| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 307/2025/0222/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/255 |
| Огноо | 2025-05-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/255
2025 05 19 2025/ШЦТ/255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0222/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагчаар Ч.Мядагбадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2518000000341 дугаартай хэргийг 2025 оны 05 сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 1 жилийн хугацаатай хасуулсан боловч дахин 0,73 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шөнийн 03 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Анагаахын шинжлэх ухааны сургуулийн орчим асфальтан зам дээр ******* улсын дугаартай Hyundai Sonata-7 загварын тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь:
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...би 192 дуудлагатай станцтай 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цагаас 29-ний өдрийн 08 цаг хүртэлх хугацаанд тээвэрчдийн тойрогч үүрэг гүйцэтгэж байхдаа ******* улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан. Тухайн үед тээврийн хэрэгслийг ******* гэх залуу жолоодож явсан ба драйгер багажаар үлээлгэж шалгахад 0.73 хувийн согтолттой гарсан учир тээврийн хэрэгслийг түр саатуулж өөрийг нь Цагдаагийн газар дээр авч ирсэн. ******* нь тухайн үед шалгуулахдаа тээврийн хэрэгсэл дотроо 3 зорчигчтой явсан бөгөөд өөрийнх нь хэлснээр пиво ууцгаасан гэж байсан. ******* нь өмнө нь 2024 оны 09 дүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11/,
2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан” талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 06-09/,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ЗШ/1558 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 31-34/,
Яллагдагч *******ийн : “...2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд Дархан өргөө сургуулийн урд байрлах хүнсний дэлгүүрээс 3 том пиво аваад өөрийн найз болох Билгүүний хамт ******* улсын дугаартай Hyundai Sonata-7 загварын тээврийн хэрэгслийг жолоодоод “New York” толгой руу гарсан. Тэгээд тэндээ бид хоёр юм ярингаа пиво хувааж уусан. Ингээд ууж дуусаад гэр лүүгээ харих гээд би өөрийнхөө машиныг унаад хөдөлсөн. Доошоо буугаад анагаахын уулзвар луу орж ирж явтал цагдаагийн алба хаагч зогсоож шалгасан. ...цагдаа танаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байна та юу хэрэглэсэн бэ гэж асуухад би пиво уусан гэдгээ хэлсэн, ...үлээлгэж шалгахад 0,73 хувийн согтолттой байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл бүрэн хангагдсан байна.
Шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зорчих эрх хязгаарлах ялын хэмжээ хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, ял эдлэх бүсийг түүний оршин суугаа газар буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД