| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0148/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/169 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Цогзолмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/169
2025 04 29 2025/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Цогзолмаа,
шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нарыг оролцуулан,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч У овогт О.Н-д холбогдох **************** дугаартай /1 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч О.Н нь “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн ** дүгээр байрны гадаа байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн төрсөн эх С.О-ийг "хэл амаар доромжлон" уурлан газарт түлхэн унагааж, гараараа толгойн тус газарт нь цохиж зодон түүний эрүүл мэндэд "толгойд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн:
Шүүгдэгч О.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн ** дүгээр байрны гадаа байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн төрсөн эх С.О-ийг "хэл амаар доромжлон" уурлан газарт түлхэн унагааж, гараараа толгойн тус газарт нь цохиж зодон түүний эрүүл мэндэд " толгойд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-О.Н-н өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Хэрэгт авагдсан:
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8/,
-хохирогч С.О-ийн өгсөн "... 2025 оны 02 дугаар сарын 26-ны орой Төв аймгийн Зуунмод сумын Номт 01 дүгээр баг **** тоотод би орой ажил тараад 20 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд манай гэрт манай нөхөр Д, манай хүү О.Н нар юм яриад сууж байсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад манай хүү Н нь картаа өгөөд Д-г архинд явуулсан. Д нь архинд яваад Хараа нэртэй 0.5 граммтай архи авчирсан. Тэгээд тэр архийг Д, Н нар хувааж уусан. 00 цаг болж байхад ахин манай хүү Н нь Д-д банкны картаа өгч архинд явуулсан. Д ахин Хараа нэртэй 0.5 граммтай архи авчирсан. Д-ийн авчирсан архийг Н нь "уух уу" гэж Д-ээс асуухад манай нөхөр Д нь "уухгүй" гэж хэлсэн. Миний хүү Н нь согтуу уурлаад над руу салаавч өгч намайг "биеэ үнэлдэг" гэж хэлээд доромжлоод байхаар нь би гомдож уйлаад 2025 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 01 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад цагдаа руу дуудлага өгөх гээд залгаад гэрийнхээ гадна байж байхад миний хүү Н нь гэрээс гарч ирсэн... намайг түлхэж газарт унагаад миний толгой хэсэгт гараараа 5-6 удаа цохисон. Тэгэхэд миний толгойноос цус гарсан. Тэгэхээр нь би уйлаад цагдаа руу дуудлага өгөхөөр явсан. Тэгээд би нөхөр Д-гийн хамт гэртээ очиж амарсан..." гэх мэдүүлэг /хх-17/,
-гэрч Р.Д-гийн өгсөн "... 2025 оны 02 дугаар сарын 26-ны орой би Төв аймгийн Зуунмод сумын 01 дүгээр баг 29-2-12 тоотод эхнэр О-ийн хамт байсан. Орой 21 цагийн орчим байх О-ийн хүү Н ирсэн. Тэр үед ээж О нь гартаа барьж байсан аягаа алдаж газарт унагаад "өө, лалар" гээд уулга алдсан юм. Тэгсэн хүү Н нь уурлаж "намайг лалар гэлээ" гээд муудалцсан. Удалгүй Н нь карт өгөөд намайг архинд явуулсан. Би дэлгүүрээс 0.5 граммтай Хараа нэртэй 1 шил архи авчирсан. Тэгээд миний авчирсан архинаас надад 2 удаа хийж өгсөн. Би нээх уугаагүй. Үлдсэн архийг Н өөрөө уусан. ...ахин намайг 23 цаг өнгөрч байхад архинд яваад ир гээд картаа өгөөд архинд явуулсан. Би дэлгүүр орж 0.5 граммтай Хараа нэртэй 1 шил архи авчирсан. Тэр архийг уу гэхээр нь би уухгүй гэж хэлтэл Н өөрөө авсан. Намайг сүүлд архинд яваад ирэхэд Н нь ээжтэйгээ зууралдаад толгойг нь хагалаад толгойноос нь цус гаргасан байдалтай байсан. ...цагдаа нар орж ирээд аваад гарсан. Би толгой хагалж байхыг нь хараагүй. Намайг цагдаа дээр ирэхэд О нь Н толгой хагалсан гэж хэлээд байж байсан..." гэх мэдүүлэг /хх-20/,
-О.Н-н сэжигтнээр өгсөн "... 2025 оны 02 дугаар сарын 26-ны орой 20-21 цагийн хооронд Төв аймгийн Зуунмод сумын Номт 01 дүгээр баг ** тоотод гэртээ орж ирсэн. Намайг гэрт ороход ээж О түүний нөхөр Д ах хоёр байсан. Д ах эрүүл харин ээж О нь согтуу орон дээр хэвтэж байгаад намайг хараад босоод ирсэн. Тэгээд ээж О нь согтуу байсан болохоор намайг хошного гэж доромжлоод байсан. Тэгээд би "чи өөрөө хошного биз дээ" гэх зэргээр доромжилсон. Тэгээд би банкны картаа өгөөд Д ахыг дэлгүүр рүү архинд явуулсан. Д ах дэлгүүр яваад 0.5 граммтай Хараа нэртэй архи авчирсан. Тэр архийг Д ах бид хоёр хувааж уусан. Би архи ууж чаддаггүй юм. Би 200-300 грамм уугаад л согтоод тасарчихдаг юм. Би ахиад Д ахыг дэлгүүр рүү явуулж архи авахуулсан санагдаж байна. Д ах дахин дэлгүүр яваад 0.33 граммтай Хараа нэртэй архи авчирсан. Тэр архийг ахин Д ах бид хоёр хувааж уусан. Д ах бид хоёрыг архи ууж байхад ээж маань цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд цагдаа нар ирээд ээж О бид хоёрыг аваад цагдаа дээр авчирсан. Тэгээд тэр цагдаа нар ямар ч асуудал гаргаагүй юм байна тийм болохоор явууллаа, намайг Энхтайванд байх гэртээ харьж амар гэж хэлсэн. Би цагдаагаас гараад ээжийн гэр рүү явж байхдаа салхинд цохиулаад ахин согтсон байсан. Би гэрт очоод бүдэг бадаг санаад байгаа. Ямар ч байсан ээж О нь цагдаад дуудлага өгч байгаа харагдсан. Тэгэхээр нь та болиоч ээ дөнгөж сая цагдаагаас ирж байхад ахиад цагдаад өглөө гэж би хэлсэн. Тэгсэн ээж Онь гар утсаа аваад гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би ээжийн утсыг нь авахаар араас нь гарсан. Тэгээд би гэрээс гараад ээжийг түлхэж унагаад гараараа толгой хэсэгт нь 1-2 удаа цохисон. Тэгсэн ээжийн толгойноос цус гарсан байхаар нь ээж О-ийг орхиод Энхтайванд байх өөрийн гэр рүүгээ явсан. Тэгээд би гэртээ очоод унтсан. Ээж маань намайг зүгээр байхад дахин дахин цагдаад дуудлага өгөх гээд байсан болохоор нь би болиулах гээд л түлхэж унагаад цохичихсон..." гэсэн мэдүүлэг /хх-22-23/,
-О.Н-н яллагдагчаар өгсөн: “...сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь ярьсан болохоор одоо надад нэмж ярих зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-46/
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч И.Г-ын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 162 дугаартай "... С.О-гийн биед толгойд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх-29-30/
-Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 620 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-31-32/,
-“О.Н-н өмсөж явсан цайвар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цайвар өнгийн пүүз 1 ширхэг нь зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 50 минутад хураан авч тэмдэглэл үйлдэв” гэх эд зүйл баримт бичгийг хураан авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-9/
-О.Н-н хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-13/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-61/,
-Шүүгдэгч О.Н-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-49-51/ зэрэг нотлох баримтууд болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй ба хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтууд нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээч эмчийн дүгнэлтээр хохирогч С.О-н биед “толгойд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцралт гэмтэл” буюу хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсанд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.
Энэ хэргийн тухайд, шүүгдэгч О.Н-н үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч С.О-ийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж дүгнэх үндэслэл болж байна.
Шүүгдэгч О.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу төрсөн эх С.О-ийн бие бахбодид халдан хүчирхийлэл үйлдсэн, энэхүү үлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинж үндсэн болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын О.Н-г яллагдагчаар татах тогтоол болон түүнд холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар маргаагүйг дурдав.
Иймд шүүгдэгч О.Н-н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн ** дүгээр байрны гадаа байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж төрсөн эх С.О-ийг "хэл амаар доромжлон" уурлан газарт түлхэн унагааж, гараараа толгойн тус газарт нь цохиж зодон түүний эрүүл мэндэд "толгойд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл болж байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Тус хэрэгт хохирогчоор У овогт С-гийн О-г тогтоосон байх ба хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...миний хүү Н нь гэрээс гарч ирсэн... намайг түлхэж газарт унагаад миний толгой хэсэгт гараараа 5-6 удаа цохисон. Тэгэхэд миний толгойноос цус гарсан. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.
Хохирогч С.О нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гарах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдав.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар О.Н-д шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч Б.Цогзолмаа: “...шүүгдэгч О.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цайвар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цайвар өнгийн пүүз 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохыг, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан: “...шүүгдэгч О.Н гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
эрүүгийн хариуцлага нь “тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг удирдлага болгож,
улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн ***************** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Н нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж,
эд мөрийн баримтаар цайвар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цайвар өнгийн пүүз 1 ширхэг хураагдан ирснийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц О.Н-д буцаан олгохыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,
түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.3 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У овогт О.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч О.Н-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Эрүүгийн ********************* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Н нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тооцон гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цайвар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цайвар өнгийн 1 ширхэг пүүзийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц О.Н-д буцаан олгохыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах-д үүрэг болгосугай.
10.Улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргахыг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН