Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 131/шш2020/00469

 

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг, Шинэ төгөл, 1-17-4 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-р баг, 4-р гудамж 18 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн *******д холбогдох,

4.406.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие М.*******гийн эзэмшлийн талбайг түрээслэж байгаад 2018 оны 09 сарын 07-ны өдөр уг газарт гал гарсны улмаас миний зарж байсан бэлэн хувцас шатаж 4.406.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлыг үнэлгээний газраар үнэлүүлсэн. Иймд хохирлын 4.406.000 төгрөгийг М.*******гээс гаргуулж өгнө үү. Би 2018 оны 07 сард хүний түрээслэж байсан лангууг аваад 08 дугаар сард бараагаа татаад сар болоогүй байхад 09 дүгээр сард байшин шатаж бүх бараа минь шатсан. Гал юунаас болж гарсан талаар галын дүгнэлтийг бидэнд танилцуулаагүй, мөн дуудаж гэрчийн мэдүүлэг аваагүй.

М.******* нь уг ажлын байраа засварлан наймаагаа хийж эхэлсэн, М.*******тэй таарах болгондоо хохирлоо авах талаар хэлэхэд өгнө гэж хэлдэг байсан. Үнэлгээний газраас тогтоосон үнэ болох 4.406.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч М.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 онд худалдаа, үйлчилгээний зориулалттай байр барьж ашиглалтанд оруулсан. 2018 оны 09 сарын 08-ны өдөр тухайн байранд гал гарсан. Онцгой байдлын газрын галын дүгнэлтэд гал гарсан шалтгааныг үсчний өрөөний буюу баруун хойд хэсгээс үүссэн гэсэн байсан. Энэ талбайн хэсгийг буюу 28м/кв талбайг 2017 оны 07 сард би Хандсүрэнд худалдсан.

С.******* нь 2018 оны 07 сарын сүүлээр нөөц талбайд бараа тавьж миний зөвшөөрөлгүй суусан ба гэрээ байгуулаагүй тул удаа дараа байр суллаж өгөхийг шаардсан боловч суллаж өгөөгүй.

Би гал гарсан даруйд холбогдох байгууллагад хандсан. Галын дүгнэлт 14 хоноод гарна гэсэн боловч сарын дараа гарах болсон, тэгтэл Прокурорын газраас хэргийг 7 хоногийн дотор хаасан байсан ба надаас мэдүүлэг аваагүй. Надад гал гарсаны улмаас 3.519.700 төгрөгийн хохирол учирсан. Гал гарсан байдал миний буруугаас болоогүй гэж үзэж байна. Учир нь:

1. Галын дүгнэлтэд 2017 оны 03 сард зарсан үсчний байрны талаас гал гарсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.

2. С.*******тай түрээсийн гэрээ байгуулаагүй, би тус байранд суух зөвшөөрөл өгөөгүй. Удаа дараа байрнаас гарахыг шаардсан боловч гараагүй.

3. Онцгой байдлын болон Прокурорын газрын дүгнэлтэд намайг буруутгасан үг үсэг байхгүй.

4. Би байраа засварлахад 3.519.700 төгрөг зарцуулж хохирсон. Иймд С.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь М.*******гээс эд хөрөнгөд учирсан хохирол 4.406.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч М.******* нь эс зөвшөөрч Гал гарсан нь миний буруугаас болоогүй, үсчний байрны талаас гал гарсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Мөн С.*******тай түрээсийн гэрээ байгуулаагүй, тус байранд суух зөвшөөрөл өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь 2018 оны 07 сарын 20-ны өдрөөс 2018 оны 09 сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч М.*******гийн өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р баг, Майхан цахирт байрлах үйлчилгээний зориулалттай байшинд өмчлөгчтэй гэрээ байгуулалгүйгээр өөрийн эд хөрөнгө, барааг байрлуулж, худалдаа эрхэлж байсан байна.

Энэ хугацаанд буюу 2018 оны 09 сарын 08-ны өдөр тус байшинд гал гарч С.*******гийн өмчлөлийн эд хөрөнгө болох 4.406.000 төгрөгийн бараа галд шатсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрэл зургууд, Энх-Нахиа ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 09 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 09 сарын 15-ны өдрийн 09 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

- Гал түймрийн эх үүсвэр хаанаас гарсан байж болохыг тогтоох боломжгүй, цахилгааны утас, хөрсний дээж авч Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнд явуулж шинжилгээ хийлгээгүй тул тодорхойлох боломжгүй,

 

- Гал гадны нөлөөтэй эсэхэд хариулах боломжгүй,

- Гал түймрийн тархан дэлгэрч шатсан байдал, шаталгын гүнийг хэмжиж үзэхэд үсчний өрөөний ертөнцийн зүгээр баруун хойд хэсгээс үүсвэрлэн гарч улмаар тархан дэлгэрсэн байх боломжтой гэж дурьджээ.

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч М.*******гийн өмчлөлийн дээрх үйлчилгээний зориулалттай байшинд худалдаа эрхлэхдээ өмчлөгчтэй ямар нэг гэрээ, хэлцэл байгуулаагүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд эрх, үүрэг үүсээгүй байна.

Мөн тухайн байшинд гал гарч нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө, бараа шатсан үйл явдалд хариуцагч М.*******гийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч М.*******гийн өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р баг, Майхан цахирт байрлах үйлчилгээний зориулалттай байшин 2018 оны 09 сарын 08-ны өдөр галд шатсаныг гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал гэж үзлээ.

Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.7-д: Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдлийг өмчлөгч хариуцна гэж заасан.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч С.******* нь байшин шатсан буюу гэнэтийн, давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас учирсан эрсдэл /хохирол/-ийг өөрөө хүлээх ёстой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг  тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.7-д заасныг баримтлан М.*******гээс 4.406.000 төгрөг гаргуулах тухай С.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.000 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.ОТГОНЧУЛУУН