| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0099/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/116 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Г,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н /томилолтоор/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Л,
Шүүгдэгч: Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Б-ын Б-од холбогдох эрүүгийн 25350000000.. дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ................. Увс аймгийн .......... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл ....... ....хамт амьдардаг, Увс аймгийн .......... сумын .......... дугаар багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 (нэг) жил хорих ялаар шийтгүүлсэн Я овогт Б-ын Б- (регистрийн дугаар:.................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б- 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр Увс аймгийн .......... сумын .дугаар багийн нутаг “...............” гэх газраас иргэн Ц.Ө-ийн эзэмшлийн 4 настай 1 тооны ингэн тэмээг хулгайлж, хохирогчид 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б- 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр Увс аймгийн .......... сумын ....дугаар багийн нутаг “..............” гэх газраас иргэн Ц.Ө-ийн эзэмшлийн 4 настай 1 тооны ингэн тэмээг хулгайлж, хохирогчид 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
1. Гэт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал);
2. Хохирогч Ц.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 09 дүгээр сард манайх .............. сумын ...дүгээр багийн нутаг ..... гэх газарт намаржиж байсан юм. 2024 оны 09 дүгээр сард .......... сумын ........ гэх газарт манай 20 тооны тэмээ бэлчиж байсан бөгөөд 09 дүгээр сарын сүүлээр би тэмээнүүдээ очиж харахад 1 дөнжин ингэ алга болсон байсан юм. Би тухайн үед гараад ирэх болов уу гэж бодоод айлуудаар сураг ажиг тавихгүй байж байгаад тухайн тэмээний талаар сураг гарахгүй байсан болохоор би .............. сумын Улаан үзүүр, Нарийн эх газруудаар бэлчээрлэж байгаа тэмээнүүдийг шүүж хэсэг явахад миний тэмээ олдоогүй юм. Би тухайн үед Б.Б- гэх хүнээс тухайн тэмээгээ сураглаж ярихад үзээгүй талаараа надад хэлж байсан. Б.Б- 2025 оны 01 дүгээр сард манайх .............. сумын төвд байхад ирж би танай тэмээг аваад махлаад зарсан уучлаарай гэж надаас уучлалт гуйгаад цагдаад битгий хэлээрэй гэж хэлээд тэмээний хохирол 500,000 төгрөг бэлнээр өгсөн юм... Миний алга болсон гэх тэмээ хөх зүсмийн зөв чих нь араасаа зөгрөг, зөв нүд чих 2 дундаа босоо дэгрээтэй, дөнжин ингэ юм.... Б.Б- манайд ирж тэмээний хохирол гэж 500,000 төгрөг өгч байхад миний ээж Б байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Би сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-11 дэх тал);
3. Гэрч Р.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Ө- нь миний төрсөн хүү юм. Миний хүү Ц.Ө- нь 2024 оны 09 дүгээр сард тэмээндээ яваад манай тэмээ .......... сумын ......... гэх газарт байна, 1 дөнжин ингэ байхгүй байна гэж хэлж байсан...Б.Б- 2025 оны 01 дүгээр сард манайх .............. сумын төвд байхад манайд ирсэн. Б.Б- нь Ц.Ө-т 500,000 төгрөг бэлнээр өгч байсан бөгөөд танай тэмээний мөнгө гэж өгсөн байсан. Тухайн үед би хүү Ц.Ө-өөс асуухад манай дөнжин ингэ хулгайлж аваад уучлалт гуйж өгч байна гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-15 дахь тал);
4. Гэрч Л.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр Б- Ц.Ө- гэх хүний тэмээ хулгайлж авсан талаар надад мэдэх зүйл байхгүй бөгөөд 2025 оны 01 дүгээр сард Б- би Ц.Ө-өөс 1 тэмээ авсан. Тэрний төлбөрийг өгөөгүй байгаа гэж надад хэлээд надаас бэлнээр 500,000 төгрөг авч Б буюу Ц.Ө-т өгнө гээд .............. сум руу явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дахь тал);
5. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаартай “Увс аймгийн .............. суманд 2024 оны 09 дүгэр сарын байдлаар 4 настай ингэн тэмээний зах зээлийн үнэлгээг 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26 дахь тал);
6. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай “Увс аймгийн .......... суманд 2024 оны 09 дүгэр сарын байдлаар 4 настай морины зах зээлийн үнэлгээг 1,000,000 (нэг сая) төгрөг, морины дагалдах хэрэгсэл /төмөр бүүрэгтэй хуучин эмээл, суран хазаар/ -ийн зах зээлийн үнэлгээг 41,000 (дөчин нэг мянга) төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33 дахь тал);
7. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх 2024 оны 10 дугаар сард .......... сумын 3 дугаар баг ...... гэх газар намаржиж байсан. Мөн манайх 50 орчим тооны тэмээтэй бөгөөд уг тэмээнүүд .......... сумын 3 дугаар баг ........, .............. сумын чиглэлд гэрээс 20 орчим км газарт байдаг. Намар ч гэсэн хурааж ингээ саадаг. Тийм учраас өөрийн морьтой тэмээ хурааж явах үедээ .............. сумын Ц.Ө- гэх хүний тэмээ бэлчиж байхаар нь өөрийн тэмээнд 1 тооны 4 орчим настай тэмээ нийлүүлээд гэр дээр авч ирсэн. Би гэртээ эхнэрийн хамт байдаг боловч тухайн үед эхнэр байхгүй байсан тул уг тэмээг нядалж махыг нь хэрэглэсэн. Харин арьс болон толгойг шувуу нохойд идүүлсэн. Эхнэртээ намрын сэрүү орсон учир идэш хүртэл нэг бага тэмээ унагааж авч байна гэж хэлсэн. Тэгээд дараа нь ирэхээр нь хүнсний тэмээ гаргаад авчихсан гэж хэлсэн. Тийм учраас намайг тэмээ хулгайлсан талаар хэлээгүй. Тухайн үед өөрийн 4 настай морьтой явсан. Хүнсэнд хэрэглэсэн учраас одоо байхгүй. Үнэлгээг нь төлнө. Хуучин чөдөр бүүрэгтэй эмээл, суран хазаар мөн байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-46 дахь тал) болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэв.
Хууль зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр Увс аймгийн .......... сумын 3 дугаар багийн нутаг “.........” гэх газарт өөрийн тэмээтэй хамт бэлчээрлэж байсан иргэн Ц.Ө-ийн эзэмшлийн 4 настай 1 тооны ингэн тэмээг хулгайлж авч, улмаар идшиндээ хэрэглэсэн үйл баримт тогтоогдлоо.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт билээ.
Энэхүү гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой юм.
Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Ц.Ө-ийн эзэмшлийн 1 тооны тэмээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчид мэдэгдэхгүйгээр бэлчээрээс нь хулгайлан авч, захиран зарцуулсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Шүүгдэгч Б.Б- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
2. Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
3. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.Б-ын амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай
Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаартай “Увс аймгийн .............. суманд 2024 оны 09 дүгэр сарын байдлаар 4 настай ингэн тэмээний зах зээлийн үнэлгээг 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26 дахь тал)-ээр 4 настай ингэн тэмээ 1,200,000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдож байна.
Хохирогч Ц.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд “...Б.Б- манайд ирж тэмээний хохирол гэж 500,000 төгрөг өгсөн. Би сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг болон шүүхэд гаргасан “Ц.Ө- миний бие хохирлоо бүрэн авсан тул сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол санал, хүсэлт байхгүй” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг тус тус үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, урьдах шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас үлдэгдэл 9 сар 26 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоолгох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хуучин эмээл, хазаар, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнийг тус тус улсын орлого болгох саналтай байна” дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Л эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч нь өөрийгөө илэрхийлэх чадвар муу байдлаас болж өмнөх хэрэгтэйгээ энэ үйлдлээ нэгтгэн шийдвэрлүүлэх боломжоо алдсан. Б.Б- нь бичиг үсэг мэдэхгүй, насаараа мал маллаж амьдарч байгаа, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Том хүүхэд нь коллежид сурдаг, бага хүүхэд нь 1 нас гарантай учир, ар гэрийн хувьд хүнд нөхцөлтэй байна. Б.Б-ын хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт сонгох санкцтай тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
4. Шүүгдэгч Б.Б- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна” гэх мэдүүлгийг гаргав.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Б- нь урьд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 (нэг) жил хорих ял шийтгүүлж, уг ялаас 09 сар, 26 хоногийн хорих ялыг эдлээгүй байгаа нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01/915 дугаартай албан бичгээр ирүүлсэн ялын тооцооны хуудсаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч нь хохирогч Ц.Ө-т учруулсан хохирлоо төлсөн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, мал тооллогын баримтын хуулбар (хавтаст хэргийн 4, 55-59 дэх тал) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
-Шүүгдэгч Б.Б-ын хувийн зан байдлын талаар гэрч Я.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал)-ийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
6. Иймд шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од 6 (зургаа) сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 9 (ес) сар 26 (хорин зургаа) хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) сар хорих ялд нэмж нэгтэн түүний биечлэн эдлэх ялыг 1 (нэг) жил 3 (гурав) сар 26 (хорин зургаа) хоног хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дэх хэсгүүд заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морины үнэ 1,000,000 (нэг сая) төгрөгийг түүнд ногдох хөрөнгөөс хурааж улсын төсөвт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуучин эмээл-1 ширхэг, хазаар-1 ширхэг нь хуучирч муудасны улмаас улсын орлогод оруулах боломжгүй болсон байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэж, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэрэглэж, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааан “Бусдын мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 6 (зургаа) сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 9 (ес) сар 26 (хорин зургаа) хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) сар хорих ялд нэмж нэгтэн түүний биечлэн эдлэх ялыг 1 (нэг) жил 3 (гурав) сар 26 (хорин зургаа) хоног хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэрэглэж, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дэх хэсгүүд заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морины үнэ 1,000,000 (нэг сая) төгрөгийг түүнд ногдох хөрөнгөөс хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуучин эмээл, хазаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.
8. Шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ