Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Г,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүгдэгч: М.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-гийн Ж-ид холбогдох эрүүгийн 25350000000.. дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .................нд Увс аймгийн ............. суманд төрсөн, .... настай, эрэгтэй, яс үндэс Халх, дээд боловсролтой, ......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......., Увс аймгийн ............ сумын ..... дугаар багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар, мөн шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, нийт 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт М-гийн Ж- (РД: ...............);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ж- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн ............ сумын ........дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар ............ улсын дугаартай "тоёота приус-30" загварын авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч М.Ж-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.Ж- нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн ............ сумын ...........дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар ............ улсын дугаартай "тоёота приус-30" загварын авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй илрүүлсэн тухай 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Жолооч М-гийн Ж-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгер 6820 загварын багажаар үлээлгэж шалгахад хэмжилт-хяналтын төхөөрөмжийн заалт 4.27%. байв” гэх тэмдэглэл, согтуурал шалгах явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3, 6 дахь тал),

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “Цагаан өнгийн приус 30 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд баруун урд буферын хажуу хэсэгт 40х30 см талбайд хар өнгийн өнгийн зүйлд зурагдсан мөр үүссэн, уг зураасны доод хэсэгт 10х4 см талбайд будаг ховхорч унасан шинэ мөртэй, зүүн урд талын буферын хажуу хэсэгт 28х40 см мөн адил зураас үүссэнбайдалтай байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-18 дахь тал),

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “Мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд зүүн урд буфер болон хажуу кирла хэсэгт 14х3 см талбайд цагаан өнгөөр зурагдаж гэмтсэн, зүүн урд дугуйны калбак 12х14 см хагарсан байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 20-23 дахь тал),

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “Хөх өнгийн приус 20 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд баруун урд хаалга 18х14, 17х0.5 см талбад цагаан өнгөөр зурагдаж сэв суусан, будаг ховхорсон байдалтай байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 24-27 дахь тал),

- Иргэний нэхэмжлэгч Н.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09-10 цагийн үед ............ сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “............” барааны зах дотор өөрийн эзэмшлийн ............ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээ жолоодод явж байтал гэнэт хажуунаас цагаан өнгийн тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл гарч ирээд миний машины зүүн урд талын буферны хэсэг болон кирла зэргийг шүргэж, дугуйны калбаг бага зэрэг хагалчихсан. Би “Чи яаж байна” гээд буухад миний зүс таних танил залуу М.Ж- гэх залуу согтуу жолооны ард сууж байсан бөгөөд намайг хараад дахин цааш хөдлөөд явж байгаад дахин өөр тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөчихсөн юм. М.Ж- нь машинаасаа буухгүй, цааш нь явчихсан хэн цагдаа дуудсныг бүү мэд удалгүй, цагдаа хүрээд ирсэн. Өөрөөр би мэдэх зүйл байхгүй байна. Тухайн үед би ганцаараа өөрийн машинтайгаа явж байсан. Мөн зүс таних залуу ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа илт харахад согтуу байдалтай ганцаараа явсан. Мөн дахин мөргүүлсэн тоётота приус 20 маркийн машины жолооч эмэгтэй хүн ганцаараа явж байсан. Өөрөөр бидний хажууд ямар нэгэн хүн байгаагүй. Миний эзэмшлийн тээврийн хэрэгслийн зүүн урд буфер болон кирла бага хэмжээний зурагдсан байгаа мөн дугуйны калбаг мөн адил бага зэрэг хагарсан өөрөөр ямар нэгэн гэмтэл учираагүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд одоогоос 3-4 жилийн өмнө 17.000.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Нэр нь миний төрсөн охин С-ийн нэр дээр байдаг бөгөөд нэр солиулж амжаагүй байгаа юм. Надад учирсан хохирлыг М.Ж- барагдуулсан. Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39, 46 дахь тал),

- Иргэний нэхэмжлэгч С.Ө-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би .........худалдааны төвд лангуун дээр зогсож хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09-10 цагийн үед ............ сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ажил руугаа өөрийн эзэмшлийн тоёота приус 20 маркийн ............ улсын тээврийн хэрэгслээ жолоодоод ............ барааны захын хажууд ажил руугаа орох гээд машинтай явж байтал гэнэт хажуунаас цагаан өнгийн тоёота приус 30 маркийн цагаан өнгийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй үл таних залуу миний машины баруун талын хаалга шүргээд ороод ирсэн. Би тухайн машинаас хүн бууж ирэх байх гэж бодоод машинаасаа буутал үл таних залуу жолооны хүрдний ард сууж явсан залуу машинаасаа бууж ирэхгүйгээр шууд хөдлөөд хол очоод зогсчихсон. Би машины дугаарыг нь харахад ............ улсын дугаартай тоёота приус 30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан юм. Ингээд би цагдаа дуудахад удалгүй нэг цагдаа ирсэн бөгөөд тэр залуугийн машин холоос харагдаж байсан боловч, машинаасаа буугаад явчихсан уу, машиндаа байсан уу мэдэхгүй би яарч явсан тул цагдаад тухайн машиныг зааж өгөөд ажил руугаа явчихсан. Өөрөөр би мэдэх зүйл байхгүй байна. ............ улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй залуу ганцаараа явж байсан юм. Миний машины баруун хаалга зурагдаж, гэмтсэн, будаг бага зэрэг ховхорсон байсан өөрөөр ямар нэгэн гэмтэл учираагүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд 2022 онд 11.000.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Надад учирсан хохирлыг М.Ж- бүрэн гүйцэт төлж барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42, 44 дэх тал),

-Гэрч Б.Ц-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн өдрийн эргүүлээр үүрэг гүйцэтгэж байх үед өнөөдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09-10 цагийн орчимд “............ сумын ... дугаар багт байрлах ............ барааны захын орчимд согтуу жолооч машин мөргөчихлөө” гэх дуудлага иргэнээс ирсэн. Тухайн дуудлага мэдээллийн дагуу яваад очиход иргэн С.Ө-  иргэн “Миний тоёота приус 20 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг цагаан өнгийн тоёота приус-30 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөчихлөө” гэж надад хэлсэн бөгөөд тухайн С.Ө- нь “миний машиныг мөргөсөн машин энэ зогсож байна” гэж хэлээд тухайн тоёота приус-30 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зааж байсан бөгөөд тухайн машин нь мөргөсөн газраасаа зайдуу зогсчихсон байсан. Ингээд тухайн мөргүүлсэн тоёота приус 20 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг харахад баруун талын хаалга буюу жолооч талын хаалга шүргээд цагаан өнгийн зураас гарчихсан, хаалганд гэмтэл учирсан байсан юм. Би мөргөсөн гэх тоёота приус 30 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр очиход дотор нь хүн байхгүй, машины хаалга онгорхой бөгөөд машины түлхүүр нь дотроо байсан. Машинаа мөргүүлсэн С.Ө- нь эрэгтэй хүн байсан гэж байсан, тухайн машин мөргөхийн өмнө  өөр тоёота приус ............ улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг мөргөсөн баруун урд буфер болон кирла хэсэг нь мөн адил цагаан өнгөөр зурагдаж, гэмтсэн байсан. Мөн дугуйны калбак нь хагарсан байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Н.Л- нь ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг танил дүү М.Ж- жолоодож явсан гэж хэлсэн. Тухай жолооч нь согтуу байсан гэж хэлж байсан тул иргэнийг олж тогтоохоор гэрийн хаяг болох Увс аймгийн ............ сумын ... дугаар багт гэрийн хаягаар очиход гэртээ ганцаараа байсан бөгөөд гаднаас орж ирсэн байдалтай гадуур хувцастай зогсож байсан тул тухайн тоёота приус 30 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ............ сумын ... дугаар баг ............ барааны захын хажууд жолоодож яваад машин шүргэж гэмтээсэн эсэх талаар асуухад тиймээ би жолоодож яваад айгаад машинаа хаячихаад гэртээ орж ирж байна түлхүүр нь дотор нь байгаа гэж хэлсэн. Ингээд тухайн М.Ж- гэх иргэн нь илт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан тул цагдаагийн газарт авч ирж согтуурлыг нь шалгахад 4.27 хувийн согтолттой байсан бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь шалгаж үзэхэд хасагдсан байсан бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул дуудлага мэдээллийг бүртгэлд оруулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

-Шүүгдэгч М.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 02 дугаар сарын 10-ны үед байх иргэний хэргийн шүүхээс надруу утсаар залгаж манай эхнэр Х салах өргөдөл өгсөн, гэр болон хүүхдүүдээ авахаар нэхэмжлэж байгаа юм байна гэж хэлсэн. Ингээд би 2-3 хоног сэтгэл санаагаар унаж одоо ингээд юу юу ч байхгүй болж байгаа юм байна гэж бодоод гэртээ ганцаараа байх үедээ архи уусан. 2025 оны 02 дугаар сарын 13-ны өглөө босоход архи гараагүй байсан бөгөөд сэтгэлээр унаад 1 пиво авч ирээд ганцаараа гэртээ уусан. Тухайн пиво ууж дуусаад өөрийн эзэмшлийн ............ улсын дугаартай тоёота приус 30 маркийн машинаа эхнэр Х-д хүргэж өгөх зорилгоор явах замдаа 2 тээврийн хэрэгсэл мөргөж осол гаргасан. Ингээд тухайн осол болсон газар ойрхон байсан тул хөдлөөд эхнэрийн дэлгүүрийн гадна машинаа орхиод гэртээ харьсан. Удалгүй манай гэрт цагдаа нар ирсэн. Мөргөсөн машины жолооч нарын хохирлыг төлж барагдуулсан” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол...” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.

Тус зүйлийн тайлбарт: “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

Мөн зүйлийн тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно гэж,

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно” гэж тус тус хуульчлан тайлбарлажээ.

Шүүгдэгч М.Ж- нь Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 77-80 дахь тал)-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 3 жилийн хугацаагаар хасуулсан болох нь нотлогдож байгаа тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзнэ.

-2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн ............ сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 4.27% согтолттой, ............ улсын дугаартай "тоёота приус-30" загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Ж-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн ............ сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар ............ улсын дугаартай "тоёота приус-30” загварын авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч М.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Ж- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүйг түүний өмгөөлөгч дэмжиж оролцсон болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Ж- нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэний нэхэмжлэгч Н.Л-, С.Ө нарын авто машиныг мөргөж хохирол учирсан боловч хохирлыг арилгасан болох нь иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч М.Ж-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч М.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.Ж- Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар, мөн шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, нийт 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Г.Б-ы өгсөн: “М.Ж- нь .....онд Увс аймгийн ..... суманд төрсөн бөгөөд бага байх үед аав, ээж нь бурхан болчихсон бөгөөд Ж- нь манай хүргэн ах Л--ийн гэрт өсөж хүмүүжсэн юм. Ах, дүү олуулаа бөгөөд ах, эгч нар бүгд ............. хот, өөр аймаг зэрэг өөр өөр газарт амьдардаг. Увс аймагт Ж-оос өөр хүн байхгүй. Багаасаа цэцэрлэг, сургуулиар дамжиж их дээд сургуульд суралцаж .......... төгсөж байсан. Ж- нь Л- ахын гэрт өссөн, байдаг болохоор би сайн мэднэ. Ах эгч нар нь бүгдээрээ тусдаа гарчихсан тус тусын амьдралтай хүмүүс байдаг бөгөөд Ж- нь одоогоос 6-7 жилийн өмнө ............ сумын иргэн Х гэх хүнтэй албан ёсны гэр бүл болж хамтран амьдраад дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Бага байхын хөөрхөн дуу, шуутай мэндтэй, устай сэргэлэн цовоо хүү байсан. .... ажиллаж байсан гэр бүлийн асуудлаас болж ажлаасаа гарч байгаа талаар сонссон. Мөн хэд хэдэн удаа цагдаад эхнэрээсээ болоод шалгагдаж байгаа талаар сонссон. Сүүлд эхнэр нь албан ёсоор салаад гэр орон, үр хүүхдээ аваад түрээсийн байр хайж амьдарч байна гэж сонссон. Зан байдлын талаар хэлэхэд маш сэргэлэн хүнд муухай, таагүй зан гаргаж байгааг би харж байгаагүй, дандаа за ойлголоо гээд инээгээд явж байдаг хүү, яагаад ямар асуудал болоод цагдаад шалгагдаад байгааг мэдэхгүй байна. Хүнд их тусархаг, хүнийг хүндэлдэг, соёлтой боловсон харьцдаг, гэр бүлдээ уг нь их сайн халамжтай сайн аав, нөхөр байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал), гэрч А.А-ийн өгсөн: “ М- овогтой Ж- нь бага байх үед аав, ээж нь бурхан болчихсон бөгөөд манай хүргэн ах Л-ийн гэрт өсөж, хүмүүжсэн талаар бид бүгд мэддэг юм. Зан байдлын талаар маш сэргэлэн хүн бүртээ эелдэг зөөлөн харьцдаг, дандаа за ойлголоо гээд инээгээд явж байдаг хүү байсан. Хүнд их тусархаг, хүнийг хүндэлж, соёлтой боловсон харьцдаг, харьцааны маш өндөр соёлтой, харьцаа сайтай хүү юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал)-үүд хэрэгт авагдсан  байна.

Шүүхээс шүүгдэгч М.Ж-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн боловч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго биелэгдээгүй тул дараагийн шийтгэлийг хүндрүүлэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч М.Ж-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилээр хасаж,  6 (зургаа) сар  хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Ж- Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус эдлэж дууссан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/274 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жил зорчих ялаас биеэр 99 хоног эдлэж, шагналд 5 хоног авч, 261 хоногийн үйлдэгдэлтэй,

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 3 жил хасах ялаас  96 хоногийг эдлэж, 999 (2 жил 8 сар 29 хоног) хоногийн үйлдэгдэлтэй болох нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01/935 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Ж-д Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/274 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жил зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 261 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) сар хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч М.Ж-д Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (нэг) жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 999 (2 жил 8 сар 29 хоног) хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (гурав) жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэн түүний эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг 5 жил 8 сар 29 хоногоор тогтоож, хорих ял эдлэж дуусан үеэс эхлэн хугацааг тоолохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Ж-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (нэг) жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 999 (2 жил 8 сар 29 хоног) хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (гурав) жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэн түүний эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг 5 жил 8 сар 29 хоногоор тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл хасна” гэж заасанд нийцнэ.

Шүүгдэгч М.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

  Шүүгдэгч М.Ж-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-гийн Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 6 (зургаа) сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Ж-д Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/274 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жил зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 261 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) сар хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 5.7 дугаар зүйлийн 1-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч М.Ж-д Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (нэг) жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 999 хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 (гурав) жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэн түүний эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг 5 (тав) жил 8 (найм) сар 29 (хорин ес) хоногоор тогтоож, хорих ял эдэлж дуусан үеэс тоолохоор тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч М.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шүүгдэгч М.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ГАНСҮХ