Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/418

 

 

 

 

 

  2021            04            27                                         2021/ДШМ/418    

 

О.Т-, Х.Ю- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Х.Ю-гийн өмгөөлөгч Х.Баатарбилэг,

шүүгдэгч О.Т-ийн өмгөөлөгч Л.Мөнхтөр,

шүүгдэгч Х.Ю-, О.Т- нарын өмгөөлөгч А.Ганбат,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Ю-, О.Т- нарын өмгөөлөгч Х.Баатарбилэг, Л.Мөнхтөр, А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Т-, Х.Ю- нарт холбогдох эрүүгийн 2010017041047 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. овгийн Х-ы Ю-,

 

2. овгийн О-гийн Т-,

 

Х.Ю- нь 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын 1 дүгээр багийн нутаг “Далбаа” гэх газар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан ховор амьтны жагсаалтад орсон хүрэн Б- /эр бодьгаль/-г тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, эд эрхтэнг буюу Б-н арьс, 4 ширхэг сарвууг 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл гэртээ хадгалж, мөн өдөр О.Т-т 800.000 төгрөгөөр зарсан гэмт хэрэгт,

О.Т- нь  2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын 1 дүгээр багийн нутаг “Далбаа” гэх газар Х.Ю-гаас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан ховор амьтны жагсаалтад орсон хүрэн Б- /эр бодьгаль/-н эд эрхтэнг буюу Б-н арьс, 4 ширхэг сарвууг 800.000 төгрөгөөр худалдан авч, 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот хүртэл хот хоорондын нийтийн тээврийн автобусаар тээвэрлэн авчирч, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богинын амны амины орон сууцны 6 тоотод хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Ю-, О.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Харцагууд овогт Х-ы Ю-г ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Гөрөөчин овогт О-н Т-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан ховор амьтны эдийн зүйлийг хадгалсан, худалдан авсан, тэвээрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ю-, О.Т- нарыг тус бүр 1 жилийн хорих ялаар шийтгэж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ю-гаас 5.730.000 төгрөг, шүүгдэгч О.Т-ээс 6.500.000 төгрөг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторид хадгалагдаж байгаа хүрэн Б-н арьс 1 ширхэг, хүрэн Б-н сарвуу 4 ширхэг, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа хүрэн Б-н гавал яс 1 ширхэг, Б-н эрүүний яс 1 ширхэг зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Х.Ю-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан сангийн анги 18031, замаг 739 дугаартай галт зэвсэг болох винтов маркийн буу 1 ширхэгийг улсын орлого болгож, шүүгдэгч Х.Ю-, О.Т- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Ю-гийн өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...манай үйлчлүүлэгч Х.Ю- нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өөрийн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд өөрт оногдох хохирлоос 770.000 төгрөгийг төлсөн бөгөөд анхан шатны шийтгэх тогтоол гарсны дараа үлдсэн хохирлоо бүрэн төлсөн. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Шүүгдэгч Х.Ю-, О.Т- нарын үйлдсэн хэргийн болоод ар гэрийн нөхцөл байдал, уг хэргийн нийгмийн хор хөнөөл, хууль зүйн үр дагаврыг сайн ойлгож мэдсэн зэргийг харгалзан дээрх эрүүгийн хариуцлагын зорилготой уялдуулан заавал хорих ялыг биеэр эдлүүлж нийгмээс тусгаарлах шаардлагагүй хэмээн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх хорих ял оноосон эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд “шүүгдэгч нар хохирлоо бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр” өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн аваагүй.

Иймд дээрх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн удирдлага болгон Х.Ю-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч О.Т-ийн өмгөөлөгч Л.Мөнхтөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч О.Т- нь мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчгүй, хууль зүйн туслалцаа аваагүй хэдий ч гэмт хэргийн бодит байдлыг тогтооход иргэний үүргээ ухамсарлан, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн төдийгүй, мөрдөгчид хэргийн талаар фейсбүүк хаягаар Ю-тай харилцан ярилцаж байсан бүх бичлэг миний утсанд байгаа гэж мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд нотлох баримт болгон гаргаж өгсөн нь хэргийг шуурхай илрүүлэх, бодит байдлыг тогтооход маш их тус хүргэсэн гэж үзэхээр байна. Мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт О.Т- нь өмгөөлөгчгүй, хууль зүйн туслалцаа авч чадаагүй нөхцөл байдлаас өөрийн хувийн байдал болох ажил хөдөлмөр эрхлэлт, ам бүлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч чадаагүй. Эхнэр Балжинням нь 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн, хүү Т-ийн Эрхэсболд нь шүүх хурлын үед 2 сартай, эхнэр нь нярай биетэй байжээ. Одоо түүний эхнэр Балжинням Хан-уул дүүрэгт айлын хашаанд нярай хүүхдийн хамт ус, түлээ нүүрсээ авах, хүнсний зүйлээ авахаар гарахад хүүхдээ тэврээд явахаас өөр аргагүй нөхцөл байдалтай амьдарч байгаа болно.Ковид-19 цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, өвчлөл сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж, эх, хүүхэд халдвар авах эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа ба О.Т- нь Глобал бриджХХК-д ажиллаж, эхнэр хүүхдээ тэжээн тэтгэдэг байсан. Гэтэл О.Т- цагдан хоригдсоноор эхнэр нь нялх хүүхэдтэй ажил хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэжээ.  О.Т- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорын хохирлоо арилгаж 6.500.000 төгрөгөө төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буудуулж үхсэн Б-н арьсыг Ю-гаас авч тээвэрлэж, хадгалсан нь гэмт хэрэг гэж мэдээгүй, хайхрамжгүй хандсан, эхнэр Балжинням нь нярай биетэй, хүү О.Т-ийн Эрхэсболд нь 3 сартай зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ Энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж тус тус заасныг үндэслэн хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Х.Ю-, О.Т- нарын өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....миний үйлчлүүлэгч Х.Ю-, О.Т- нар хууль зүйн мэдлэг дутуугаас болж тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг үйлдсэн гэх бүрэн үндэстэй байна. Х.Ю-, О.Т- нар нь учруулсан хохирол болох 13.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Х.Ю- нь хувьдаа малтай цаашид торгуулийн ялыг төлж барагдуулах бүрэн боломжтой, О.Т-ийн хувьд эхнэр нь нялх биетэй, 3 сартай нялх хүүхэдтэй ар гэрийн байдал хүнд байгаа нөхцөл байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан 1 жилийн хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

 

Прокурор Х.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдэх үед шүүгдэгч нар нь улсад учруулсан хохирлыг арилгаагүй байсан. Шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тэдний гэм бурууд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч Х.Ю- нь 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын 1 дүгээр багийн нутаг “Далбаа” гэх газар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан ховор амьтны жагсаалтад орсон хүрэн Б- /эр бодьгаль/-г тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, эд эрхтэнг буюу Б-н арьс, 4 ширхэг сарвууг 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл гэртээ хадгалж, мөн өдөр О.Т-т 800.000 төгрөгөөр зарсан,

Шүүгдэгч О.Т- нь  2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын 1 дүгээр багийн нутаг “Далбаа” гэх газар Х.Ю-гаас Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан ховор амьтны жагсаалтад орсон хүрэн Б- /эр бодьгаль/-н эд эрхтэнг буюу Б-н арьс, 4 ширхэг сарвууг 800.000 төгрөгөөр худалдан авч, 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэн авчирч, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богинын амны амины орон сууцны 6 тоотод хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

 

иргэний нэхэмжлэгч Ц.Ц- “...хүрэн Б- нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар ховор амьтны жагсаалтад орсон. ...Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг нас бие гүйцсэн эр бодьгал нь 6.500.000 төгрөг, нас бие гүйцсэн эм бодьгал нь 7.500.000 төгрөг гэж тогтоосон байдаг, үүнийг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар 2 дахин өсгөж хохирол нөхөн төлүүлдэг. ...” /1хх 52-55/,

гэрч С.У-ын “...би яагаад Б- агнасан талаар асуухад мал руу Б- дайраад нэг хонь идчихсэн гэж байсан. ...” /1хх 81-82/,

гэрч Ж.С- “...2020 оны 6 дугаар сард манай нөхөр Ю- Ханх сум руу малаа маллахаар явсан. 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр над руу яриад чиний данс руу мөнгө орсон уу гэж асуусан. Тэр үед миний данс руу 420.000 төгрөг орсон байсан ба Т- гэж утган дээр нь бичсэн байсан. ...” /1хх 83-84/,

Х.Ю-гийн яллагдагчаар өгсөн “...мал руу Б- дайрахаар нь буудаж алаад О.Т-т 800.000 төгрөгөөр арьс, 4 ширхэг сарвууг зарсан. ...” /1хх 126-129/,

О.Т-ийн яллагдагчаар өгсөн “...интернэтээс Б-н арьс, сарвуу хэдэн төгрөгөөр зарагддаг талаар судлахад өндөр үнэтэй байхаар нь Ю-тай холбогдоод 800.000 төгрөгөөр авахаар болсон. 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Ю-гийн гэрт очиж Б-н арьс, сарвуугаа аваад 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод ирээд зарах гэж байгаад экологийн цагдаагийн алба хаагчид баригдсан. ...” /1хх 136-139/ гэсэн мэдүүлгүүд,

“...Шинжилгээнд ирүүлсэн амьтны хатаасан арьс, дөрвөн сарвуу нь Хүрэн Б- /Ursus arctos/-н нэг бодгаль амьтных болохыг тодорхойлов. ...Хүрэн Б- нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д зааснаар ховор зүйл. ...Шинжилгээнд ирүүлсэн амьтны арьс, сарвууны морфологи хэмжээнээс үзэхэд бие гүйцсэн, эр бодгалийнх байна. ...арьсанд хэд хэдэн нүх байгаа нь буудаж агнасан байх боломжтой байна. ...” гэх Биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх 90/, хэргийн газарт болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9-14, 15-39/, ховор амьтны гаралтай түүхий эд зүйл хүрэн Б-н гавал яс 1 ширхэг, эрүүний яс 1 ширхэг, гол төмрийн дугаар тодорхойгүй зэв эдэгдсэн, харагдах тоо нь 1031 гэх, 50 см урттай гол төмөртэй, 98 см винтов загварын бууг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 40-42/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг, тухайлбал, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тэдгээрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ю-г ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан гэмт хэргийг, шүүгдэгч О.Т-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан ховор амьтны эдийн зүйлийг худалдан авсан, тэвээрлэсэн, хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримтыг тогтоож, энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой тусган, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Х.Ю-гийн ховор ан амьтан болох хүрэн Б-г тусгай зөвшөөрөлгүйгээр агнан, түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан үйлдлийг, шүүгдэгч О.Т-ийн хууль бусаар агнасан ховор ан амьтан болох хүрэн байвгайн түүхий эд зүйлийг Х.Ю-гаас худалдан авч, тээвэрлэн, хадгалсан үйлдлийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ю-, О.Т- нарт тус бүр 1 жилийн хорих ял оногдуулж, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Ю-гийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, шүүгдэгч О.Т-ийн өмгөөлөгч Л.Мөнхтөр нар “...шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...”, шүүгдэгч Х.Ю-, О.Т- нарын өмгөөлөгч А.Ганбат “...шүүгдэгч нарт торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2-т “...амьтан...гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна, Монгол Улсын ан амьтан төрийн өмч мөн” гэж зааснаас үзэхэд ан амьтан бол үндэсний баялаг бөгөөд ан амьтдын нөөц болон нөхөн сэргэх чадвар, экологийн ач холбогдлоор нь нэн ховор, ховор, агнах нөөцтэй гэж ангилдаг байна. Шүүгдэгч нар нь тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй “ховор” амьтныг агнасан, түүхийн эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд хүмүүсийн байгальд ээлгүй хандаж, ашиг хонжоо олох, дур сонирхлоо хангах зэргээр хууль бусаар ан агнах нь байгалийн баялаг, ан амьтны төрөл, зүйлийн тоо толгой эрс хорогдох, экологи, биологи, амьдрах орчин, байршлийн бүс нутгийн тэнцвэр алдагдах зэрэг сөрөг үр дагаврыг дагуулж байдаг.

Хэдийгээр, шүүгдэгч нар хохирлоо нөхөн төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүд нь нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээгээр  их байдаг зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх үндэслэлгүй байна.

 

Харин шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн /1хх 42-45, 50/ болон хувийн байдлыг /1хх 47-49/ харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгож, торгох ялын доод хэмжээ болох 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгож, тэдгээрийн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 54 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон 810.000 төгрөгийг хасаж, торгох ялын хэмжээг 4.590.000 төгрөгөөр тогтоож, уг ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Х.Ю-г 1 жил 6 сарын, О.Т-ийг 2 жил 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Түүнчлэн, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын бүрдэл хэсэг болохынхоо хувьд агуулгаараа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өмчлөх эрхийг хязгаарлах замаар эд хөрөнгийн хомсдол, гарз учруулж түүний хувьд таагүй үр дагавар бий болгосноор цээрлэл нь илэрдэг. Иймээс ч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн эсэхийг үл харгалзан гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураан авч, улсын төсөвт шилжүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хуульчилсан болно.

 

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан галт зэвсгийг хураах үндэслэл”-ийг тусгахдаа шүүгдэгч Х.Ю-гийн гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлого болох 800.000 төгрөгийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж зааснаар шүүгдэгч Х.Ю-гийн гэмт хэргийн улмаас олсон 800.000 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, Шүүгдэгч Х.Ю-гийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, шүүгдэгч О.Т-ийн өмгөөлөгч Л.Мөнхтөр нарын “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Ганбатын “...торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй байгааг тэмдэглэж, шүүгдэгч Х.Ю-, О.Т- нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /Б.Ю- 5.730.000 төгрөг, О.Т- 6.500.000/ Төрийн банкны 100200000906 тоот дансанд тус тус төлсөн талаарх баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ю-, О.Т- нарыг тус бүр 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ю-, О.Т- нарыг тус бүр 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай. 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Ю-, О.Т- нарын 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /54х15000=810.000/ эдлэх ялаас нь хасаж, тэдгээрийн торгох ялын хэмжээг 4.590.000 /дөрвөн сая таван зуун ерэн мянга/ төгрөгөөр тогтоосугай. ...” гэсэн,

 “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ю-д оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын, шүүгдэгч О.Т-т оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Ю-, О.Т- нарт мэдэгдсүгэй. ...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ю-гийн гэмт хэргийн улмаас олсон 800.000 /найман зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай. ...” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

 

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ю- нь 5.730.000 /таван сая долоон зуун гучин мянга/ төгрөг, О.Т- нь 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Х.Ю-, О.Т- нар нь 54 /тавин дөрөв/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, тэдгээрийг нэн даруй сулласугай.

 

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                    Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН