Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/194

 

     2025        05            06                                         2025/ШЦТ/194

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Цогзолмаа,

шүүгдэгч П.Ш, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго нарыг оролцуулан,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ө овогт П.Ш-д холбогдох ************** дугаартай /1 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч П.Ш нь 2025 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сум Эрдэнэ-Уул 4-р багийн нутаг дэвсгэр "Хүрэн дэл" гэх газарт насанд хүрээгүй Г.Г-оор морины ажил хийлгэж, хурдан морь унуулахдаа хамгаалалтын малгай, хантааз өмсгөөгүй, хууль болон журам стандартыг нэг мөр хэрэгжүүлээгүй үйлдлийн улмаас насанд хүрээгүй Г.Г мориноос унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудад үндэслэн:

 “Шүүгдэгч 2025 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сум Эрдэнэ-Уул 4-р багийн нутаг дэвсгэр "Хүрэн дэл" гэх газарт насанд хүрээгүй Г.Г-оор морины ажил хийлгэж, хурдан морь унуулахдаа хамгаалалтын малгай, хантааз өмсгөөгүй, хууль болон журам стандартыг нэг мөр хэрэгжүүлээгүй үйлдлийн улмаас насанд хүрээгүй Г.Г мориноос унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-П.Ш-ийн өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй”  гэх мэдүүлэг,

Хэрэгт авагдсан:

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,

-насанд хүрээгүй хохирогч Г.Г-ын "... 2025 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сумын шинэ нисэх онгоцны буудлын урдхан талд нагац ах П.Ш гэх хүнтэй цуг түүний уяа морьдын ажил хөлсөлгөө хийх гэж очсон. Тэндээ очоод П.Ш ах энэ морийг унаадах гэж хэлсний дагуу өмнө нь унаж байсан хээр зүсмийн их морь унаад давхиул хийж байхад дөрөө гэнэт мултраад мориныхоо зүүн тал руу далийгаад газар унасан. Газар унасанаас хойш юу болсон талаар санахгүй байна. Шууд эмнэлэгт хүргэгдсэн байсан. Миний толгой ар орчмоор гэмтэж эмнэлэгт эмчилгээ хийсэн. Уг нь надад гэрт каск малгай, морь унахад өмсдөг хамгаалах хувцас хэрэгсэлүүд байдаг юм. Гэхдээ мартаад тэр үед өмсөөгүй.... Морины ажил хийж байсан ойрын зайд хөлсийг нь гаргаад давхиул хийлгэж байсан юм. Ээжээс асуулгүй ааваасаа асуугаад зөвшөөрөл авчихсан байсан юм.... Өмнө нь 6 настайгаасаа нагац ах П.Ш-гийн морьдыг анх унаж байсан...." гэх мэдүүлэг /хх-19-20/,

          -Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ТӨВ0525/031 дугаартай "Г.Г-ын биед зүүн зулай яснаас дагз ясруу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн талын зулай дагзны дэлбэнд аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт /хх-48-49/,

          -Насанд хүрээгүй хохирогч Г.Г нь 2025 оны 3 дугаар сарын 03-ны өдөр "8 нас 12 сар 25 хоногтой байсан" гэх нас тоолсон тэмдэглэл /хх-71/

          -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О-гийн Манайх Төв аймгийн Зуунмод сумын Ланс 02 дугаар баг 16-18 тоотод байдаг юм. Манай дунд хүү Г.Г одоо 8 настай, Хүмүүн бага сургуулийн 3 дугаар ангид суралцдаг. 2025 оны 3 дугаар сарын 02-ны орой ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай хүү Г.Г гэртээ байхгүй, манай нөхөр Г.Г-ийн төрсөн дүүгийн нөхөр П.Ш гэх уяач залуу манай нөхрөөс асууж байгаад хүүхдээр морь унуулах гээд аваад явсан. Манай нөхөр Г.Г "хүү Г.Г өөрөө морь унах гээд байж ядаад, дагаад явчихлаа" гэж хэлж байсан... Маргааш нь буюу 2025 оны 3 дугаар 03-ны өдөр өглөө эрт 09 цагт манай хүү Г.Г аавтайгаа утсаар яриад "та хоёр ирж намайг морь унахыг харах юм уу, би одоо уралдлаа" гэхээр нь 11 цагийн орчим нөхөр бид хоёр хүү дээрээ очихоор Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Шинэ нисэх онгоцны буудал"-ын урдхан "Хүрэн дэл" гэх газар хуучин аймгийн наадмын хурдан морь уралдааны зам дээр яваад очтол манай хүү Г.Г өөдөөс жигтэйхэн өндөр хээр зүсмийн морь уначихсан гараад ирсэн.... Өөдөөс гарч ирсэн морьд нэг их холдохгүй эргэсэн чинь манай хүү Г.Г мориноосоо уначихсан. Тэр даруй нөхөр бид хоёр яваад очтол Г.Г-ын дух нь шалбараад толгойны хойд хэсэгтээ хавдчихсан ухаангүй байдалтай хэвтэж байсан. П.Ш түрүүлж очоод хүүг сэгсрэх үед Г.Г "Ёо ёо толгой өвдөж байна" гэж хэлээд ухаан алдаад уначихсан.... хүүгээ Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт авч ирж, одоог хүртэл мэс заслын тасагт гавал тархины гэмтэлтэй гэх оноштой хэвтэн эмчлүүлж байна... Яг тэр мориноос унах үедээ өмнө нь П.Ш-ийн авч өгсөн комбинзон өмд цамцтай байсан. Өөр ямар нэгэн хамгаалалтын малгай, тохойвч, цээживч өмсөөгүй байсан. Цагаан сарын өмнө П.Ш надаас "Танай хүүгээр морь унуулж морины ажил хийлгэмээр байна" гэж асуухад би тухайн үед "Манай хүү морь сайн унаж чадахгүй" гээд зөвшөөрөөгүй.... 3 хоногийн дараа намайг ажлаасаа ирээгүй гэртээ эзгүй байхад П.Ш ирээд манай нөхөрт хэлээд хүүг маань аваад явсан байсан. Биеийн байдал нь маш хүнд байна. Гавлын яс 2 газартаа цууралттай гэх оноштой ар дагзандаа цус хуралттай. Хэвтэрийн байдалтай байна. Би хүүгээ эрүүл саруул болгож авмаар байна. Зүв зүгээр байсан хүүхэд зөвшөөрөлгүй авч яваад гэмтээсэнд гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх-15-17/,

          эрч Г.Г-ийн "... 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдөр би Төв аймаг Зуунмод сум Ланс 02 дугаар баг 16-18 тоот хаягт байх гэртээ өөрийн том хүү 8 настай Г.Г-ын хамтаар байж байтал манай хүргэн дүү П.Ш манай гэрт орж ирээд "Танай хүүгээр ойрхон, шинэ нисэх онгоцны буудлын урдхан морь унуулж, морины ажил хийлгээд ирье" гэж гуйсан юм. Тухайн үед манай хүү Г.Г хүртэл өөрөө "морь уная" гээд зөвшөөрөөд П.Ш-ийн гэрт 20 цагийн үед хүргэж өгсөн. Ингээд тэр өдрөө манай хүү П.Ш-ийн гэрт хоночихоод өглөө эрт Төв аймгийн Зуунмод сум Ланс 02 дугаар багт байх П.Ш-ийн гэрээс манай хүү түүнтэй цуг ачааны машинд унах морио ачаад Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр шинэ нисэх онгоцны буудлын урдхан байх "Хүрэн дэл" гэх газар орчимд очоод морьдоо буулгаж унаад, морьдоо эргүүлээд 1 км гаруйхан яваад манай хүү Г.Г-ын унаж явсан хээр зүсмийн их морины дөрөө нь мултраад мориноосоо уначихсан юм. Яг тухайн мориноос унаж байх үед нь би эхнэр Н.О-тэй цуг Төв аймгаас машинтай хүүхдийнхээ морь унаж байгааг харах гээд ирж таарсан юм. Тэр үед хүүгээ аваад шууд Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт авчирсан. Тархи толгойндоо гэмтэл авсан байна гээд мэсийн тасагт 7 хоног хэвтэж эмчилгээ хийлгээд гарсан. Одоо гэртээ хэвтэж эмчлүүлж гам барьж байна.... Манай хүү Г.Г өнгөрсөн 2024 онд 8 нас хүрээд л наадмаар Төв аймгийн Сэргэлэн сумын 100 жилийн ойд соёолон насны морь унаж уралдаж байсан юм. Сая мориноос унахаас нь өмнө ганц нэг удаа П.Ш-ийн морьдыг унаж морьдыг нь хөлсөлж өгч байсан юм. Гадуураа нэг комбинзон хувцастай л явсан. Уг нь өөрийнх нь өмсдөг хамгаалах каск малгай, цээживч, өвдгөвч, тохойвч зэрэг хувцас хэрэгсэл нь П.Ш-д байдаг юм. Мориноос унах үедээ хамгаалах хувцас хэрэглэлээ өмсөөгүй байсан. Тухайн үед би ээжид нь хэлээгүй зөвшөөрчихсөн юм” /хх-25/ гэх мэдүүлэг,

-Иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн “...лавлагаагаар гаргасан мөнгөн дүнг Эрүүл мэндийн даатгалын санд олгож, улсыг хохиролгүй болгомоор байна" гэх мэдүүлэг /хх-10-11/.

-Төв аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн "Насанд хүрээгүй Г.Г нь хурдан морины уралдааны бэлтгэлийн үед хамгаалалтын малгай буюу дуулга, хантааз, гутлыг өмсөж хэрэглээгүй байсан нь Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018 стандартын 1.2 дахь заалт, насанд хүрээгүй Г.Г нь уяач П.Ш-ийн морийг унаж морины ажил хийсэн өдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолын 1 дэх хэсэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/122 дугаартай тушаалаар батлагдсан "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ын 2.1.14.2 дахь хэсэг, насанд хүрээгүй Г.Г нь гэнэтийн ослын даатгалд хамрагдаагүй байсан нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27.5.4, эцэг эх, асран хамгаалагчаар бичгээр болон цахимаар зөвшөөрөл аваагүй, асран хамгаалагчтай гэрээ байгуулаагүй нь хүүхэд хамгааллын тухай хуулийн 27.1, 27.5.7, уяач П.Ш нь морины хэрэгсэлийг шалгаагүй, Г.Г-д хамгаалалтын хувцас хэрэгсэл хэрэглүүлээгүй үйлдэл нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 18.1.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна" гэх шинжээчийн дүгнэлт/хх-54-56/,

-П.Ш-ийн гэрчээр өгсөн: “...Г.Г хүү манай гэрт очиж хоноод маргааш буюу 2025 оны 3 дугаар сарын 03-ны өглөө би гэрээсээ 07 цагийн орчим ачааны машиндаа шарга, хээр, хул алаг, дөрвөн хөл цагаан зүсмийн соёолон, их насны 4 тооны морь ачаад Г.Г-оос гадна өөрийнхөө 2 хүүхэдтэй, бас нэг өөр таньдаг айлын хүүхэдтэй ингээд нийт 4 унаач хүүхдийн хамтаар Төв аймгийн Зуунмод сумаас Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр шинэ нисэх онгоцны буудлын урдхан талд байх "Аргай толгой" гэх газар хавьд очиж морьдоо буулгаад хүүхдүүдээ унуулахад Г.Г хүү хээр зүсмийн их насны морь унасан юм. Ингээд "Аргай толгой" гэх газар хавиас цаашаа "Хүрэн дэл" гэх газар руу морьдоо тарлаад хөлслөөд цаашаа явах гээд л эргэх үед Г.Г хүүгийн унаж явсан морины зөв талын дөрөө мултараад, амаа дийлэхгүй нөгөө талын дөрөө нь мултараад мориноосоо унасан. Яг тэр үед бас түүний аав Г.Г ээж Н.О нар нь Төв аймгаас ирчихсэн байсан тул мориноос унасан даруйд нь бид нар Төв аймгийн эмнэлэгт хүргэж хэвтүүлсэн” гэх мэдүүлэг /хх-22-23/,

-П.Ш-ийн яллагдагчаар өгсөн: “...өмнө өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан байгаа” гэх мэдүүлэг /хх-67-68/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-94/,

-Шүүгдэгч П.Ш-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-90-93/ зэрэг нотлох баримтууд болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд хуульчилсан.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах" гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

          Шүүгдэгч П.Ш нь өөрийн үйлдлийг хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулах санаа зорилгогүйгээр буюу Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018  стандартын 1.2 "Уралдаанч хүүхэд хамгаалалтын малгай буюу дуулга, хантааз, гутлыг уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтын үед өмсөж хэрэглэнэ" гэсэн, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт "Жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосугай" гэсэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/122 дугаартай тушаалаар батлагдсан "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ын 2.1 дүгээр зүйлийн 14.2-т "Жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах" гэсэн, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т "Соёл, спортын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, спортын тэмцээн, бусад арга хэмжээнд хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхгүй орчинд оролцуулна" гэсэн, 27.5.4 "уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан ослын даатгалд даатгуулах” гэсэн, 27.5.7 "уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, урамшуулал, бай, шагналыг тусгасан гэрээг бичгээр, эсхүл хуульд нийцүүлэн цахим хэлбэрээр байгуулах" гэсэн, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т "хүүхдэд эрүүл аюулгүй, хүртээмжтэй, ээлтэй орчин бүрдүүлэхэд санаачлага гаргах, дэмжих" гэсэн заалтуудыг тус тус мөрдөөгүй буюу хууль болон журам стандартыг нэг мөр хэрэгжүүлээгүйн улмаас морь унаж байсан насанд хүрээгүй Г.Г-ын эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн "хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэсэн шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч  П.Ш нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэж, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээч эмчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Г.Г-ын биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

          Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

          Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч П.Ш нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

          Иймд шүүгдэгч П.Ш-ийн 2025 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сум Эрдэнэ-Уул 4-р багийн нутаг дэвсгэр "Хүрэн дэл" гэх газарт насанд хүрээгүй Г.Г-оор морины ажил хийлгэж, хурдан морь унуулахдаа хамгаалалтын малгай, хантааз өмсгөөгүй, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээ тогтоосон болон журам, стандартыг нэг мөр хэрэгжүүлээгүйн үйлдлийн улмаас насанд хүрээгүй Г.Г мориноос унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл болж байна гэж дүгнэлээ. 

Хохирол, хор уршгийн талаар:

Тус хэргийн насанд хүрээгүй хохирогч Б овогт Г.Г-ын хууль ёсны төлөөлөгчөөр Б овогт Н-ын О-ийг тогтоосон байх ба тэрээр прокурорын шатанд “...П.Ш-д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн  хүсэлт гаргасан /хх-99/

иргэний нэхэмжлэгч Төв аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд шүүгдэгч П.Ш-с 145,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч 146,000 төгрөгөөр төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-5, 10-11, 101/

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: “...шүүгдэгч П.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй...” гэх дүгнэлт,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...шүүгдэгч П.Ш гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан бол хоёр жил хүртэл эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.Ш нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.“тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2.”гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ш-д 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ. 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн *************** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Ш нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж,

түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.3 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ө овогт П.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ш-д гурван мянга таван зуу /3,500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая таван зуун мянган /3,500,000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө овогт П.Ш-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ш-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

5.Шүүгдэгч П.Ш-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6.Эрүүгийн **************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Ш нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ш-д урьд авсан баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Саран-Учрал/-д үүрэг болгосугай.

9.Улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргахыг тайлбарласугай. 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХБҮРЭН