Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Г,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н /томилолтоор/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д,

Шүүгдэгч: Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймг3ийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ц-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-гийн Б-д холбогдох эрүүгийн 25350000000.. дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..................-нд Увс аймгийн .................. суманд төрсөн, ........настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........... инженер мэргэжилтэй, .................. сум дахь ........... ажилтай, ам бүл .......... хамт амьдардаг, Увс аймгийн .................. сумын ........дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй М овогт Б-гийн Б- (регистрийн дугаар:......................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 2025 оны 03 дугаар сарын 11-нд Увс аймгийн .................. сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэрт гэр хорооллын замд Toyota prius-20” загварын ............. улсын дугаартай авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 3 дугаар сарын 11-нд Увс аймгийн .................. сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт гэр хорооллын замд согтуугаар “Toyota prius-20” загварын ............. улсын дугаартай авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

1. Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Б.Б-ийн согтуурал шалгасан (согтуурал-1.81%) магадалгаа, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал шалгах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 5-7 дахь тал);

2. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 2024/ЗШ/498 дугаартай шийтгэврийн хуулбар, (хавтаст хэргийн 15-16 дахь тал);

3. Б.Б-ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаар /2024.08.02-2025.08.02, эрх хасагдсан/ Цагдаагийн ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” гэх баримт (хавтаст хэргийн 18 дахь тал);

4. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайд нөхөр М- миний ах Б.Б-, хадам ах Б-, Э-, О- нар 0,75 литртэй Агар нэртэй 1 шил архи тойруулж ууцгааж хөзөр тоглосон. Б.Б- ах манайд хэсэг сууж байгаад архи дуусгаад манайхаас явсан. Б.Б- ах 18 цагийн үед манайхаас гарахдаа өөрийн эзэмшлийн “Toyota prius-20” загварын ............. улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод гэрлүүгээ харихаар явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал);

5. Гэрч Г.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед манай нөхрийн хүргэн дүү М- гэх айлд цай уухаар очсон. Тэднийд очиход М- эхнэр Б.Б-, М-гийн 2 ах бид зургаа хөзөр тоглож хоол идэнгээ 0,75 литртэй Агар нэртэй нэг шил архи ууж дуусгаад 20 цагийн үед Б.Б- өөрийн эзэмшлийн “Toyota prius-20” загварын ............. улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож гэрлүүгээ харьчхаад памперс авахаар дэлгүүр орохоор явж “........” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна ирж зогсоход араас цагдаа нар ирж шалгаад манай нөхөр Б.Б-ийг та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна гэж хэлээд цагдаагийн байр руу авч явсан. Тэгэхэд би эрүүл байсан нөхөр Б.Б-эс би машинаа жолоодъё гэж хэлэхэд үгүй би өөрөө машинаа жолоодно гэж хэлээд надад жолоогоо өгөөгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал);

6. Гэрч Э.Х-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2025 онд 03 дугаар сарын 11-ний орой Увс аймгийн .................. сумын ...дугаар багийн нутаг дэвсгэрт цагдаагийн дэд ахлах Б.М-ын хамт .......... улсын дугаартай автомашинтай хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад 2024 оны 07 дугаар сард архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодох эрхээ хасуулсан Б.Б-ийн “Toyota prius-20” загварын ............. улсын дугаартай автомашин .................. сумын ... дугаар багийн нутагт “........” хүнсний дэлгүүрийн чиглэлд явсан бөгөөд тухайн автомашины араас очиход жолоочийн хүрд дээрээс буюу жолоочийн хаалганаас Б.Б- нь буугаад уг дэлгүүр рүү орсон. Б.Б- дэлгүүрээс гарч ирэх үед нь түүнийг очиж шалгахад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Цагдаагийн хэсгийн байранд очиж Б.Б-ийн согтуурлыг драгер багажаар үлээлгэн шалгахад 1,81 хувийн согтолттой байсан. 2024 оны 07 дугаар сард жолоодох эрхийн үнэмлэхээ 1 жилийн хугацаанд хасуулсан байсан. ... Toyota prius-20” загварын ............. улсын дугаартай автомашины урд талын жолоочийн хажуу суудалд түүний эхнэр Н.Д- сууж байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 26-27 дахь тал);

7. Шүүгдэгч Б.Б-ий мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрт холбогдох хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал)  болон хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэв.

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан "согтуурсан" гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

-“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж,

-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.Б- нь урьд “2024 оны 6 дугаар сарын 23-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчилд холбогдож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 2024/ЗШ/498 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б- 2025 оны 03 дугаар сарын 11-нд Увс аймгийн .................. сумын .....дугаар багийн нутаг дэвсгэрт гэр хорооллын замд “Toyota prius-20” загварын ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг “Drager 6120” загварын “ABFC-0324” серийн дугаартай, стандартын шаардлага хангасан тандагч багаж ашиглан шалгахад Б.Б-ийн амьсгал дахь спиртийн агууламж 1.81 промиль (%0) байсан нь хавтаст хэргийн 5-7 дахь талд авагдсан эрх бүхий албан тушаалтны магадалгаа, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б-ийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Иймд шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуурсан тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

3. Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүйг түүний өмгөөлөгч дэмжиж оролцсон болно.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас ямар нэгэн хохирол учирсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б- нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай. Иймд миний үйлчлүүлэгчийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, эхнэр нь бага насны хүүхдээ хараад гэртээ байдаг, мөн аав нь хүнд өвчтэй, эмчилгээнд авч явах асуудал тулгарч байгаа, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч Б.Б- нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. Би хийсэн зүйлдээ маш их харамсаж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх хүсэлт, мэдүүлэг гаргасан болно.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Б- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудсаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 45 дахь тал);

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх  дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 41-44 дэх тал) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

-Шүүгдэгч Б.Б-ийн хувийн зан байдлын талаар гэрч буюу төрсөн дүү Б.Б-, эхнэр Г.Д- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-23 дахь тал)-ийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

4. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ар гэрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2,800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

5. Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Б-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2,800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                      

                            

                                     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ