Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

.... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Г,

           Улсын яллагч: .... аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц,

            Шүүгдэгч: М.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар .... аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овогт М-ын Гд холбогдох эрүүгийн 25350002300..  дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын  15-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ………………………нд .... аймаг ............ суманд төрсөн, … настай, эрэгтэй, …… ястан, дээд боловсролтой, ………. мэргэжилтэй, одоо ……. ХХК-д …….. ажилтай,  ам бүл ………… хамт амьдардаг, .... аймгийн ............ сумын ................. багийн ………дүгээр гудамжны ….. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, У овогт М-ын Г (регистрийн дугаар: ………….);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... аймгийн ............ сумын ................. багийн ….дүгээр гудамжны ……… тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ахмад настан эх Г.И-ын биед байнга буюу 2024 оны 7 дугаар сарын дундуур, 2024 оны 8 дугаар сарын эхээр, 2024 оны 9 дүгээр сарын эхээр, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд халдаж зодсон, мөн гэр бүлийн хамаарал харилцаатай бүхий хүн болох эцэг ахмад настан Н.М-ын биед 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

I. Шүүгдэгч М.Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

                 1.1. Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав. Үүнд:

       1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-12 дахь тал),

          2. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл 4 буюу дунд зэрэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

         3. Хохирогч Г.И-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би .... аймгийн ............ сумын нутагт нөхөр М-, хүү М.Г нарын хамт амьдардаг. М.Г эхнэр, хүүхдээсээ салчихсан. Одоо ...... аймгийн ............-ийн уурхайд ажилд орсон. 14 хоног ажиллаад, 10 хоног амардаг бөгөөд  амарсан үедээ гэртээ ирдэг. Ер нь бол мөнхийн согтуу байдаг, М.Г-ыг дагаж архи уудаг, уулздаг хүн суманд байхаа больсон боловч ганцаараа ч архи уугаад согтуу орж ирдэг. Тэгээд архи уух болгондоо намайг үзэн ядаж, зодож цохидог, намайг зодохдоо хөлрүү өшиглөдөг, унинаас барьж байгаад орон дээр хэвтэж байтал дээрээс 2 хөлөөрөө дэвсдэг, орноос чирч унагаадаг, гэрээс хөөж, тууж гаргадаг ийм л байдлаар миний биед халдаад байдаг. Тэр үед хөл гар хөхөрч өвддөг боловч хүн амьтнаас нууж, үзүүлэхгүй гэж бодоод цамцаар, өмдөөр хааж явдаг. Миний хүүхэд намайг ингэж зодож, цохилоо гэж хэзээ ч, хэнд ч хэлж байгаагүй. Гэрээс хөөгдөж гарахдаа дандаа Д- эгчийн гэрт орж учир бүтүүлэг М.Г согтуу ирлээ бас л зодлоо цохилоо хөөлөө гэж хэлж уйлж байсан болохоос ингэж, зодлоо тэгж зодлоо гэж хэзээч хэлж, үзүүлж харуулж байгаагүй болохоор энэ талаар тодорхой сайн мэдэх хүн байхгүй. Тэр үед цагдаа шүүхэд хандаж үзээгүй, нүд нүүр зүгээр хүн харахгүй газар хөхрүүлж, өшиглөж, цохидог байсан. Миний тод санаж байгаагаар 2024 оны 07 сард улсын баярын өмнө ...... аймгаас ажлаасаа бууж ирээд баярын өдрүүд зөрүүлээд 2024 оны 07 дугаар сарын дундуур хаана юу хийж яваад ирсэн мэдэхгүй, согтуу орж ирээд архи уулаа унт чи гэхэд үгүй гэж хэлээд орон дээр хэвтэж байтал орноос чирч унагаагаад гадаа гар гээд гэрээс хөөж байсан. Бас хөлөөрөө унинаас дүүжлэгдэж байгаад миний гар хөлрүү өшиглөж байсан. Тэгээд маргааш, нөгөөдөр нь ...... аймаг руу ажил руугаа яваад 15 орчим хоноод 2024 оны 08 дугаар сарын эхээр ирсэн. Тэр үед манай хамаатны найр болж байсан тул тэр найрны үеэр Г дөнгөж ...... аймгаас ирж байсан болохоор тод санаж байна. Тэр үед мөн адил гаднаас архи согтууруулах ундаа хэрэглэж согтуу орж ирээд орой хоол нэхсэн, тэр үед бууз жигнэж өгөхөд бууз идэхгүй, өөр хоол идмээр байна гэж хэлээд таваг шидээд мөн л адил миний хөл рүү өшиглөж гэрээс хөөж, гарч зайл гэсэн. Ер нь бол хүү М.Г нь бидний хажууд архи согтууруулах ундаа уудаггүй, хаана хэнтэй уугаад байдаг юм бүү мэд амралтаараа ирэх бүртээ архи согтууруулах ундаа хэрэглэж, гаднаас согтуу орж ирдэг, орж ирэхээрээ л намайг хөөж, тууж хөл гарлуу өшиглөдөг. Түүний дараа 2024 оны 09 дүгээр сарын эхээр ажилдаа явахын өмнө мөн адил согтуу ирээд унинаас дүүжлэгдэж байгаад 2 хөлөөрөө үсэрч өшиглөж цохиод би орноос арай ядаж босоод гэрээс гараад явж байсан. Тэгээд хажуу айл болох хадам эгч Д- эгчийнд ороод байж байгаад Г унтахаар гэртээ орж ирж байсан. Түүний дараа 2024 оны 10 дугаар сарын эхээр буюу 03-ны үед байх дөнгөж сар эхлэж байтал амралтаараа ирээд байж байгаад архи уучихсан согтуу ирээд би хүүхдээ санаад байна, чи миний хүүхдэд дээл оёж өгөхгүй юм уу гээд хэрүүл маргаан хийж, шалтаглаж, хөлрүү хэд хэдэн удаа өшиглөөд гэрээс гаргасан. Миний тод санаж байгаа үйлдлүүд эдгээр үйлдлүүд, эдгээр сарууд байна. Сая сүүлд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр аав М-ын биед халдаж зангидсан гараараа хамар хэсэгт нь цохиж хамраас нь цус гаргаж байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд хор уршиг учраагүй. Би сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39, 41, 43 дахь тал);

                 4. Хохирогч Н.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би .... аймгийн ............ суманд эхнэр болон хүү М.Г-ын хамт амьдардаг. 2024 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 01:40 цагийн үед хүү М.Г гэрт согтуу орж ирээд агсам тавиад миний хамар хэсэгт нэг удаа баруун гараараа цохисон, орон  дээр дарж аваад хоолой боосон юм. Манай эхнэр И хамар хашаанд байдаг миний төрсөн эгч Д- руу явсан ба би удалгүй араас нь гарч очсон юм. Тэгээд би зээ Э “цагдаа дууд” гэж хэлсэн. Удалгүй цагдаагийн албан хаагч нар ирэхэд хамтдаа гэртээ ороход Г зугатсан байсан ба гэрийн баруун талын ор, ширээ, газарт байсан цусыг цэвэрлээд цус болсон байсан ягаан өнгийн дэвсгэр даавууг зуух руу хийж шатаагаад явсан байсан. Миний хүү Г урьд нь олон удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Г ...... аймгийн ............-ийн уурхайд ажиллаж байгаа ба 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирсэнээс хойш 2 өдөр л эрүүл байсан. 2024 оны 02 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зөрчлөөр шийдэгдэж байсан. 2024 оны 5 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэмт хэргээр шалгагдаж байсан. М.Г 2024 оны 7 сард улсын баяраар ...... аймгаас ажлаасаа бууж ирээд баярын өдрүүдийн дараагаар 2024 оны 7 дугаар сарын 13-15-ны орчим орой гаднаас архи уучихсан согтуу орж ирэхээр эхнэр И-, Гд хандаж унт гэхэд үгүй гэж хэлээд орон дээр хэвтэж байсан ээжийгээ орноос чирч унагаагаад, унинаас дүүжлэгдэж өшиглөөд гадаа гар гээд гэрээс хөөгөөд гаргаж байсан. Тэр үед би юу ч хэлээгүй би согтуу үед нь ямар нэгэн зүйл хэлэх юм бол урдаас эсэргүүцэж, бид хоёр зодолдож маш их асуудал болдог тул сүүлийн 2-3 жил огт юм хэлэхээ болиод удаж байна. Түүний дараа хамаатны хурим найрны үеэр ирчихсэн байхдаа 2024 оны 8 дугаар сарын эхээр мөн адил архи согтууруулах ундаа хэрэглэж согтуу орж ирээд орой хоол нэхээд хоолны сав, аяга тавга шидээд, ийм хоол идэхгүй, гээд ээжийгээ өшиглөж, хөөж гаргасан гээд эхнэр И- миний төрөсөн эгч Д-гийн гэрт уйлаад сууж байсан. Түүний дараа 2024 оны 9 дүгээр сарын эхээр ажилдаа явах гэж байна гээд гаднаас согтуу орж ирээд эхнэр И- руу уурлаад, хашигчиж орилоод, орон дээр хэвтэж байхад нь унинаас дүүжлэгдэж байгаад 2 хөлөөрөө үсэрч өшиглөж цохиод гэрээс хөөгөөд гаргаж явуулсан. Тэр үед эгч Д-гийн гэрт ороод байж байгаад хүү Г унтахаар орж ирж унтаж байсан. Дахин 2024 оны 10 дугаар сарын эхээр буюу 03-05-ны үед дөнгөж сар эхлэж байтал амралтаараа ирлээ гэж архи уучихсан согтуу ирээд “Хүүхдээ санаад байна. Миний хүүхдэд дээл хувцас оёж өгөхгүй байна. Би өнчин өрөөсөн амьдарч байна” гэж хэлээд хөл, гар луу нь өшиглөөд хөх няц болгоод хөөгөөд гаргасан. Архи уусан үедээ ээжээ их үзэн ядаж, унинаас дүүжлэгдэж, 2 хөлөөрөө өшиглөдөг, хөл, гар хэсэгт нь өшиглөж цохидог, таваг, сав шиддэг, орноос унагаж газарт шидэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Бид ганц хүү минь гээд цагдаа шүүх дуудаггүй, зодуулж, цохиулсан талаараа хүнээс нуудаг. Миний биед халдаж байсан удаа 1-2 байгаа. 2024 оны 02 сард халдаж цагдаад шалгагдсан. Сүүлд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зангидсан гараараа хамар хэсэгт нь цохиж хамраас нь цус гаргаж байсан. Өөрөөр яг халдаж, зодож байсан үе олон жилийн өмнө байгаа байх” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 46-49, 51-52, 54, 56-57 дахь тал);

                 5. Гэрч Н.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө манай хөрш болох миний төрсөн дүү М-ын гэрт хүмүүс чанга чанга дуугараад дүү М-ыг цагдаа дууд гэх зэрэг хашигчиж, орилсон чимээ гараад байсан. Тэгээд би М-ын хүү Г дахиад согтуу ирээд ээжээ зодож байгаа юм байна гэж бодоод хэвтэж байтал хаалга хэн нэгэн цохих шиг болсон. Очоод хаалга нээгээд хартал бэр дүү И- хаалгаар орж ирээд “Хүү Г нь нөхөр М-ыг цохиод алах гэж байна. Яаралттай цагдаа дуудмаар байна” гэж орж ирээд цагдаа дуудах гээд сандараад зогсож байтал 10-15 минутын дараа араас нь дүү М- орж ирсэн. Манай гэрт орж ирэхэд хамар ам нүүрэн хэсэг нь нэлэнхүйдээ цус болчихсон “Хүү Г намайг зодлоо” гэж хэлсэн. Чухам яагаад юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй, би асуугаагүй дандаа “Г намайг зодлоо. Согтуу ирж, нөхөр М-тай хэрэлдлээ” гэж бэр дүү И- манайд орж ирдэг бөгөөд тул сүүлийн үед яагаад зодсон талаар огт асуухаа болиод удаж байна. Ингээд дүү М-, эхнэр И-ын хамтаар манайд цагдаа руу яриад дуудлага өгөөд удалгүй манай гэрт 2 цагдаа орж ирээд М-, И- нарыг дагуулаад гараад явчихсан юм. Г нь 2024 оны 6 дугаар сард ...... аймгийн ............-ийн уурхайд туслахаар ажилд орсон. Тухайн газартаа 14 хоног ажиллаад 10 хоног амардаг. Амарсан үедээ аймаг, сумандаа ирдэг. Сумандаа ирээд дандаа архи ууж, согтуу байдаг. Хаана хэнтэй архи уугаад байдаг талаар бүү мэд. Эрүүл байдаг үе ховор, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дандаа ээж И-ын биед халдаж, тархи толгой руу цохидог. “Миний тархи толгой руу цохилоо. Хөл гар луу өшиглөсөн” гэж сардаа 1-2 удаа тогтмол орж ирдэг. Миний санахаар 2024 оны 6 сараас хойш Г ...... аймгаас ажлаасаа ирсэн үед 5-6 удаа манайд “зодуулчихлаа” гэж орж ирж байсан. Би өдөр сараа сайн ялгаж хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-63 дахь тал);

                 6. Гэрч Г.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 12 дугаар сарын 31-ний өглөө төрсөн эгч И- над руу залгаад “Хүү Г согтуу ирээд нөхөр М-ыг зодож, цохилоо” гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад “Согтуу орж ирэхээр нь нөхөр М- одоо унт гэж хэлснээс болж хэрүүл маргаан гарч нүүр лүү нь гараараа цохисон. Гэрээр нэг цус болчихсон байтал цус арчсан даавуугаа асаж байсан гал руу хийгээд шатаачихсан байж. Бид нар цагдаад мэдэгдээд одоо цагдаа шүүх болж байна” гэж хэлсэн. Г яагаад ч юм сүүлийн хэдэн жил архи согтууруулах ундаа маш их хэрэглэдэг болсон. Миний мэдэхийн сүүлийн 4-5 жилийн хугацаанд Г согтуу ирээд ээжээ зодож гэнэ, эхнэртэйгээ маргалдаад салж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж байна гэх зэрэг маш их сонсож байсан. Түүний ээж, аав чадлаараа сайхан амьдруулах гээд гэр орон тааруулж өгөөд амьдруулах гэж үзсэн амьдарч чадаагүй. Улаанбаатар хотод болон аймаг, суманд ажилд оруулж үзсэн, ажлаас гарсан гэж сонссон. Тэгээд 2024 оны 6 дугаар сараас ...... аймгийн ............-ийн уурхайд ажилд орсон гэж байна. Одоо засрах байх. Одоо архи уухгүй байх гэх зэрэг зүйл ээж, аав нь хэлж ярьдаг боловч сард гэртээ буюу сумандаа ирж 10 хоног амардаг. Тэр хугацаанд дандаа архи ууж, гэртээ очсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж эгчээс сонсож байсан. Сард 10 хоног ирж амарч байгаа тэр хоногийн 7 хоногт дандаа согтуу суманд Г-тай нийлж архи уудаг хүн байхгүй болсон боловч ганцаараа ууж яваад ирдэг үе их байдаг. Сард 1-2 удаа ээж И-ын биед халдаж, тархи толгой руу нь зангидсан гараар цохисон, хөл, гар луу нь өшиглөсөн гэж эгч И-оос сонсож байсан. Эгч И- нь гал голомт залгах ганц хүүгээ цагдаа шүүхэд өгөхгүй гэж дандаа нууж, хааж, өөрийгөө зодуулснаа хүнд хэлдэггүй. Өөрийн төрсөн гарсан ганц нэг дүү нартаа л хэлж байсан. Миний мэдэж байгаагаар 2024 оны 6 сараас хойш сардаа 1-2 удаа бол тогтмол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж.  И-ыг зодож цохиж байсан зүйл байдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал);

                 7. Шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 88 дугаартай “Үзүүлэгч Н.М-ын биед үзлэг хийх үед гэмтэл тогтоодоогүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 84-85 дахь тал);

                 8. Шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 89 дугаартай “Үзүүлэгч Г.И-ын биед үзлэг хийх үед гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 93-94 дэх тал);

                 9. .... аймаг дахь сум дундын эрүүгийн хэгийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/63 дугаартай “М.Гд шийтгэл оногдуулах тухай” шийтгэвэр (хавтаст хэргийн 138-141 дэх тал);

                 10. .... аймгийн Прокурорын газрын 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 87 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” прокурорын тогтоол (хавтаст хэргийн 142-143 дахь тал);

                 11. .... аймгийн Прокурорын газрын 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тухай” прокурорын тогтоол (хавтаст хэргийн 144-145 дахь тал);

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

  1.2. Нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт:

1. .... аймаг дахь сум дундын эрүүгийн хэгийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ЗШ/63 дугаартай “М.Гд шийтгэл оногдуулах тухай” шийтгэвэр /хавтаст хэргийн 138-141 дэх тал/-ээр шүүгдэгч М.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... аймгийн ............ сумын ................. багийн …дүгээр гудамжны ….тоотод өөрийн төрсөн эцэг Н.М-, төрсөн эх Г.И-ыг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зодсон болох нь тогтоогдсон бөгөөд энэ зөрчилдөө шийтгэл хүлээсэн байна. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин магадлах шаардлагагүй болно.

   2. .... аймгийн Прокурорын газрын 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 87 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” прокурорын тогтоол /хавтаст хэргийн 142-143 дахь тал/-оор шүүгдэгч М.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... аймгийн ............ сумын ................. багийн …. дүгээр гудамжны … тоотод өөрийн төрсөн эцэг Н.М-ыг 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр зодсон болох нь тогтоогдож байна.

Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн боловч эн үйлдэл зөрчлийн шинжтэй эсэхийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй  нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, үйлдсэн зөрчилд хүлээлгэх хариуцлага гарцаагүй байх шударга ёсны зарчим алдагдсан байна.

 3. Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... аймгийн ............ сумын ................. багийн … дүгээр гудамжны … тоотод өөрийн төрсөн эх Г.И-ыг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 7 дугаар сарын дундуур, 2024 оны 8 дугаар сарын эхээр, 2024 оны 9 дүгээр сарын эхээр, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд халдаж зодсон, төрсөн эцэг Н.М-ыг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 5 дугаар сарын 09-ний өдөр, 12 дугаар сарын 31-ний өдөр халдан зодсон үйл баримтууд тогтоогдож байна.

1.3. Шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:

1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж,

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тодорхойлжээ.

Шүүгдэгч М.Г нь хохирогч Н.М-, Г.И- нарын төрсөн хүү бөгөөд нэг гэрт хамт амьдардаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж заасан тул хамт амьдарч байгаа эцэг, эх, хүү нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарна.

Хүнийг цохих, чимхэх, хазах, түлэх, дааруулах, хөлдөөх, зулгаах, амьсгал боогдуулах гэх мэт хүний бие махбодод өвдөлт, зовуурь мэдрүүлсэн бүхий л үйлдлийг бие махбодын хүчирхийлэлд хамааруулж ойлгох бөгөөд цохих буюу зодох нь бие махбодын хүчирхийллийн нэг л хэлбэр юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь “Байнга” гэдэг шинжээр тодорхойлогдох бөгөөд “байнга” гэх ойлголт нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь тухайн үйлдлүүдийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан эсхүл оногдуулж болох зөрчил давтагдах зүй тогтлоороо нийгэмд аюултай үзэгдлийг гэмт хэрэгт шилжүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг онцлогтой.

Зөрчлийн тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх үндэслэл нь  гурав, түүнээс дээш удаагийн гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл болон зөрчлүүдийн нэг нь дангаараа гэмт хэргийн шинжийг хангахгүй тул Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг ашиглах боломжгүй, харин үйлдэл болон зөрчлүүдийн нийлбэр Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шилжиж байгаатай холбоотой юм.

Монгол Улсын Эрүүгийн хуульд “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж тусгасан нь Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шүүхээс шийтгүүлсэн эсхүл цагаатгагдсан тохиолдолд шүүхээс дахин ял оногдуулахыг хориглосон агуулгыг илэрхийлсэн бөгөөд Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулсан эсхүл оногдуулж болох зөрчил давтагдах зүй тогтлоороо нийгэмд аюултай үзэгдлийг гэмт хэрэгт шилжүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж  буй гэмт хэргийн тохиолдол энэ зарчимд харшлахгүй болно.

Зөрчилд шийтгүүлсэн нь нэг удаагийн тохиолдол бөгөөд тэрхүү зөрчлийн үйлдэл дангаараа гэмт хэргийн шинжийг хангахгүй ч өөр бусад ижил тохиолдлуудтай нэгдэж гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тохиолдолд зөрчилдөө шийтгүүлсэн нь хууль бус үйлдлийн цаана хамгаалагдаж буй харилцааг Эрүүгийн хуулиар хамгаалах зорилгыг хязгаарлах үндэслэл болохгүй.

Хамгаалагдаж буй харилцааны агуулга нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн “гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх”-д оршино гэсэн зорилгоор тодорхойлогдох бөгөөд уг хуулийг зөрчсөн этгээдэд Зөрчлийн эсхүл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх асуудлыг үйлдлийн давтамжийг харгалзан шат дараалж хүндрүүлсэн нь хууль тогтоогчийн үзэл санаа юм.

Эрх зүй нь зүй бус, хууль бус үзэгдлийг ямагт хүлээн зөвшөөрч болохгүй бөгөөд түүнд хариуцлага хүлээлгэх асуудлыг эрэмбэлж, илэрч буй аюултай түвшин, зүй тогтлоос нь шалтгаалан эрүүжүүлэх, хариуцлагыг хүндрүүлэх зарчим, бодлого цөөнгүй бөгөөд энэхүү ойлголт, ухагдахууныг хууль тогтоогч тооцож, хуульчилсан байна. 

2.1. Шүүгдэгч М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... аймгийн ............ сумын ................. багийн … дүгээр гудамжны … тоотод өөрийн төрсөн эх Г.И-ын биед 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 7 дугаар сарын дундуур, 2024 оны 8 дугаар сарын эхээр, 2024 оны 9 дүгээр сарын эхээр, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд халдаж зодсон үйлдэл нь байнгын шинжийг агуулсан байна.

2.2. Шүүгдэгч М.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... аймгийн ............ сумын ................. багийн … дүгээр гудамжны … тоотод өөрийн төрсөн төрсөн эцэг Н.М-ын биед 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 5 дугаар сарын 09-ний өдөр, 12 дугаар сарын 31-ний өдөр халдан зодсон үйлдлүүд нь байнгын шинжийг агуулаагүй гэж дүгнэлээ.

Учир нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 5 дугаар сарын 09-ний өдөр зодсон үйлдлүүд нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 2-т Энэ хуулийн тусгай ангид баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор байгаа боловч 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үйлдэл хооронд дээрх хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул “байнга” гэх шинжийг агуулахгүй болно.

2.3. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн байнга гэж тодорхойлсон шинжийг хэдэн хэдэн хүний эсрэг 3 буюу түүнээс дээш үйлдэгдсэн байхаар бус нэг хүний эсрэг 3 буюу түүнээс дээш үйлдэгдсэн байх шинжээр тодорхойлно.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг 2 дахь хэсгийн 2.1- т “ахмад настан хүний эсрэг үйлдсэн бол” гэж заажээ.

Ахмад настны тухай хуулийн 3 дугаар зйүлийн  3.1-т “60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй “ хүнийг ахмад настан гэж тодорхойлсон байна.

Хохирогч Г.И- нь ……оны … дүгээр сарын …-нд төрсөн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр энэ гэмт хэргийн анхны үйлдлийн хохирогч болох үедээ 66 настай байсан тул ахмад настанд хамаарна.

         4. Шүүгдэгч  М.Г-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... аймгийн ............ сумын ................. багийн .. дүгээр гудамжны … тоотод өөрийн төрсөн эх 66 настай Г.И-ыг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 7 дугаар сарын дундуур, 2024 оны 8 дугаар сарын эхээр, 2024 оны 9 дүгээр сарын эхээр, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд халдаж зодсон үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийг ахмад настай хүний эсрэг үйлдсэн  гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

       Иймд шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хэсгийн 2.1-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настныг байнга зодож үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

       5. Шүүгдэгч М.Г-ын өөрийн төрсөн эцэг Н.М-ыг 2024 12 дугаар сарын 31-ний өдөр зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь хэргийн зүйчлэлд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл шууд нөлөөлсөн гэж шүүх үзэв.

Хохирол, хор уршгийн талаар:

            Хохирогч Н.И- мөрдөн байцаалтын шатанд “Шүүгдэгч М.Г-аас нэхэмжлэх хохирол байхгүй. Сэтгэцэд хохирол учраагүй тул дүгнэлт гаргуулж, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг өгснийг үнэлээд шүүгдээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

II. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч М.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч М.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  1 жил 10 сар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна”  дүгнэлтийг гаргав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г нь “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өндөр настай аав, ээжээ зовоож байсандаа гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг гаргав.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

      Шүүгдэгч М.Г урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 123 дахь тал)-аар тогтоогдсон

      Шүүгдэгч М.Г нь ………… төрсөн, …. настай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, одоо ………-д …….. ажилтай,  эцэг, эхийн хамт, .... аймгийн ............ сумын ................. багт амьдардаг гэх хувийн байдлын талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

        Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд шүүгдэгч М.Г-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 (нэг) жил хорих ял шийтгэж, уг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Гд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт М-ын Г-ыг Эрүүгийн хуултийн тусгай ангийн 11.7 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад насныг байнга зодож үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Г-д Эрүүгийн хуултийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 (нэг) жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Г-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй

5. Шүүгдэгч М.Г  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор .... аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ГАНСҮХ