| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0144/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/170 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/170
2025 04 29 2025/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
улсын яллагч М.Мөнхтайван,
шүүгдэгч Г.М,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нарыг оролцуулан
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.М-д холбогдох эрүүгийн ******************* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авснаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.М нь “2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06-07 цагийн хооронд Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутагт байрлах 2 давхар Нийтийн байрны гаднаас иргэн М.Д-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркын ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учруулсан” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудад үндэслэн:
Шүүгдэгч Г.М нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06-07 цагийн хооронд Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутагт байрлах 2 давхар Нийтийн байрны гаднаас иргэн М.Д-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Г.М-ын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би бага зэрэг уугаад согтохоороо л гэр лүүгээ харих зуршилтай. Хаана ч байсан гэр рүүгээ харьчихдаг. Тэр өдөр манай найз надад таксины мөнгө өгөөд явуулсан гэж байсан. Тэрийг нь ч би мэдээгүй. Огт ухаангүй байсан. Замын цаанаас такси барих гэж үзсэн байсан. Камер дээрээс харахад. Замын наад талд байсан машин өглөө асаалттай байхаар нь очоод дотор нь хүн байхгүй байсан учраас суугаад явсан байсан” гэх мэдүүлэг,
Хэрэгт авагдсан:
-“иргэн М.Д-с 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-01/,
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-07/
-хохирогч М.Д-н өгсөн "...2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн өглөө 06 цагт сэрээд 06 цаг 10 минутын үе гарч өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай хар өнгийн приус 20 маркын тээврийн хэрэгслээ халаах зорилгоор асааж үлдээгээд гэр рүүгээ орсон. Тэгээд би 06 цаг 30 минутын үед Улаанбаатар хот явах зорилгоор гарч ирэх үед миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн газарт алхаж ирээд хандсан алхаж ирээд цагдаагийн байгууллагад хандсан. Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутагт байх Мандал хүнсний дэлгүүрийн хойд хэсэгт байрлах 2 давхар нийтийн байрны ертөнцийн зүгээр зүүн талд шороон хөрсөн дээр зүүн зүгт харуулсан байдалтай байсан. Миний ******* улсын дугаартай хар өнгийн Приус-20 маркын тээврийн хэрэгсэл нь 2006 онд Япон улсад үйлдвэрлэгдэж Монгол улсад 2017 оны 11 сард орж ирсэн тээврийн хэрэгсэл байгаа юм. Содон шинж тэмдэг нь салхины шилний дээр хэсэгт шар өнгийн гадаад бичигтэй, тээврийн хэрэгслийн жолооч талын их гэрэл асахгүй байсан, жолоочийн эсрэг талын крыло нь хуучин хонхойсон сэвтэй байсан, урд талын буфрын доод хэсэг жижиг хагарсан байсан, өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй..." гэх мэдүүлэг /хх-11-12/,
-гэрч Э.Б-н "... Би 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн найз н.Ч-тай хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн усны аж ахуй гэх газарт байх 2 давхар нийтийн байрны 2 давхарт гэрт нь очиж хамт архи уусан. Тэгээд маргааш нь буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өглөө үүрээр манай найз 1 давхарт танил дүүгийн төрсөн өдөр болж байгаа гэхээр нь 1 давхрын өрөө рүү орох үед М буюу М тэнд байсан. Тэгээд намайг ороод удаагүй байх үед М буюу М надтай зөрөөд гарсан. Би яг сайн мэдэхгүй байна. 5-6 цагийн үед л болов уу гарч явсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-19-20/
-Хяналтын камерын бичлэгт 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийсэн 01 дугаартай мөрдөгчийн тэмдэглэлд “...Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг нийтийн байрны гадна талын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06 цаг 17 минут 05 секундээс 19 минут 00 секундийн хоорондох 1 минут 55 секундийн бичлэгийг шүүхэд 06 цаг 18 минут 02 секундэд үүдний коридор хэсгийн гэрэл асаж байгаа нь харагдаж байх бөгөөд түүний дараа 06 цаг 18 минут 07 секундэд урт хар өнгийн гадуур хувцастай, улаан өнгийн пүүз байж болохоор гуталтай, цайвар цэнхэр өнгийн өмдтэй эрэгтэй хүн гарч байгаа нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байна..." гэж /хх-41-42/,
-Хяналтын камерын бичлэгт 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийсэн 02 дугаартай мөрдөгчийн тэмдэглэлд "... Тус нийтийн байрны 1 давхрын үүдний коридор хэсгийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06 цаг 17 минут 04 секундээс 19 минут 01 секундийн хоорондох 1 минут 56 секундийн бичлэгийг шүүхэд 06 цаг 18 минут 06 секундэд хохирогчийн алдагдсан гэх тээврийн хэрэгслийн гэрэл асаж байх бөгөөд 06 цаг 20 минут 33 секундэд хар өнгийн урт гадуур хувцастай цайвар өнгийн цамцтай хүн урдаас хойд зүгт зам дагуу алхаж байх бөгөөд 06 цаг 21 минут 19 секундэд тухайн хүн хохирогчийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгаар тээврийн хэрэгсэлд сууж 06 цаг 22 цаг 34 минутад хөдлөөд засмал замд нийлж хойд зүгт явж байгаа нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байна..." гэж /хх-43-44/,
-Хяналтын камерын бичлэгт 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үзлэг хийсэн 03 дугаартай мөрдөгчийн тэмдэглэлд “Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн төвд нэгдсэн хяналттай тус байгийн нутаг ... үсчний уулзвар, солонгын уулзвар гэх газрын камерын бичлэгт ...жолооч талын гэрэл асахгүй, хар өнгийн тээрийн хэрэгсэл гэрлэн дохиот хэсэгт ирж зогсож, ... зүүн зүгт эргэж байгаа нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байна” гэж (хх-ийн 45-46 дугаар тал).
-"Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 06/41 дугаартай эвдэрсэн эд ангийн шууд зардал 1,200,000 төгрөг, шууд бус зардал 455,000 төгрөг, нийт хохирлын үнэлгээ 1,655,000 төгрөг" гэх шинжээчийн дүгнэлт /хх-51-61/,
-Тээврийн хэрэгсэлд мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үзлэг хийсэн “... урд талын буфер эвдрэлтэй, баруун урд крыло хонхойж эвдэрсэн, шил арчигчийн шингэний сав унасан, сетка хагарсан, баруун урд талын дугуйны таг хагарсан.." гэх тэмдэглэл /хх-25-29/,
-Эд зүйл /тээврийн хэрэгсэл/ хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-30-31/
-******* улсын дугаартай хар өнгийн Приус-20 маркын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-66/,
-"Аллианс капитал" ББСБ-ийн ******* улсын дугаартай Тоёота Приус 20 маркын тээврийн хэрэгсэл нь компанийн өмчлөлд бүртгэлтэй боловч иргэний хуульд заасны дагуу хууль ёсны эзэмшигч нь М.С бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр тээврийн хэрэгсэлд хохирол учирсан бол М.С хариуцахаар болсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох боломжгүй..." гэх албан бичиг /хх-73/,
-М.С-ны гэрчээр өгсөн “...********* улсын дугаартай Тоёота Приус 20 маркын тээврийн хэрэгслийг би өөрийн нэр дээр зээлээр гаргуулж өөрийн ажилтан М.Д-д авч өгч байсан. Энэ учир нь манай "Марбупаинт" ХХК нь өөрийн сайн ажилтнаа шагнаж хуучин тээврийн хэрэгслээр шагнах гэж байгаад 8,000,000 төгрөг бэлнээр өгөхөөр болоод үлдсэн мөнгийг нь өөрөө гаргаад машин авчих гэсэн чинь М.Д-н нэр дээр зээл гарахгүй байсан учир М.Д-н өмнөөс би өөрийнхөө нэр дээр "Аллианс капитал" ББСБ-аас зээл гаргуулж тээврийн хэрэгслийг нь авч өгсөн. Одоо тухайн тээврийн хэрэгслийн зээлийг М.Д төлж явж байгаа бөгөөд энэхүү тээврийн хэрэгслийг М.Д унаж ашиглаж байгаа. Би ямар нэгэн байдлаар хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно..." гэх мэдүүлэг /хх-15-16/,
-хохирогч М.Д “...Г.М нь машин барьж явахдаа юм мөргөж хохирол учруулсан. Хохиролд 1,500,000 төгрөгийг Г.М нь өгсөн болохоор миний бие гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй..." гэх хүсэлт /хх-71/,
-Яллагдагч Г.М-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Бид нар Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн усны аж ахуй гэх газарт үйл ажиллагаа явуулдаг нийтийн байранд уулзаж тухайн газарт 1 давхарт 2 ортой 1 тоот өрөөг хоногоор хөлсөлж авсан. Тухайн үед би нэлээн согтуу тасарсан байсан. Түүнээс хойш болсон явдлыг санахгүй байгаа ба уг үйл явдал болсны дараа би мөрдөгчийн дуудсанаар ирж өөрийнхөө машин авч явж байгаа хяналтын камерын бичлэгийг үзээд өөрийгөө байна гэдгийг танисан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан байсан..." гэх мэдүүлэг /хх-23-24,81-82/,
шүүгдэгч Г.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-86-90/ зэрэг нотлох баримт болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч М.Мөнхтайван “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр мөн эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан идэвхтэй үйлдэл байгаа бөгөөд бусдын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсны үйлдлийн улмаас учруулсан хохирол төлбөр шаардахгүй. Үйлдэл хийснээр төгсдөг гэмт хэрэг учраас гэмт хэрэг гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, бусдын тээврийн хэрэгслийг авч, эзэмшигчид хохирол учруулсан үйлдлээрээ төгсдөг гэмт хэрэг гэж тодорхойлсон. Тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр гэдэгт авч явсан тээврийн хэрэгслийг ямар нэгэн байдлаар завшиж, ашиг хонжоо олох байдлаар үйлдэгддэггүйгээрээ бусад гэмт хэргээс ялгагдах онцлогтой. Түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзсэн учраас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн зүгээс 1,500,000 төгрөгийн хохирлыг авсан нь баримтаар ирүүлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.М “хэлэх зүйлгүй” гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж
Мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Г.Мнь М.Д-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06-07 цагийн хооронд Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутагт байрлах 2 давхар нийтийн байрны гаднаас тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, авч явсны улмаас тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан нь нотлогдон тогтоогдсон.
“Тээврийн хэрэгсэл” гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрийн автомашин, чиргүүл, цахилган тээврийн хэрэгслийг ойлгоно.
“Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардахгүй, үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Уг үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Г.М нь бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж эзэмшигчийн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг дур мэдэн авсан үйлдэл нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учир, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгчийн бусдын тээврийн хэрэгслийг өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр асаалттай байхаар нь өөрөө жолоодож авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд Г.М нь М.Д-н эзэмшлийн Тоёота Приус 20 маркын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06-07 цагийн хооронд Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн нутагт байрлах 2 давхар нийтийн байрны гаднаас тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, авч явсны улмаас тээврийн хэрэгсэлд хохирол гэмтэл учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор М.Д-г хохирогчоор тогтоожээ.
Шүүгдэгч Г.М-ын гэм буруутай, санаатай үйлдлийн улмаас хохирогч М.Д-н өмчлөх эрх зөрчигдөж, тээврийн хэрэгсэлд нь 1,655,000 төгрөгийн хохирол учирсан, хоорондоо шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон.
Шүүгдэгч Г.М нь М.Д-н тээврийн хэрэгсэлд учруулсан хохиролд 1,500,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч М.Д хохирол төлбөр барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул уг тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв. /хх-71/
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Улсын яллагч М.Мөнхтайван: “Шүүхээс шүүгдэгч Б овогт Г.М-ыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан үзэж хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байна. Иймд Г.М-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаагаар төлүүлэх саналтай байна. Г.М-ад урьд 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай. Цагдан хоригдсон хоноггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Эд мөрийн баримтаар тооцогдсон Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалуулах саналтай” гэх дүгнэлтийг,
-шүүгдэгч Г.М “Хэлэх зүйл байхгүй” гэж мэдүүлэв.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
Эрүүгийн хариуцлага нь “тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2.”хохирол төлбөрийг барагдуулсан” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж сонгох ялтайгаар хуульчилсан.
Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн саналыг үндэслэн шүүгдэгч Г.М-д оногдуулсан торгох ялыг биелүүлбэл зохих хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн ************** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргаж,
шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8., 36.10., 36.13., 37.1., 38.1., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.М-д оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Г.М-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Эрүүгийн *************** дугаартай хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон “нийт 13 минут 29 секундын камерийн бичлэг хураасан 1 ширхэг Сиди /cuandie DVD-R 16x/-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу хүргүүлсүгэй.
10.Шүүхийн шийдвэрийг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11.Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН