Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 29

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг  даргалж, тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Улсын яллагч                           А.Ариунзаяа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч  Д.Батбаяр

Шүүгдэгч                                   Б.Батбаатар

                                                    Э.Ганбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Миж овогт Бүрэнбаясахын Батбаатар, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Шавь-халх овогт Энхбаатарын Ганбаяр нарт холбогдох эрүүгийн 201601000122 дугаартай  хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн , 1987 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн 29 настай,  эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот Сонгино Хайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян-уулын 28-19 тоотод оршин суух, Практикал ХХК-д жолооч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Миж овогт Бүрэнбаясахын Батбаатар РД: /НЩ87110672/

Монгол улсын иргэн , 1987 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 29 настай,  эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгино Хайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян-уулын 12-10 тоотод оршин суух, хувираа “Да Хүрээ” зах дээр авто машины худалдаа эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Шавьхалх овогт Энхбаатарын Ганбаяр РД: /ЧА87071772/

 

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Батбаатар нь Э.Ганбаяртай урьдчилан үгсэн тохиролцож, Э.Ганбаярын Е1050134 дугаартай энгийн гадаад паспортыг хурамчаар ашиглан 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн,

            Шүүгдэгч  Э.Ганбаяр нь  Б.Батбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн Е1050134 дугаартай энгийн гадаад паспортыг түүнд хурамчаар ашиглуулахаар өгч,  2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тодорхойлох  нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.Батбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “…2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр БНСАУ-ын элчин сайдын яаманд виз бүрдүүлэхээр гадаад паспротаа өгсөн байсан. 2016 оны 06 дугаар сарын 22 гэхэд виз маань гараагүй тул гадаад паспортыг минь өгөөгүй. Тэгээд хүмүүсээс дам яриа сонссон. Хүний паспортаар хил гарч болно гэж бодоод найз Э.Ганбаяраас гадаад паспортыг нь гуйж аваад Алтанбулаг хилийн боомтоор гарахаар 2016 оны 06 дугаар сарын 24-нд хил дээр ирээд  шалгагдаж байгаад баригдсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү..” гэх мэдүүлэг

           Шүүгдэгч Э.Ганбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Урд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв. Өнөөдөр нэмж ярих зүйл алга. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг

            Гэрч Д.Эрдэнэцэцэгийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би 2016 оны 06 дугаар срын 24-ний өдөр гарах чиглэлд баримт бичиг шалгагчаар ээлжинд гарч байсан. Өглөө 08.00-20.00 цаг хүртэл ажилласан. Би гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа 09 цагийн үед Ганбаяр гэх иргэний баримт бичгийг шалгасан. Гадаад паспортыг нь аваад зураг тулгалт хийхэд гадаад паспортан дээрх зураг өөртэй нь таарахгүй байсан. Тэгэхээр нь нэмэлт асуулт асуухад биеийн байцаалт регистрийн дугаараа бүгдийг зөв хэлж байсан. Би өөр бичиг баримт байна уу гэхэд байхгүй гэж хэлж байсан. Би бүртгэлийн сангаас гэр бүлийнх нь хүний биеийн байцаалтыг нь хараад эхнэрийнхээ регистрийн дугаарыг хэлнэ үү гэхэд шал өөр хүний нэр регистрийн дугаар хэлсэн. Тэгэхээр нь ээлжийн даргыг дуудан ээлжийн даргад хүлээлгэн өгсөн. Тэр анхнаасаа сэжигтэй байсан. Архи уусан, баримт бичгээ өгчихөөд өөр тийшээ харж зогсоод асуултанд хэг ёг гэж хариулж байсан. Тэгээд тасгийн дарга тэр хүнийг аваад орсон. Хамт явж байгаа хүмүүсээс нь “энэ хүний нэрийг хэн гэдэг юм” гэж асуухад хүмүүс “мэдэхгүй” гээд байсан. Тэгээд автобусанд хамт явж байгаа нэг хүн нь бүх үнэнийг хэлсэн. Паспорт нь БНСУ-ын элчин сайдын яаманд байгаа, найзынхаа паспортыг авч явж байгаа гэсэн. Тэгээд энэ тухай тасгийн даргад мэдэгдэн өөрт нь энийг нь хэлэхэд хэргээ хүлээсэн. Тэр хүн “Практикал даатгал” компанийн жолооч гэсэн. Тэдний компани Байгаль далай үзэхээр байгууллагаараа явж байгаа гэсэн юм ярьж байсан. Зөрчлийн материалыг нь бүрдүүлээд тагнуулын тасгийн хүмүүст хүлээлгэн өгсөн.....” гэх мэдүүлэг /хх-ийн 33  дугаар тал/

Гэрч Г.Бямбасүрэнгийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 06 дугар сарын 24-ний өдөр Алтанбулаг боомт дээр тасгийн даргын үүргийг гүйцэтгэж ажилласан. Б.Батбаатар гэх залуу өөрийн найз Э.Ганбаярын баримт бичгээр улсын хил нэвтрэх гэж байгаад манай шалгагч нарт саатуулагдсан байсан. Би тэр хүнийг нарийвчлан шалгаж зөрчлийн материалыг нь бүрдүүлсэн. Тэр залуугийн баримт дээрх зураг нь өөртэй нь таарахгүй илт байсан. Тэр залуугаас “энэ хэний баримт бичиг вэ” гэж асуухад “энэ миний баримт бичиг мөн” гээд гүрийгээд байсан. Энэ хүнийг илрүүлсэн шалгагч автобусанд хамт явж байсан хүмүүсээс хэн гэдгийг нь асуухад нэг хүн үнэнийг нь хэлсэн гэсэн. Тэгээд тэр залуу болохоор “Пратикал даатгал” компанийн жолооч юм байна. Тэгээд хэн гэдгийг нь мэдээд авч явсан даргыг нь дуудаад “энэ хүнийг чинь хэн гэдэг вэ” гэж асуухад дарга нь жинхэнэ нэрийг нь хэлсэн. Тэгээд энэ хүн чинь ийм бичиг баримттай явж байна гэхэд нөгөө залуу бүх үнэнээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/

Гэрч Э.Нарантуяагийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зөрчил илэрсэн. Манай шалгагч Д.Эрдэнэцэцэг, Б.Батбаатар нь Э.Ганбаяр гэх иргэний баримт бичгийг ашиглан улсын хил нэвтрэхийг завдсан хүнийг саатуулан тасгийн дарга Г.Бямбасүрэнд мэдэгдсэн. Тасгийн дарга намайг дуудаад тэр Б.Батбаатар гэдэг хүнийг нарийвчлан шалгасан. Нарийвчлан шалгахад Б.Батбаатар нь Э.Ганбаярын биеийн байцаалтыг бүгдийг мэдэж байсан гэсэн. Тэгээд тэр эхэндээ “энэ хэний паспорт бэ” гэж асуухад миний паспорт гээд гүрийгээд байсан. Тэгээд удалгүй хэргээ хүлээсэн. Ажлынхантайгаа Байгаль далай руу явж байгаа, өөрийнх нь паспорт БНСУ-ын элчин сайдын яаманд байгаа, хамт олноороо явах гээд найзынхаа паспортыг авсан гэж байсан. Тэгээд дарга бид 2 зөрчлийн материалыг нь бүрдүүлээд хилийн 101 дүгээр ангийн тагнуулын тасагт шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/

Гэрч Ц.Энхзулын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-д зааснаар” Монгол улсын хилийг гаалийн хил гэж үзнэ” гэсэн байдаг. Тиймээс хил нэвтэрсэнд тооцно. Яагаад гэвэл гаалийн бүсэд энэ хүн аль хэдийн нэвтрээд орж ирээд баримт бичгийн шалгалтан дээр баригдсан байна. Энэ хүн нь гаалийн хилийг өөр хүний баримт бичгээр нэвтрээд ороод ирсэн байна. Тийм болохоор улсын хил хууль бусаар нэвтэрсэнд тооцно. Энэ тухай дээд шүүхийн тайлбар дээр тодорхой бичсэн байгаа. Гаалийн хаалгаар орж ирсэн бол бүх юм хилд ороод ирнэ гэсэн үг. Гаалийн хяналтын Бүс гэж гаалийн хаалгаар орж ирсэнээр эхэлдэг. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ороход Гаалийн хяналтын бүс гэж бичсэн хаалга байгаа тэр хаалгаар орохдоо тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигчдынхоо тоог бичүүлснээр хил рүү тэдэн хүнтэй орлоо гэсэн баримт бичгийн бүртгэл бичигдэж байгаа ....” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/

Гэрч Ч.Болор-Эрдэнийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай хамт олон зуны амралтыг тэмдэглэхийн хүрээнд албан байгууллагынхаа хүмүүсээс санал хураасан. Тэгээд ажил болгохоор 5 гишүүнтэй зугаалгын комисс гарсан ба би комиссын гишүүнд байсан. Тэгээд комиссын шийдвэрээр ажилчдаасаа санал аваад 24-ний өдөр явъя гэж байсан боловч комиссын саналаар 23-ний орой гаръя, хэрвээ 24-ний өглөө гарвал замдаа 6 цаг явна,  хил дээр очоод гарах гэж дугаарлаж зогсоод бараг нэг хоног алдана. Тэрний оронд 23-ний орой гарвал өглөө эрт хил дээр очоод цаашаа эрт хилээр гаръя гэсэн шийдвэрт хүрсэн. Тэгээд 2016 оны 6 дугаар сарын 23-ны орой 23.00 цагт ажил дээрээ цуглан 23 цаг 40, 50 минутын үед автобусаар ОХУ-ын Улаан-Үүд хот руу аялалд гарцгаасан. Би Б.Батбаатарыг өөр хүний бичиг баримттай явж байгааг нь мэдээгүй, Б.Батбаатар уул нь өөрөө гадаад паспорттай Б.Батбаатар нь ээлжийн амралтаараа БНСУ-д аялана гэж надаас тодорхойлолт бусад шаардлагатай баримт бичгийг авч байсан. Тэгээд Б.Батбаатар өөрийн гадаад паспортыг БНСУ-д аялах зорилгоор виз хүсэхээр БНСУ-ын элчин сайдын яаманд өгсөн байсан юм байна лээ. Тэгээд хариу нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гарах ёстой байсан боловч гарах өдрөө гараагүй гадаад паспортыг нь буцааж өгөөгүй болохоор хамт олонтойгоо аялалд явж газар үзэх гээд л найзынхаа гадаад паспортыг аваад уг аялалд явсан юм байна лээ. Би Б.Батбаатарыг өөр хүний бичиг баримттай явж байгааг нь Монгол Улсын хилээр гарах үед мэдсэн. Баримт бичиг шалгадаг хүмүүс баримт бичгийг зөрчилтэй байна гээд аваад явсан. Би учрыг тодруулахад өөр хүний бичиг баримтаар явж байсан гэж байсан. Тэгээд Б.Батбаатар бидэнтэй хамт явж чадалгүй Монголдоо үлдсэн. Бид нар цааш аялалдаа яваад 28-ны үүрээр Монголд ирсэн. Аялалд хүмүүсийг сонгож аваагүй өөрсдөөс нь санал аваад явсан. Бид нар явах сонирхолтой гадаад паспорттай хүмүүүс явна гэж хэлсэн. Манай ажилчид бүгд явах сонирхолтой байсан. Б.Батбаатарын хувьд жолооч, үйлчлэгч нартаа 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байсан. Тийм болохоор явах хүсэлдээ дийлдээд өөрийнх нь гадаад паспорт гараагүй болохоор хүнээс сонссон зүйлдээ итгээд явсан байх. Б.Батбаатарын хувьд хариуцлагатай сайн ажилтан....” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/

Гэрч А.Баярсүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Практикал даатгал ХХК-д жолоочоор ажилладаг юмаа. Би Б.Батбаатартай энэ компанид хамт ажиллаад нэг жил 3 сар болж байна. Манай компани нийт 3 жолоочтой. Б.Батбаатар гүйцэтгэх захирал О.Гантөмөрийн жолооч тус компанид яг хир удаан ажилласныг би сайн мэдэхгүй байна намайг ажилд орж байхад ажилладаг байсан. Манай компани 2016 оны 06 дугаар сарын 23-ны орой Улаан-Үүд хот руу Итгэлт хамбад мөргөх, Байгаль далай үзэхээр явсан юм. Би эхлээд явахгүй гэж байсан боловч сүүлд явахаар болоод байгууллагынхаа хүмүүстэй хамт явсан. Энэ зугаалгыг байгууллагын зүгээс зохион байгуулсан. Энэ яв, тэр яв гэж шийдээгүй хүссэн хүн бүхэн явах эрхтэйгээр зохион байгуулсан. Нэг хүний 300.000 төгрөг гэж байсан. Харин жолооч үйлчлэгчийг 50 хувь хөнгөлсөн. Комисс очоод байрлах байр, автобус энэ тэрийг зохицуулсан. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 23-ныхаа орой 23.00 цаг өнгөрч байхад хотоос хөдөлсөн. Тэгээд яваад хил дээр өглөө очсон.... Тэгсэн Б.Батбаатарыг баримт бичгээ шалгуулж байхад  нэг хүн ирээд дагуулаад явсан. Бид нар тэгэхэд юу болсныг нь ойлгоогүй. Тэгсэн чинь Б.Батбаатарыг хилийн албаны хүмүүс өөр хүний баримт бичгээр хил гарах гэж оролдсон гээд түр саатуулсан гэсэн. Б.Батбаатар өөрөө гадаад паспорттай, өөрөө Солонгос улс руу явах гээд виз хөөцөлдөж байгаа материалаа БНСУ-ын элчин сайдын яаманд өгчихсөн хариу нь 06 дугаар сарын 22-ны гарна гэж ярьж байсан.  Аялах зорилгоор виз хүсэхээр БНСУ-ын элчин сайдын яаманд өгсөн байсан. Тэгээд Б.Батбаатар хил гараагүй үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/

Гэрч Б.Баттулгын 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Батбаатар миний төрсөн дүү байгаа юм. Бид эхээс дөрвүүлээ. Би айлын том Б.Батбаатар дээрээ нэг ах, нэг эгчтэй доороо нэг эрэгтэй дүүтэй....Миний дүү Б.Батбаатар нь 8 дугаар ангиа төгсөөд 2004 оноос хойш хувиараа таксины жолооч хийдэг байсан.... Тэгээд 2014 оноос Практикал даатгал ХХК-д жолоочоор ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна....Ажлынхантайгаа амралтаар явах гэж байгаад хил дээр саатуулагдсан гэсэн. Уул нь өөрөө Солонгос явах гээд паспортаа Солонгосын элчин сайдын яаманд өгчихсөн байсан гэсэн. Тэгээд өөрийнх нь гадаад паспорт гарахгүй болохоор ажлын газрынхаа хүнээс өөр хүний гадаад паспортаар явж болдог гэж сонссон юм шиг байна лээ. Миний дүү Б.Батбаатар нь урьд өмнө хэрэг төвөгт орж байгаагүй, хил ам гаргаад байдаггүй, ажилч хичээнгүй, найрсаг их хөөрхөн ааштай хүүхэд...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/

Гэрч Э.Чулууны 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Практикал даатгал ХХК-д 96-38 УБӨ улсын дугаартай Airoxpress маркын 45 хүний суудалтай автобусаар үйлчилсэн. Улаанбаатар хотоос Улаан-Үүд, Байгаль нуур үзэх маршруттай байсан. 2016 оны 06 дугаар сарын 23-ны орой 23 цаг 40, 50 минутын үед Удаанбаатар хотоос Улаан-Үүд хотын чиглэлд явсан. Тэгээд хилээр гарах үед Практикал даатгал ХХК-ний нэг залуу бичиг баримт зөрчилтэй гээд яваагүй. Бусад нь асуудалгүй хилээр гарч Улаан-Үүд хотод 2 хонож, Байгаль дээр 1 хоноод ирсэн. Яг хэдэнд ирснээ сайн санахгүй байна. Итгэлт хамба орох байсан боловч цаг нь амжихгүй болоод орж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №4300 дугаартай шинжээчийн “.... Шинжилгээнд ирүүлсэн Э.Ганбаярын нэр дээрх Е1050134 үндэсний энгийн гадаад паспорт дээрх зураг болон Б.Батбаатарын гэх 3х4 см хэмжээтэй цээж зургууд нэг хүний зураг биш байна.....гэх дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №4299 дугаартай шинжээчийн”...

  1. Шинжилгээнд ирүүлсэн “Энхбаатарын Ганбаяр” гэсэн нэртэй Е1050134 дугаартай энгийн гадаад паспорт нь шинжилгээнд тэнцэнэ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “Энхбаатарын Ганбаяр” гэсэн нэртэй Е1050134 дугаартай энгийн гадаад паспортанд засвар хийгдсэн гэх шинж тэмдэг илрэхгүй байна....” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр тал/

Шүүгдэгч Б.Батбаатарын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр тал/

Шүүгдэгч Б.Батбаатарын 2016 оны 08 дугаар сарын 30-ны мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 61дүгээр  тал/

Шүүгдэгч Э.Ганбаярын 2016 оны 08 дугаар сарын 09-ний мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр тал/

Шүүгдэгч Э.Ганбаярын 2016 оны 08 дугаар сарын 31-ний мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 66 дугаар тал/

Хилийн 0101 дүгээр ангийн дэргэдэх хилийн тагнуулын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн албан тоот, зөрчлийн материалууд /хх-ийн 3-14 дүгээр тал/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл  /хх-ийн 20 дугаар тал/

 

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-25 дугаар тал/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 31 дүгээр тал/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол. /хх-ийн 32 дугаар тал/

Шүүгдэгч Б.Батбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, лавлагаа  /хх-ийн 67-68 дугаар тал/

Шүүгдэгч Б.Батбаатарын ажил байдлын тодорхойлолт, ажилд томилсон тушаал /хх-ийн 70-72 дугаар тал /

Шүүгдэгч Э.Ганбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, лавлагаа  /хх-ийн 73-75 дугаар тал/

Шүүгдэгч Б.Батбаатарын ажил байдлын тодорхойлолт, ажилд томилсон тушаал /хх-ийн 70-72 дугаар тал /зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Батбаатар нь Э.Ганбаяртай урьдчилан үгсэн тохиролцож, Э.Ганбаярын Е1050134 дугаартай энгийн гадаад паспортыг хурамчаар ашиглан 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн,

Шүүгдэгч  Э.Ганбаяр нь  Б.Батбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн Е1050134 дугаартай энгийн гадаад паспортыг түүнд хурамчаар ашиглуулахаар өгч,  2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

 Үүнд; Гэрч Д.Эрдэнэцэцэгийн /хх33/, Г.Бямбасүрэнгийн /хх34/, Э.Нарантуяагийн /хх35/, Ц.Энхзулын /хх36/, Ч.Болор-Эрдэнийн /хх37-38/, А.Баярсүхийн /хх39-40/, Б.Баттулгын /хх41-42/, Э.Чулууны /хх44/ мэдүүлгүүд, Э.Ганбаярын гадаад паспортын хуулбар /хх-ийн 12 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №4300 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх47-48/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №4299 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх50-51/, Хилийн 0101 дүгээр ангийн дэргэдэх хилийн тагнуулын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн албан тоот, зөрчлийн материалууд /хх-ийн 3-14 дүгээр тал/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл  /хх-ийн 20 дугаар тал/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-25 дугаар тал/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 31 дүгээр тал/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 32 дугаар тал/ болон шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

Гэрч Д.Эрдэнэцэцэг, Г.Бямбасүрэн, Э.Нарантуяа, Ц.Энхзул нарын мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж  өгсөн мэдүүлгийг шүүх үнэн зөв, үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: дээрх гэрчүүд нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй, ажил үүргийн хувьд тухайн хэрэгт мэдүүлэг өгсөн байгааг дурьдах нь зүйтэй.  Дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтууд нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар батлагдаж байгаа болно.

Иймд шүүгдэгч Б.Батбаатар, Э.Ганбаяр нарын гэм буруутай үйлдэлд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89-р зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар Б.Батбаатарт, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-д тус тус зүйлчлэн ирүүлсэн нь тохирсон, шүүгдэгч Б.Батбаатарыг Э.Ганбаяртай урдчилан үгсэн тохиролцож түүний бичиг баримтыг ашиглан хууль бусаар Монгол улсын хил нэвтрэх гэмт хэрэгт, шүүгдэгч Э.Ганбаярыг Б.Батбаатартай урдчилан үгсэн тохиролцож, өөрийн Е серийн энгийн гадаад паспортыг өгч ашиглуулан шүүгдэгч Б.Батбаатарыг хууль бусаар Монгол улсын хил нэвтрэх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Б.Батбаатарын хуурамч гадаад паспорт ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа уг үйлдэл болсноос хойш мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан буюу 06 сарын хугацаа өнгөрсөн байх тул түүнд дээрх зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Батбаатарын дээрх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3-д зааснаар анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирол төлбөр байхгүй зэргийг харгалзан хөнгөрүүлж ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.      

Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч нарын эдлэх ялыг ял жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.1.2-т  зааснаар мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-д заасан гэмт хэрэг нь хүндэвтэр төрлийн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа ба мөн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар  шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, ар гэрийн байдал болон дээр дурьдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах ялыг шүүх биечлэн  эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж,  хянан харгалзах нь зүйтэй  гэж үзлээ. 

Шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Э.Ганбаярын Е-1050034 дугаар бүхий, Б.Батбаатарын Е-1297159 дугаар бүхий  энгийн гадаад паспортууд, СО613-4512 дугаартай бүгд найрамдах Солонгос улсын визний мэдүүлгийн баримт зэргийг хуулбарлан хэрэгт үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчдэд нь буцаан олгохоор тогтов.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ”...Э.Ганбаярын хувьд Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдээгүй, түүнд хилээр хууль бусаар нэвтэрсэн объектив талын үйлдэл байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм. Мөн Б.Батбаатарын хувьд хилийг бүрэн нэвтэрч гараагүй тул завдалт болгож шийдвэрлэж өгнө үү...” гэсэн санал хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь: Шүүгдэгч Б.Батбаатар нь өөрийн найз Э.Ганбаярын дэмжлэг туслалцаатайгаар түүний гадаад паспортыг ашиглан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн бөгөөд хэрэв шүүгдэгч Э.Ганбаяр өөрийн гадаад паспортыг Б.Батбаатарт өгөөгүй өөрөөр хэлбэл түүний идэвхтэй дэмжлэг туслалцаа ороогүй бол Б.Батбаатар уг гэмт үйлдлийг хэрэгжүүлэх боломжгүй юм гэж шүүх дүгнэж байна.

                Мөн Монгол улсын хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол улсын хил гэнэ” гэж, Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Монгол улсын хилийг гаалийн хил гэж үзнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл улсын хил гэдэг нь зөвхөн хилийн зурвас төдийгөөр хязгаарлагдахгүй бөгөөд гаалийн баталгаат бүс, агуулах, гаалийн хяналт шалгалтын талбай, хилийн шалган нэвтрүүлэх албаны шалгалтын бүс гэх зэргийг бүгдийг агуулсан ойлголт юм.

Иймд шүүгдэгч Б.Батбаатарын гаргасан үйлдлийг завдалтаар зүйлчилж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх дүгнэж байна.

Түүнчлэн шүүгдэгч Э.Ганбаяр нь шүүгдэгч Б.Батбаатарыг улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдэхэд идэвхтэй дэмжлэг туслалцаа үзүүлж өөрийн гадаад паспортыг түүнд шилжүүлэн өгсөн байдал нь түүнд  Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-д заасан зүйлчлэл тохирсон гэмт хэрэг үйлдэхэд хамжигчийн үүргээр оролцсон байдал нотлогдон тогтоогдсон гэм буруутай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 д зааснаар Миж овогт Бүрэнбаясахын Батбаатарыг мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1-д заасан “хуурамч бичиг баримт ашиглах” “хууль бусаар Монгол улсын хил нэвтрэх” гэмт хэрэгт, Шавь халх овогт Энхбаатарын Ганбаярыг мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-д заасан “хууль бусаар Монгол улсын хил нэвтрэх” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Батбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хуурамч гадаад паспорт ашиглах үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүгдэгч Миж овогт Бүрэнбаясахын Батбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-д зааснаар 01 жил 06 сарын хорих ял, шүүгдэгч Шавь халх овогт Энхбаатарын Ганбаярт мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-д зааснаар 01 жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.Батбаатарт оногдуулсан 01 жил 06 сарын хорих ял, шүүгдэгч Э.Ганбаярт оногдуулсан 01 жилийн хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.  

5.Шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар 88.1.7-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Э.Ганбаярын Е-1050034 дугаар бүхий, Б.Батбаатарын Е-1297159 дугаар бүхий энгийн гадаад паспортуудыг, СО613-4512 дугаар бүхий Бүгд найрамдах Солонгос улсын визний мэдүүлэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хуулбарыг хэрэгт хавсарган үлдээж, эх хувийг эзэмшигчдэд нь буцаан олгосугай.

7.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч  шүүгдэгч Б.Батбаатарт оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар, шүүгдэгч Э.Ганбаярт оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар тус тус хянан харгалзсугай .

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар ялтангуудын засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтангууд тэнсэгдсэн хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

10.Ялтан Б.Батбаатар, Э.Ганбаяр нарт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Б.ЭРДЭНЭХИШИГ