| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0040/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/111 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Г,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ц,
Шүүгдэгч: Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Г-ын Б-т холбогдох эрүүгийн 25350000000.. дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..................-нд Увс аймгийн ................. суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, машинист мэргэжилтэй, .............” ХХК-д машинист ажилтай, ам бүл ........... хамт амьдардаг, Увс аймгийн ................. сумын ..... дүгээр багийн ....... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй М овогт Г-ын Б- (регистрийн дугаар:.................).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 2025 оны 01 дүгээр сарын 30-нд Увс аймгийн ................. сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын замд “Toyota Corolla Spacio” загварын ............ улсын дугаартай авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 2025 оны 01 дүгээр сарын 30-нд Увс аймгийн ................. сумын ....дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын замд “Toyota Corolla Spacio” загварын ............ улсын дугаартай авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
1. Тээврийн хэрэгсэлд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-5 дахь тал);
2. Г.Б-ийн согтуурал шалгасан (согтуурал-1.34%) магадалгаа, гэрэл зургийн үзүүлэлт, физик-химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 11-12 дахь тал);
3. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаар Цагдаагийн ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” гэх баримт (хавтаст хэргийн 15 дахь тал);
4. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/31 дугаартай шийтгэврийн хуулбар, түүнийг гардаж авсан баримт (хавтаст хэргийн 17-19, 20-23 дахь тал);
5. Гэрч О.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цаг 21 минутад Увс аймгийн ................. сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт гэр хорооллын замд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд ............ улсын дугаартай “Toyota Corolla Spacio” загварын тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Г.Б- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байсан тул цагдаагийн хэсгийн байранд авч ирээд согтуурал шалгах 6820 маркийн багажаар үлээлгэн шалгахад 1.34% согтолттой гарсан. “Toyota Corolla Spacio” загварын ............ улсын дугаартай ......... автомашиныг Г.Б- жолоодож явсан ба тухайн автомашинд өөр хүн байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал);
6. Гэрч Ц.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баз Г.Б-ийн гэрт 15 цаг өнгөрч байхад очиход Г.Б- ах гаднаас дэлгүүрээс Ерөөл нэртэй 0.5 литрийн шилтэй архи авч ирээд бид хоёр хувааж уугаад дуусгаад 18 цаг өнгөрч байхад орой болоод би гэртээ харьсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал);
7. Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г-ын Б- нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн хэрэгт шалгагдаж 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхийн 2024/ШЗ/31 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжээр торгох шийтгэл авсан. Г.Б-т холбогдох шүүхийн 2024/ШЗ/31 дугаартай шийтгэврийг би 2024 оны 01 дүгээр сарын 30-нд хүлээн авч тус цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ............. Б.Д-д өгч Г.Б-ийн жолоодох эрхийг цагдаагийн байгууллагын TPS хасуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 дэх тал);
8. Гэрч Б.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс олгосон жолоочийн мэдээллийг нягтлах, шалгах TPS санд нэвтрэх эрхийн дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн эрхийг хасаж шийддэг. Цагдаагийн газрын хэмжээнд TPS санд нэвтэрдэг эрх Замын цагдаагийн тасгийн дарга болон ахлах зохицуулагч нарт байдаг. Увс аймгийн ................. сумын иргэн Г.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/31 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан байсан. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 12-д зааснаар шийтгэврийг эс зөвшөөрвөл холбогдогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тусгасан байсан. Оролцогчийн эрхийг хангаж шүүхийн шийдвэрийг хүлээн авснаас хойш гомдол гаргах хугацааг дуусгаж Г.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг цагдаагийн байгууллагын нэгдсэн санд 1 жилээр хассан. ...Хуульд зааснаар жолоодох эрх хасах шийтгэврийн процесс ажиллагаа нь Шүүхийн шийтгэвэр гарч холбогдогчид гардуулан өгсөн өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд талууд давж заалдах гомдол гаргаагүй бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжих бөгөөд тухайн байгууллагаас манай байгууллагад Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан 5 хоногийн дотор холбогдох материалыг ирүүлж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг цагдаагийн байгууллагын TPS санд хасдаг. Г.Б-ийн хувьд дээрх процесс ажиллагаа явагдаагүй ба тухайн үед шүүхийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан этгээд давж заалдаж гомдол гаргаагүй бол гомдол гаргах хугацааг дууссан даруйд жолоодох эрхийг шүүхийн шийтгэврийг үндэслэн цагдаагийн байгууллагын TPS санд хасаж шийдэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102-103 дахь тал);
9. Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ............ улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад холбогдох хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-45 дахь тал) болон хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэв.
Хууль зүйн дүгнэлт:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан "согтуурсан" гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,
-"Тээврийн хэрэгслийн жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж,
-"Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Г.Б- нь урьд “2024 оны 01 дүгээр сарын 15-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчилд холбогдож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/31 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж үзнэ.
Тодруулбал: Шүүгдэгч Г.Б-ийн урьд холбогдсон зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн 2024/ШЗ/31 дугаартай шийтгэвэрийг тэрээр 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан ба уг шийтгэвэрт давах журмаар гомдол, эсэргүүцэл гараагүй учир гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа дуусаж, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3-т “Эрх хасах шийтгэлийн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно” гэж хуульчилсан байх тул Г.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн нь шийтгэвэр гардаж авсан баримт, Цагдаагийн ерөнхий газрын “жолоочийн лавлагаа мэдээлэл”, гэрч А.Б-, Б.Д- нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Б-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-нд Увс аймгийн ................. сумын 1 дүгээр багийн нутаг, гэр хорооллын замд “Toyota Corolla Spacio” загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг “Drager 6820” загварын “ARPK-1058” серийн дугаартай, стандартын шаардлага хангасан тандагч багаж ашиглан шалгахад Г.Б-ийн амьсгал дахь спиртийн агууламж 1.34 промиль (%0) байсан нь хавтаст хэргийн 11-12 дахь талд авагдсан эрх бүхий албан тушаалтны магадалгаа, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдож байх тул шүүгдэгч Г.Б-ийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Иймд шүүгдэгч Г.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
3. Шүүгдэгч Г.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Г.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас ямар нэгэн хохирол учирсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Б- нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Г.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 620 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Г.Б- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. Би хийсэн зүйлдээ маш их харамсаж байгаа” гэх хүсэлт, мэдүүлэг гаргасан болно.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.Б- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудсаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 53 дахь тал);
Шүүгдэгч Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б-ийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмлөх эрхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, ........багийн засаг даргын тодорхойлолт, ажил олгогчийн тодорхойлолт (хавтаст хэргийн 48-52, 57-64 дэх тал) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
-Шүүгдэгч Г.Б-ийн хувийн зан байдлын талаар гэрч Ц.У, Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дахь тал)-ийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.
4. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгч нь 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найман) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, эдлүүлэхээр шийдвэрлэв.
5. Шүүгдэгч Г.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Г-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найман) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Г.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ