Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 131/шш2020/00401

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар баг, 01-14 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Заг суманд байрлах, ******* регистрийн дугаартай, *******ийн ******* ******* ХХК-д холбогдох,

3.844.652 төгрөг гаргуулж, 2016, 2017 оны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие *******ийн хошууд орд ХХК-д 2016 оны 01 сарын 01-ны өдрөөс 2018 оны 01 сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан ба гэрээний хугацаанд ажилласан цалин, урамшууллаа бүрэн аваагүй тул дараахь нэхэмжлэлийг гаргаж байна.

1. Хөлсөөр ажиллах гэрээний 1.7-д зааснаар 1 сарын албан тушаалын батлагдсан цалин 250.000 төгрөгийн хөлс авах заалттай. Гэвч 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд олгосон нийт цалин 4.542.924 төгрөг авсан. /Сахиулын нэмэгдэл болон урамшуулалт цалин ороогүйгээр/. Уг гэрээгээр тооцвол 2016 онд 3.000.000 төгрөг, 2017 онд 3.000.000 төгрөг тус тус бодогдож олгогдох байсан. Цалингийн зөрүү 1.457.076 төгрөгийг,

 

2. Гэрээний 1.8-д зааснаар сахиулын сарын 50.000 төгрөгийн нэмэгдэл цалин олгогдох, 2016, 2017 онуудад нийт 1.200.000 төгрөгийн нэмэгдэл, мөн 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл итгэлцлийн хугацааны сахиулын төлбөр болох 450.000 төгрөг, нийт 1.640.000 төгрөгийг,

 

3. Гэрээний 1.8-д зааснаар шатахууны борлуулалтын литр тутмын 12 төгрөгийн урамшуулал бодогдож олгогдох, гэрээний хугацаанд нийт 62.298 литр шатахуун борлуулагдсан ба урамшуулал 747.576 төгрөгийн нэмэгдэл цалингаа тус тус нэхэмжилж байна.

Иймд нийт цалин, нэмэгдэл урамшууллын дүн 3.844.652 төгрөг, мөн Хөдөлмөрийн хууль болон Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар 2016, 2017 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.*******ээ шүүхэд гаргасан тайлбартаа:

 

1. С.******* нь 2016 онд 12 сар ажиллахаас 1, 2, 12 сард ажиллаагүй бөгөөд сахиулын цалин 150.000 төгрөгийг олгосон. Бусад саруудад нь ажиллаж үндсэн цалин, сахиулын нэмэгдэл борлуулалтын нэмэгдэлд нийт 3.044.064 төгрөг буюу ажиллаагүй 3 сарын сахиулын цалинтай нийлээд 3.194.064 төгрөгийн цалин олгосон. Шатах тослох материал зээлээр нийлүүлэх гэрээнд сард 8 тонн борлуулж ашигтай ажиллах төлөвлөгөөтэй байтал 9 сар ажиллахад 47.2 тонн борлуулж, сард дунджаар 5.2 тонн борлуулсан байтлаа орлогоо цаг тухайд нь тушаахгүй, өөрөө дур мэдэн зээл олгосноос компани маань алдагдалд орж, гэрээт компани гэрээгээ цуцлах санал удаа дараа тавьж байсан. Ашиггүй, алдагдалтай ажиллаж байсан хэдий ч хөлсөөр ажиллах гэрээ-ний дагуу үндсэн болон нэмэгдэл цалин, сахиулын хөлсөө ажилласан сар бүрт бодож өгч байсан учраас С.*******гийн нэхэмжилсэн 3.844.652 төгрөгийг олгох үндэслэлгүй гэж үзэж байна.

2. С.******* нь 2017 онд 12 сар ажиллахаас 1, 2, 3, 9, 10, 11, 12-р саруудад ажиллаагүй. Учир нь С.******* нь зээлээр шатахуун олгосон байсан тул гэрээт компани төлбөрөө бүрэн хийсний дараа шатахуунаа ав гэсэн хариу өгснөөр ажиллаагүй болно. Зөвхөн 4, 5, 6, 7, 8-р сарууд буюу нийтдээ 5 сар ажилласан. Энэ хугацаанд 21.7 тонн буюу 1 сард 5.4 тонн шатахуун борлуулсан. Энэ хугацаанд ажиллаагүй 1, 2, 3, 9 сарын сахиулын цалинд 200.000 төгрөгийг олгосон. Ажилласан 5 сарын цалин, 1 литрт борлуулсан нэмэгдэл цалинд 1.298.938 төгрөг олгосон буюу сахиулын 200.000 нийлээд 1.498.938 төгрөгийг олгосон. Харин 10, 11, 12 саруудын сахиулын цалин болох 150.000 төгрөг олгогдоогүй байгаа. Энэ үед МТ Петролиум ХХК гэрээ цуцалж, үйл ажиллагаа бүрэн зогссон.

3. С.******* нь 2016 онд 9 сар ажиллаж 47.2 тонн борлуулж, үндсэн цалинд 2.027.664 төгрөг, сахиулын нэмэгдэл 600.000 төгрөг, борлуулалтын 1 литрийн нэмэгдэл \12 төг\ 566.400 төгрөг, нийт 3.194.064 төгрөгийг цалингийн хүснэгтээр олгосон.

С.******* нь 2017 онд 5 сар ажиллаж 21.7 тонн борлуулж, үндсэн цалинд 788.538 төгрөг, сахиулын нэмэгдэл 450.000 төгрөг, борлуулалтын 1 литрийн нэмэгдэл \12 төг\ 260.400 төгрөг, нийт 1.498.938 төгрөгийг цалингийн хүснэгтээр олгосон.

С.******* нь 2 жилийн хугацаанд 68.9 тонн борлуулж, борлуулалтын 1 литрт ногдох нэмэлт 12 төгрөгийг түхай бүр нь бодож 826.800 төгрөг, үндсэн цалинд 2.816.202 төгрөг, сахиулын цалинд 1.050.000 төгрөг, нийт 4.693.002 төгрөг олгосон.

С.******* болон бусад хариуцлагагүй түгээгч нарын үйл ажиллагаанаас болж МТ Петролиум ХХК Шатахуун зээлээр нийлүүлэх гэрээгээ цуцалж, алданги тооцон шүүхэд хандан, барьцаат хөрөнгөө хураалгаж, алданги төлж компани алдагдалд ороод 2 жил гаруй хугацаанд сул зогсож байна.

4. Баянхонгор аймгийн Галуут сумын ШТС-ын түгээгч, сахиул С.******* нь тэтгэвэр тэтгэмжтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн тул хөлсөөр ажиллах гэрээг ах дүүгийн хүн гэдэг утгаар итгэл хүлээлгэж тодорхой хугацаатайгаар байгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйгээр амаар тохиролцож гэрээнд тусгаагүй болно. Нэг жилд 11 сар ажилласан тохиолдолд ээлжийн амралт олгохоор тохирсон бөгөөд 2016 онд 9 сар, 2017 онд 5 сар ажиллаж бусад үед ажиллаагүй учир ээлжийн амралт болоод нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй байсан. Сахиулын 50.000 төгрөгийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй.

5. С.******* 2 жилийн хугацаанд ажиллахдаа удаа дараа дутагдал гаргаж, хөлсөөр ажиллах гэрээгээ зөрчиж байсныг ах, дүүгийн ургийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй байдлыг нь харгалзан хулээцтэй хандсаар эцэст нь бидний амьдрал ахуйд хүнд нөхцөл үүсч өрөнд орж эхэлсэн түл 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс "Хөлсөөр ажиллах гэрээ-ний хугацаа дуусгавар болсон тул гэрээг цуцалсан мэдэгдэл гаргасан.

6. С.******* 7.857.460 төгрөгийн дутагдал гаргасныг хөлсөөр ажиллах гэрээний 7.7-д заасны дагуу 3.978.730 төгрөгийн хохирол тооцон нийт 11.786.190 төгрөгийн нэхэмжлэлийг Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаж, 2019 оны 09 сарын 04-ний өдрийн 190 дугаартай эвлэрлийн гэрээгээр 500.000 төгрөгөөс татгалзаж, 11.286,190 төгрөгийг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж, Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 сарын 08-ны өдрийн 131/ШЗ2017/02140 тоот захирамжаар 11.286.190 төгрөгийг төлөх буюу тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн.

С.******* нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжиж одоог хүртэл өрийг гүйцэд төлж барагдуулаагүй ... гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.******* нь 2016 онд 12 сар ажиллахаас 1, 2, 12 саруудад ажиллаагүй ба сахиулын цалин сар бүр олгоод явдаг байсан. Хөлсөөр ажиллах гэрээнд цалингийн талаар тусгаагүй, шатахуун борлуулсан саруудад борлуулалтын нэмэгдэл, үндсэн цалин авна, шатахуун борлуулаагүй үед сахиулын цалингаа авч байхаар амаар тохиролцсон байсан. С.*******д 2016 онд 3.044.064 төгрөг буюу ажиллаагүй 3 сарын сахиулын цалинтай нийлээд 3.194.064 төгрөгийн цалинг олгосон байдаг. Шатах, тослох материал зээлээр нийлүүлэх гэрээнд сард 8 тонн борлуулж ашигтай ажиллах талаар төлөвлөөгөтэй байхад 9 сар ажиллаад 47,2 тонн борлуулж, сард дунджаар 5,2 тонн борлуулсан бөгөөд орлогоо дор бүр нь тушаахгүй, дур мэдэн зээл олгож байсан учир манай компани алдагдалд орж гэрээт компаниуд гэрээгээ цуцлах санал гаргаж байсан. Манай компани ашиггүй ажиллаж байсан боловч хөлсөөр ажиллах гэрээний дагуу үндсэн цалин болон нэмэгдэл, сахиулын цалинг сар бүрт бодож өгч байсан учир нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжилсэн 3.844.652 төгрөгийг олгох үндэслэлгүй юм.

С.******* нь 2017 оны 1, 2, 3, 9, 10, 11, 12 саруудад ажиллаагүй. Учир нь С.*******гийн зээлээр олгосон шатахууны төлбөрөө аваагүй, гэрээт компани нь шатахууны төлбөрөө төлсөний дараа шатахуун олгох талаар хэлсэн байсан тул энэ саруудад манай компани ажиллаагүй болно. Зөвхөн 4, 5, 6, 7, 8 дугаар саруудад ажиллаж 21,7 тонн шатахуун буюу нэг сард 5,4 тонн шатахуун борлуулсан байдаг. Энэ хугацаанд ажлаагүй байсан саруудын сахиулын цалинг олгож байсан ба нийт 1.498.938 төгрөг олгож байсан. Одоо 10, 11, 12 дугаар сарын сахиулын цалин 150.000 төгрөг олгогдоогүй байгаа.

С.*******д 2016 онд 09 сар ажиллаж 47,2 тонн шатахуун борлуулж үндсэн цалин 2.027.664 төгрөг, сахиулын нэмэгдэл цалин 600.000 төгрөг, шатахуун борлуултын нэг литрийн нэмэгдэл 566.400 төгрөг, нийт 3.194.064 төгрөгийг цалингийн хүснэгтээр олгосон.

Мөн 2017 онд 5 сар ажиллаж 21,7 тонн шатахуун борлуулж үндсэн цалин 788.538 төгрөг, сахиулын нэмэгдэл 450.000 төгрөг, шатахуун борлуулалтын нэг литрийн нэмэгдэл 260.400 төгрөг, нийт 1.498.938 төгрөгийг цалингийн хүснэгтээр олгосон.

2 жилийн хугацаанд С.*******д 68,9 тонн шатахуун борлуулж, борлуултын нэг литрийн нэмэгдэл 12 төгрөгийг тухай бүр бодож 826.800 төгрөг, үндсэн цалин 2.816.202 төгрөг, сахиулын цалин 1.050.000 төгрөг, нийт 4.693.002 төгрөг олгож ажилласан байна.

С.******* болон бусад хариуцлагагүй түгээгч нараас болж МТ Петролиум ХХК нь шатахуун борлуулах гэрээгээ цуцалж, алданги тооцож шүүхэд хандаж, барьцаат хөрөнгөө хураалгаж манай компани нь алдагдалд орж, 2 жилийн хугацаанд сул зогсож байгааг анхаарч үзнэ үү. Хөлсөөр ажиллах гэрээнд нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй талаар амаар тохиролцож гэрээнд тусгаагүй болно.

 

Ард иргэдээс С.*******г хурдан шуурхай үйлчилдэггүй, өөр хүн ажиллуулаач гэх хүсэлт ирж байсан боловч С.*******гийн ажиллах хүсэлтийг нь харгалзан ажиллуулж байснаар өнөөдөр манай компанид эд хөрөнгийн хохирол учраад байна. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад дурьдсан 1.196.930 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас эвлэрлийн гэрээгээр түүний төлөх ёстой 11.286.190 төгрөгөөс хасаж тооцсон тухай албан бичиг хэрэгт авагдсан байгаа. Ээлжийн амралтын мөнгө 825.000 төгрөг нэхэмжилсэн боловч хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир ээлжийн амралтын мөнгө олгох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Д.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан талаар талууд хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 2016 оны 01 сарын 01-ний өдөр байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээнд тодорхой заалтуудыг тусгаж, талууд гарын үсэг зурснаар баталгаажсан ба нэхэмжлэгч нь 2 жилийн хугацаанд гэрээний дагуу цалин, нэмэгдэл хөлс зэргийг авч ирсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. С.******* нь хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллах хугацааны аваагүй цалин хөлс дээр гурван үндсэн шаардлагаар 3.844.652 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд олгосон 4.542.924 төгрөгийн цалин аваад зөрүү 1.457.076 төгрөг гэж гаргасан нь агуулгын хувьд алдаатай тооцоо гэж үзэж байна. Хэрэв С.******* цалингаа 250.000 төгрөгөөр тооцож байгаа бол 2 жилийн хугацаанд 6.000.000 төгрөгийн цалин авах ёстой байсан ба үүнээс С.******* нь 4.693.002 төгрөгийн цалин авчихаад байгаа нь харагдаж байгаа юм. Хөлсөөр ажиллах гэрээний 3 дугаар зүйлд зааснаар хөлсөөр ажил гүйцэтгэгч нь түгээгч, сахиулын ажлуудыг гүйцэтгэхээр гэрээнд заасан бөгөөд түгээгчийн сарын цалинг 250.000 төгрөгөөр тогтоож, гэрээний 8 дугаар зүйлд сахиулын цалин 50.000 төгрөг олгох талаар гэрээнд заасан байдаг. Иргэний хуулийн 360 дугаар зүйлд Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж заасны дагуу шатахуун түгээгч хийж байх үедээ цалингаа авна, сахиулаар ажиллаж байх үедээ сахиулын цалин авч байгаа нь дээрх заалтанд хамрагдаж байгаа юм. Тухайн шатахуун түгээх станц нь бусад байгууллагатай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулж ажилладаг ба шатахуун нийлүүлээгүй үед ажил олгогчоос шалтгаалахгүйгээр ажил сул зогсох үе гарч байсан.

С.******* нь гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас тухайн компанид 11.286.190 төгрөгний хохирол учирсан нь Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 сарын 08-ны өдрийн захирамжаар тогтоогдсон байдаг. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу сахиулын цалинг 50.000 төгрөгөөр тогтоосон ба нэхэмжлэгч нь сахиулын цалин нийт 1.640.000 төгрөг нэхэмжилсэн байгаа, үүнээс 2017 оны сүүлийн 3 сарын цалин 150.000 төгрөгийг манай зүгээс өгөөгүй байгаа учир энийг төлөхөд татгалзахгүй. 2018 оны 01-ээс 09 дүгээр сар хүртэл итгэлцлийн үндсэн дээр сахиулын 450.000 төгрөг нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь 2018 оны 01 дүгээр сард хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан. Мөн гэрээний 8 дугаар зүйлд шатахуун борлууллалтын 1 литр тутамд 12 төгрөгөөр бодож урамшуулал олгохоор заасан. Нэхэмжлэгч 2016 онд 47,2 тонн шатахуун борлуулж нэмэгдэл цалин 566.400 төгрөг, 2017 онд 21,7 тоон шатахуун борлуулж нэмэгдэл цалин 260.400 төгрөг тус тус авсан. Иймд нэхэмжлэгчийн шаардаад байгаа 746.577 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

Хавтаст хэрэгт байгаа цалингийн хүснэгтэд сар бүр олгосон цалингийн ард нэхэмжлэгч гарын үсгээ зураад явж байсан нь хэргийн гол нотлох баримт гэж үзэж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2017 оны сүүлийн 3 сарын сахиулын цалин 150.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 1.196.930 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн төлөх ёстой 11.286.190 төгрөгөөс хасаж тооцсон, ээлжийн амралтын 825.000 нэхэмжилсэн боловч хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир ээлжийн амралтын мөнгө олгох үндэслэлгүй юм. Сөрөг нэхэмжлэлийн тухайд бол нэхэмжлэгч гэрээнд заасан ажиллах үүргээ гүйцэтгээгүй учир тухайн компанид хохирол учруулсан байдаг тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь *******ийн хошууд орд ХХК-д холбогдуулан нийт 5.867.577 төгрөг гаргуулж, 2016, 2017 оны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч С.*******ээ эс зөвшөөрч С.*******д 2 жил ажиллах хугацаанд нь шатахуун борлуулалтын урамшуулал 826.800 төгрөг, үндсэн цалин 2.816.202 төгрөг, сахиулын цалин 1.050.000 төгрөг, нийт 4.693.002 төгрөгийг олгосон. Ажилласан хугацаанд нь авах ёстой цалин урамшууллыг бүрэн олгосон, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан тул ээлжийн амралтын мөнгө олгох үндэслэлгүй гэсэн тайлбар гаргаж маргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.******* нь 2016 оны 01 сарын 01-ны өдөр *******ийн хошууд орд ХХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, тус компанийн Заг сум дахь Шатахуун түгээх станцад шатахуун түгээгч, сахиулаар 2018 оны 01 сарын 01-ны өдрийг хүртэл ажилласан байна.

Ажиллах хугацаанд шатахуун түгээгчийн ажлын хөлс сард 250.000 төгрөг, сахиулын ажлын хөлс сард 50.000 төгрөг, мөн борлуулсан 1 литр шатахуун тутамд 12 төгрөгийн урамшууллыг С.*******д олгохоор талууд тохирсон болох нь хэрэгт авагдсан Хөлсөөр ажиллах гэрээ-ний хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигч талуудын хооронд 2016 оны 01 сарын 01-ны өдөр байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжийг бүрэн агуулсан, хуулийн шаардлага хангасан байна.

 

Нэхэмжлэгч нь Хөлсөөр ажиллах гэрээ-ний дагуу *******ийн хошууд орд ХХК-ны Заг сум дахь Шатахуун түгээх станцад сахиулаар 2016 оны 01 сарын 01-ны өдрөөс 2018 оны 01 сарын 01-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаанд, харин шатахуун түгээгчээр 2016 оны 03 сарын 01-ны өдрөөс 2016 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал, мөн 2017 оны 05 сарын 01-ны өдрөөс 2017 оны 08 сарын 31-ны өдрийг хүртэл нийт 13 сарын хугацаанд ажиллаж, энэ хугацаанд 68.9 тн шатахуун борлуулсан болох нь хэрэгт авагдсан *******ийн хошууд орд ХХК-ийн ажилтан С.*******гийн 2016, 2017 оны цалингийн хүснэгтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Тодруулбал С.******* нь 2016 онд сахиулаар 12 сар ажилласан, харин шатахуун түгээгчээр 3 дугаар сараас 11 дүгээр сарыг дуустал 9 сар ажиллаж, 47.2 тонн шатахуун борлуулсан,

2017 онд сахиулаар 12 сар ажилласан, харин шатахуун түгээгчээр 5 дугаар сараас 8 дугаар сарыг дуустал 4 сар ажиллаж, 21.7 тонн шатахуун борлуулсан,

2016 оны 1-р сар, 2-р сар, 12-р саруудад, мөн 2017 оны 1-р сар, 2-р сар, 3-р сар, 4-р сар, 9-12 дугаар саруудад шатахуун нийлүүлэлт байхгүй шалтгаанаар шатахуун түгээгчээр ажиллаагүй болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч *******ийн хошууд орд ХХК-ийн зүгээс С.*******тай гэрээгээр тохирсон ажил гүйцэтгэсний хөлсийг тухай бүр нь тооцож, С.*******д олгож байсан, С.******* нь 2016 онд шатахуун түгээгчийн ажлын хөлсөнд 2.027.664 төгрөг, сахиулын ажлын хөлсөнд 600.000 төгрөг, 47.2 тонн шатахуун борлуулсны урамшуулалд 566.400 төгрөгийг хүлээн авсан,

2017 онд шатахуун түгээгчийн ажлын хөлсөнд 788.538 төгрөг, сахиулын ажлын хөлсөнд 450.000 төгрөг, 21.7 тонн шатахуун борлуулсны урамшуулалд 260.400 төгрөгийг хүлээн авсан болох нь 2016, 2017 оны цалингийн хүснэгт, түүнд зурагдсан С.*******гийн мөнгө хүлээн авсан гарын үсэг зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч С.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэндэнбаатар нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа 2016 оны 01 сарын 01-ны өдрөөс 2017 оны 09 сарын 31-ны өдрийг хүртэл хугацааны цалин 4.542.924 төгрөгийг авсан, гэрээгээр тооцвол 2016, 2017 онд нийт 6.000.000 төгрөгийн үндсэн цалин авах ёстой. Үүний зөрүү 1.457.076 төгрөг, мөн сахиулаар 2016 оны 01 сарын 01-ны өдрөөс 2018 оны 09 сарын 25-ныг хүртэл ажилласны хөлс 1.640.000 төгрөг, нийт 62.298 л шатахуун борлуулсны урамшуулал 747.576 төгрөг, олгогдоогүй цалин 1.196.938 төгрөг, амралтын мөнгө 825.987 төгрөг, нийт 5.867.577 төгрөгийг олгох ёстой гэж тайлбарлаж байх боловч үүнийгээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд шатахуун түгээгч, сахиулаар ажилласны хөлс, мөн шатахуун борлуулсны урамшууллыг тухай бүр авч байсан болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэндэнбаатар нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016, 2017 онд авах ёстой шатахуун түгээгчийн хөлс 6.000.000 төгрөгөөс 4.542.924 төгрөгийг авсан, зөрүү 1.457.076 төгрөгийг нэхэмжилж байна гэж дурьдаж, олгогдоогүй ажлын хөлсөө нэхэмжилсэн атлаа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаараа олгогдоогүй цалин гэж 1.196.938 төгрөг нэмж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, ажлын хөлсөө давхардуулан нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь амралтын мөнгө 825.987 төгрөг нэхэмжилж байх боловч амралтын мөнгийг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй, зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ бус Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх тул хариуцагч байгууллагаас амралтын мөнгө тооцон гаргуулах үндэслэлгүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд шатахуун түгээгчээр ажилласны хөлсийг сарын 250.000 төгрөгөөр тогтоосон байгаа нь нэхэмжлэгчид тухайн ажлыг хийсэн эсэхээс үл хамааран сар бүр тогтмол 250.000 төгрөгийн хөлс олгоно гэсэн тохиролцоо биш юм.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д: Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

мөн хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д: Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө, гэж тус тус заасан.

Хариуцагч *******ийн хошууд орд ХХК нь нэхэмжлэгч С.*******д шатахуун түгээгчээр ажилласны хөлсийг олгохдоо гэрээгээр тохирсон 1 сарын хөлс 250.000 төгрөгийг ажиллах хоногт хуваан 1 өдрийн хөлсийг нэхэмжлэгчийн ажилласан хоногоор тооцож олгосон нь Иргэний хуулийн дээрх заалтад нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч С.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэндэнбаатар нар нь 2018 оны 01 сарын 01-ны өдрөөс 2018 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэлх итгэлцлийн хугацааны сахиулын төлбөр 450.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байх боловч зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээ 2016 оны 01 сарын 01-ны өдрөөс 2018 оны 01 сарын 01-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай байгуулагдсан, гэрээ цаашид сунгагдаагүй, нэхэмжлэгч С.******* нь 2018 оны 01 сарын 01-ны өдрөөс 2018 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэл сахиулаар үргэлжлүүлэн ажилласан болох нь тогтоогдохгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.******* нь 2017 оны 05 сараас 2017 оны 09 сарыг дуустал хугацаанд гүйцэтгэсэн шатахуун түгээгч, сахиулын ажлын хөлс 1.196.938 төгрөгийг хариуцагч байгууллагад төлөх ёстой өр төлбөрөөсөө хасч тооцохыг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байх бөгөөд түүний энэ зөвшөөрлийг үндэслэн *******ийн хошууд орд ХХК-д С.*******гийн төлөх ёстой өр төлбөрөөс 1.196.938 төгрөгийг хассан болохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан бичгээр тодорхойлжээ.

Иймд нэхэмжлэгчийн 2017 оны 05 сараас 2017 оны 09 сарыг дуустал хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлс 1.196.938 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байна.

 

Харин нэхэмжлэгч С.******* нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу 2017 оны 10, 11, 12 дугаар саруудад сахиулын ажлыг хийж гүйцэтгэсэн боловч түүнд энэ ажлын хөлс 150.000 төгрөгийг тооцон олгоогүй болох нь 2017 оны цалингийн хүснэгтийн хуулбар, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 5.717.577 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******ийн хошууд орд ХХК-аас 150.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож шийдвэрлэв.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4-р зүйлийн 6-д: Ажил олгогч, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа тэтгэвэр авагч энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 5 дахь заалтад зааснаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна , гэж заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа иргэнийг ажиллуулагч нь нийгмийн даатгалд даатгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй байх тул хөлсөөр ажиллах гэрээний хугацаа буюу 2016 оны 01 сарын 01-ны өдрөөс 2018 оны 01 сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч С.*******гийн нийгмийн даатгалын шимтгэлийг гэрээгээр тохирсон хөлс 250.000 төгрөгөөс тооцон нөхөн төлөхийг хариуцагч *******ийн хошууд орд ХХК-д даалгаж шийдвэрлэв.

 

Хариуцагч *******ийн хошууд орд ХХК нь С.*******д холбогдуулан дутагдуулсан шатахууны төлбөр 2.716.470 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч байгууллага шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ Манай компани МТ петролиум ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж ажилладаг. С.*******тай 2017 оны 08 сарын 20-ны өдөр тооцоо хийхэд 1.810.980 төгрөг дутагдсан. Үүний алданги 905.490 төгрөг, нийт 2.716.470 төгрөгийг С.*******гаас гаргуулж өгнө үү. Энэ дутагдал нь өмнөх эвлэрлийн гэрээний тооцоонд ороогүй болно гэж тайлбарлаж байх боловч хариуцагч *******ийн хошууд орд ХХК нь С.*******гийн нефтийн бүтээгдэхүүн дутагдуулсан талаар 2017 оны 09 сард Баянхонгор аймаг дахь шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандан 11.786.190 төгрөгийг С.*******гаас гаргуулахаар нэхэмжилж байсан, талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эвлэрч, тус шүүхийн 2017 оны 09 сарын 08-ны өдрийн 131/ШЗ2017/02140 тоот шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулж байсан болох нь хэрэгт авагдсан эвлэрлийн гэрээний хуулбар, шүүгчийн захирамжийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь 2.716.470 төгрөгийн дутагдал нь өмнөх эвлэрлийн гэрээний тооцоонд ороогүй болно гэж тайлбарлаж байх боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй, хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн МТ Петролиум ХХК, *******ийн хошууд орд ХХК-ийн хооронд 2014 оны 06 сарын 30-ны өдөр байгуулсан 61/14 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь 2015 оны 06 сарын 30-ны өдөр дуусгавар болсон, тус хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримт байгааг дурьдах нь зүйтэй байна.

 

Хариуцагч байгууллага нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ С.*******гийн дутагдуулсан 2.716.470 төгрөг нь МТ Петролиум ХХК-тай байгуулсан гэрээний тооцооноос дутагдсан дутагдал юм гэж дурьдсан атлаа хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа С.*******гийн энэ дутагдал нь Шунхлай ХХК-тай байгуулсан гэрээний тооцооноос дутагдсан дутагдал гэж зөрүүтэй мэдүүлж байгаа зэргээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үгүйсгэгдэж, баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд С.*******гаас дутагдуулсан шатахууны төлбөр 2.716.470 төгрөг гаргуулах тухай *******ийн хошууд орд ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэндэнбаатарт шүүх хуралдааны товыг утсаар болон шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг  тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359-р зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч *******ийн хошууд ******* ХХК-иас 150.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.717.577 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4-р зүйлийн 6-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******гийн 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг сарын 250.000 төгрөгөөс тооцон нөхөн төлөхийг хариуцагч  *******ийн хошууд ******* ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.6, 117-р зүйлийн 117.1-д тус тус заасныг баримтлан С.*******гаас дутагдуулсан шатахууны төлбөр 2.716.470 төгрөг гаргуулах тухай *******ийн хошууд орд ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123.964 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд үлдээж, хариуцагч *******ийн хошууд орд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59-р зүйлийн 59.1-д заасныг баримтлан хариуцагч *******ийн хошууд орд ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 77.682 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж, *******ийн хошууд орд ХХК-д буцаан олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.ОТГОНЧУЛУУН