Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/75

 

 

     2025      02         17                                        2025/ШЦТ/75

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянга,  

Шүүгдэгч Б.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Ц-д холбогдох ********************** дугаартай /1 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сум, 01 дүгээр багийн нутаг Цагаан хаалга гэх газарт Тоёота приус 30 маркын ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан /2.08 хувь/ үедээ жолоодсон” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б.Ц нь Төв аймгийн Алтанбулаг сум, 01 дүгээр багийн нутаг Цагаан хаалга гэх газарт 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01 цагийн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин 2.08 хувийн согтолттойгоор Тоёота приус 30 маркын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,

-осол хэрэг гарсан газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-6/,

-2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01 цаг 20 минутад ******* тэээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Ц-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг багажаар хэмжихэд 2.08 хувь спиртийн агууламжтай гарсныг баталгаажуулсан баримт /хх-3/,

-Б.Ц-ийн яллагдагчаар өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгаас Төв аймгийн Алтанбулаг сум руу найз болох Б-г хүргэж өгөх гээд өөрийн эзэмшдэг тээврийн хэрэгсэл болох ******* улсын дугаартай Тоёота приус 30 маркын тээврийн хэрэгслийг хамт ажилладаг Ү гэх хүнээр жолоодуулж явсан бөгөөд замдаа Б бид хоёр нэг шил 0.75 литрийн Икс гэх архи хувааж уусан. Тухайн өдрийн 22 цагийн үед Улаанбаатар хотод ирсэн бөгөөд Ү-г гэр рүү нь явуулсан. Б бид хоёр Алтанбулаг сум руу явах гэтэл согтуу байсан болохоор хамт ажилладаг Ц-р жолоогоо бариулаад Налайх дүүргээс Алтанбулаг руу хөдөлсөн. Явах замдаа Б бид хоёр машины арын суудалд 0.75 литрийн Икс гэдэг архи хувааж уусан бөгөөд 23 цагийн үед Алтанбулаг суманд Б-ыг хүргэж өгсөн. Ц бид хоёр хот руу буцсан бөгөөд 01-02 цагийн үед санагдаж байна цагаан хаалга орчим явж байтал өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслүүд гэрлээ шилжүүлэхгүй яваад байхаар нь би өөрөө жолоогоо барихаар шийдээд Ц-ыг хажуудаа суулгаад өөрөө жолоогоо барьсан. Хөдөлж байтал араас улаан өнгийн суудлын автомашин тулж ирээд гэрлээ хол дээр нь тавьчхаад яваад байсан. Хажуугаар гүйцэт түрүүлэхээр нь зөрүүлж өөрийг нь гүйцэж түрүүлээд явж байтал тухайн машин дахин намайг гүйцэж түрүүлэх гэж байхдаа наалдаж зогссон. Тэгээд мөргөлдсөн. Эвдэрсэн, гэмтсэн зүйл байхгүй байсан учир нөгөө жолооч цагдаа дуудчихаад яваад өгсөн. Нэг мэдсэн цагдаагийн хэсэгт байсан” гэх мэдүүлэг /хх-25-27/,

-“Шүүгдэгч Б.Ц-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг

-гэрч Ё.Ц-ын өгсөн: “...Б гэх хүнийг Алтанбулаг сумын цагаан хаалганы ойролцоо эхнэрт нь хүлээлгэж өгөөд Ц-тэй хамт буцаад хот руу хөдлөх гэж байсан чинь чи буу би өөрөө машинаа барина чи хажууд суу гэхээр нь би хажууд нь суугаад Ц гэх хүн намайг чи машин зөрөхөд гэрлээ шилжүүлсэн гэж уурлаад жолоо шилжүүлж авсан. Цагаан хаалганы цаад талд зогсож байтал Алтанбулаг сумаас нэг машин гарч ирсэн. Нөгөө машин хажуу талаар өнгөрөхдөө гэрлээ шилжүүлээгүй байсан. Ц гэх хүн уурлаад нөгөө машины араас яваад гүйцэт түрүүлж ард талд нь тооромзолсон тэгээд нөгөө машин нэлээн хойно үлдээд араас ирээд гүйцэж түрүүлэх гээд байсан. Улаан өнгийн машин гүйцэж түрүүлэхэд Ц гүйцэж түрүүлэх гэсэн чинь эгнээ байраа солиод гүйцэж түрүүлэх боломж олгохгүй байсан. Ц хойд талаас нь машинаараа ойрттол шүргэлцэж наалдаад зогссон” гэх мэдүүлэг /хх-9-11/

-Шүүгдэгч Б.Ц-гийн иргэний үнэмлэхийн болон хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-33-35/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Б.Ц нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1516 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаанд хасуулж, эрх хасах шийтгэлийн хугацаа дуусаагүй байх үедээ дээрх зөрчлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан шийтгэврийн хуулбар, “Эрх хасах: Улаанбаатар, Баянгол, Зөрчлийн тухай хууль 14.7.5.1, 2024.08.19-2025.08.19, 1 жил, др.0.63%, ЗШ-1108 шийдвэрийг үндэслэв” гэх жолоочийн лавлагаа, мэдээлэл баримтаар нотлогдож байна. /хх-33/

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Б.Цнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь хэлбэрийн шинжтэй байхыг тус тус шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Ц нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын санал болгосон ялын саналыг  зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгч Б.Ц нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1516 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаанд хасуулж, эрх хассан шийтгэлийн хугацаа дуусаагүй буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг сум, 01 дүгээр багийн нутаг Цагаан хаалга гэх газарт Тоёота приус 30 маркын ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан /2.08 хувь/ үедээ жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Б.Ц энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гарах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Э.Уянга: “...шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэх дүгнэлтийг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл... хориглохыг эрх хасах ял гэнэ”,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж тус тус заасан.

Хэрэгт түүний хувийн байдлыг нотлох гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, жолоочийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэхийг шалгах хуудас /хх-31-33, 37/ зэрэг авагджээ.

Шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн зүйлийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 6 сар /нийт 18 сар/-ын хугацаагаар хасаж, 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.  

Талууд шүүхэд торгох ялыг биелүүлбэл зохих хугацааны талаар тусгайлсан саналыг гаргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулын ялыг биелүүлэх хугацааг нэг сарын хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг,

Шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

***************** дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сар /нийт 18 сар/-ын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ц-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6.Шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7.Эрүүгийн ************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.

10.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт оролцогч гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХБҮРЭН