| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2025/0089/э |
| Дугаар | 2025/ШЦТ/95 |
| Огноо | 2025-06-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/95
2025 06 04 2025/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Саранзаяа,
Улсын яллагч Б.Баттуяа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2504000240114 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “МАК” ХХК-нд хүний нөөцийн мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* 4 дүгээр гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Ахиц” дэлгүүрийн зүүн талын замд “Тоёота приус 30” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 1.5, 15.9 заасан заалтуудыг зөрчсөн шууд санаатай үйлдлийн улмаас улсын дугаартай “Ниссан Икстрайл” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж түүнийг жолоодож явсан эрүүл мэндэд мөгөөрсөн цагариганы урагдал, духны хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний буруу, хийсэн хэрэгтээ их харамсаж байна. Хохирогчид учруулсан хохирлоо бүгдийг төлсөн байгаа.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-10-р хуудас/,
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15-р хуудас/,
- Хохирогч мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,
- Гэрч Б.Туяагийн мэдүүлэг /хх-ийн 96-р хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Виннэрвэй” ХХК-ийн тээврийн хэрэгслийн үнэлгээ /хх-ийн 60-61-р хуудас/,
- Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Батмонголын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан магадалгаа /хх-ийн 151-152-р хуудас/,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 16, 139-р хуудас/,
- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 138-147-р хуудас/,
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөр төлсөн баримтууд /хх-ийн 88, 133, 134, 180, шүүх хуралдаанд өгсөн баримт/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч *******ын нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.
Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд объектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдаг онцлогтой.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороонд байх “Ахиц” дэлгүүрийн зүүн талын замд Тоёота приус 30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас улсын дугаартай “Ниссан Икстрайл” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан гэх үйл баримт нь:
- Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-10-р хуудас/,
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 4, 5-р хорооны Хэрлэн, Байдлаг, Их гүн, Бага гүний дөрвөн замын 2 эгнээ бүхий уулзвар, гэр хорооллын доторх зам байв. ...Зам тээврийн осол гарсан цэгээс улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэмжихэд 16 м 40 см баруунаас зүүн тийш харсан, замаас гарч явган хүний зам дээгүүр даван замын хажуу талын далан хэсэг рүү урд талаараа орсон байдалтай, машины урд хэсэг нилэнхүйдээ эвдэрсэн байдалтай байв. Нөгөө тээврийн хэрэгсэл болох ХЭУ улсын дугаартай, цагаан өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл нь мөргөлдсөн цэгээс 14 м зайтай, 4 дугуй нь дээшээ харсан байдалтай, урдаас хойш чиглэлтэй, машин замын эсрэг урсгалд орсон байдалтай, ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш харсан байдалтай, машин гадна талын эвдрэл, гэмтэл нэлээдгүй эвдрэлтэй байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15-р хуудас/,
- Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Багануур дүүргийн Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд ээлжийн монеторчин ажилтай ажил дээрээ байж байгаад албаны ажлаар Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уул хэсгээс Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсэг рүү хадам ээж Б.Туяагийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явж байгаад Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэн, Байдлаг, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүн, Бага гүн хэсгийн 4 замын уулзвар төв зам хэсгээр явж байтал Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүн, Бага гүн хэсгийн туслах замаас цагаан өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл гэнэт урдуур орж ирээд би тухайн тээврийн хэрэгслийн баруун талын хоёр хаалга руу нь мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Тэгээд миний хүзүү гэмтсэн. Тухайн үед би хамт ажилладаг Б.Алтангэрэл гэх залуутай хамт явсан. Тухайн хамт явсан хүний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. Миний жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осолд өртсөн тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Жолоодох эрхийн үнэмлэхтэй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 26-р хуудас/,
- Гэрч Б.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед манай найз залуу *******, түүний дүү Энхриймаа бид 3 Багануур дүүргийн Хэрлэн гол орчихоод буцаад гэрлүүгээ явж байсан. Ямар ч байсан хойшоо чигтэй 50-60 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд 4 замын уулзвараар гарахад баруунаас чигтэй нэг дунд оврын жип машин ирж байсан, амжих байх гээд гартал хажуунаас ирээд мөргөсөн. Тэгээд бид 3-ын машин замын боржур мөргөөд дээш харж унасан. Машинаасаа буугаад иртэл нөгөө машин нь цаашаа хараад замын хажуу талын жалга руу орсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 98-р хуудас/,
- Гэрч Б.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Багануур дүүргийн Байдлаг дэд станцаас ажлын газрын ах Атарчулууны хамт хадам аавынх нь эзэмшлийн Ниссан Икстрайл улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 2-лаа дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсэгт “Аз” автозасвар орох ажлаар явж байсан. Тэгээд дүүргийн 4-р хороо Хэрлэн, Байдлаг хэсгийн 4 замын зохицуулагддаггүй уулзвар дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй төв замаар уулзвар нэвтрэх үед ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд явж байсан Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл бид 2-ын урдуур зам тавилгүй орж ирээд зам тээврийн осол гаргасан. Тэгээд миний сууж явсан Ниссан Икстрайл маркийн тээврийн хэрэгсэл Хэрлэн хэсгийн замын хажуугийн ус зайлуулах далан руу ороод зогссон. Би тээврийн хэрэгслээс бууж ирээд гараад хартал нөгөө Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дээшээ харсан байрлалтай, нэг залуу 2 эмэгтэй хажууд нь зогсож байсан. Тэгээд машины хажууд байсан залуу “та яагаад зам тавьж өгдөггүй юм” гэсэн. Тэгэхээр нь “чи тэмдгээ очоод хар, чи зам тавьж өгөх ёстой” гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 100-102-р хуудас/,
- Гэрч Б.Туяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би хамт байгаагүй. Манай охин жирэмсэн эрүүл мэндийн байгууллагад үзүүлнэ, эмнэлгээр явна гэхэд нь машинаа өгөөд нааш цааш эмнэлгээр явж байг хэрэгцээ гарвал хэрэглэж байг гээд хэрэглүүлж байсан юм. Би иргэний нэхэмжлэгчээр оролцож амжихгүй. Өөрийн хүргэн г иргэний нэхэмжлэгчээр тогтоох хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 96-р хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Виннэрвэй Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хавсралтад: “...Ниссан Икстрайл улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ...үнэлгээгээр тогтоогдсон дүн 14,797,500 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 60-69-р хуудас/,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн “...Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн лавлагаагаар Т-Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч нь ******* байна” гэх лавлагаа, мэдээлэл /хх-ийн 16, 139-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтуудаар,
Зам тээврийн осол гарахад Тоёота приус 30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан ******* нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь:
- “Хорин бугатын даваа” ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 04ний өдрийн шинжээчийн: “... улсын дугаартай Nissan X-Trail, Т-Prius-30 маркийн тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийхэд осол гарахад нөлөөлсөн эвдрэл гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт /хх-ийн 77-78-р хуудас/,
- Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Батмонголын гаргасан 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаартай: “...Тоёота приус 30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан сэжигтэн ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн НЭГ. Нийтлэг үндэслэл: 1.3 замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5 замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино. Арван тав: уулзвар нэвтрэх II зохицуулдаггүй уулзвар нэвтрэх 15.9 гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” гэх магадалгаа /хх-ийн 151-152-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
Тус ослын улмаас дөрвөн замын уулзвар хэсэгт зорчиж явсан улсын дугаартай “Ниссан Икстрайл” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь:
- Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх ослоос миний хүзүү гэмтсэн, дух хэсэг бага зэрэг зулгарсан, зүүн хөлийн дунд чөмөг юманд хүчтэй цохигдож бага зэрэг хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 26-р хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 34 дугаартай: “...1. биед мөгөөрсөн цагаригны урагдал, духны хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. Тухайлбал ЗТОслын үед хүчтэй юм мөргөх, хүзүүгээрээ юм савах гэх мэт. 3.Дээрх мөгөөрсөн цагаригны урагдал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/ зэрэг баримуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогч нарын мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Улсын яллагч Б.Баттуяагаас шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч ******* нь хохирогч д хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсныг дурдуулах саналтай.” гэв,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч д хохирол төлбөрт нийт 19,504,640 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 207,215 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулсан.” гэсэн тайлбарыг тус тус гаргав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогч нарын мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, шинжилгээг шинжлэх ухаан, техникийн салбарт мэргэшсэн, тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч нараар хуульд заасан журмаар хийлгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс осол, аваар гарах, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч өөрийн хайхрамжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогч нь гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг Иргэний хуулийн 497, 499, 505, 510, 511 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус хуульчилсан.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зардалд нийт 19,504,640 төгрөгийг хохирогч д төлсөн нь баримтаар /хх-ийн 132-134, 180-р хуудас, шүүх хуралдаанд ирүүлсэн баримт/ нотлогдож байх ба хохирогч нь шүүхэд ирүүлсэн баримтад “...Цаашид надад нэхэмжлэх гомдол, санал, сэтгэцэд учирсан хохирол байхгүй” гэжээ.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч гэмтлийг оношлохтой холбогдуулан нийт 207,215 төгрөгийн зардал гарсан /хх-ийн 87-р хуудас/ байх ба шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан /хх-ийн 88-р хуудас/ байх тул шүүгчдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Улсын яллагчаас: “Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч *******аас: “...Гэм буруугаа ухаарч байгаа, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хөнгөн ял оногдуулж өгөөч.” гэсэн тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан хохирогч болон иргэний нэхэмжлэгчид хохирол төлбөрийг бүрэн төлсөн баримт, хохирогчийн санал, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас зэрэг баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байна гэж үзэж, харин ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэжээ.
Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, хохирол төлбөрийн хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/-н жилийн хугацаагаар хасаж, түүнд 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох нөхцөл байдлыг харгалзан *******ад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/-н жилийн хугацаагаар хасаж, түүнд 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******ад тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ад нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зардалд нийт 19,504,640 төгрөгийг хохирогч д төлсөн, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 207,215 төгрөгийн Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН