| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Орсоогийн Батдорж |
| Хэргийн индекс | 131/2021/00332/И |
| Дугаар | 131/ШШ2021/00463 |
| Огноо | 2021-09-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2021 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 131/ШШ2021/00463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж , хаалттай ,
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Номгон нэгдүгээр багт байрлах, Баянхонгор аймгийн *******ын газар,
Хариуцагч: Баянхонгор аймаг, ******* сум, 4 дүгээр багт оршин суух, Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга, *******ын *******д холбогдох,
Төрд учирсан хохирол 2,750,989 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд төрийн төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт ******* төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно гэж зааснаар *******ын байгууллага нь төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах зорилгоор иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцохоор хуульчилсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ******* төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасан бөгөөд Баянхонгор аймгийн Төрийн аудитын газраас 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 1/245 дугаартай албан бичгээр захиргааны хэргийн шийдвэрийн дагуу *******т улсын төсвөөс 2,750,989 төгрөг гаргуулж олгосныг буруутай албан тушаалтнаас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж оролцох талаар хүсэлт ирүүлсэн тул иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болсон. Нэхэмжлэлийн шаардлагын талаар: Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай М.******* нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай тушаалаар *******ыг ажлаас чөлөөлсөн бөгөөд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай шийдвэрээр *******ыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2,750,989 олгуулахаар шийдвэрлэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Монгол улсын Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасан тул төсвөөс гарсан мөнгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах зүйтэй байх тул *******ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иймд М.*******гээс 2,750,989 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянхонгор аймгийн *******ын газрын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 12 тоот иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Иргэн *******ыг 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулан *******ын нэхэмжлэлийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ажилгүй байх хугацааны цалин болох 2,750,989 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.******* миний бие нь тухайн үед өөрийн хамаатан садан, ах дүү нараасаа *******ын ажилгүй байх хугацааны цалин болох 2,750,989 төгрөгийг зээлж *******т бэлнээр өгсөн. Гэтэл Баянхонгор аймгийн *******ын газрын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 12 тоот нэхэмжлэлд дээрх мөнгийг төсвөөс гаргасан мэтээр ойлгож үндэслэлгүйгээр намайг буруутгаж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа *******ыг ажлаас чөлөөлсөн байдаг энэ тушаалтай холбоотойгоор ******* нь Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж тус шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай шийдвэрээр *******ыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2,750,989 олгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасан тул төсвөөс гарсан мөнгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах зүйтэй байх тул *******ын тухай хуулийн 20.1 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэл гаргасан гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцоно. Нэхэмжлэл гаргасны дараа хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч М.******* нь шүүхийн шийдвэрийн дагуу *******т хохирол төлбөрийг төлж барагдуулсан талаар тайлбарыг хэлдэг, мөн төрийн сангаас уг хохирол мөнгө гарч *******т олгогдсон талаар баримт байхгүй, ******* нь шүүхэд тухайн хохирол мөнгийг М.*******гээс бэлнээр авсан гэсэн гэрчийн мэдүүлэг өгсөн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гэсэн баримтууд нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хэрэгт цугларсан хэрэгт авагдсан эдгээр баримтуудаар дээрх мөнгө нь төрийн байгууллага болон төрийн сангаас гарсан гэдэг нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч байгууллагын зүгээс нэмж хэлэх санал, хүсэлт байхгүй хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянхонгор аймгийн *******ын газар нь хариуцагч М.*******д холбогдуулан Төрд учирсан хохирол 2,750,989 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газраас 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1/245 дугаартай албан бичгээр төсвөөс гарган олгосон 2,750,989 төгрөгийн хохирлыг арилгуулахаар тус байгууллагыг төлөөлж нэхэмжлэл гаргуулахаар Баянхонгор аймгийн *******ын газарт хандсан байна.
Баянхонгор аймгийн *******ын газрын 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6/1021 дүгээр албан бичгээр шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор *******д хуульд заасан бүх эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр итгэмжлэл олгосны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо захиргааны байгууллагын албан тушаалтны хууль бус шийдвэр үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирол гаргуулахаар Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд зааснаар буруутай этгээдээс нэхэмжилж байгаа гэх тул шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.8-д зааснаар шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргаан хэмээн үзэж хянан шийдвэрлэв.
Тодруулбал: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол... гэсэн нь дээрх маргаан нь өөр хуулиар харьяалуулсан буюу Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд илүү нарийвчлан тусгасан байх тул хэргийг шүүгч дангаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаас гаргуулах харилцааг Төрийн албаны тухай хуулийн 50.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3 дэх хэсэгт Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна гэж тус тус зохицуулсан.
Хариуцагч М.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэр дагуу 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр тушаалаар Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт Санхүүгийн албыг байгуулахдаа Боловсрол, соёлын байгууллагуудыг хариуцсан нягтлан бодогч ажилтай *******ыг тус албанд томилохгүй, чөлөөлснөөр маргаан үүссэн байна.
Улмаар Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 11 дугаартай шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар *******ыг Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын Боловсрол, соёлын байгууллагуудыг хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар тус аймгийн Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 2,750,989 төгрөгийг гаргуулан *******т олгуулах, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдөөгүй байсан 302,608.79 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 300 дугаар магадлалаар тус шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 24 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргаж *******т ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг олгоогүй болох нь хэрэгт цугларсан гэрч *******ын 2015 оны 07 сард Баянхонгор аймгийн ******* сумын Засаг дарга тамгын газрын дарга М.*******гээс ажилгүй байсан хугацааны цалин 2,750,989 төгрөгийг Баянхонгор аймгийн шүүхийн гадаа өөрийнхөө автомашин дотор бэлнээр аваад Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Тухайн үед Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаасан байсан гэх мэдүүлэг, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 7/1269 албан бичиг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 300 дугаар магадлал, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 24 дүгээр шийдвэрээр тус тус тогтоогдож байна.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.*******д холбогдуулан гаргасан Төрд учирсан хохирол 2,750,989 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулах тухай нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******ын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.*******д холбогдуулан гаргасан Төрд учирсан хохирол 2,750,989 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулах тухай нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******ын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Баянхонгор аймгийн *******ын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ