| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгай Отгончулуун |
| Хэргийн индекс | 131/2020/00380/И |
| Дугаар | 131/ШШ2020/00567 |
| Огноо | 2020-05-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 131/ШШ2020/00567
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг, Баялаг хотхон 82-р байр, 51 тоотод байрлах,******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, / ******* регистрийн дугаартай/
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гийх Наран хороолол 3-38А тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******д холбогдох
Зээлээр худалдан, худалдан авах гэрээний үүргийн 832.480 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь 2016 оны 03 дугаар сард 37.84 тонн нүүрс 832.480 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохирсон. Манайх гэрээгээр тохирсны дагуу нүүрсээ нийлүүлсэн. Гэтэл нүүрсний төлбөрийг гэрээний дагуу манайд төлөөгүй. Бид Улаан загалмайн хорооноос энэ мөнгийг гаргуулахаар хөөцөлдсөн боловч Улаан Загалмайн хороо нь "Манай байгууллага энэ нүүрсний мөнгийг төлөх ёсгүй. Тухайн үед байгууллагын даргаар ажиллаж байсан Д.******* гуай байгууллагын нэрээр танайхаас нүүрс аваад өөрөө хувьдаа хэрэглэсэн байсан. Иймд энэ нүүрсний мөнгийг Д.Бамдамба өөрөө төлөх ёстой" гэсэн хариу өгсөн. Иймд Д.*******ас нүүрсний үнэ 832.480 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.******* нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 37,84 тонн, 832.480 төгрөгийн үнэ бүхий нүүрс зээлээр авсан боловч төлбөрөө төлөөгүй. Хариуцагч Д.*******ас нүүрсний мөнгийг авахаар олон удаа утсаар холбогдож нэхсэн боловч төлбөрөө авч чадахгүй байгаа, утсаар ярих болгонд Д.Бамдамба нь "Би танай ажил дээр очиж уулзаад төлбөрөө төдийд төлнө" гэж хэлдэг боловч ажил дээр ирж уулзалгүй алга болдог. Би 2018 оны 10 дугаар сард ажлаа авснаас хойш хариуцагчтай байнга холбогдож, гудамжинд таарах бүртээ төлбөрөө нэхэмжилж байсан. Тэгэхээр "Би удахгүй төлнө, ажил дээр чинь очиж уулзана, түр хүлээж байгаарай" гэж аргалсаар өдий хүрсэн. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан, нүүрсний үнэ 832.480 төгрөг гаргууулах нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баялаг Орд ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн 832.400 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Баялаг Орд ХХК, хариуцагч Д.******* нар харилцан тохиролцож 2016 оны 02 сарын 01-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баялаг Орд ХХК нь 832.480 төгрөгийн үнэ бүхий 37,84 тонн нүүрсийг Д.Батдамбын зөвшөөрсний дагуу түүний жолоочид шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан нүүрс хүлээлгэн өгсөн зарлагын баримтаар тогтоогдож байна. Хариуцагч нь гэрээнд заасны дагуу "Баялаг орд" ХХК-аас 37.84 тонн нүүрсийг зээлээр худалдаж авсан боловч нүүрсний үнийг төлөөгүй байна.
Шүүх хариуцагч Д.*******д 2020 оны 04 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх хариу тайлбараа 2020 оны 04 сарын 22-ны өдрийн дотор гарган ирүүлэхийг даалгаж, 08 хоногийн хугацаа тогтоосон боловч хариуцагч нь шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа бичгээр шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т: Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн ... шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ, гэж заасныг баримтлан хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж, хариуцагч Д.*******ас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн 832.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Баялаг Орд ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.3, 100-р зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262-р зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Д.*******ас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн 832.480 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Баялаг Орд ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Баялаг Орд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.529 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ас 24.529 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Баялаг Орд ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН