| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 195/2025/0199/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1354 |
| Огноо | 2025-05-19 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүүг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Н.Нямдаваа, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,
улсын яллагч Ж.Цээрүүгүндүүг,
иргэдийн төлөөлөгч ************,
шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч К.Манлай,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************, түүний өмгөөлөгч Г.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт ************ овогт **************д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000001178 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны ** дугаар сарын **-нд Архангай аймаг Цэцэрлэг суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ** дүгээр баг, Цагаан давааны ***** тоотод оршин суух хаягтай, урьд нь 2009 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
-2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн,
-2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн,
-2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1081 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон, /РД:***************/, ************ овогт ************ын ************.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ************ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 8 дугаар сарын 14-нд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тахилт ************гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ************ийг цохиж зодож хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлнө. Миний нэр дээр хөрөнгө бол байхгүй. Ар гэрийнхэндээ хэлээд хохирлоо төлөх хүсэлтэй байгаа. ” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт: “Хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Оршуулгын зардалд 3.607.250 төгрөг болон өөрийн сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж байгаа. Ажил явдлын үеэр шүүгдэгч тал 500.000 төгрөг өгч байсан. Энэ нь оршуулгын зардалд орохгүй. Талийгаачийн хүүхэд нь 12 дугаар ангид сурдаг. Аав дээрээ өссөн охин байдаг.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2408000001178 дугаартай хэргээс.
1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал)
2. Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 02 дахь тал)
3. Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Тахилт шар цэцэг задгай тоот гэх ба уг тоот нь ямар нэгэн дугааргүй, уулын энгэр хэсэгт байх ба уг хашаа нь доор хэсэгтээ задгай, баруун, зүүн, урд хэсэгтээ модон хашаатай байв. Уг хашааны дэргэд ирж гар утасны “GPS” ашиглан барилгыг үзэхэд “N” гэж зааж байсныг тэмдэглэлд тусгав. Үзлэгийг үргэлжлүүлэн уг хашааны дотор орж харахад хашааны баруун урд хэсэгт модон байшин байх ба уг байшингийн урд талд гараараа цохиход унасан гэснийг оролцогчоор заалгуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Хэрэг болсон гэх газарт өөр ач холбогдолтой зүйл илрээгүй.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-05 дахь тал)
4. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 05-08 дахь тал)
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ийн өгсөн: “************ийн ************ нь миний төрсөн эгч бөгөөд 1983 оны 01 дүгээр сарын 02-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. Бид хоёр эцэг эхээс хоёулхнаа бөгөөд аав ************ маань 2017 онд, ээж ************ маань 2023 онд нас барсан. Талийгаач эгч маань залуудаа хувиараа хувцас зардаг ажил хийдэг байсан бөгөөд ************ гэх хүнтэй гэр бүл зохиож 2007 онд дундаасаа охин хүүхэдтэй болсон хүүхдээ 1 настай байхад нь буюу 2008 онд тусдаа амьдарцгаах болсон. Охин нь аавтайгаа амьдардаг болсон юм. Талийгаач эгч маань сүүлийн хэдэн жил Архангай аймагт амьдардаг байсан. Одоогийн хамтран амьдрагч болох ************тай сүүлийн 5-6 жил хамтран амьдрах болсон юм. 2023 онд манай ээж болох ************ нь нас барснаар ************ эгч Архангай аймгаас Улаанбаатар хотод суурьшин ирж амьдрах болсон. Манайд байхаараа ************тай хамт архи дарс уугаад байхаар нь би гэртээ байлгахгүй эсвэл архи уухаа боль гэж хэлээд явуулчихсан бөгөөд тэр хоёр манайхтай ойролцоо айлын хашаанд гэр түрээсэлж амьдарч байгаа гэж хэлж байсан. Би тухайн гэрт нь очиж үзэж байгаагүй бөгөөд хааяа нэг манайхаар орж гараад явдаг байсан. Талийгаач эгч маань сүүлийн 2-3 жилийн хугацаанд архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэдэг болсон бөгөөд ерөнхийдөө архины хамааралтай болсон байсан. Ааш зангийн хувьд гэвэл архи уусан ч эрүүлдээ ч нэг зангаараа хэн нэгэнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй дөлгөөн тайван ааштай хүн байсан. Хамгийн сүүлд буюу 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тахилтад байх манай гэрт намайг байхгүйд ирээд манай гэрийн тогийг ************ янзалчхаад явсан байсан. Тухайн өдөр ************ эгч над руу фейсбүүк чатаар залгаад цахилгааныг чинь янзалчихлаа гээд эрүүл ярьсан. Тэрнээс хойш дахиж холбогдоогүй бөгөөд би гэрт байсан 11 настай хүү болох ************тай холбогдож ярихад хашаанд хоёр хүнтэй дөрвүүлээ нийлж архи ууж байгаад гараад явсан байсан. Хэдэн цагийн үед гарч явсан талаар нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Би ямар нэгэн байдлаар ************ыг талийгаач эгчийг маань зодож цохиж байсныг нь харж байгаагүй. Харин ээж маань надад нас барахаасаа өмнө надад хандаж “************ эгчийг чинь зодоод байдаг юм шиг байна, Архангай аймагт байхдаа нэг удаа алгадуулж зодуулж байсан гэж хэлсэн” гэж хэлж байсан. Өөрөөр би зодож цохиж байсан талаар сонсоогүй. Талийгаач эгч маань ************д их сайн, би битгий тэр хүнтэй нийл гэж хэлэхээр надаас өмөөрөөд өөрөө явчхаад байдаг байсан. ************ болон талийгаач маань тодорхой оршин суух хаяггүй, өөрсдийн гэсэн гэр орон байхгүй хүмүүс.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал)
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ийн дахин өгсөн: “************ нь өөрөө надтай холбогдож яриагүй, талийгаачийг оршуулахын өмнөх өдөр нь 500.000 төгрөг шилжүүлэн өгснөөс өөрөөр ямар нэгэн байдлаар хохирол төлбөр төлж барагдуулсан зүйл байхгүй. Ажил явдалд нь оролцоогүй. Би ямар нэгэн байдлаар баримт цуглуулан аваагүй бөгөөд ажил явдал, оршуулгын зардал гээд нийт 5.000.000 орчим төгрөг болсон. Би эдгээрийн баримтыг шүүх дээр гаргаж өгнө.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дахь тал)
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ************мийн өгсөн: “Би Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Тахилт шар цэцэгтийн ************ тоотод ээж болон аав, төрсөн дүү, хамтран амьдрагч болох ************ нарын хамтаар амьдардаг. Харин ************, ************ нар нь манай хашаанд байх гэрийг 2024 оны 4 дүгээр сараас сардаа 50.000 төгрөгөөр түрээсэлж хоёр сарын түрээсийн мөнгө болох 100.000 төгрөгийг өгөөд тэр хугацаанаас хойш одоог хүртэл амьдарсан мөнгөө төлөөгүй байгаа ************, ************ нарыг нэг нутгийн хүмүүс гэдгээр нь мөн манайд амьдарч байхаасаа өмнө тахилтад миний танил болох Цогоо гэх айлд амьдарч байхад нь танилцаж мэддэг болсон. 2024 оны 8 дугаар сарын 14-ний 13 цагийн орчимд ************ над руу залгаад ************ийн дүүгийн хашаанд бид дөрөв архи хувааж уусан. Тухайн үед дүүгийнх нь бага хүүхэд гэртээ байсан бөгөөд бид дөрөв гэрт нь ороогүй хашаан дотор нь архи уусан. Тэгээд авсан хоёр шил архи хувааж уугаад 17 цагийн орчимд ************ бид хоёрыг унтаж байтал ************ орж ирээд “************ эгч чинь сонин болчихлоо та хоёр очоод үзээдхээч” гэж хэлээд бид хоёрыг дагуулаад манай гэрт ойролцоо байх уулын жалганд очиход ************ эгч ямар нэгэн хөдөлгөөнгүй, нүд дух хэсэг нь хавдаж хөхөрсөн байдалтай, манай гэрийн гадаа байсан гудас хөнжлийг дэвсэж хучсан байдалтай гар, хөл нь хүйтэн хучсан хөнжлийг нь аваад үзэхэд өмдөндөө шээчихсэн юм шиг норсон байдалтай хурхираад унтаад байсан. Тэгэхээр нь ************аас юу болсон талаар асуухад “өчигдөр согтуудаа маргалдаж байгаад би нүд рүү нь нэг удаа цохисон” гэж хэлэхээр нь би түргэн дуудъя гэж хэлтэл ************ хэрэггүй жоохон харж үзэж байгаад зүгээр болохгүй бол түргэн дуудъя, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй, ярьж ч чадахгүй болохоор ************ цээж хэсгээс нь, ************ хөл хэсгээс нь өргөөд оруулж гэрт байх орон дээр хэвтүүлсэн. Тэгээд 15 цаг хүртэл зүгээр болохгүй байхаар нь би эмч дууд гэж хэлээд ************ 103 руу дуудлага өгсөн юм. Хэсэг хугацааны дараа 103 эмч ирээд пүлс унасан байна. Биеийн байдал маш муу байна гэж хэлээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан бөгөөд ************ эмнэлгийн машинаар хамт явсан юм. Эдгээр хүмүүс нь манай гэрт 2024 оны 4 дүгээр сараас хойш амьдарч байгаа юм. Ерөнхийдөө архи дарс нэлээдгүй их уудаг байнга тогтсон ажилгүй, надад хэлэхдээ хоёулаа хамт 5 шар дээр өдөрт нь цалин өгдөг барилгын туслахын ажил хийдэг гэж хэлсэн. Хоорондоо нэг их хэрэлдэж маргалдаад миний хажууд бие биеийнхээ биед халдаж цохиж зодсон зүйл харагдаж байгаагүй. Харин ************ эгч надад хэлэхдээ “************ хааяа архи уучихсан үедээ намайг цохиж аваад байдаг, миний нэг нүд муу бөгөөд тэр нүд рүү минь цохичих гээд байдаг юм. Энэ талаар битгий ************д хэлээрэй сонсчихвол бас хэрүүл маргаан үүснэ” гэж хэлж байсан. Тухайн үед бид нар хоол идэж хамт архи уусан бөгөөд биеийн байдал хэвийн ямар нэгэн ил харагдах гэмтэл шархгүй зүгээр байсан. ************, ************ нар хоорондоо хэрэлдэж маргалдаагүй, эв зүйтэй байсан. Би тэр талаар мэдэхгүй байна ер нь бол ************, ************ нар нь өөр хүмүүстэй нийлж архи уугаад байдаггүй манайх тахилтын ************рүү нэлээд зах руугаа байдаг юм. ************ эгч дээр очиход огт хөдлөхгүй, юу ч ярихгүй, унтаад байгаа юм шиг хурхираад байсан бөгөөд, өмдөндөө шээсэн юм шиг өмд нь норсон, доор нь тавьсан байсан гудас норсон байсан. Нэмж ярих зүйлгүй. Миний ярьсан бүгд үнэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал)
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ************ын өгсөн: “Би Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Тахилтын шар цэцэгтийн ************ тоотод хадам ээж болон хадам аав, хамтран амьдрагч болох ************, түүний дүү нарын хамтаар амьдардаг. Манайх хашаандаа гурван гэртэй бөгөөд өөрсдийнхөө гэрийг 2024 оны 4 дүгээр сараас ************, ************ нарт сарын 50.000 төгрөгөөр түрээсэлдэг байсан. ************, ************ нарыг манайхтай ойролцоо байдаг танил болох Цогоо гэх хүний гэрт нь амьдардаг байхад нь танилцаж таньж мэддэг болсон. 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ************ бид хоёрыг гэртээ байж байхад ************, ************ рүү залгаад ************ийн дүүгийн хашаанд хүрээд ир хоол ид гэхээр нь бид хоёр явж очсон. Тэднийд очоод хоол идчихээд ************ архинд яваад ир гээд мөнгө өгөхөөр нь ************ бид хоёр ойролцоо байх Хүслэн нэртэй дэлгүүр рүү явж хоёр шил архи авч ирээд ************, ************, ************ бид дөрөв хашаанд хувааж ууцгаасан. Архиа хувааж ууж дуусгачхаад ************ бид хоёр 17 цагийн орчимд гэртээ харьж унтаж амарсан. Маргааш нь буюу 2024 оны 8 дугаар сарын 15-ны өглөө ************ бид хоёрыг унтаж байхад ************ манайх руу орж ирээд “************ийн бие нь өвдөөд босож чадахгүй боллоо” гэж ярьж байсан. Тэгээд бид гурав хамт ************ийн байгаа гэх манайхаас зүүн тийш байх жалга руу очтол ************ эгч унтаж байгаа юм шиг хөдөлгөөнгүй, юм ярьж чадахгүй амнаасаа авиа гаргаад, нүд нь хөхөрч хавдсан бусдад зодуулсан байдалтай байсан. ************ ************аас юу болсон талаар асуухад ************ “Би ************ийн нүд рүү цохисон чинь унаад ийм аймаар болчихлоо, босож чадахгүй, ярьж чадахгүй байна” гэж хэлсэн. ************ тэгэхэд түргэн дуудъя гэж хэлтэл хэсэг байж бай, бие нь зүгээр болчих байх гэж хэлээд манайх руу авч явахаар болсон. Манай эхнэр ************ түрүүлээд явчихсан ба бид хоёр босгож явуулж хэрэггүй байх гэж ярилцаад ************ тахилтын эцсээс такси авч ирээд ************ийг суулгаж гэрийн гадаа авч ирээд бид хоёр өргөж оруулсан. Тухайн таксны жолооч нь ************ дугаарын утастай байсан. ************ эгчийг гэрт оруулаад хэвтүүлсэн бөгөөд цай өгөх гэтэл уухгүй юу ч ярихгүй байсан. Биеийн байдал нь зүгээр болохгүй байхаар нь ************ыг түргэн дуудъя гэж хэлэхэд ************ өөрийнхөө утсаар 103-т дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа түргэний эмч ирээд ************ эгчийг үзээд биеийн байдал нь муу байна гээд шууд эмнэлэг руу авч явна гээд түргэний машинд ************ыг хамт суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. ************, ************ хоёр архи уугаагүй эрүүл үедээ зүгээр байдаг бөгөөд харин архи уучихлаараа ************, ************ийг зодчих гээд байгаа юм шиг гар хөлөөрөө зангаад, далайгаад байдаг. Яг бид нарын хажууд зодож цохиж байгаагүй. Ер нь өдөр бүр хамт архи ууж байдаг юм. Тухайн үед бид нар хоол идэж хамт архи уусан бөгөөд биеийн байдал хэвийн, ямар нэгэн ил харагдах гэмтэл шархгүй зүгээр байсан. ************ эгч дээр очиход огт хөдлөхгүй, юу ч ярихгүй, унтаад байгаа юм шиг хурхираад байсан. Нүүр нүд нь хавдсан зодуулсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал)
9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2870 дугаартай “************ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр зүүн дух, зулай, чамархайн дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан бүлэн, зүүн дух, зулай, чамархай, дагзны хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархи дарагдал, тархи дарагдал чөлөөлөх мэс заслын дараах байдал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун чихний дэлбээ, цээж, баруун зүүн мөр, зүүн бугалга, хэвлий, зүүн өвдөгт цус хуралт, бүсэлхий нуруу, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. Амь хохирогчийн цус нь B/III/-р бүлгийн харьяалалтай байна. Амь хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн боловч амь нас аврагдах боломж багатай байна. ГССҮТ-н өвчний түүх №14781 дугаартай түүхэнд 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 51 минутад нас барсан гэж тэмдэглэгдсэн байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 75-79 дахь тал)
10. Шүүх сэтгэц эмгэг судлалын 828 дугаартай “************ нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ************ нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусган илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна. ************ нь гэмт хэрэг үйлдэх үед болон үйлдсэнийхээ дараа сэтгэл санааны цочролд болон өөрчлөлтөд орсон гэх шинж тэмдэг илрээгүй байна. ************ нь хэрэг үйлдэх үедээ болон хэрэг үйлдсэний дараа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна. ************ нь хэрэг хариуцах чадвартай байна. ************ нь гэмт хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. ************д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 92-93 дахь тал)
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ы сэжигтнээр өгсөн: “Би эхнэр ************ийн хамт 2024 оны 6 дугаар сараас эхэлж найз ************ын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны шар цэцгийн ************ тоотод байгаа юм. Манай найз ************ эхнэр ************ийн хамтаар амьдардаг бөгөөд 2024 оны 6 дугаар сараас эхэлж бид дөрөв эзэнгүй танихгүй хашаанд архи согтууруулах ундаа хэрэглэсэн. ************, ************хоёр гэр рүүгээ түрүүлээд орой 20 цагийн үед яваад өгсөн. Тэгээд эхнэр ************ бид хоёр үлдээд гудамжаар явж байгаад өөр нэгэн танихгүй хоёр хүнтэй архи цуг уусан юм. Тэгтэл тухайн хоёр танихгүй хүн надтай маргалдаад байсан ба би уурлаж тухайн хоёр залууг цохих гэж байгаад эхнэр ************ийн нүүрэн тус газар 1 удаа хүчтэй цохисон. Тэгтэл эхнэр зүгээр байсан ба бид хоёр цаашаа явах гэтэл манай энхэр явж чадахгүй байсан. Тэгээд ************ бид хоёр гадаа эзэнгүй хашаанд унтсан. Маргааш нь 2024 оны 8 дугаар сарын 15-ны өглөө ************ бид хоёр сэрээд ************ынх руу явсан ба ************ ороод орон дээр хэвтээд өгсөн. Тэгтэл ************ орон дээр хэвтэж байгаад сонин болоод дуугараад байсан ба эвгүй болчихоор нь би түргэн дуудсан юм. Удалгүй түргэн ирж манай эхнэрийг аваад явсан. ************ бид хоёр 2018 оноос хойш хамтран амьдарч байна. Дундаасаа хүүхэдгүй бөгөөд бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа эхнэр ************ийн нүүр рүү нь гараараа хүчтэй цохисон. Тэгтэл манай эхнэр газар унаад өгсөн. Би тухайн үед согтуу байсан ба хүмүүстэй маргалдаж байгаад тухайн маргалдаж байсан хүнийг цохих гэж байгаад эхнэр ************ийг цохичихсон. Би тухайн маргалдсан хүмүүсийг танихгүй. Би өмнө нь эхнэр ************ийн биед 2021 онд гар хүрч байсан ба цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан. ************ийн биед надаас өөр гар хүрсэн хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ы яллагдагчаар өгсөн: “Тухайн өдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ************, ************, ************ бид дөрөв ************ийн хашаанаас гарч яваад ************ бид хоёр ************ийн гэрийн зүүн талд байх задгай модон хашаатай, модон байшинтай хашаанд үлдсэн. /Хэргийн газрын нөхөн үзлэгээр заасан хашаа/-нд бид хоёр хоёулхнаа байж байхдаа дахин хоёр шил 0.5 литрийн архи хувааж уугаад маргалдаад байсан бөгөөд ямар асуудлын улмаас маргалдсан талаараа санахгүй байна. Тэгж байгаад би ************ийн нүд хэсэг рүү нь нэг удаа цохиход ************ хойшоо газар уначхаад өөрөө буцаж босож ирсэн. Би хаагуураа яаж унасныг мэдэхгүй байна. Тэгээд ************ бид хоёр тэр газраа унтсан ба шөнө бороо ороод байхаар нь би даараад ************ийн гэрийн гадаанаас гудас, хөнжил авч ирээд хучиж хоносон. Маргааш өглөө нь ************ сонин дуу гаргаад, бие нь муу байгаа юм шиг байхаар нь ************ийн гэрт нь очоод тэр хоёрыг дуудсан юм. Тэгээд ************ийн бие ерөөсөө зүгээр болохгүй, хөдлөхгүй байгаад байхаар нь өдөр 15 цагийн үед 103 руу дуудлага өгөхөд эмч нар ирээд аваад явсан юм. Тухайн үед бид хоёрын хажууд ямар нэгэн хүн байгаагүй хоёулхнаа байсан. Хажууд ямар нэгэн хүн харж байгаагүй. Би ************тэй хэрэлдэж маргалдсан бөгөөд ямар шалтгааны улмаас хэрэлдэж маргалдсанаа санахгүй байна. Би 1991 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймагт төрсөн, 2008 онд Улаанбаатар хотод 92 дугаар сургуулийг суралцаж төгссөн. Тэгээд хөдөө орон нутагт аав ээжтэйгээ мал маллаж амьдарч байгаад одоогийн хамтран амьдрагч болох ************тэй 2018 онд танилцаж тэр хугацаанаас хойш хамтран амьдарч байгаад 2023 оны 4 дүгээр сард хадам ээжийг нас барахаар нь Улаанбаатар хотод ирж амьдрах болсон. Бид хоёр Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, ************ийн дүү ************ийн гэрт хэсэг хугацаанд амьдарч байхад бид хоёрыг архи уулаа гээд хөөж туугаад байхаар нь ************, ************ нарын илүү гэрийг түрээсэлж амьдарч байсан юм. Би өөрийн гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж харамсаж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал)
13. Хохирол, хор уршигтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 163-164 дэх тал)
14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 929 дугаартай “амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч төрсөн дүү ************ийн сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, хамт олны дэмжлэг бүхий орчин, цаашид сэтгэл засал, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэхээс хамаарна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************т гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 191-193 дахь тал)
15. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч ************д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан гэрч, яллагдагч, шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;
Амь хохирогч ************, шүүгдэгч ************ нар нь 2018 оноос эхлэн эхнэр нөхрийн харилцаатай хамт амьдарч 2024 оны 4 дүгээр сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М.************, ************м нарын хашаанд тэдний илүү гэрийг сарын 50.000 төгрөгөөр түрээслэн амьдардаг байсан байна.
2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр М.************, ************м, амь хохирогч ************, шүүгдэгч ************ нар 2 шил архи хамт хувааж уугаад М.************, ************м хоёр явцгаасан байна. Үүний дараагаар шүүгдэгч ************ нь хамтран амьдрагч ************тэй маргалдаж түүний толгойн тус газар гараараа цохиж газарт унагаасны улмаас 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ************ нь Гэмтэл Согог судлалын үндэсний төвд ухаангүй хүргэгдэн ирж тархи дарагдал чөлөөлөх мэс ажилбарт орсон боловч 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 51 минутад гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барсан үйл баримт нь:
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 02 дахь тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-05 дахь тал) , Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 05-08 дахь тал), гэрч ************мийн өгсөн: “...17 цагийн орчимд ************ бид хоёрыг унтаж байтал ************ орж ирээд “************ эгч чинь сонин болчихлоо та хоёр очоод үзээдхээч” гэж хэлээд бид хоёрыг дагуулаад манай гэрт ойролцоо байх уулын жалганд очиход ************ эгч ямар нэгэн хөдөлгөөнгүй, нүд дух хэсэг нь хавдаж хөхөрсөн байдалтай, манай гэрийн гадаа байсан гудас хөнжлийг дэвсэж хучсан байдалтай гар, хөл нь хүйтэн хучсан хөнжлийг нь аваад үзэхэд өмдөндөө шээчихсэн юм шиг норсон байдалтай хурхираад унтаад байсан. Тэгэхээр нь ************аас юу болсон талаар асуухад “өчигдөр согтуудаа маргалдаж байгаад би нүд рүү нь нэг удаа цохисон” гэж хэлэхээр нь би түргэн дуудъя гэж хэлтэл ************ хэрэггүй жоохон харж үзэж байгаад зүгээр болохгүй бол түргэн дуудъя, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй, ярьж ч чадахгүй болохоор ************ цээж хэсгээс нь, ************ хөл хэсгээс нь өргөөд оруулж гэрт байх орон дээр хэвтүүлсэн. Тэгээд 15 цаг хүртэл зүгээр болохгүй байхаар нь би эмч дууд гэж хэлээд ************ 103 руу дуудлага өгсөн юм. Хэсэг хугацааны араа 103 эмч ирээд пүлс унасан байна. Биеийн байдал маш муу байна гэж хэлээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан бөгөөд ************ эмнэлгийн машинаар хамт явсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), гэрч ************ын өгсөн: “...2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ************ бид хоёрыг гэртээ байж байхад ************, ************ рүү залгаад ************ийн дүүгийн хашаанд хүрээд ир хоол ид гэхээр нь бид хоёр явж очсон. Тэднийд очоод хоол идчихээд ************ архинд яваад ир гээд мөнгө өгөхөөр нь ************ бид хоёр ойролцоо байх Хүслэн нэртэй дэлгүүр рүү явж хоёр шил архи авч ирээд ************, ************, ************ бид дөрөв хашаанд хувааж ууцгаасан. Архиа хувааж ууж дуусгачхаад ************ бид хоёр 17 цагийн орчимд гэртээ харьж унтаж амарсан. Маргааш нь буюу 2024 оны 8 дугаар сарын 15-ны өглөө ************ бид хоёрыг унтаж байхад ************ манайх руу орж ирээд “************ийн бие нь өвдөөд босож чадахгүй боллоо” гэж ярьж байсан. Тэгээд бид гурав хамт ************ийн байгаа гэх манайхаас зүүн тийш байх жалга руу очтол ************ эгч унтаж байгаа юм шиг хөдөлгөөнгүй, юм ярьж чадахгүй амнаасаа авиа гаргаад, нүд нь хөхөрч хавдсан бусдад зодуулсан байдалтай байсан. ************ ************аас юу болсон талаар асуухад ************ “Би ************ийн нүд рүү цохисон чинь унаад ийм аймаар болчихлоо, босож чадахгүй, ярьж чадахгүй чадахгүй байна” гэж хэлсэн. ************ тэгэхэд түргэн дуудъя гэж хэлтэл хэсэг байж бай, бие нь зүгээр болчих байх гэж хэлээд манайх руу авч явахаар болсон. Манай эхнэр ************ түрүүлээд явчихсан ба бид хоёр босгож явуулж хэрэггүй байх гэж ярилцаад ************ тахилтын эцсээс такси авч ирээд ************ийг суулгаж гэрийн гадаа авч ирээд бид хоёр өргөж оруулсан. Тухайн таксны жолооч нь ************ дугаарын утастай байсан. ************ эгчийг гэрт оруулаад хэвтүүлсэн бөгөөд цай өгөх гэтэл уухгүй юу ч ярихгүй байсан. Биеийн байдал нь зүгээр болохгүй байхаар нь ************ыг түргэн дуудъя гэж хэлэхэд ************ өөрийнхөө утсаар 103-т дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа түргэний эмч ирээд ************ эгчийг үзээд биеийн байдал нь муу байна гээд шууд эмнэлэг руу авч явна гээд түргэний машинд ************ыг хамт суулгаад гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2870 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 75-79 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хохирогчид учирсан гэмтлийг шинжээчийн дүгнэлтэнд нэрлэн заасан зүүн дух, зулай, чамархайн дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан бүлэн, зүүн дух, зулай, чамархай, дагзны хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархи дарагдал, тархи дарагдал чөлөөлөх мэс заслын дараах байдал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун чихний дэлбээ, цээж, баруун зүүн мөр, зүүн бугалга, хэвлий, зүүн өвдөгт цус хуралт, бүсэлхий нуруу, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдсон байх ба гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барсан нь шүүгдэгч ************ нь амь хохирогчийн толгойн тус газарт цохисон шууд санаатай үйлдэл, хүний амь хохирсон үр дагавар хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна.
Амь хохирогч ************, шүүгдэгч ************ нар нэг гэрт хамт амьдардаг эхнэр, нөхрийн харилцаатай хүмүүс байх ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах эдийн эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “эхнэр, нөхөр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд байна гэж заасан.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог.
Шүүгдэгч ************ амь хохирогч нар хамтран амьдарч байсныг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нар хэн аль нь нотолсон төдийгүй, шүүгдэгч нь урьд согтуурсан үедээ хохирогчийн бие махбодод халдаж байсан болох нь хэрэгт авагдсан бүртгэл мэдээлэл, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдсон тул шүүгдэгчийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилж ирүүлсэн нь зөв гэж үзнэ.
Иймд улсын яллагчаас ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчийг “Гэм буруутай” гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгч нарын дүгнэлт дээрх үндэслэлд дурдсанаар хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Дөрөв: Хохирол хор уршгийн тухайд.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд хүний амь нас хэзээ ч нөхөн сэргээгдэх боломжгүй хохирол хор уршигтай.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт: “ Оршуулгын зардалд 3.607.250 төгрөг болон өөрийн сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж байгаа...” гэж мэдүүлсэн.
Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, түүнийг оршуулахтай холбогдсон зардалд Буяны багц тооцоо 3.000.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 163 дахь тал), хүнсний 406.900 төгрөгийн баримт, 200.350 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 164 дэх тал)
нийт 3.607.250 төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 3.607.250 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргах журмыг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан А/268, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын 2 дахь 2.10 дахь заалтад “2.1.1.-2.1.5-д зааснаас бусад буюу Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/... гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно гэж заасан.
Энэхүү хүрээнд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 929 дугаартай “Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч төрсөн дүү ************ийн сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, хамт олны дэмжлэг бүхий орчин, цаашид сэтгэл засал, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэхээс хамаарна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************т гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэсэн дүгнэлтийг гаргажээ. (хавтаст хэргийн 191-193 дахь тал)
Сэтгэцэд учирсан гэм хорын эмгэгийн гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээтэй байхаар тогтоожээ.
Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ийн сэтгэцийн хор уршгийн зардалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.173.400 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гаргасан “сэтгэцийн хор уршгийн зардалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болно.
Нэгтгэн дүгнэвэл оршуулгын зардалтай холбоотой 3.607.250 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 15.173.400 төгрөг нийт 18.780.650 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шүүх шийдвэрлэлээ.
Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас ************ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч хамтран амьдрагчтайгаа хамт архидан согтуурч, түүнийг цохиж зодсоны улмаас гавал тархины битүү гэмтэл учруулсан), учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ (хүний амь нас хохирсон, оршуулгын зардал төлөөгүй), урьд нь удаа дараа шүүхээр ял шийтгэгдсэн хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч ************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад гэмт хэрэгт 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.
Шүүгдэгчийн эдлэх ялыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ************ы 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 27 хоног, 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 74 хоног буюу нийт цагдан хоригдсон 101 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ************ овогт ************ын ************ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад гэмт хэрэгт 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ************ы цагдан хоригдсон 101 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************ы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар ************аас оршуулгын зардалд 3.607.250 төгрөг, сэтгэцийн хор уршгийн зардалд 15.173.400 төгрөг, нийт 18.780.650 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************т олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ
ШҮҮГЧИД Н.НЯМДАВАА
Л.ОДОНЧИМЭГ