Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/417

 

 

 

 

 

  2021            04            27                                         2021/ДШМ/417    

 

П.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Оюунцэцэг,

хохирогч Л.О-ь, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

хохирогч Л.О-ийн өмгөөлөгч О.Баяраа,

яллагдагч П.Х-ийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/733 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 21 дугаартай эсэргүүцлээр П.Х-т холбогдох эрүүгийн 2006012562372 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х-,

П.Х- нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд хохирогч Л.О-иас “татваргүй бараанаас архи аваад паб, барнуудаар борлуулдаг, бага мөнгө оруулаад 14 хоногт 10 хувийг нь буцааж ав, мөнгө зээлээд 10 хоноод 10 хувийн ашгийг буцааж ав, бусдаас үл хөдлөх хөрөнгө өрөндөө авна” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 24 удаагийн үргэлжилсэн үйлдлээр өөрийн Хаан банкны 5017361407 тоот дансаар 226.224.385 төгрөгийг, Худалдаа хөгжлийн банкны 499292429 тоот дансаар 19.000.000 төгрөгийг, хүргэн ах Г.Гантөгсийн Голомт банкны 1925004523 тоот дансаар 66.400.000 төгрөгийг буюу нийт 311.624.385 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л.О-т “би архи тамхи зардаг, 100 сая төгрөг юу ч биш, барьцаанд тавьсан байрны зээлийн төлбөрийг төлж чөлөөлөн мөнгийг чинь буцааж өгнө” гэх зэргээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 70.500.000 төгрөгийг шилжүүлэн авч 19.700.000 төгрөгийг буцаан төлж үлдэгдэл 50.800.000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 362.424.385 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...хоёрдугаар хавтасны 121-122 дахь талд авагдсан 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 460 тоот “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол”-ыг яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулаагүй, 58 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудаст урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойгүй гэж бичигдсэн бөгөөд энэ асуудлыг дахин тодруулан шалгах шаардлагатай. Хоёрдугаар хавтасны 100-106 дахь талд хохирогч, яллагдагч нарын тооцоо нийлсэн баримтад яллагдагчийн буцаан өгсөн мөнгөний дүн 188.740.000 төгрөг болохыг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, хохирогч Л.О-ь гомдол болон мэдүүлэгтээ 252.000.000 төгрөгийн хохирол учирсан талаар дурдсан байтал Л.О-ьт 311.624.385 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь бодит хохирол, хор уршгийг ялган тооцоогүй, буцаан өгсөн 188.740.000 төгрөгийг хохирлоос хасаж тооцоогүй, иргэний журмаар нэхэмжлэх боломжтой мөнгө байгаа эсэхийг нарийн тогтоогоогүй. Гэрчээр мэдүүлэг өгсөн А.Энхзулын өмнөөс Мягмарсүрэн, Золзаяа, Зулцэцэг нараас 227.420.000 төгрөг, н.Найдансүрэнгээс 110.000.000 төгрөгийг зээлж өгөөд, түүний хүүнд төлөх ёстой мөнгийг хохирогч Л.О-иас зээлж авсан мөнгөөрөө төлдөг байсан гэх нөхцөл байдлыг шалган тогтоох шаардлагатай. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаануудыг засахын зэрэгцээ хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг, тайлбар авах замаар хохирлыг нарийвчлан тогтоох ажиллагааг хийх, хэргийн оролцогчдын эрхийг хангах, яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг ханган үг, үсэг тооцооны алдаагүй үйлдэн ирүүлэх шаардлагатай байна. Мөн яллах дүгнэлтэд хохирогч Л.О-ийг залилсан үйлдэл нь аль дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн талаар дурдаагүй байх ба 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.О-ээс мөнгө авсан байх тул хэргийн харьяаллыг зөв тогтоож ирүүлэх нь зүйтэй. Дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр П.Х-т холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...яллагдагч П.Х-ийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15. 6.17-д заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг гаргаж байна гэж дурдсан... байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д “Мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргах”, 6.17-д “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол албан ёсоор танилцуулаагүй болон уг тогтоол ойлгомжгүй тухай гомдол” гэж хуулиар зохицуулсан. Шүүх шийдвэртээ өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан 4 асуудлын хүрээнд чухам алийг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гэж дүгнэсэн нь тодорхойгүй. Мөн шүүхээс хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг, тайлбар авах замаар хохирлыг нарийвчлан тогтоох ажиллагааг хийх, хэргийн оролцогчдын эрхийг хангах гэж дурджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзэх нь зүйтэй. Хавтас хэрэгт яллагдагч П.Х-, хохирогч Л.О-ь нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн мөнгөн дүнгийн талаар харилцан хохирлын тооцоо гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоолгох талаар яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс хүсэлт, мөн хуулиар олгосон эрхийг хязгаарласан, хориглосон талаар гомдол гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно”. 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал”, 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар” гэж хуульчилсан байх ба хохирогч Л.О-ийг залилсан үйлдэл нь аль дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчийн мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг, хохирлын тооцоог шинжлэн судлах, талуудын мэтгэлцээнийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тогтоох боломжтой байна. ...Мөн шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг явуулах товыг хохирогч Л.О-ь, түүний өмгөөлөгч  нарт мэдэгдээгүй, хэлэлцүүлэгт оролцох боломжийг хязгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-заасан “...урьдчилсан хэлэлцүүлэгт... оролцох”, 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэж тус тус заасныг зөрчсөн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, П.Х-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Л.О-ь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэрэг шийдвэрлэгдэхгүй маш олон жил байгаа тул хурдан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Л.О-ийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хохиролтой холбоотой асуудлын тухайд яллагдагч, хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, тооцоо нийлсэн баримт дээр тулгуурлан шүүхийн шатанд хохирлын хэмжээг тогтоох боломжтой. Мөнгө шилжүүлсэн бүх баримтууд хэрэгт авагдсан. Шүүгчийн захирамжид дурдсан гэрчээр мэдүүлэг өгсөн А.Энхзулын өмнөөс Мягмарсүрэн, Золзаяа, Зулцэцэг нараас 227.420.000 төгрөг зээлсэн гэх асуудал нь хохирогч Л.О-ийг хохироосон асуудалд огт хамааралгүй. ...” гэв.

Хохирогч Л.О-ийн өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийг нэгтгэсэн тогтоолыг танилцуулаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойгүй бичигдсэн гэх асуудлуудын тухайд мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн материалтай танилцаад санал, хүсэлт гаргах боломжтой байсан бөгөөд ямар нэгэн байдлаар эрхийг нь зөрчсөн асуудал байхгүй. П.Х- гэмт хэрэг үйлдэж байгаагүй талаараа удаа дараа мэдүүлж байсан. Мөн хохиролтой холбоотой асуудал дээр хохирогч, яллагдагч нарыг уулзуулж хохирлын тооцоог нарийн гаргасан байгаа. Хэрвээ ямар нэгэн зөрүүтэй асуудал гарвал шүүхийн шатанд мэтгэлцэх зарчмаар шийдвэрлэх боломжтой. П.Х-ийн оршин сууж байгаа газар өвчин гарсан, хөл хорионд байгаа гээд ирээгүй. ...” гэв.

Яллагдагч П.Х-ийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Яагаад гэвэл анх хохирогч 252.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж гомдол гаргасан байтал 311.624.385 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Бодит хохирлыг тогтоох ёстой. Мөн хэрэг нэгтгэсэн талаар П.Х- мэдээгүй байсан, сүүлд хэргийн материалтай танилцахад хэргийг нь нэгтгэхдээ танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй байсан нь оролцогчийн эрхийг хязгаарласан байна. Мөнгө зээлсэн асуудал нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоож, хүүнд төлсөн мөнгөний асуудлыг нарийн шалгах ёстой. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар П.Х-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Прокуророос яллагдагч П.Х-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Л.О-иас 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 24 удаагийн үйлдлээр 311.624.385 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Л.О-ээс 6 удаагийн үйлдлээр 50.800.000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 362.424.385 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд шаардлагатай гэж үзвэл яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хохирогч, гэрч нарыг оролцуулах талаар хүсэлт гаргуулан шийдвэрлүүлж, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлон тогтоожээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн хэрэг, хүний хувьд л шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд эдгээрт дурдагдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй юм.

П.Х-ийг залилах гэмт хэрэгт  холбогдуулан прокурор Б.Оюунцэцэг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1744 тоот яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд уг дүгнэлтийн тогтоох хэсэгт түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллаж байгаа талаар дурдсан байна /2хх 227-231/.

 

Тухайн хэргийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх хэрэг хэлэлцэх ажиллагааг явуулж шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шижлүүлэх ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/733 дугаартай захирамжийг хүчингүй болгож, П.Х-т холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай

 

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл П.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                    Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН