| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0049/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/172 |
| Огноо | 2025-05-01 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | Б.Цогзолмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/172
2025 05 01 2025/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
улсын яллагчаар хяналтын прокурор Б.Цогзолмаа,
шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Амартүвшин,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг нарыг оролцуулан,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох ********** дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авснаар, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 02 дугаар багийн нутаг Улаанбаатараас Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 95 дахь километрийн шонгийн ойролцоо иргэн Д.Б-рын эзэмшлийн ********* улсын дугаартай Хино ренжер маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан иргэн Д.А-ийн жолоодож явсан *********** улсын дугаартай Тоёота приус 41 маркын тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 25 настай эмэгтэй Г.Т, 5 настай эрэгтэй О.О нарын амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудад үндэслэн:
“Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 02 дугаар багийн нутаг Улаанбаатараас Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 95 дахь километрийн шонгийн ойролцоо иргэн Д.Б-ын эзэмшлийн ******* улсын дугаартай Хино ренжер маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан иргэн Д.А-ийн жолоодож явсан ******* улсын дугаартай Тоёота приус 41 маркын тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 25 настай эмэгтэй Г.Т, 5 настай эрэгтэй О.О нарын амь насыг хохироосон” үйл баримт буюу гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Х.Б-ын өгсөн: “2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 21 цаг өнгөрч байхад Төв аймгийн Сэргэлэн сумын 02 дугаар багийн нутаг Улаанбаатараас Дундговь аймаг явах замд явж байсан. Харанхуй байсан учраас гэрлийн гялбаанаас баримжаа алдаад осол хийсэн. Энэ хэргийг үйлдсэндээ маш их эмгэнэж байна. Амь насыг нөхөж болдог байсан бол. Нөхөж болохгүй учраас уучлаарай гэж хэлье гэх мэдүүлэг,
Хэрэгт авагдсан:
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ийн гэрчээр өгсөн... “Би 2024 оны 7 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн орчим Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу өөрийн төрсөн охин болох Г.Т болон 2 зээ болох О.О, О.О нарын хамт дөрвүүлээ өөрийн ******* улсын дугаартай усан цэнхэр Приус-41 маркын тээврийн хэрэгсэлтэй гарсан. Гараад замдаа явж байгаад Төв аймгийн Баянцагаан сумын нутагт замаараа 1 танил айлаар орчхоод орой 21 цагийн үед хөдлөөд Улаанбаатар чиглэлд явж байсан. Тэр үед гадаа гэгээ тасарч байсан, айлын гаднаас хөдлөхөд машины rэрэл acaагаад хөдөлсөн. Засмал зам дээр явж байтал сөрөг урсгалаас бидний явж байсан тал руу урсгал cөрөөд том оврын ачааны тээврийн хэрэгсэл яваад байсан. Би тэр машиныг урсгал сөрөөд яваад байхаар нь өөдөөс нь гэрлээрээ хэд хэдэн удаа шилжүүлээд дохиод байтал ямар нэгэн өөрчлөлт байхгүй өөдөөс орж ирээд тас буугаад мөргөлдсөн. Тэр үед би ухаан алдаж хэсэг хугацааны дараа ухаан ортол хүүхэд уйлж байгаа чимээ сонсогдсон. Хоёр хүүгийнхээ алийг нь уйлж байгаа юм бол доо гэж бодоод би сэргээд осолд орсноо мэдэж хүүхдүүдээ хартал хамгийн бага зээ хүү О.О хойд талын суудлын дор ээжийнхээ хөлд дээшээ хараад уйлж байсан. Би хажуу тийшээ хартал О.О зүүн урд талын суудал дээр байхаар татаад авах гэтэл гарахгүй байсан. Тэгээд би машины хаалгыг онгойлгож гараад хойд хаалгыг нээгээд хойноос бага зээ хүү О.О-ыг авч машинаас гаргасан. Тэр үед охин Г.Т-г дуудтал толгой тархи нь цус болчихсон ямар нэгэн хариу өгөөгүй сэргэхгүй байсан. Би хөдөлгөж болохгүй юм байна гэж бодоод хөдөлгөөнгүй хэсэг зуур ухаан алдсан амьд байх болов уу гэж горьдож байсан. Тэгээд О.О-ыг тэврээд замын хүмүүсээс тусламж гуйхад замын машинууд зогсохгүй байж байгаад 1 машинтай 2 залуу зогсоод надад тусалж машины зүүн урд хаалгыг онгойлгож О.О-ийг гаргаж ирсэн. Тэр үед О.О ухаан алдсан ухаангүй байсан. Замын хүмүүс энэ хүүхдийг эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй юм байна гээд замын хүмүүс тусалж О.О-ийг замын хүний машинд суулгаад Төв аймгийн эмнэлэг рүү явуулсан. Тэгээд би охиноо гаргаж авах гээд хүмүүсийг туслаач гэхэд замын зарим хүмүүс ийм хүнийг хөдөлгөж болохгүй гэхээр нь би Г.Т-г хөдөлгөлгүй түргэн ирэхийг хүлээсэн. Тэр осол болсон газар гар утасны сүлжээ байхгүй би утсаар ярих гээд замын машинд суугаад сүлжээ хайгаад явсан. Би осол болсон газраас Төв аймаг тал руу хэсэг явж байгаад сүлжээтэй газар ирээд нөхөр хүүхдэдээ мэдэгдсэн. Сүлжээ хайгаад явахаас өмнө нөгөө мөргөлдсөн том машины жолооч болох залуу бид нар дээр ирэхээр нь би чи яагаад цагаан зураас даваад орж явж байгаа юм бэ гээд уйлсан. Тэгээд утсаар ярих гэж явах гэтэл мөргөлдсөн том машины жолооч би яадаг ч байсан танай хүүг харж байя та энэ хүмүүстэй яваад гэрийнхэндээ хэл гээд О.О-ыг тэврээд үлдсэн. Би утсаар ярьж хэл дуулгаад байж байтал өөдөөс цагдаагийн машин ирээд би цагдаагийн машинд суугаад буцаад хэрэг болсон газар ирсэн. Тухайн газар ирэхэд нөгөө том машины жолооч залуу О-ыг тэврээд зогсож байсан..." гэх мэдүүлэг /1хх-54-55/,
-Д.А-ийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “Талийгаач Г.Т нь 1999 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд миний 2 дахь охин болж төрсөн. …Миний зээ болох талийгаач О.О нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн... Миний хувьд гомдолтой байна. Би ослын улмаас эрүүл мэндэд өөрчлөлт гарсан. Зүрх судасны үйл ажиллагаа өөрчлөгдөж, даралт байнга ихэсдэг болсон. Миний ходоод маш их өвддөг болсон. Миний хувьд өөрөө ажил хийж чадахгүй болсон. Би ажилгүй үеийн зардлаа, сэтгэл санааны хохирлоо, бусад гарсан буяны ажлын зардал, мөн машины хохирлыг, мөн айдсаасаа болоод гэртээ зээ хүүтэйгээ байх боломжгүй болоод хүмүүс бараадаж төвд байр түрээслэж байгаа, тэр байрны түрээс болон урсгал зардлыг төлүүлмээр байна" гэх мэдүүлэг /1хх-32-33, 39/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Г-гийн "... Би үнэлгээгээр гарсан зардал болон ачилтын төлбөр, журмын хашааны төлбөр, мөн наашаа цаашаа явсан зардлаа буруутай хүнээр төлүүлж авмаар байна..." гэх мэдүүлэг /1хх-41/,
-Иргэний нэхэмжлэгч Д.Б-ын “... надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /1хх-44/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн “...лавлагаагаар гарсан мөнгөн дүнг 5,913,311 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 10030002008 дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна..." гэх мэдүүлэг /1хх-52/,
-Х.Б-ын гэрчээр өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Нарантуул олон улсын худалдааны төвөөс дэлгүүрийн бараа ачаад 19 цагийн үед Өмнөговь аймаг руу танил ах болох Б-ын ********* улсын дугаартай Хино ренжер маркын тээврийн хэрэгсэлтэй ганцаараа гарсан. Улаанбаатар хотоос гараад явж байгаад Дундговь чиглэлийн замд явж байхад машин гэнэт дайвалзах шиг болоод замын эсрэг талруу ороод арга хэмжээ авч чадахгүй өөдөөс ирж байсан приус-41 маркын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж миний жолоодож явсан ******** улсын дугаартай Хино рэнжер маркын тээврийн хэрэгсэл онхолдож талаараа харсан. Осол болсны дараа би машинаас гарч приус-41 маркын тээврийн хэрэгсэл дээр гүйж очоод жолооч эмэгтэйг машинаас буулгаад дотор нь байсан хүүхдүүдийг гаргахад тусалсан. Урд талын суудал дээр байсан хүүхдийг замын машинд суулгаж Төв аймгийн эмнэлэг рүү явуулсан. Тэгээд жолооч эмэгтэй утсаар ярихаар явахад нь нөгөө жоохон хүүхдийг нь тэврээд хараад байж байсан. Хэсэг хугацааны дараа цагдаагийн алба хаагчид ирээд дараа нь түргэний машин ирсэн” гэх мэдүүлэг /1хх-57-58, 183/,
-Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 144 дугаартай “...Гавлын зүүн өмнөд хонхорын ясны олон хэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, цөмөрсөн хугарлаас баруун тийш турк эмээлийг дайрч суурь ясны баруун их далавч хүрч урдаас хойшоо, доороос дээшээ чиглэлээр үргэлжилж дагз ясны хайрс хэсэгт хүрсэн шугаман хугарал. Их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн уушгины доод дэлбэнгийн гадна гадаргын цус хуралт. Баруун уушигны доод дэлбэнгийн гадна гадаргын цус хуралт. Голтын эрхтний ар хананы цус хуралт. Нүүрний зөөлөн эдийн шарх. Гадуур цус алдалт. Хүзүү хоолойн өмнөд гадаргын зөөлөн эдийн зулгаралт. Зүрх судас, амьсгалын цочмог дутагдал. Амь хохирогч Г.Т-гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хүний хүчнээс давсан үйлчлэлээр үүсэх бөгөөд зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой. Амь хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас зурх судас, амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ" гэх шинжээчийн дүгнэлт /1хх-78-82/
-Төв аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 153 дугаартай “...Амь хохирогч О.О-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины эдийн тархмал няцрал /их тархины баруун тал бөмбөлөг болон бага тархи хэлбэр дүрсээ хадгалахгүй/. Баруун зулайн дэлбэнгийн тархины хатуу хальсан доорх цусан хураа. Их тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт. Тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал. Цээжний зүүн хөндийн хий хуралдалт. Зүүн бугалганы дунд хэсгийн далд зөрөөтэй хугарал. Нойр булчирхайн өмнөд гадаргын цус хуралт. Зүүн уушгины дээд дэлбэнгийн өмнөд гадаргын цус хуралт. Нүүрний зөөлөн эдийн зулгаралт. Хэвлийн зөөлөн эдийн зулгаралт. Их сэмжний дээд хэсгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хүний хүчнээс давсан үйлчлэлээр үүсэх бөгөөд зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. …Амь хохирогч нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ" гэх шинжээчийн дүгнэлт /1хх-94-103/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаартай "Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А /РД:**********/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас F43 дасан зохицохын хямрал, хүчтэй стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд оношлогдож байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт /1хх-166-168/
-Шинжээч С.Б-ийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 48/13, 24/246 дугаартай дүгнэлтэд: “Хэргийн материалтай танилцахад Hino Ranger маркын ****** улсын дугаартай автомашины жолооч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota Prius маркын ******* улсын дугаартай автомашины жолооч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Hino Ranger маркын ******* улсын дугаартай автомашины жолооч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг осол гарсан гэж үзэж байна..." гэж /1хх-131-133/,
-2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан лавлагааны хуудас /1хх-05/,
-2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-7-13/,
-2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт /осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол гарсан замын байдал/ /хх-14-17/,
-2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “51-89ӨМӨ улсын дугаартай Тоёото приус-41 маркын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-18-23/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар бүлэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”-ийг гэмт хэрэгт тооцохоор,
энэ гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар хүндрүүлэх шинж болгон хуульчилсан.
Шүүгдэгч Х.Б-ын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хоёр хүний амь насыг хохироосон үйлдэл нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болохыг дурдаж,
шүүгдэгч Х.Б нь 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 02 дугаар багийн нутаг Улаанбаатараас Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 95 дахь километрийн шонгийн ойролцоо иргэн Д.Б-ын эзэмшлийн ******* улсын дугаартай Хино ренжер маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас өөдөөс ирж явсан Д.А-ийн жолоодож явсан ******* улсын дугаартай Тоёота приус 41 маркын тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 25 настай эмэгтэй Г.Т, 5 настай эрэгтэй О.О нарын амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
1.2.Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Х.Б-ын гэм буруутай, болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амьд явах эрх зөрчигдөж, 25 настай эмэгтэй Г.Т, 5 настай эрэгтэй О.О нарын амь нас хохирсон, хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ... тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор амь хохирогч Г.Т, О.О нарын хууль ёсны төлөөлөгчөөр Д.А-г тогтоож, тогтоолыг Д.А-д танилцуулжээ. /хх-155, 156/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон тогтоолд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А болон түүний өмгөөлөгч У.Х нар санал хүсэлт, гомдлыг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх аль ч үе шатанд гаргаагүй болно.
1.2.1.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-с гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт:
-оршуулгын зардалд баримтаар 21,076,026 төгрөг,
-орон сууц хөлсөлсөн зардал 9,000,000 төгрөг,
-сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 30,353,400 төгрөг,
-хүү О.О-ын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 198,000,000 төгрөгийг тус тус шаардсан.
Оршуулгын болон бусад зардлын тухайд:
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь нотлох баримтаар шаардсан оршуулгын зардал 21,076,026 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон шаардсаныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, нийт 23,000,000 төгрөгийг бэлэн мөнгө хэлбэрээр төлж барагдуулсан байна. /2 дугаар хавтасны 1-108/
Өмнөговь аймагт орон сууц хөлсөлсөн зардлыг хохирол, хор уршигт тооцон шаардсан ба уг шаардлагын хүрээнд Д.А нь иргэн Ж.Н-тай 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээг байгуулж, гэрээний төлбөрт 2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан байх ба шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-д орон сууц хөлслөх гэрээний зардал 9,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн тул шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учруулсан гэм хорын тухайд:
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж заасан тул амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д.А нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Тус хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх нь 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Д.А-тай” эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хангаж шийдвэрлэсэн. /хх-205-208/
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ийн сэтгэцэд учирсан хохирлын зэргийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас F43 Дасан зохицохын хямрал, хүчтэй стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд оношлогдож байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна” гэж тогтоосон нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцсэн байх ба уг шинжээчийн дүгнэлтийг Д.А-д танилцуулжээ. /хх-166-168, 172/
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж зааснаар,
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дахь хэсэгт заасан зарчмыг удирдлага болгон,
аргачлалын 4 дэх хэсэгт заасан сэтгэцийн эмгэгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарах нөхөн төлбөрийн хэмжээг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэснийг баримтлан,
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцохоор тогтоож,
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ...сард 660,000 төгрөг” гэж тогтоосноор (660,000 төгрөг х 45.99) тооцон, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 30,353,400 төгрөгийг шүүгдэгч Х.Б-аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-д олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Насанд хүрээгүй бүтэн өнчин хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын тухайд:
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ гэмт хэргийн улмаас О.О-ын ээж, ах хоёр нь нас барсан учраас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-т зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн 99,000,000 төгрөг, бүтэн өнчин үлдсэнтэй холбоотойгоор 2 дахин үржүүлж 198,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-т “Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно” гэж заасан.
2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү О-ыг эцэг Б.О-аар овоглож улсын бүртгэлд бүртгэгдсэн,
тус гэмт хэргийн улмаас хүү О-ын эх Г.Т-, төрсөн ах О- нар нас барсан нь хүү О.О-ыг тус гэмт хэргийн улмаас “бүтэн өнчин” болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4-т заасан үндэслэлээр хүү О.О-ын сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрх үүсээгүй байх тул шүүгдэгч Х.Б-аас 198,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.2.2.Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлын тухайд:
Энэ гэмт хэрэгтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас амь хохирогч О.О-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нийт 5,913,311 төгрөгийн зардал гарсныг иргэний нэхэмжлэгч Төв аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан тул шүүгчдэгч Х.Б нь бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсны улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх ба шүүгчдэгч тус төлбөрийг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Х.Б-аас 5,913,311 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэв. /хх-46-47/
1.2.3.Эд хөрөнгөд учруулсан хохирлын тухайд:
Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хино ренжер маркын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад иргэн Д.А-гийн жолоодож явсан ******* улсын дугаартай Тоёота приус 41 маркын тээврийн хэрэгслийг мөргөж, уг ослын улмаас шүүгдэгч Х.Б-ын унаж явсан иргэний нэхэмжлэгч/хариуцагч Д.Б-рын өмчлөлийн Хино ренжер маркын ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн өмчлөлийн Тоёота приус 41 маркын тээврийн хэрэгслүүдэд эвдрэл гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.
1.“Вендо” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Автомашин техникийн үнэлгээний тайлан” /№49281/ДД№32036500/-аар Тоёота приус 41 маркын 5189ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлыг 11,793,200 төгрөг гэж тогтоосон байна. /хх-140-142/
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Г нь “Шүүгдэгч Х.Б 28,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, гомдол саналгүй” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нь “талууд тохиролцоод анх авсан үнээр буюу 28,000,000 төгрөгөөр Монгол улсын хилээр орж ирсэн машин авахад нь зориулж 28,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр шилжүүлж өгч, хохирлыг барагдуулсан” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан банкны шилжүүлгийн баримтаар давхар нотлогдсон тул шүүгдэгч Х.Б-ыг иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлыг сайн дурын үндсэн дээр өөрөө, бүрэн төлж барагдуулсан, хохирлыг төлөх үүрэг дуусгавар болсон гэж дүгнэлээ. /хх-214/
Мөн Б.Г нь “Улаанбаатар хотын даатгал” компаниас даатгалын нөхөн төлбөрт 7,356,000 төгрөгийг шилжүүлэн авсан байгааг дурдах нь зүйтэй.
2.Шүүгдэгч Х.Б нь тээврийн хэрэгслийг Д.Б-аас тээвэр хийх зорилгоор гуйж авсан байх ба “Вендо” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Автомашин техникийн үнэлгээний тайлан” /№48780/ДД№31111589/-аар Хино ренжер маркын 1922УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлыг 9,806,200 төгрөг гэж тогтоосон байна. /хх-119-120/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс аливаа төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хариуцагч Д.Б-т холбогдуулан гаргаагүй болно.
Тус хэрэгт тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Б-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон боловч шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй тул тухайн асуудлыг хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Б Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар завсарлага авч, шүүхээс тогтоосон төлбөл зохих хохирол төлбөрөөс Д.А-ийн орон сууц хөлсөлсний зардал 9,000,000 төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ийн сэтгэцэд учирсан хохиролд 30,400,000 төгрөг, нийт 39,400,000 төгрөгийг төлж барагдуулжээ.
Дүгнэвэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-д учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тул энэ тогтоолоор тэдгээрт төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Х.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх тогтоосон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд... эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар түүнд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: “Шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Хохирол төлбөр төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг. Х.Б-ын хувийн байдал, хохирол төлсөн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн зүгээс хорих ялын дээд хэмжээг оногдуулах ялын саналыг гаргаагүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч Х.Б-ын асрамжид 10-17 насны 3 хүүхэд нь үлдсэн. Эх нь салаад явсан. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд” гэж заасан тул Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Х.Б-ын хүүхдүүдийн асран хамгаалагчийн асуудлыг харьяа сум дүүргийн Засаг даргад шийдвэрлүүлэхээр шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсч байна” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс: “Улсын яллагчийн гаргаж байгаа дүгнэлттэй санал нийлэхгүй байна. 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас нэг нь охиноо алдаж, нэг нь ээжийгээ алдаж цаашид хорвоог мөнхийн зовлонтой байх асуудал үр дагаврууд үүссэн. Энэ асуудал бол арилахгүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, үр дагавар, хор уршиг зэргийг харгалзан үзэж шүүгч хувийн байдалд ял тохирсон байх ёстойг харгалзан үзээч. Тийм учраас хуульд заасны дагуу 12 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасч, 8 жилийн хорих ялыг оноож өгөөч. Шүүхээс хувийн байдлыг харгалзан ялыг оногдуулахыг хүсч байна. Ганцаараа үлдэж байгаа хүүхдийг харгалзаж үзээсэй гэж хүсч байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Хоёр хүнээ алдсан учраас хэзээ ч энэ хохирол арилахгүй. Гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдээгүй. Тухайн хохирлыг ийм хэмжээнд хүргэнэ гэж анхнаасаа хүсч үйлдээгүй. Ийм нөхцөл байдал байгаа учраас болгоомжгүй гэмт хэрэгт хамаарна. Чин санаасаа гэмшиж байгаа байдал нь хохирол төлж байгаа байдал. Оршуулгын зардал нийт 21,071,006 төгрөгийг нэхэмжлэхэд 23,000,000 төгрөгийг төлсөн. Машины хохирол 11,793,200 төгрөгийн хохирол гарсан. Машины хохирлыг анх худалдаж авсан үнээр нь төлсөн. Хуулийн хариуцлага нь гарцаагүй байх ёстой. Хэдийгээр болгоомжгүй үйлдсэн ч гэсэн хууль өөрөө үүнийг хүндрүүлсэн. Хоёр хүний амь нас хохирсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар хүндрүүлж, санкц нь 2-8 жилийн хорих ялтай. Хөнгөрүүлэх нөхцөл байдал байснаар арай багаар оногдуулна. Х.Б-ын 3 хүүхэд нь үлдэж байгаа. Эгч нар нь цаашид харна гэсэн тул заавал асрамж тогтоолгох шаардлагагүй. Х.Б-ын хувьд бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Цаашдаа ч ухамсарлаж байгаа. Хэзээ ч энэ ул мөр арилахгүй. Үлдэж байгаа хүүхдүүдэд ч хүндээр тусч байгаа. Өөрөө гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа нь, хохирол төлбөрийг барагдуулсан, хувийн байдлыг нь харгалзаж үзээд шүүхээс хорих ялын доод хэмжээгээр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж,
Шүүгчдэгч Х.Б эцсийн мэдүүлэгтээ: “Би энэ үйл явдал болсонд харамсаж байна. Эмгэнээд ч барахгүй байна. Өөрөө тухайн нөхцөл байдлыг газар дээр нь харсан учраас ийм юм болчихоосой гэж бодоогүй. Хүний санаатай хийдэг үйлдэл биш. Хүн нүд аниад нээх хооронд болдог үйлдэл. Харамсах зүйл бол маш их байна. Хохирогчид хандаж хэлэхэд би үнэхээр харамсаж байна. Бодохгүй цаг минут байж чадахгүй. Харамсалтай байна. Хүмүүс хайртай дотны хүнээ алдахад харамсал маш их төрж байгаа. Би ч бас тэгчихгүй яав даа гээд дотроо зөндөө харамсаж байгаа ч үүнийг илэрхийлэх ямар ч боломж байдаггүй. Миний буруутай үйлдлээс гарсан учраас харамсаж байна. Маш их гэмшиж байна. Энэ хүмүүсийн өмнө маш их буруутайгаа ойлгож байна. Хойшид ч энэ буруугаа гэмшиж явах байх. Магадгүй энэ үйл явдал өнөөдрөөр төгсөхгүй учраас хожим хүнд харж явах юм байдаг бол нялх хүүхдэд сэтгэлийн туслалцаа үзүүлэх юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй байна. Маш их харамсалтай байна. Үнэхээр уучлаарай. Миний буруугаас болж ийм зүйл боллоо. Ар гэрийн байгаа нөхцөл байдлыг харж үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Х.Б нь Монгол Улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, гэрлэлтээ цуцлуулсан, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 30 дугаар байр 29 тоотод оршин суудаг талаарх Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт /иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хх-186-196/ зэрэг баримтууд авагджээ.
Шүүгдэгч Х овогт Х.Б нь ганц бие эцэг бөгөөд түүний асрамжид 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Б.Х, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Б.О, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Н нар байдаг болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2021/00830 дугаартай шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна./ХХ-193-196/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.“тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2.”гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Б-д үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдалд дүгнэлт хийж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
шүүгдэгч Х.Б-ын хувьд болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа хүлээсэн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал, шүүгдэгчийн нас, насанд хүрээгүй 3 хүүхдийг асрамждаа авсан ганц бие эцэг зэрэг хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А, иргэний нэхэмжлэгч Б.Г нарын хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж,
шүүгдэгч Х.Б-ын гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар оногдуулах ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, эдлэх ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдаж,
шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “гурван хүүхдэд асрамж тогтоолгох шаардлагагүй, эгч нар нь цаашид харна” гэх тайлбар нь хүүхдийн анхаарал халамжид байх эрхийг зөрчигдөхөд хүргэх үр дагавартай тул Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Б.Н, Б.Х, Б.О нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн ************* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,
шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13., 37.1, 37.2, 38.1., 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Х овогт Х.Б-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг арван /10/ жилийн хугацаагаар хасаж, хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай.
5.Шүүгдэгч Х.Б нь оршуулгын зардалд 23,000,000 төгрөг, орон сууц хөлсөлсөн зардалд 9,000,000 төгрөг, сэтгэцэд учруулсан гэм хорын хохиролд 30,400,000 төгрөг, нийт төгрөгийг 62,400,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-д, иргэний нэхэмжлэгч Б.Г-т 28,000,000 төгрөгийг тус тус төлснийг дурдсугай.
6.Иргэний хуулийн 511 дүгээр зүлийн 511.4-т зааснаар хүү О.О-ын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 198,000,000 төгрөгийг шүүгдэгч Х.Б-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Х.Б-с 5,913,311 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төвлөрүүлсүгэй.
8.Эрүүгийн ************* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг ирээгүйг тус тус дурдсугай.
9.Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар Б.Н, Б.Х, Б.О нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.
10.Шүүгдэгч Х.Б-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
11.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.
12.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлсүгэй.
13.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
14.Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН