| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0105/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/119 |
| Огноо | 2025-05-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б, шүүгдэгч А.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Х овогт А-гийн Т-д холбогдох эрүүгийн 25350000001.. дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....................-нд ........ аймгийн ........ суманд төрсөн, ......настай, эрэгтэй, суурь боловсролтой, ....... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ............. хамт амьдардаг, Увс аймгийн ........... сумын .... дугаар багийн .......... тоотод оршин суух хаягтай, урьд ........аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан Х овогт А-гийн Т-, (регистрийн дугаар: ...................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Т- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар /2.79% согтолттой/ 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн ........... сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “.....” төвийн урд талын замд “Toyota prius-20” загварын ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Т- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар /2.79% согтолттой/ 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн ........... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “.....” төвийн урд талын уулзвар зам дээр “Toyota prius-20” загварын ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал);
2. Машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 2-6 дахь тал);
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/2017 дугаартай шийтгэврийн хуулбар, (хавтаст хэргийн 10-12 дахь тал);
4. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Жолооч А.Т-гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгер 6820 загварын багажаар үлээлгэж шалгахад хэмжилт-хяналтын төхөөрөмжийн заалт 2.79%. байв” гэх тэмдэглэл, согтуурал шалгах явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 20-23 дахь тал);
5. А.Т-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаар Цагдаагийн ерөнхий газрын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” гэх баримт (хавтаст хэргийн 08 дахь тал);
6. Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Хуваарийн дагуу шөнийн хөдөлгөөнт эргүүлд 17 цаг 30 минутаас 2025 оны 04 дүгээр сарын 22-ны 02 цаг 30 минутын хооронд цагдаа, зохицуулагч Г.Д-гийн хамт ........... сумын хэмжээнд үүрэг гүйцэтгэсэн. ........... сумын 3-р баг ..... төвийн урд замд ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй замын баруун тал руу шахаж зогсоход тухайн машины хажуугаар нь зөрсөн юм. Машины хажуугаар зөрөхөд машины урд гупер зүүн талаараа хагарсан, зүүн талын шанаа хэсэг чихэгдэж хонхойсон байсан бөгөөд сэжиг бүхий байхаар нь шалгахад дотроо хоёр хүнтэй байсан. ... Машины жолоочтой уулзахад А.Т- гэж хэлж байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...жолооч А.Т- гэх хүний согтуурлыг шалгахад 2,79% согтолттой гарч байсан. ... А.Т-гийн регистрийн дугаарыг хийж шалгахад 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 1 жилийн хугацаатай эрх хасуулсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал);
7. Гэрч Г.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..жолооч А.Т- гэх хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. ...багажаар шалгахад 2,79% согтолттой байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал);
8. Гэрч М.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...А.Т- нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 21 цаг өнгөрч байхад манай гэрт ганцаараа ирсэн. Манай гэрт ирээд 0,5 литрийн тус бүр 2 ширхэг лаазтай пиво ууж манай гэрт суусан. ...22 цаг өнгөрч байхад манай гэрээс гараад өөрийн гэр лүү явсан. Манайд ирэхдээ өөрийн эзэмшлийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан.Тэгээд би хажууд нь сууж явсан. А.Т- нь машинаа засварт өгчхөөд харина гэж хэлж байсан. А.Т-гийн машины зүүн талын гупер хагарсан, шанаа хэсэг нь дотогшоо гулзайсан, гэрэл нь хагарсан байсан. Тухайн машинаа хаана ийм болгосныг асуухад А.Т- нь хөдөө явж байгаад ийм болгосон гэж надад хэлж байсан. ...А.Т- бид хоёр “.....” төвийн урд зам дээр ирэх үед машин доголдоод байхаар нь баруун шахаж зогсох үед замын хоёр цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал);
9. Шүүгдэгч А.Т-гийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хууль зүйн дүгнэлт:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлд заасан "согтуурсан" гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,
-"Тээврийн хэрэгслийн жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж,
-"Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч А.Т- нь урьд “2024 оны 11 дүгээр сарын 25-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчилд холбогдож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/2017 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн" гэж үзнэ.
Шүүгдэгч А.Т-гийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн ........... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “.....” төвийн урд талын уулзвар зам дээр “Toyota prius-20” загварын ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг “Drager 6820” загварын “ARSC-0162” серийн дугаартай, стандартын шаардлага хангасан тандагч багаж ашиглан шалгахад А.Т-гийн амьсгал дахь спиртийн агууламж 2.79 промиль (%0) байсан нь хавтаст хэргийн 20-23 дахь талд авагдсан эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдож байх тул шүүгдэгч А.Т-г согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Иймд шүүгдэгч А.Т-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
3. Шүүгдэгч А.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
4. Шүүгдэгч А.Т-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч А.Т-г нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч А.Т- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч А.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
3. Прокуророос шүүгдэгч А.Т-гийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Түүнчлэн шүүгдэгч А.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал нь шүүгдэгч А.Т-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан урьдач нөхцөлүүдийг хангаж байна.
5. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч А.Т- болон түүний өмгөөлөгчид танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шүүгдэгчид ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
7. Шүүгдэгч А.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт А-гийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жил, 06 (зургаа) сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай
5. Шүүгдэгч А.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хор уршиггүй, гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч А.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ