Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/125

 

     2025      03         25                                              2025/ШЦТ/125

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ууганцэцэг,

           шүүгдэгч Э.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овогт Б.О-д холбогдох *************** дугаартай /1 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.О нь Төв аймгийн Баянхангай сумын “Хүйтэн гуу” гэх газарт 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгааны улмаас Т.М-тай маргалдан улмаар түүнийг зодож, Т.М-ын биед дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, уруулын дээд хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, дээд уруулын дээд хэсэг, хацар, баруун эрхий хурууны 2 дугаар үенд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б.О нь Төв аймгийн Баянхангай сум, Хүйтэн гуу гэх газарт 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгааны улмаас Т.М-тай маргалдан улмаар Т.М-ын биед дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, уруулын дээд хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, дээд уруулын дээд хэсэг, хацар, баруун эрхий хурууны 2 дугаар үенд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.О-ийн өгсөн: “...Цагаан сарын үе таараад, эхнэр эмнэлгээр яваад мөнгөний боломж олдоогүй хохирлыг төлж чадаагүй байсан. Хохирогчийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн хохирлыг барагдуулахыг зөвшөөрч байна” гэх мэдүүлэг.

Хэрэгт авагдсан:

-Т.М-ын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан “...О нь миний зүүн талын хацар шанаа хэсэгт 2 удаа цохисон. Үүний улмаас баруун шанаа хавдаж, нүд хэсгээр хөхөрсөн тул гомдолтой байна. Миний энэ асуудлыг шалгаж өгнө үү” гэх өргөдөл /хх-1/,

-Б.О-ийн яллагдагчаар өгсөн: “2025 оны 01 дүгээр сарын 08-ны орой гэр буюу Төв аймгийн Баянхангай сум, Хөшөөт 02 дугаар баг Хүйтэн гуу гэх газарт эхнэр Г-гийн хамт байхад гаднаас манай найз болон Б эхнэр М-ын хамт ирсэн бөгөөд “2 морио алдаад эрээд явж байна, сураг гарахгүй байна” гэж байсан. Манай эхнэр хоол цай хийж өгөөд, ойрд уулзаагүй болохоор нь би 0,5 литрийн Агар нэртэй архи гаргаж, би болон эхнэр Г, найз Б, түүний эхнэр М нартай хамт хувааж уусан. ...Баянхангай сумын гуанзанд очиж 2 шил архи аваад буцаж гэрт очсон. Тэгээд бид 4 гэрт очоод авсан архиа хувааж уугаад 20 цагийн үед сүүлийн 1 шил архи дундаа орж байтал өмнө нь манай эхнэр Г нь хоёр охиндоо хурган дээл хийж өгөх гээд элдээгүй хурганы арьс байсныг зарсан байсныг мэдсэн ба тухайн үед согтуу байсан учир эхнэртэйгээ маргалдсан. Тэгсэн М эхнэр бид хоёрын дундуур ороод “Зүгээр бай” гээд миний өмсөж байсан подволк ураад хаячихаар нь уурандаа нүүрнийх нь зүүн тал руу алгадсан. Тэгээд хоорондоо эвлэрсэн бөгөөд маргааш өглөө нь манай хоёр найз яваад өгсөн” гэх мэдүүлэг /зх-45/,

-хохирогч Т.М-ын: “...2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2 морь алдаад олохгүй эрж сураад хэд хоноод 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өглөө гэрээсээ гараад нөхрийн хамт 2 морины эрэлд Аргалантын нутаг засмал замаас урагшаа Баянхангай сумын нутгаар хайж яваад оройтоод Баянхангай сумаас урагшаа байх О гэх танил найзындаа очоод хоол цай идэж уугаад байж байтал гэрийн эзэн О нэг шил архи гаргаж өгсөн. Түүнийг нь манай нөхөр, би, О, түүний эхнэр нарын хамт уугаад дараа нь Баянхангай сумын гуанз орж нөхөр бид хоёр 1 шил архи аваад О бас нэг шил архи авсан. ...буцаж очоод нөгөө авчирсан нэг шил архийг ууж дуусаад дараагийн шил архиа уугаад дундаа орж байтал О эхнэртээ агсан тавиад аяга аваад шидэх гэхээр нь О-гийн гар руу цохиод аягаа алдсан. Удалгүй архины шил аваад шидэх гэхээр нь болиулаад О-ийн эхнэрийн хамт баруун орны хажууд сууж байтал О дахиад эхнэр рүүгээ ойртож ирэхэд нь би өөдөөс нь босоод түлхтэл намайг хальт нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэр зуур эхнэр нь зугатаад гэрээсээ гараад явсан. Уурандаа О намайг барьж аваад баруун талын шанаанд гараараа нэг удаа цохиод унагаасан. Яагаад цохиж байгаа юм гэсэн чинь “Би шорондоо явна” гээд цагдаа руу залгасан” гэх мэдүүлэг /хх-6-8/,

-гэрч Б.Б-ын: “...Оэхнэрээ загнангүй байгаад байсан. Би орондоо ороод гадуур өмдөө тайлаад хэвтэх гэтэл О эхнэртэйгээ маргалдаад манай эхнэр дундуур нь орж салгаад айлын эхнэр гараад явсан. Тэр хооронд хувцсаа өмсөх зуур О манай эхнэрийг цохисон. Тэгтэл эхнэр уйлаад байсан. Би О хандаж яагаад эмэгтэй хүн цохиж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг /хх-21-22/,

-гэрч П.Г-гийн: “...нөхөр О над руу дайраад ална гээд агсраад байхаар нь М хорьсон чинь хоорондоо маргалдаад хувцас хунараа урцгаасан байсан. Тэр хугацаанд гараад ороод ирсэн чинь М-ын зүүн талын нүд шанаа хэсэг нь хавдсан байсан. Яасан гэсэн чинь танай нөхөр О намайг цохичихлоо гэсэн. Удаагүй хоорондоо эв зүйгээ олоод амарцгаасан” гэх мэдүүлэг /хх-25-26/,

-иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн: “...Т.М нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 125,283 төгрөгний зардал гарсан болох нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 23/09 дугаартай Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул зардлыг яллагдагч Б.О-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-17-18/,

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 84 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Т.М-ын биед дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, уруулын дээд хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, дээд уруулын зүүн хэсэг, хацар, баруун эрхий хурууны 2 дугаар үенд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэж /хх-34-35/,

-“Мэдээллийн санд бүртгэгдээгүй” тухай Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-58/,

-Шүүгдэгч Б.О-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-49-52/ зэрэг нотлох баримтууд болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.М-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, уг гэмтэл нь шүүгдэгч Б.О-ийн үйлдлээс учирсан, шалтгаант холбоотой болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

        Энэ хэргийн тухайд шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Б.О-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Т.М-лын эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

         Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

        Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.О нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Б.О нь Төв аймгийн Баянхангай сум, Хүйтэн гуу гэх газарт 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгааны улмаас Т.М-тай маргалдан улмаар түүнийг зодож, Т.М-ын биед дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, уруулын дээд хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, дээд уруулын дээд хэсэг, хацар, баруун эрхий хурууны 2 дугаар үенд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор Т.М-ыг хохирогчоор тогтоожээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй.

Шүүгдэгч Б.О-ийн гэм буруутай, санаатай үйлдлийн улмаас хохирогч Т.М-ын эрүүл мэндийн халдашгүй байх эрх зөрчигдөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан.

Хохирогч Т.М нь “...О /Б.О/ гараараа миний зүүн талын шанаа хэсэгт 2 удаа цохисон. Миний сэтгэцэд хор уршиг учраагүй тул сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтын дагуу хохирлоо нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн байх ба нотлох баримтаар 205,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. /хх-63-64/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ...ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”  заасан.  

 Гэм хор учруулагч этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Эд хөрөнгийн хохирол гэх ойлголтод хохирогч этгээдээс гарсан зардал хамаарна.

         Хохирогч Т.М-ын шүүхэд гаргасан баримтаас Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн 15,000 төгрөгийн баримтаар иргэнээс 0 төгрөгийн төлбөр төлсөн байх тул хохирогчоос гарсан зардалд тооцох үндэслэлгүй байна.

         Иймд нотлох баримтаар гаргаж өгсөн, тус гэмт хэргийн улмаас гарсан бодит хохиролд тооцож болох 190,000 төгрөгийг шүүгдэгч Б.О-ээс гаргуулан хохирогч Т.М-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг үндэслэлтэй гэж үзэв. (хх-12)

Хохирогч Т.М нь 2025 оны 01 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд Төв аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авахад мэс ажилбарын зардалд 43,182 төгрөг, үзлэг оношилгооны багцад 82,101 төгрөг, нийт 125,283 төгрөгийн зардал гарсан баримт, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбараар тус тус нотлогдож байна. /хх-17-18, 60-61/

 Шүүгдэгч Б.О нь хохирогч Т.М-ын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд нэхэмжилсэн эмнэлгийн тусламж үйлчилгээнүүд нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтэл, хохирлыг эмчлэхэд зарцуулагдсан гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 заасныг баримтлан шүүгдэгч Б.О-с 125,283 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Э.Ууганцэцэг: “...шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй...” гэх дүгнэлт дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж “Дүгнэлттэй холбоотой тайлбар байхгүй. Хохирлоо төлнө. Сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг төлж барагдуулна” гэв.

Хэрэгт шүүгдэгч Б.О-ийн хувийн байдлыг нотлох иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэхийг шалгах хуудас /хх-49-58/ зэрэг авагдсан.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одгэрэлд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.  

Талууд шүүхэд торгох ялыг биелүүлбэл зохих хугацааны талаар тусгайлсан санал гаргаагүй боловч шүүгдэгч, түүний тайлбарыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулын ялыг биелүүлэх хугацааг гурван сарын хугацаагаар тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн *************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1., 37.3., 38.1., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С овогт Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Б.О-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

         6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.О-ээс 190,000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.М-д олгосугай.

         7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.О-с гэм хорын хохиролд 125,283 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төвлөрүүлсүгэй.

 8.Эрүүгийн ************ дугаартай хэрэгт шүүгдэгч Б.О нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 10.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.

 11.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 12.Анхан шатны шүүхийн шийдвэрт оролцогч гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.МӨНХБҮРЭН