Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н /томилолтоор/, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б, шүүгдэгч Ч.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Ш овогт Ч-ы Ц-д холбогдох эрүүгийн 24350014801.. дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...........-нд Увс аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл .......... хамт амьдардаг, Увс аймгийн .... сумын ..... дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Ш овогт Ч-ы Ц-, (регистрийн дугаар: ................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Ц- нь 2024 оны 9 дүгээр сарын 22-нд Увс аймгийн .... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт “.........” гэх нэртэй газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй, зөвшөөрөлгүйгээр 0.227 метр куб нойтон бургас модыг огтолж, бэлтгэн, улмаар иргэн Ц.Г-гийн эзэмшлийн “.........” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 65,404 (жаран таван мянга дөрвөн зуун дөрөв) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Ц- нь 2024 оны 09 дүгээр сарын 22-нд Увс аймгийн .... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “.........” гэх нэртэй газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй, зөвшөөрөлгүйгээр 0.227 метр куб нойтон бургас модыг огтолж, бэлтгэн, улмаар иргэн Ц.Г-гийн эзэмшлийн “....” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 65,404 (жаран таван мянга дөрвөн зуун дөрөв) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Эрх бүхий албан тушаалтны “гэмт хэргийн талаарх мэдээлэл бүхий” илтгэх хуудас (хавтаст хэргийн 08 дахь тал); 

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  (хавтаст хэргийн 10-13 дахь тал);

3. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  (хавтаст хэргийн 14-28 дахь тал);

4. Гэрийн ханад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 29-33 дахь тал);

5. Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 34-37 дахь тал);

6. Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “ гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан сүхийг эд мөрийн баримтаар тооцсон” тогтоол (хавтаст хэргийн 45 дахь тал);

7. Ч.Ц-ээс гаргаж өгсөн Мод бэлтгэх ........ дугаартай эрхийн бичиг (хавтаст хэргийн 110-111 дэх тал);

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ...Ч.Ц- гэх хүн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр авч 2024 оны 05 дугаар сарын 25-нд дуусах хугацаатай ........ дугаартай модны гоожин /эрхийн бичиг/ авсан. Тухайн зөвшөөрлийн хугацаа дууссан гэсэн үг...Увс аймгийн .... сумын 4 дүгээр багийн нутаг ......... гэх газарт талбай тусгаарлалт хийгдээгүй. Тухайн газраас мод бэлтгэж болохгүй...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-55 дахь тал);

9. Гэрч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Ч.Ц- нь 2024 онд ......... гэх газраас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, тухайн газарт талбай тусгаарлалт хийгдээгүй учир мод бэлтгэх эрхийн бичиг олгохгүй юм...Ч.Ц- нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр .... сумын 8 дугаар баг ............. ам гэх газраас 3 метр куб бургас модыг хэрэглээний зориулалтаар бэлтгэх №......... дугаартай эрхийн бичиг олгосон...уг модоо бэлтгэж авсан байсан” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 56-58 дахь тал);

10. Гэрч Ц.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 59-60 дахь тал);

11. Гэрч Д.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 61-62 дахь тал);

12. Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 63-64 дэх тал);

13. Гэрч Т.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 65-66 дахь тал);

14. Гэрч Л.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 67-68 дахь тал);

15. Гэрч Ц.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 69-73 дахь тал);

16. Увс аймгийн .......... сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дугаартай "...Увс аймгийн .... сумын …-р багийн нутаг …………… солбицолд орших “.........” гэх газрын ой улсын тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй байна. Увс аймгийн .... сумын 4-р багийн нутаг ............... солбицолд орших “.........” гэх газарт 2024 онд ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах ажил хийгдээгүй тул мод бэлтгэж болохгүй. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь бургас мод байна. Уг мод 0.227 метр куб болж байна. Дээрх мод нь уламжлалт аргаар бэлтгэсэн хэрэглээний мод байна. Дээрх модыг 2024 оны 8-9 сард бэлтгэсэн гэж үзэж байна. Дээрх мод нь нойтон амьдрах чадвартай мод байжээ. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 65,404 (жаран таван мянга дөрвөн зуун дөрөв) төгрөг болж байна” гэх дүгнэлт мэдүүлэг  (хавтаст хэргийн 95-96 дахь тал);

17. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 68 дугаартай “...Увс аймагт 2025 оны 4 дүгээр сарын байдлаар “............” загварын улсын дугааргүй хуучин мотоцикл-150,000 төгрөг, шинэ 1 ширхэг хана-160,000 төгрөг, хуучин сүх-15,000 төгрөг нийт зах зээлийн үнэлгээ 325,000 (гурван зуун хорин тав) төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 104 дэх тал);

18. Шүүгдэгч Ч.Ц-ий өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 143-145 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсны дагуу мод бэлтгэж тээвэрлэхээр байна.

Түүнчлэн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 4-д “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” гэж, мөн зүйлийн 35.4.1-д “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн”, 35.4.2-д “Зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн”, 35.4.3-д “Засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заажээ.

Өөрөөр хэлбэл: Хууль бусаар мод бэлтгэх гэдэг нь мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгохоор байна.

Шүүгдэгч Ч.Ц- нь 2024 оны 09 дүгээр сарын 22-нд Увс аймгийн .... сумын ...дүгээр багийн нутаг дэвсгэрт “.........” гэх талбайн тусгаарлалт хийгдээгүй газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй, зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 0.227 метр куб нойтон бургас модыг огтолж, бэлтгэн улмаар иргэн Ц.Г-гийн эзэмшлийн “........” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн нь тогтоогджээ.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэх шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Ч.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

2. Шүүгдэгч Ч.Ц- болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Ч.Ц- хууль, эрх зүйн зохих мэдлэггүй нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

Увс аймгийн .......... сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ц- нь .... сумын ... дүгээр багийн нутаг “.........” гэх газраас 0.227 метр куб, нойтон бургас модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн нь нотлогдож байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны А/176 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар нэг шоо.метр модны экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон байх бөгөөд шүүгдэгч Ч.Ц-ий хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 0.227 м.куб модны экологи эдийн засгийн үнэлгээг дээрх аргачлалаар бодоход шүүгдэгч Ч.Ц-ий ойн санд учруулсан бодит хохирол 65,404 (жаран таван мянга дөрвөн зуун дөрөв) төгрөг болохыг эрх бүхий шинжээч тогтоосон  тогтоогдож байна. 

 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүхээс шүүгдэгч Ч.Ц-ий ойн санд учруулсан бодит хохирол болох 65,404 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, хохирлын хэмжээг 196,212 (нэг зуун ерөн зургаан мянга хоёр зуун арван хоёр) төгрөгөөр тогтоож, хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Ц- нь ойн санд учруулсан хохирол 196,212 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь хавтаст хэргийн 153 дахь талд авагдсан Төрийн банкны төлбөрийн баримтаар нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор Ч.Ц-ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Ч.Ц- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ч.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.

3. Шүүгдэгч Ч.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

4. Прокуророос шүүгдэгч Ч.Ц-ий хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

5. Түүнчлэн шүүгдэгч Ч.Ц-д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч Ч.Ц-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцөлүүдийг хангаж байна.  

6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Ч.Ц-ээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмөр сүх 1 ширхэг, ......... загварын мотоциклийн үнэ болох 150,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу 3 ширхэг гэрийн ханыг улсын орлогод шилжүүлэх саналыг тус тус гаргаж, шүүгдэгч Ч.Ц- түүний өмгөөлөгч Д.Б нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.

7. Иймд шүүгдэгч Ч.Ц-ий эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэв.

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ч.Ц-ий хууль бусаар бэлтгэсэн бургас модоор хийсэн гэрийн хана-3 ширхэг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Мустанг-5 мотоциклын үнэ 150,000 төгрөгийг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, уг гэрийн ханыг битүүмжилсэн мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хөрөнгө орлогыг хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуучин сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Ч-ы Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн  1-т заасан “Хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Ц-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ч.Ц-ий хууль бусаар бэлтгэсэн бургас модоор хийсэн гэрийн хана -3 ширхэг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Мустанг-5 загварын мотоциклын үнэ 150,000 төгрөгийг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуучин сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

7. Шүүгдэгч Ч.Ц-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                               

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ