Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/174

 

 

     2025      05        01                                               2025/ШЦТ/174

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

улсын яллагчаар хяналтын прокурор Э.Уянга,

шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нарыг оролцуулан,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ш.Г-т холбогдох ************* дугаартай /1 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ш.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг "Улаан зам" гэх газарт Ч.Ц-тай үл ялих зүйлээс шалтаглан түүнийг шилбүүр модоор цохиж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудад үндэслэн:

-гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-16/,

-хохирогч Ч.Ц-ын өгсөн"... Тухайн өдөр 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр баг Цагаан булаг гэх газар байх найз Ганхуяг гэх хүнийд ямааны боодог идчихээд 2 шил архи хувааж уугаад явах болоод гэрээс гараад явж байтал араас ирээд модоор цохисон. Тэгээд сумын төвийн эмнэлэгт хүргэгдсэн..." гэх мэдүүлэг /хх-22-23/,

-хохирогч Ч.Ц-рын дахин өгсөн "... 2024 оны 7 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн орчимд гэрээсээ адууныхаа эрэлд гарч адуугаа хайж яваад өдөр нь 13 цагийн орчимд хөдөө найз Г-тай тааралдаж гэрт нь очихоор болж гэрт нь очиж тэндээ ямааны боодог идэж архи, айраг, пиво ууж байгаад орой болгосон тэдний гэрт нь бас гаднаас ирсэн саахалтын Ү буюу Ү нь гэрийнхэнтэйгээ ирчихсэн бид хэд хамт найрлацгааж байгаад оройхон үед 22 цагийн орчимд гэртээ харихаар мотоциклоо унаад явж байтал араас мотоциклтой хүн дагаад яваад байхаар нь буугаад шээтэл Г мотоциклоосоо бууж ирээд зодчихоод явсан. Г тухайн үед 2 орчим алд урттай уургын ёзоор модоор намайг цохиж зодсон. Тэр модоороо миний толгой хэсэг рүү 5-6 удаа цохисон, мөн цээж, нуруу хэсэг рүү гээд таарсан газраа л цохиод байсан толгой, тархи, цээж нуруу гээд нийтдээ арван хоёр, гурав орчим удаа тэр модоороо намайг цохиж зодсон. Миний биед учирсан гэмтлийг Г учруулсан, миний толгой руу тэр модоороо цохисноос болж би тархиндаа хүнд гэмтэл авч гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Би тэр үед зодуулсандаа болж ухаан алдаад газар ойчсон. Нэг сэрэхэд толгойноос зөндөө цус гарчихсан өөрөө босоод явах тэнхэл байхгүй болохоор нь утсаар эхнэр рүү залгаж зодуулчихлаа ирээд ав гэж хэлэхэд эхнэр ирж авсан. Тэгээд сумын эмнэлэг орж үзүүлээд, маргааш нь гэмтлийн эмнэлэгт хэвтсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

-хохирогч Ч.Ц-ын дахин өгсөн "... Гэмт хэргийн улмаас надад 2,500,000 төгрөгийн хохирол учирсан. Ш.Г надад 2,500,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд хор хохирол учраагүй тул нэхэмжлэхгүй..." гэх мэдүүлэг /хх-27/,

-гэрч Б.М-ын өгсөн "... 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр 09 цагийн орчимд адуундаа явна гээд гэрээсээ ганцаараа мотоциклоо унаад гарсан. Тэгээд өдөржингөө гар утас нь холбогдохгүй байсан. Би ч нээх юм бодохгүй адуу малаа хайгаад сүлжээгүй газраар явж байгаа юм байх гэж бодоод байж байтал шөнө 23 цаг өнгөрч байхад Ц над руу залгаад би Ш.Г-т зодуулчихлаа, "Улаан зам"-ын энд байна гэхээр нь очиход нөхрийн толгойноос нь их цус гарсан нүүр, ам нь цус болчихсон, нүүр нь хавдчихсан толгойных нь ар хэсэгт хагарчихсан газар сууж байхаар нь би босгож машиндаа суулгаад мотоциклийг нь машиныхаа ачаан дээр ачиж сумын төвийн эмнэлэгт аваачиж очсон. Тэгээд сумын эмнэлэгт анхны тусламж аваад шархаа цэвэрлүүлж өвчин намдаах тариа дусал тариа хийлгээд өглөө үүрээр Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү яаралтайгаар очиж хэвтэж эмчлүүлсэн. Тухайн үед Г-ийн гэрт нь архи, пиво ууж байгаад архи тойруулж байхад нь нэгнээ алгассан гэдэг байдлаар маргаан үүссэн гэсэн..." гэх мэдүүлэг /хх-36-37/,

-гэрч А.Г-ын өгсөн "... Би сумын Эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр хонож ажиллаж байсан. 2024 оны 7 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 01 цаг 30 минутад хүнд зодуулсан гэх шалтгаантай хүн эхнэртэйгээ хамт сумын эрүүл мэндийн төвд ирсэн. Тухайн үед биеийн байдлыг нь үзэхэд зүүн талын гар шуу хавдсан, толгой ар дагзандаа цус хурсан, баруун талын мөр хавдсан нүүр гар, толгой хэсэг нь нэлэнхийдээ цустай байсан. Ц-ын гэмтэл шарх нь шинэ гэмтэл, шарх байсан. Амин үзүүлэлт нь артерийн даралт нь 120х80 амьсгалын тоо 18, зүрхний цохилт 88 байсан ба тухайн хүн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу байсан. Сэтгэл зүйн хувьд тайван бус байсан. 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад Ганхуяг гэдэг хүнд зодуулсан талаар өөрөө хэлж байсан. Зодуулахдаа модоор зодуулсан гэж хэлсэн.... гэх мэдүүлэг /хх-42/,

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3 дугаартай "...Ч.Ц-ын биед гавал яс баруун дагзны ар хэсгээс дагзны суурь хүртэл үргэлжилсэн шугаман хугарал богтос ясны доод 1/3 жижиг сэлтэрхий бүхий зөрөөтэй хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, баруун зүүн нүдний ухархай орчмын болон дагзны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, дагзанд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх толгойны томографын шинжилгээний хариунд хамар ясны хуучин хугарал тогтоогдсон байна. Ч.Ц-ын биед гавал яс баруун дагзны ар хэсгээс дагзны суурь хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, богтос ясны доод 1/3 жижиг сэлтэрхий бүхий зөрөөтэй хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, баруун зүүн нүдний ухархай орчмын болон дагзны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, дагзанд шарх бүхий гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ч.Ц-ын биед гавал яс баруун дагзны ар хэсгээс дагзны суурь хүртэл үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг богтос ясны доод 1/3 жижиг сэлтэрхий бүхий зөрөөтэй хугарал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг баруун зүүн нүдний ухархай орчмын болон дагзны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, дагзанд шарх бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тус тус тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-53-55/,

-Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ: "...хохирогч Ч.Ц 430,602 төгрөгийн тусламж үйлчилгээ авсны хохирлыг нэхэмжилнэ" гэх мэдүүлэг /хх-31, 33/,

-Яллагдагч Ш.Г-ийн өгсөн "... тухайн гэмт хэрэг Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг Улаан зам гэх газарт 2024 оны 7 дугаар сарын 20-21-ний шилжих шөнө болсон. Би хохирогч Ч.Ц-т 6,500,000 төгрөг бэлнээр өгсөн. Хохирлыг барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 430,602 төгрөгийг төлсөн..." гэх мэдүүлэг /хх-92/,  

-Шүүгдэгч Ш.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-93, 96-100/ зэрэг нотлох баримтууд болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ш.Г-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ч.Ц-ын эрх чөлөөнд халдаж, биед нь хүнд гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүх шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Ц-ын биед хүнд, хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

            Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ш.Г нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Иймд шүүгдэгч Ш.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багийн нутаг "Улаан зам" гэх газарт Ч.Ц-тай үл ялих зүйлээс шалтаглан түүнийг шилбүүр модоор цохиж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон гэж дүгнэлээ.   

Хохирол, хор уршгийн талаар:

Тус хэргийн хохирогч Ч.Ц нь “...Миний толгой руу гараараа 1-2 удаа цохисон. ...ширээн дээр байсан хутгаар зүүн талын цээж хэсэгт 1 удаа хатгачихсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, сэтгэцэд учирсан хор хохирол нэхэмжлэхгүй” гэж,

шүүгдэгч Ш.Г нь хохирогчид 6,500,000 төгрөгийг төлсөн гэж мэдүүлэх ба хохирогч Ч.Ц нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж,

Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 430,602 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: “...шүүгдэгч Ш.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй...” гэх дүгнэлт,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...шүүгдэгч Ш.Г гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн.  Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Хохирогчид хохирлоо нөхөн төлсөн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч Ш.Г-ийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй болно. 

Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-т арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.  

Талууд шүүхэд торгох ялыг биелүүлбэл зохих хугацааны талаар тусгайлсан саналыг гаргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулын ялыг биелүүлэх хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаагаар тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн **************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.3 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Ш.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-т арван мянган /10,000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая /10,000,000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-т оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Ш.Г-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6.Эрүүгийн ************* дугаартай хэрэгт шүүгдэгч Ш.Г нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.

9.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт оролцогч гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХБҮРЭН