| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Орсоогийн Батдорж |
| Хэргийн индекс | 131/2022/00419/И |
| Дугаар | 131/шш2022/00489 |
| Огноо | 2022-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 131/шш2022/00489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, шүүх хуралдааны иргэний хэргийн шүүх ,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 2б гудамж, 1578 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******гийн *******,
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянлиг сум, 5 дугаар багт оршин суух, 1996 онд төрсөн, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******ийн *******,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,574,000 төгрөг, шүүхийн материал бүрдүүлсэн зардал 75,100 төгрөг, нийт 4,149,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б.******* /цахимаар/,
Хариуцагч Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Дамбажав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 3,574,000 төгрөг, шүүхийн материал бүрдүүлсэн зардал 75,100 төгрөг, нийт 4,149,000 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,900,000 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Г.*******тай 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр аман гэрээ байгуулан 500,000 төгрөгийг 40 хувийн хүүтэй, 15 хоногийн хугацаатай хугацаатайгаар 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж, нотариатаар батлуулаагүй. Гэрээний хугацаа дууссан боловч Г.******* нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоногоос сарын 50 хувийн хүүтэй тооцож, үндсэн зээлийн хүү 3,574,000 төгрөг, шүүхийн материал бүрдүүлсэн зардал 75,100 төгрөг, нийт 4,149,000 төгрөгийг гаргуулах гэж тайлбарлаж байна.
1.2. Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэргийн дагуу шийдвэрлүүлмээр байгаа би Г.*******д 500,000 төгрөг зээлдүүлж, зээлийн хүүг сарын 40 хувиар тохирсон тул 40 хувиар бодож зээлийн хүүг авна. Бид 2 аман гэрээ байгуулж сарын хугацаа хэтэрсэн хоногоос хойш 50 хувиар мөнгийг төлнө гэж тохирсон. Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Г.*******гаас зээлийн үүргийн гүйцэтгэлд 1,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
2.1. Миний бие Б.*******өөс 500,000 төгрөг зээлсэн. Б.******* нь хүү, алданги 50 хувиар нэхэмжилсэн байна. Уг хүү, алданги төлөх боломжгүй. Зээлсэн үндсэн 500,000 төгрөгийг төлж барагдуулна гэж тайлбарлав.
2.2. Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд бол Б.*******өөс 15 хоногийн хугацаатай 500,000 төгрөг зээлье, эрүүл мэндийн шалтгаантай байгаа юм аа гэхэд тэг гээд би иргэний үнэмлэхээ явуулаад 500,000 төгрөгийн зээл авсан. Тэгээд зээлээ төлөх гэсэн боловч ар гэрийн асуудал гараад зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. Энэ хүн над руу фейсбүүк чат болон утсаар холбогдоод хугацаа хэтэрсэн хоногоос чинь эхлээд 50 хувиар бодоод явна. Одоо 1,900,000 төгрөг болсон байгаа үүнийгээ төлөхгүй бол би шүүхэд хандана гэхээр нь би ядаж 500,000 төгрөгийг 700, 800 мянган төгрөг болгоод өгий гэсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй, би 1,900,000 төгрөг авна гэсэн. Бид хоёрын хувьд бол ямар нэгэн нотариатаар баталгаажуулан бичгээр гэрээ бол хийгээгүй шууд фейсбүүк чат бичээд зээл авсан байгаа. Тийм учраас нэхэмжлээд байгаа мөнгийг өгөх боломжгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагчтай фейсбүүк чатаар харьцаж байсан тухай баримт, зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас шүүхэд ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Г.*******д холбогдуулан үндсэн зээлийн хүү 3,574,000 төгрөг, шүүхийн материал бүрдүүлсэн зардал 75,100 төгрөг, нийт 4,149,000 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-д заасан эрхийн дагуу зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн төлбөрт 500,000 төгрөг, хүүд 1,400,000 төгрөг нийт 1,900,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул багасгасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 500,000 төгрөгийн хангаж, үлдэх 1,400,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г.*******тай 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр аман гэрээ байгуулан 500,000 төгрөгийг 40 хувийн хүүтэй, 14 хоногийн хугацаатай хугацаатайгаар 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч Г.******* нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн мөнгөн төлбөрт 500,000, хүүд 1,400,000 төгрөг нийт 1,900,000 төгрөг гаргуулах гэж,
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд: Б.*******өөс 500,000 төгрөг зээлсэн нь үнэн. Бид хоёрын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 1,900,000 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчид 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 15 хоногийн хугацаатай, 40 хувийн хүүтэй, зээлийн гэрээг амаар байгуулсан, нэхэмжлэгчээс хариуцагчид 500,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч уг 500,000 төгрөгийг хүлээн авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
5. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн буюу хариуцагч нь зээл 500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлсэн, уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг хариуцагчид үүссэн эсэх нь маргааны зүйл болж байна.
6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлдэгчид хэлэлцэн тохиролцсон мөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, харин зээлдэгч нь тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь зээлийг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагч нь мөнгийг аваагүй талаар маргаагүй, зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн төлбөрийг шаардах эрхтэй байна.
7. Түүнчлэн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж тус тус зохицуулсан.
Хэдийгээр, нэхэмжлэгчийн зүгээс зээлийг 40 хувийн хүүтэйгээр тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч хариуцагч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардсан 1,400,000 төгрөгийн зээлийн хүү төлөх боломжгүй хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд мөн дээрх хуульд зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хүү авах эрхээ алдсан байна.
8. Иймд хариуцагч Г.*******гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн хүүд нэхэмжилсэн 1,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-д Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна., 60 дугаар зүйлийн 60.1.-д Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гаас 15,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй байна.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5.-д Нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй. гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг багасгасанд холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.*******гаас 500,000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 59 дүгээр зүйлийн 59.5., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,550 /наян мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гаас 15,650 /арван таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ