэмт хэргийн объект нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдал юм.
Мөн Эрүүгийн хуульд гэм буруугийн хэлбэрийг хуульчлахдаа санаатай болон болгоомжгүй хэлбэртэй байхаар заасан бөгөөд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.гэж хуульчилсан.
Цонж коппер ХХК-ийн гүйцэтгэх захирал, шүүгдэгч *** нь оюун ухаан сэтгэхгүйн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ба, хайхрамжгүй хандсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Мөн шүүгдэгч *** нь гэрээний дагуу ажиллахдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг зохих хэмжээнд хангаагүй байдал, нөгөө талаас хохирогч *** нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан, ажил үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсээс кабель татаж байгаа талаар хэлсээр байхад амжиж гарах боломжтой гэж тооцон шаардлагыг биелүүлээгүй түүний зүй бус үйлдэл нь гэмт хэргийн хохирогч болох шалтгаан нөхцөл болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын үүднээс хийгдэх шүүхийн үйл ажиллагаа нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон, түүнд ял оногдуулахаас гадна гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх зарчмыг баримтална.
Дээрхээс нэгтгэн дүгнэхэд тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг эргэлзээгүйгээр хангалттай нотлон тогтоосон бөгөөд цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудын ач холбогдол, харилцан хамаарал, нотлох баримтын хүрэлцээ зэргийг харьцуулан дүгнээд шүүгдэгч ***ын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
1.4 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.
1. Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор 2 дахь хавтаст хэргийн 48-123 дахь талд өөрт учирсан эмчилгээтэй холбоотой 2,205,061 төгрөгийн, бусад зардалд 6,495,400 төгрөг, нийт 8,700,461 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнээс баримтыг шалгаад хохирогчийн эмчилгээтэй холбоотой 2,205,061 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв. Харин шүүгдэгчээс мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 6,077,109 төгрөгийг төлснийг бусад зардалд нэхэмжилсэн 6,495,400 төгрөгт тооцож төлөгдсөн гэж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэр шүүх гаргасны дараа шүүх хуралдааныг 10 минут буюу түр хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг хүлээн авсан. Энэ хугацаанд хохирогчийн өмгөөлөгчөөс хохирогчийн гэр бүлийн хүмүүстэй холбогдсон, хохирлын мөнгийг өөрөө хүлээн авч хохирогчид хүлээлгэн өгөхөөр тохиролцож дансаараа хохирлын мөнгийг авсан талаараа тайлбарласан бөгөөд шүүгдэгчээс 2,205,061 төгрөгийг хохирогчийн өмгөөлөгчийн дансанд шилжүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогч ***д төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд тусгав.
2. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж заажээ. Түүнчлэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа, мөн Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан хэдийн боловч тус хэрэгт хохирогчийн сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болохыг тэмдэглэв. Учир нь гэмт хэрэг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үйлдэгдсэн байна. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж хуульчилсан тул сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг тооцож гаргах хуулийн зохицуулалт, журмаас өмнө хугацаанд үйлдэгдсэн гэмт хэрэгт хууль буцаан хэрэглэх үндэслэлгүй болохыг дурдав.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Яллах, өмгөөлөх талын санал, дүгнэлт: Улсын яллагч шүүгдэгч ***ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бодит хохирлоо төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Цонж коппер” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх саналтай байна гэсэн дүгнэлтийг;
-хохирогчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуугаас: Шүүх өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг;
-шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнээс: Улсын яллагчтай санал нэг байна. Миний үйлчлүүлэгчийг тэнсэн харгалзвал сар болгон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгүүлэх, эс тэгвээс хорих ял болон өөрчлөгдөх эрсдэлтэй. Түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөр төлөгдсөн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
2.2 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус хуульчилсан.
2.3 Хууль зүйн дүгнэлт: Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч ***ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар иргэний хувьд ял шийтгэлгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах ба, тус зүйл хэсэгт “хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилжээ.
Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан бөгөөд тус зохицуулалтыг хэрэглэх нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудал бөгөөд шүүгдэгчид хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Тиймээс шүүгдэгч ***ыг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүй улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, нөгөө талаас хувийн байдлын тухайд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тогтоогдсон эрүүл мэндийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуульд ялыг үндсэн болон нэмэгдэл ял гэж ангилдаг ба тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх хасах нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилжээ.
Мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ гэж,
2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч ***ын гүйцэтгэх захирлаар ажилладаг “Цонж коппер” ХХК нь авто машинаар ачаа тээвэрлэх, интернэтийн үйлчилгээ, автомашины засвар үйлчилгээ, компьютерын үйлчилгээ, барилгын засвар, засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх ба түүний үйл ажиллагааг нь удирддаг компани нь кабелийг агаараар татах ажлыг гүйцэтгэхдээ хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн шүүгдэгчийн эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн байх тул үйлдсэн хэргийн хүрээнд тус компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, эрх хассан нэмэгдэл ялыг тэнссэн үеэс хугацааг тоолохыг тогтоолд зааж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчид гүйцэтгэх удирдлагаар ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял оногдуулсан хууль зүйн үндэслэлийн тухайд *** нь ажил олгогчийн хувьд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг албан тушаалтны бөгөөд хууль болон дүрэм журмаар тогтоосон үүргээ биелүүлэх, түүний үйл ажиллагаа хуульд нийцэж хэрэгжих байтал өөрөө удирдлагын хувьд хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүй, мөрдөж ажиллахгүй байгаа нь хуулийн этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа хууль тогтоомжийг зөрчих нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэж, нөгөө талаас “Цонж коппер” ХХК нь хоёр гишүүнтэй байх тул ***ын гүйцэтгэх удирдлагаар ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзсэн болохыг тэмдэглэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнээс шүүгдэгч ***ыг ялаас чөлөөлж өгнө үү гэсэн дүгнэлтийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан.
Хэргийн нөхцөл байдлаас үзвэл хохирогчид учирсан хор уршгийн шинж чанар, мөн хор уршиг бүрэн арилаагүй буюу зөрчигдсөн эрх нь бүрэн сэргээгдээгүй байдалд дүгнэлт хийж шүүгдэгчийг ялаас чөлөөлөх хуулийн заалтыг түүнд хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн. Нөгөө талаар хувийн байдлын тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлөх арга хэмжээг авсан нь түүнд хорих ялыг сонгож хэрэглэх шаардлагагүй гэж үзэн, тэнсэн зохицуулалтыг сонгож хэрэглэсэн ба энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
3. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын гүйцэтгэх удирдлагаар ажиллах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн 6 (зургаа) сарын хугацаанд шүүгдэгч ***т оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан гүйцэтгэх удирдлагаар ажиллах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 (зургаа) сарын хугацаанд шүүгдэгч ***т шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний болон нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** нь баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *** нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН