Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/195

 

     2025        05            06                                         2025/ШЦТ/195

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Түмэндэмбэрэл,

          шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нарыг оролцуулан,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох ********* дугаартай /1 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авснаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны оройн 21 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сум Замт 2 дугаар багийн нутаг Худалдааны гудамжинд иргэн Б.С-ийн гээгдүүлсэн Самсунг-А55 загварын гар утсыг олж аван бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад 1,500,050 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн:

“Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны оройн 21 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сум Замт 2 дугаар багийн нутаг Худалдааны гудамжинд иргэн Б.С-ийн гээгдүүлсэн Самсунг А55 загварын гар утсыг олж аван бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад 1,500,050 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Б.Б-ийн өгсөн: “Дахин ингэхгүй. Маш их гэмшиж байна”  гэх мэдүүлэг,

Хэрэгт авагдсан:

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

          -хохирогч Б.С-ийн өгсөн "... 2025 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө ажлын газрын хүмүүстэйгээ сумын төвд үйл ажиллагаа явуулдаг төрсөн эгч О-ын ажиллуулдаг цайны газарт тухайн шөнө утсаа барьж гараад хажуу талын дэлгүүр орж нэг шил архи нэг ундаа зэрэг эд зүйлс худалдан аваад буцаад цайны газар руу ганцаараа алхаж явж байх үедээ утсаа гээсэн байсан. …цайны газарт ороод ажлын газрын хүмүүстэй дэлгүүрээс худалдан авсан архи ундаагаа оруулж өгөөд буцаж цагийн орчимд ороод 23 цаг хүртэл ажлын газрын хүмүүстэйгээ сууж байгаад өөрийн эзэмшлийн Самсунг галакси маркийн А55 гар утсаа цайны газраас гараад утсаа хайгаад олоогүй тэгээд өөрийнхөө гээгдүүлсэн гэх гар утсыг олох боломжтой байх гэж бодоод цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан юм мэдүүлэг /хх-7-8/,

          -хохирогч Б.С-ийн дахин өгсөн "Миний 2025 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө гээгдүүлсэн гэх гар утасны имей 1.351351022882585 имей 2.352040572882587 дугаартай кодтой байсан тухайн утасны кодтой таарч байгаа болохоор миний гээгдүүлсэн гар утас мөн байна... Миний гээгдүүлсэн А-55 загварын гар утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байна" гэх мэдүүлэг /хх-10-11/,

          -гэрч А.Б-ийн "... тухайн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн хамтран амьдрагч Ц.Б-ийн хамт Төв аймгийн Жаргалант сум явах замдаа тухайн оройны 21 цагийн орчимд Баянчандмань сумын том шилэн цонхтой шар дэлгүүрийн урд талд машинаа орхиод дэлгүүр орох гээд бид хоёр хамт явж байтал манай хамтран амьдрагч нөхөр Б дэлгүүрийн урд талын цасан дээр нэг юм хөлөөрөө өшиглөөд байхаар нь би тухайн үед Б-оос наадах чинь юу байна гэж асуутал Б энд нэг гар утас байна бодвол хүн нь дөнгөж саяхан унагаасан юм шиг байна гэж надад хэлээд бид хоёр хоорондоо ярилцаад зогсож байгаад газар байсан тухайн гар утсыг манай хамтран амьдрагч Б газраас авсан юм. Бид хоёр тухайн үед яаралтай явж байсан учир шууд машиндаа суугаад Төв аймгийн Жаргалант сум руу явсан. Жаргалант суманд хадмын гэрт очиж байгаад буцаад 2025 оны 01 дүгээр сарын 25-ны орой Улаанбаатар хотын Сонгиноахйрхан дүүргийн 61-ийн гарам гэх газарт манай гэрт хамт очоод Баянчандмань сумаас олсон гэх Самсунг маркийн А55 гар утсанд миний нэр дээрх ********* дугаартай сим картыг хийгээд манай хамтран амьдрагч Бямбадорж манай дүүгийн хичээлд хэрэглүүлчих гэж надад хэлээд манай 9 настай 4 дүгээр ангийн дүү охин тухайн гар утсыг ашиглаж байсан юм" гэх мэдүүлэг /хх-13/,

          -Гарьд гүрү үнэлгээ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07/44 дугаартай "...Монгол улсын иргэн Б.С-ийн өмчлөлийн Самсунг А55 загварын гар утасны зах зээлийн үнэ цэн нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 1,500,050 /нэг сая таван зуун мянга тавь/ төгрөг болно" гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-25-38/,

-“Юнител” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 12-01/1204 дугаартай "...********************** имэй кодтой утсанд 89408072 дугаарыг 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс ашигласан байна..." гэх албан бичиг /хх-52-53/,

          -Хохирогч Б.С-ийн өгсөн "...гээгдүүлсэн утсаа 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагаас хүлээн авлаа..." гэх гараар бичсэн хүсэлт /хх-70/,

          -Б.Б-ийн сэжигтнээр өгсөн: “Би 2025 оны 01 дүгээр сарын 23-ны орой Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байдаг өөрийн хамтран амьдрагч Б-н хамт Төв аймгийн Жаргалант сум руу явах замдаа тухайн оройны 21 цаг өнгөрч байх үед Төв аймгийн Баянчандмань сумын замын хажуу талын том шилэн цонхтой шар дэлгүүрийн гадна газар хэвтэж байсан гар утсыг олж авсан. Тухайн үед газраас олсон гар утасны эзнийг мэдэхгүй байсан учир газраас олсон гар утсыг аваад машиндаа суугаад Төв аймгийн Жаргалант сум руу явсан. Жаргалант суманд гэртээ очиж 2 хоноод буцаад хамтран амьдрагч Б-ийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байдаг гэрт хүргэж өгөөд би Баянчандмань сумаас олсон гар утсандаа Б-йн нэр дээрх ********** дугаартай сим картыг хийгээд Б-ийн дүү охиныг хичээлдээ ашиглаарай гэж хэлээд үлдээгээд явсан байсан чинь өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б над руу утсаар залгаж хэлээд би ирж мэдүүлэг өгч байна. Би өөрийн гаргасан буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хөдөөний бичиг үсэг хууль ном мэдэхгүй учир тухайн дэлгүүрийн үүднээс газраас олсон гар утсыг аваад Жаргалант сум руу явсан байсан юм гэх мэдүүлэг /хх-20-21/,

          -Б.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Баянчандмань сумын төвд нэрийг нь сайн санахгүй байна, шилэн дэлгүүрийн гаднаас цасан дээр цагаан өнгийн гар утас байхаар нь аваад, дэлгүүр ороод ундаагаа аваад шууд Төв аймгийн Жаргалант сум орсон. ...олсон утсаа эхнэр А.Б-ийн дүү хичээлдээ барьж байгаад удалгүй цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-48/,

          -эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-22/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

          -Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-56/,

-Шүүгдэгч Б.Б-ийн жолоочийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-58-61/ зэрэг нотлох баримтууд болно.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй ба хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтууд нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг хууль тогтоогчийн зүгээс нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжийг ялгамжтай байдлаар хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хэлнэ гэж тодорхойлсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор үндсэн шинжийг заасан.

Гэмт этгээдийн зүгээс бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шунахай сэдэлттэй, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд шилжүүлэн авч, уг эд хөрөнгийг өмчлөгчид нь буцаан өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулсан байдгаараа бусад төсөөтэй гэмт хэргээс зүйлчлэлийн хувьд ялгагддаг.

Энэ хэргийн тухайд, шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.С нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны оройн 21 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сум хоёрдугаар багийн нутагт Самсунг А55 загварын гар утсаа гээгдүүлсэн байсныг олж авч завшсаны улмаас бусдад 1,500,050 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй, уг эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр авч, бусдын өмчлөлд шилжүүлэн өгсөн үйлдэл тогтоогдож байна.

          Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн “завшсангэх үндсэн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын Б.Б-ийн яллагдагчаар татах тогтоол болон түүнд холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

          Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

          Иймд шүүгдэгч Б.Б-ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны оройн 21 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сум Замт 2 дугаар багийн нутаг Худалдааны гудамжинд иргэн Б.С-ийн гээгдүүлсэн Самсунг А55 загварын гар утсыг олж аван бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад 1,500,050 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завшихгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл болж байна гэж шүүх дүгнэлээ. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор М овогт Б.С-ийг тогтоосон байна.

Шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай, шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдлийн улмаас хохирогч Б.С-ийн эд хөрөнгийн халдашгүй байдлын эрх зөрчигдөж, түүнд 1,500,050 төгрөгийн хохирол учирсан нь дээр нотлогдон тогтоогдсон.

Хохирогч Б.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гээгдүүлсэн эд хөрөнгө буюу Самсунг А55 загварын гар утсаа 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагаас хүлээн авсан, гомдол саналгүй болох нь түүний хохирогчоор өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.  

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч Б.Б-ид шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл: “...шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй...” гэх дүгнэлт,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг: “...шүүгдэгч Б.Б гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

эрүүгийн хариуцлага нь “тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг удирдлага болгож,

улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзлээ.  

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн ************** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж,

түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.  

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.3 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ч овогт Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завшихгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар төлөхөөр тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5.Эрүүгийн ************** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тооцон гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай. 

6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах -д үүрэг болгосугай.

8.Улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргахыг тайлбарласугай. 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХБҮРЭН