Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 131/ШШ2020/00463

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-103-07 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* *******, ******* газарт холбогдох,

Баянхонгор аймгийн ******* Тамир, ******* газрын даргын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн Б/105 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ******* заалны зохион байгуулагчийн ажилд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 1.601.864 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.*******, түүний өмгөөлөгч , хариуцагч байгууллагын төлөөлөгч , түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 05 сарын 02-ны өдрөөс Баянхонгор аймгийн ******* Тамир, ******* газарт спорт тоглоомын дасгалжуулагчаар анх ажилд томилогдсон. Тус байгууллагад 4 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ сайн биелүүлж ирсэн. Тухайлбал волейволын дасгалжуулагчаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулж удирдан зохион байгуулсан хөвгүүдийн баг хүрэл медаль, охидын баг алтан медаль тус тус авч байсан. Мөн 2017 онд Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хөвгүүдийн баг алтан медаль, охидын баг мөнгөн медаль тус тус авсан. Миний бие 2017 оны Үндэсний шагайн харвааны Монгол улсын аварга, 2018 онд шагналт байр, 2017 оны Улсын шилдгийн шилдэг харваач болж байсан гэх мэт амжилтуудыг гаргасан.

Миний бие спорт заал хариуцан ажиллуулах хугацаандаа байнгын илүү цагаар ажиллаж жилийн эцэст ажлын цаг нэгтгэн бодоход 40 гаруй хоног буюу 960 гаруй цаг илүү ажилласан байдаг. 2019 оны 12 дугаар сард шүүхээр орж 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн. Энэ шүүхийн тогтоол эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу давж заалдах шатны шүүх рүү прокурорын эсэргүүцлээр шилжсэн байсан.

******* Тамир ******* Газрын дарга 2019 оны 12 сарын 17-ны өдөр намайг дуудаж чамайг ажлаас чинь хална, чи гэмт хэрэг үйлдсэн байна, прокуророос бичиг ирсэн байна гэж хэлсэн. Миний бие даргад тухайн албан тоот нь хэрэг гарах үндэслэлийг арилга гэснээс намайг ажилгүй болго, амьдралыг нь зогсоо гэсэн утга байхгүй болохыг анхааралдаа авч залуу гэр бүлийн ажил амьдралыг харж үзээч гэсэн хүсэлтийг гаргасан.

Гэтэл Баянхонгор аймгийн ******* Тамир ******* Газрын даргын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн Б/105 дугаартай тушаал гарсан. Би тушаал гарсныг тэр өдрөө мэдсэн.

Уг тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.2.2-т тус тус заасныг баримталсан байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймгийн ******* Тамир, ******* газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/105 дугаартай ******* заалны зохион байгуулагч ******* овогтой *******гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, ажил албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Би 2019 оны 09 сарын 20-ны өдөр өөрийн том хүү болох Одгэрэлийг өмөөрч хамаатны хүүхдийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, энэ бол миний буруутай үйлдэл. Энэ үйлдэлдээ би гэмшиж харамсаж байгаа. Энэ үйлдэлдээ хариуцлага хүлээсэн. Гэтэл миний гаргасан буруутай үйлдэлд давхардуулан хариуцлага хүлээлгэж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэж шүүхээс торгох ял оногдуулсан болохыг Аймгийн прокурорын газраас ирүүлсэн мэдэгдлээр мэдсэн. Уг мэдэгдлийг 2019 оны 12 сарын 06-ны өдрийн албан хаагчдын ажлын тайлан хэлэлцэх хурал дээр танилцуулахад төрийн албан хаагчид байхааргүй зан авир гарган өөрийн ёс зүйгүй үйлдэлдээ гэмшихийн оронд ... ажлын байранд хүн зодоогүй, чаддаг юм бол тушаалаа гарга ... гэсэн нь уг хүний ёс зүйгүй үйлдлийн наад захын жишээ гэж бодож байна.

2019 оноос хойш хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны хуулиар төрийн албан хаагчийн ажлын хариуцлага, төрийн албаны нэр хүнд цаашлаад байгууллагын нэр хүндэд харшлах аливаа үйлдэл гаргахгүй хариуцлагатай ажиллах талаар тухайлан заасан бөгөөд төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд ч ёс зүйгүй үйлдэл гаргасан этгээд өөрийн сайн дураар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахаар заасан байхад гэмт хэрэг үйлдэж тэр дундаа насанд хүрээгүй хүүхэд зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь багш сурган хүмүүжүүлэгчид байх ёсгүй алдаа дутагдал бөгөөд цаашид энэ ажил албан тушаалыг эрхлэхэд зан суртахууны хувьд шаардлага хангахгүй гэж үзэн ******* ******* спортын газрын даргын 2019 оны 12 сарын 20 өдрийн Б/105 тоот О.*******гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гаргасан.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.2.2-д гэмт хэрэг үйлдэж хуулийн дагуу хариуцлага хүлээсэн бол сахилгын шийтгэл оногдуулахаар заасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай шийдвэр гаргахдаа сонсох ажиллагааг 2019 оны 12 сарын 18-ны өдөр явуулж нөхцөл байдлын талаар өөртэй нь ярилцсан. Шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн гэм бурууг ухамсарлан О.******* нь ажлаас чөлөөлөгдөхөө өөрөө хүлээн зөвшөөрч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хуудас дээр гарын үсэг зурж баталгаажуулсан. Иймд:

1. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.1-д: Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40, 131-р зүйлийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулахаар заасан,

2. О.*******тэй хийсэн хөдөлмөрийн гэрээний 4.3.1-д ажилтан хууль, тогтоомж болон хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчлөөс гадна хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд гэрээг захиргааны санаачлагаар цуцлахаар заасан бөгөөд Монгол улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна,

3. Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.4-д заасан албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж, олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих гэсэн ёс зүйн шаардлагыг хангаж ажиллаагүй учир хуулийн дагуу өөрт олгогдсон эрх мэдлийн хүрээнд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 тоот Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага чангатгах тухай тогтоолын 1.8 дахь хэсэгт  төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг, гаргасан зөрчил, сахилга, ёс зүйн зөрчилд судалгаа, дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцлийг тогтоон, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах гэж заасны дагуу О.******* нь бага насны хүүхдийг зодсон гэмт хэрэг үйлдсэн болохыг Прокурорын мэдэгдлээр мэдсэн, О.*******г захиргааны ёс зүйн алдаа гаргасан гэж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:

Аймгийн ******* *******, ******* газрын даргын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн Б/105 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Учир нь уг тушаал нь Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн байна. Тухайлбал Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан ба 2019 оны 12 сарын 20-ны өдрийн ажлаас халах тушаал гарах үед шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байсан болох нь хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдож байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37-р зүйлийн 37.1.7 дахь хэсэгт зааснаар ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас тухайн ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял шийтгэгдсэн тохиолдолд тухайн ажил үүргээ гүйцэтгэхгүй байх хуулийн зохицуулалттай. Мөн ажлаас халсан тушаалд хөдөлмөрийн дотоод журмын 11.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг барьсан нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн ******* *******, ******* газарт заал зохион байгуулагчийн ажилд 5 жилийн хугацаанд үр дүнтэй ажиллаж ирсэн. Хамт олны дунд нэр хүндтэй, ажилдаа амжилт гаргаж байсан нь хэрэгт авагдсан ажлын хамт олны санал зэргээр харагдаж байна. Нэхэмжлэгчийн гаргасан амжилтууд нь шагайн харвааны улсын мэргэн цолтой, /монгол бөхийн цолоор бол даяар дуурсагдах дархан аварга гэх цолтой дүйцэхүйц цолтой/, сурын спортоор хичээллэдэг, гар бөмбөгийн дасгалжуулагч ажилтай хүн. Иймээс Баянхонгор аймгийн ******* *******, ******* газрын даргын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн Б/105 дугаар тушаал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрх зүйн дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч О.*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 11.2.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ажлаас халах тушаал гаргасан байдаг. Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан байгууллагын нэр хүндийг унагасан, гарсан гэмт хэргийн талаар байгууллагад нэн даруй мэдэгдээгүй, мөн хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтан гэмт хэрэг үйлдэж, хуулийн хариуцлага хүлээсэн зэрэг ажлаас шууд халах зөрчлийг гаргасан тул нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Нэхэмжлэгчийн ажил нь заал зохион байгуулагч болон арга зүйч багшийн ажил, энэ нь өдөр тутам байнга хүүхэд, залуучуудтай харьцдаг онцлогтой ажил байхад нэхэмжлэгч нь бага насны хүүхдийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь түүний ёс суртахуун, зан араншин энэ албан тушаалд тохирохгүй гэж үзсэн нь үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч байгууллагын хурал дээр чаддаг юм бол тушаалаа гаргаад ажлаас хал гэж хэлчихээд гараад явсан талаар хурлын тэмдэглэлд дурдсан байгаа нь өөрийн гэм буруугаа хүлээхгүй, алдаагаа ухамсарлаагүй байгаа нь харагдаж байгаа юм. ******* *******, ******* газрын дарга нь тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, байгууллагын дотоод журмын 11.2.2 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.3.3-ийн Е дүгээр заалтанд байгууллагын нэр хүнд унагасан, Ж дүгээр заалт гэмт хэргийг үйлдсэн бол байгууллагад нэн даруй мэдэгдэх гэсэн заалтуудыг зөв хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч гэм буруутай нь тогтоогдсон гэж үзэж байна. 2019 оны 11 сарын 25-ны өдөр гарсан шийтгэх тогтоолын дагуу Прокурорын газраас мэдэгдэл очсоны дагуу ажлаас халсан тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.******* нь Баянхонгор аймгийн ******* Тамир, ******* газрын даргын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн Б/105 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ******* заалны зохион байгуулагчийн ажилд эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 1.601.864 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч О.******* нь бага насны хүүхдийг зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тухай Прокурорын газраас мэдэгдэл ирсэн тул түүнийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.2.2-т заасныг зөрчсөн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас халсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч О.******* нь Баянхонгор аймгийн ******* *******, ******* газрын даргын 2019 оны 02 сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаалаар Дөвөнт заалны зохион байгуулагчийн ажилд томилогдон ажиллаж байгаад тус газрын даргын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн Б/105 тоот тушаалаар бага насны хүүхдийг зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.2-т заасныг зөрчсөн үндэслэлээр ажлаас халагдсан болох нь хэрэгт авагдсан дээрх тушаалуудын хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч О.*******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан, мөн заалны зохион байгуулагч багшийн ажил нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байх тул энэ маргаан нь Иргэний хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зүйлийн 128.1.2-д зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаан мөн байна.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцласан Баянхонгор аймгийн ******* *******, ******* газрын даргын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн Б/105 тоот тушаалыг хүлээн аваад гомдол, нэхэмжлэлээ тус шүүхэд 2020 оны 01 сарын 10-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд багтсан байна.

Хариуцагч Баянхонгор аймгийн ******* *******, ******* газрын даргын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн Б/105 тоот тушаалд О.*******г ажлаас халах болсон үндэслэлийг бага насны хүүхэд зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн гэж тодорхойлсон нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, үндэслэлгүй болжээ.

Тухайлбал дээрх ажлаас халах тушаал гарах үед нэхэмжлэгч О.*******г бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/295 тоот шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байсан болох нь хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 24-ны өдрийн тоот магадлалаар тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14-т: ... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан ба О.*******г гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад түүнийг гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 47-р зүйлийн 47.1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол төрийн албанаас халах заалт нь төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой буюу төрийн захиргааны, төрийн тусгай албан тушаалтай холбоотой зохицуулалт бөгөөд нэхэмжлэгч О.*******гийн хувьд төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байсан тул түүний гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон явдал нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.

Баянхонгор аймгийн ******* *******, ******* газрын Дөвөнт заалны зохион байгуулагчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14-р зүйлийн 14.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байгааг дурьдав.

Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 09 сарын 21-ний өдөр бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээсэн байхад түүнийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ... ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.3-т заасантай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч О.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Баянхонгор аймгийн ******* *******, ******* газрын даргын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн Б/105 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халсан үндэслэлтэй тохироогүй, тушаалд зөрчлийн талаар буруу тодорхойлсон, хариуцлагыг давхардуулан ногдуулсан зэргээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн, хуульд нийцээгүй байна.

Иймд Баянхонгор аймгийн ******* *******, ******* газрын даргын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн Б/105 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.*******г тус газрын Дөвөнт заалны зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин 1.601.864 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн ******* *******, ******* газарт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2019 оны 12 сарын 20-ний өдрөөс 2020 оны 03 сарын 16-ны өдрийг хүртэл ажлын 59 хоног гэж тооцсон бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д: Ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заасныг баримтлан нэхэмжлэгч О.*******гийн сарын дундаж цалин 584.214 төгрөг, өдрийн дундаж цалин нь 27.300 төгрөг гэж тооцсон болно.

Ажилгүй байсан хугацаа буюу ажлын 59 хоногийг өдрийн дундаж цалин 27.300 төгрөгөөр үржүүлж, 59 * 27.300  1.610.700 төгрөг ажилгүй байсан хугацааны цалин гарч байгаа боловч нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинд 1.601.864 төгрөгийг нэхэмжилсэн тул 1.601.864 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн ******* *******, ******* газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Баянхонгор аймгийн ******* *******, ******* газрын даргын 2019 оны 12 сарын 20-ны өдрийн Б/105 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.*******г тус газрын Дөвөнт заалны зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т  тус тус зааснаар Баянхонгор аймгийн ******* *******, ******* газраас ажилгүй байсан хугацааны цалинд 1.601.864 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.*******д олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Баянхонгор аймгийн ******* *******, ******* газарт даалгасугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7-р зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.206 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн ******* *******, ******* газраас 53.206 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.*******д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Д.ОТГОНЧУЛУУН