| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2022/00326/И |
| Дугаар | 182/ШШ2022/01919 |
| Огноо | 2022-06-21 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 182/ШШ2022/01919
2022 06 21 182/ШШ2022/01919
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Г.М-ын нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Б.С
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Ж.С нарын бие даасан шаардлагатай,
Хариуцагч: ДНГ ХХК холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, ****** гудамж, “** apartment” барилгын ** дүгээр давхрын **, ** тоот орон сууцуудын өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, алданги 34,988,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага: Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, ****н гудамж, “** apartment” *** дугаар байрны **, ** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагуудтай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ө
Хариуцагч байгууллагын захирал Д.Г,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С-н төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Б.Ц,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Я
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч ДН групп ХХК-тай 2019.08.26-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Тус гэрээний 2.1-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, ** apartment барилгын 14 дүгээр давхрын **, ** тоот 46.36 м.кв, 49.83 м.кв тус бүр 2 өрөө орон сууцуудыг гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч төлбөрийг сар бүр хэсэгчлэн 5.000.000 төгрөгөөр төлж барагдуулах, орон сууц ашиглалтад орохоор үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар тохирч, 1 м.кв-ын үнийг 1.500.000 төгрөгөөр тооцож, нийт 144,285,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ юм. Гэрээний 4.3-т зааснаар захиалагч нь аливаа төлбөр тооцоогүй болсон тохиолдолд захиалсан орон сууцаа өөрийн болгон шилжүүлэн авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болно. Нэхэмжлэгч нь 2019.08.02-ны өдөр 18.000.000 төгрөг, 2019.09.06-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019.10.10-ны өдөр 3.000.000 төгрөг, 2019.11.06-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019.12.06-ны өдөр 5.000.000 төгрөг, 2020.01.07-ны өдөр 5.000.000 төгрөг, 2020.02.11-ний өдөр 5.000.000 төгрөг, 2020.10.05-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021.01.04-ний өдөр 3.000.000 төгрөг, 2021.03.02-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021.04.11-ний өдөр 4.000.000 төгрөг, 2021.06.07-ны өдөр 3.285.000 төгрөг, 2021.07.04-ний өдөр 10.000.000 төгрөг, 2021.12.26-ны өдөр 70.000.000 төгрөг тус тус төлж гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлж барагдуулсан.
Гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч байгууллага нь орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан дээрх хугацаа хойшлогдож 2021 оны 3 дугаар улиралд барилга ашиглалтад орсон. Нэхэмжлэгч Г.Мын аав н.Ггэх хүн ДН групп ХХК-ийн энэ барилгын ажилд ерөнхий инженерээр ажилласан ба энэхүү хүнээр дамжуулан гэрээ байгуулсан. Гэтэл н.Гнь 20.000.000 төгрөгийн арматур дутаасан асуудалд орж, хариуцлага алдсан гэдгээр шалтаглан, улмаар барилгын материалын үнэд өөрчлөлт орсонтой холбоотойгоор хариуцагч компани тухайн байраа цааш нь үнэ хүргэх зорилгоор байрыг бидэнд хүлээлгэн өгөхгүй байгаа юм.
Гэрээний 3.4-т зааснаар гүйцэтгэгч нь орон сууцыг 100 хувь дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн холбогдох бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхээ баталгаажуулахтай холбогдох хүсэлтийг хүргүүлэх бөгөөд байгууллагаас зохих шийдвэрийг бичгээр гүйцэтгэгчид ирүүлсэн тохиолдолд өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай бичиг баримтыг нь хүлээлгэн өгнө. Харин хариуцагч нь энэ үүргээ биелүүлэхгүй байна. Иймд бид маргааны зүйл болсон **, ** тоот орон сууцны нийт үнийг бүхэлд нь төлснөөр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар байрыг өмчлөх эрхтэй болж байгаа юм. Гэтэл хариуцагч тал байрыг хүлээлгэн өгөхгүй, өмчлөх эрхийн гэрчилгээ авахтай холбоотой баримтуудыг нэхэмжлэгчид гарган өгөхөөс татгалзсан байгаа. Тиймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, ** apartment барилгын ** давхрын **, ** тоот орон сууцуудын өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү.
Харин бид гэрээний 3.1-д заасны дагуу алдангийг 2020.03.01-ний өдрөөс 2021.07.31-ний өдрийг хүртэл гэрээний үнийн дүнгээс бодож нэг өдрийн 72.142 төгрөг гэж тооцож, нийт 485 хоногийн алданги 34.988.870 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2019 оны 06 сараас тухайн барилгын төслийг хэрэгжүүлж эхлээд ерөнхий инженерээр Б.Ггэх хүнийг авч ажиллуулсан. Улмаар тухайн хүн 2019 оны 08 сард хямдралтай үнээр байр худалдан авах саналыг гаргаж бид тусгай хөнгөлөлт үзүүлэхээр болж 2019.08.26-ны өдөр Б.Г-н хүү Г.Мтой гэрээ байгуулсан байдаг. Гэрээнд төлбөрийг хэрхэн хийх талаар тодорхой тусгаж өгөөгүй боловч 1 м.кв-ыг 1,500,000 төгрөг, хоёр байрыг нийтэд нь 144,285,000 төгрөг гэж тооцон, барилга ашиглалтад орох хүртэл нэхэмжлэгч нь сар бүр 5.000.000 төгрөг төлж, байгаад барилга ашиглалтад орох үед үлдэх мөнгийг хийхээр амаар тохиролцсон байдаг. Г.Мын хувьд урьдчилгаа 18.000.000 төгрөгийг төлсөн ба сар бүрийн 5.000.000 төгрөгийн төлөлт 2020 оны 02 сар хүртэл хэвийн төлөгдөж байгаад үүнээс хойш 2020 оны 10 сар хүртэл нийт 8 сарын хугацаанд огт төлбөр төлөөгүй алга болсон. Бидний хувьд Г.Мыг төлбөрөө төлөхийг нь 2020 оны 08 сар хүртэл буюу хагас жил хүлээсэн. Энэ хугацаанд Б.Г-т энэ асуудлыг хэлж, төлбөрөө төлөхийг шаардахад хүүхэд БНСУ-д ажилгүй байна, мөнгөгүй байна, удахгүй төлнө гэдэг боловч төлөөгүй. Ингээд бид 2020.08.13-ны өдөр бид гэрээг цуцалж, энэ тухай албан бичгийг ерөнхий инженерт өгдөг, тэрээр танилцдаг боловч үлдээгээд явчихдаг, хүүхдэд нь өгөх гэхлээр ирдэггүй, холбогдох гэхлээр утас нь болдоггүй байсан. Тиймээс бид гэрээ цуцлах албан бичгийг аав Б.Г-р дамжуулж хүүд нь мэдэгдсэн гэж үзэж байгаа. Бидний зүгээс гэрээний үүргийг зөрчсөн зүйл байхгүй. Гэрээнд заасан 2020 оны 01 дүгээр улирал гэж бичигдсэн нь алдаа байна. Өндөр төвөгшилтэй барилга богино хугацаанд ашиглалтад орох ямар ч боломжгүй, дор хаяж 2 жил болдог, манай бүх гэрээнүүд дээр барилгын ашиглалтад орох хугацаа 2021 оны 1 дүгээр улирал гэж байгаа. Бид ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор барилгыг 2021 оны 2 дугаар улирал буюу 2021.06.21-ний өдөр ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн, улсын комиссын акт нь 2021.09.03-ны өдөр гарсан байдаг. Энэ байдлыг дотор нь ажиллаж байсан Б.Гөөрөө маш сайн мэдэж байсан. Мөн тус барилгын газар нь өмчлөлийн газар байсныг эзэмшлийн газар болгоход хугацаа орсонтой холбоотой өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой материалыг оршин суугчдад гарган өгөх боломжгүй байсан.
Бидний барьсан барилга нийтдээ 70 айлын орон сууц байгаа, 2021.06.21-ний өдрөөс 2022.07.11-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 70 айл бүгд байрандаа орсон. Энэ 70 айл дунд мөн **, ** тоот байсан. **, ** тоот байрны хувьд 2021 оны 05, 06 саруудад гэрээ хийгдэж, гуравдагч этгээд болох С, Ябаяр нар худалдан авсан. Эдгээр хүмүүс тухайн үедээ байрандаа нүүн орж, өнөөдрийг хүртэл бүтэн 1 жил гаруй хугацаанд амьдарч байна. Харин бид 2021 оны 05, 06 сар хүртэл нэхэмжлэгчийн захиалсан байсан **, ** тоот бусдад худалдаагүй, мөнгөө төлөхийг нь хүлээсэн байгаа. Гэрээний үүргийг зөрчсөн хүмүүс нь нэхэмжлэгч өөрөө юм. Тэгээд ч биднээс байраа авья гэж огт шаардаж байгаагүй. Харин нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсан гэдгийг мэдсээр байж манай байгууллагын дансанд 2020 оны 10 сараас дахиад мөнгө хийж эхэлсэн. Хамгийн сүүлд 2021 оны 12 сард 70 сая төгрөг манай байгууллагын дансанд бэлнээр шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг нь буцааж өгөх гэхлээр буцах данс байдаггүй, өөрсдөө дансаа өгдөггүй. Бидний зүгээс нэхэмжлэгчид төлсөн бүх мөнгийг нь ямар нэгэн алданги, торгууль байхгүйгээр буцаагаад өгье гэсэн боловч өөрсдөө авахгүй, дансаа өгөхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2021.06.21-ний өдрөөс хойш 2021 оны 10, 12 сар хүртэл төлбөрөө төлөхгүй юу хийж явсан байх вэ, бидний тохиролцоо бол сар бүр 5,000,000 төгрөг төлөх байсан, нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, гэрээ цуцлагдсан байгаа. Харин Б.Гманай байгууллагаас арматур төмөр хулгайлсантай холбоотой 2021.06.23-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгээд Б.Гнь 2021 оны 08 сард байраа авна гэж ирсэн. Гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзсан гэдгээ тухайн үед тодорхой хэлсэн. Г.Мын төлсөн 144.285.000 төгрөгийг бид хэзээ л бол хэзээ шилжүүлэхэд бэлэн гэдэг талаараа ч мөн хэлсэн. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагадаа: Б.Сын хувьд "ДН групп" ХХК-тай 2021.07.05-ны өдөр ЗГ21/41 дугаартай орон сууцны захиалгын гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, “** apartment” барилга буюу *** дугаар байрны ** дүгээр давхар, ** тоотын 48,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 2,000,000 төгрөгөөр тооцон нийтдээ 97,400,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 100% төлж, “ДН групп” ХХК-аас Б.Сыг орон сууцандаа орох зөвшөөрлийг нь олгож, тэрээр тухайн байранд гэр бүлийн хамт нүүж орсноор өнөөдрийг хүртэл амьдарч байна. Улмаар захиалсан орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар холбогдох журмын дагуу материалаа бүрдүүлэн, улсын бүртгэлийн газарт хүсэлтээ гаргатал эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас “Бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий байгууллага шалгаж байна гээд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.24-ний өдрийн 2286 дугаартай захирамжаар тухйн үл хөдлөх хөрөнгийг хулдалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр тодорхой ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч “ДН групп” ХХК-д даалгасан байна” гэх хариуг өгсөн юм. Энэхүү хариу бичгээс харахад тус шүүхэд хянагдаж байгаа хэрэгтэй холбоотойгоор манай орон сууцтай холбоотой асуудал хөндөгдөж байгааг мэдсэн юм.
Нэхэмжлэгч Г.Мын хувьд манайхаас өмнө “ДН групп” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрийн нөхцөлийг удаа дараа зөрчсөн байдлаас болж гэрээ цуцлагдсан болох нь тогтоогдож байна. Үүний дараа ДН групп ХХК нь Б.Стай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан маргааны зүйл болсон орон сууцны ** тоотыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү ** тоот орон сууц нь Б.Сыг худалдан авах үед ямар нэгэн эрхийн зөрчилгүй, доголдолгүй эд хөрөнгө байсан. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй. Өөрөөр хэлбэл Б.Сын хувьд тухайн байрыг өөрийн эзэмшилдээ аваад 1 жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Тийм учраас Б.Сыг Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, “** apartment” *** дугаар байрны ** тоотын 48.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
4.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Ябаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагадаа: Миний бие Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, ** apartment барилга буюу *** дугаар байрны, 14 дүгээр давхрын ** тоотын, 44.5 м.кв, 2 өрөө орон сууцыг худалдан авахаар "ДН групп" ХХК-тай 2021.06.10-ны өдөр гэрээгээ хийж, төлбөрөө бүрэн төлсөн. Өөрөөр хэлбэл 1 м.кв-ыг нь 1,900,000 төгрөгөөр тооцож, нийтдээ 84,550,000 төгрөгөөр худалдан авсан гэсэн үг. Ингээд байрандаа орсон, өнөөдрийг хүртэл 1 жил гаруй хугацаанд амьдарч, ашиглалтын зардлаа төлсөөр явна. Тухайн үед байрны гэрчилгээ гаргуулахтай холбоотой шаардлагыг хариуцагчид тавьж байсан. Газартай холбоотой, гэрчилгээ гаргуулахтай холбоотой баримтуудыг өгөхгүй удсан нь үнэн. Ингээд хариуцагч ДН групп ХХК-иас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой баримтуудыг авч, улсын бүртгэлд бүртгүүлэхээр өгөх гэсэн боловч улсын бүртгэл дээр хориг тавьсан байгаа гэдгийг хариуцагчаас сонсоод энэ хэрэгт гуравдагчаар оролцож байна. Миний хувьд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, төлбөрөө бүрэн төлсөн, сүүлийн 1 жил байрандаа амьдарч байгаа учраас ** тоот орон сууцыг өмчлөх эрхтэй, миний эрх ашиг хөндөгдөж байна.
Харин нэхэмжлэгчийн хувьд өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг төлбөрөө төлөхийг нь 6 сарын хугацаанд хүлээсэн, төлбөрөө төлөх талаар шаардлага тавьсан байна, тэгээд эцэст нь гэрээг цуцласан байна. Иймд нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул намайг Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, “** apartment” *** дугаар байрны ** тоотын 44,5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
5.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн шаардлагын талаарх тайлбартаа: Манай байгууллага нэхэмжлэгч Г.Мтой байгуулсан 2019.08.26-ны өдрийн орон сууцны захиалгын гэрээг цуцласан учраас дараагийн хүмүүст **, ** тоотыг зохих журмын дагуу худалдсан. Өөрөөр хэлбэл 2021 оны 07 сард Б.Стай, 2021 оны 06 сард Ж.Ябаяртай орон сууц захиалгын гэрээг байгуулж, энэ хүмүүс төлбөрөө 100% төлж, байраа авсан, өнөөдрийг хүртэл амьдарч байна. Үүнээс хойш гуравдагч этгээдүүд болон манай компанийн хооронд үүссэн ямар нэгэн маргаан огт байхгүй бөгөөд бидний хооронд байгуулсан гэрээ хуулийн дагуу хүчин төгөлдөр байгаа.
Манай байгууллага бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн гаргасан шаардлагыг 100% хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, “** apartment” *** дугаар байрны ** тоотын 48.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Б.С болохыг, мөн Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, “** apartment” *** дугаар байрны ** тоотын 44,5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Ж.Ябаяр болохыг зөвшөөрч байна гэв.
6.Нэхэмжлэгч тал, 2019.08.26-ны өдрийн ЗГ19/02 тоот орон сууцны захиалгын гэрээ хуулбар, нэхэмжлэгч Г.Мын ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудыг шүүхэд гарган өгсөн байна.
7.Хариуцагч тал, 2021.03.15-ны өдрийн 20/73 тоот төлбөр буцаах тухай албан бичиг, 2020.08.13-ны өдрийн 19/178 тоот албан бичиг, өглөг, авлагын тухай тооцоо гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.
8.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С нь 2021.07.05-ны өдрийн ЗГ21/41 тоот орон сууцны захиалгын гэрээ, орон сууцны схем зураг, Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл, ДН групп ХХК-ийн 2021.07.05-ны өдрийн 21/40 тоот зөвшөөрөл олгох тухай албан бичиг, Ж.Мөнхбатын ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудыг шүүхэд гарган өгсөн.
9.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Ябаяр нь 2021.06.10-ны өдрийн ЗГ20/78 тоот орон сууцны захиалгын гэрээг шүүхэд гарган өгсөн байна.
10.Шүүх 2022.06.07-ны өдрийн 7691 дүгээр шүүгчийн захирамжаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар 2019.08.26-ны өдрийн гэрээ, 2021.09.03-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Б.Г-г ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тухай тушаалууд, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, гуравдагч этгээдүүдээс **, ** тоот орон сууцны төлбөр төлсөн тухай бэлэн мөнгөний орлогын баримтуудыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч ДН групп ХХК-нд холбогдуулж Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, ****** гудамж, “** apartment” барилгын ** дүгээр давхрын **, ** тоот орон сууцуудын өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, алданги 34,988,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад алданги 34,988,870 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан болно.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С нь хариуцагч ДН групп ХХК-нд холбогдуулж Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, “** apartment” *** дугаар байрны ** тоотын 48.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Ж.Ябаяр нь Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, “** apartment” *** дугаар байрны ** тоотын 44,5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус гаргасан байна.
2.Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч тал алданги 34,988,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
хариуцагч ДН групп ХХК нь Б.Сын гаргасан Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, “** apartment” *** дугаар байрны ** тоотын 48.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг, Ж.Ябаярын гаргасан Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, “** apartment” *** дугаар байрны ** тоотын 44,5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэлийн талаар.
3.1.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид орон сууц захиалгын гэрээний дагуу маргааны зүйл болсон ** apartment орон сууцны **, ** тоотын, тус бүр 2 өрөө орон сууцыг нийтэд 144,285,000 төгрөгөөр худалдан авч, сар бүр 5,000,000 төгрөг төлөх, үлдэгдэл төлбөрийг орон сууцыг ашиглалтад орох үед төлөхөөр тохиролцон, хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөрийг төлж явсан, харин хариуцагч тал орон сууцыг гэрээнд заасан 2020 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй учир бид төлөлтийг зогсоосон, ингээд 2021 оны 12 сард төлбөрийг бүрэн төлж байраа авах гэтэл өгөхгүй, өмчлөх эрхээ баталгаажуулахтай холбоотой бичиг баримтуудыг гарган өгөхгүй байгаа тул шаардах эрхтэй гэж тайлбарлав.
Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх бөгөөд бидний зүгээс гэрээний үүргийг зөрчөөгүй, гэрээнд заасан 2020 оны 1 дүгээр улирал гэдэг нь техникийн алдаа байна, бидний барьсан барилга өндөр төвөгшилтэй учир дор хаяж 2 жилийн хугацаанд ашиглалтад ордог, хэзээ ч богино хугацаанд ашиглалтад ордоггүй, харин нэхэмжлэгч нь сар бүр 5,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, шаардлага тавиад төлөөгүй учир бид 2020 оны 08 сард гэрээ цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгчийн аав, манай байгууллагад ерөнхий инженерээр ажиллаж байсан Б.Г-р дамжуулж хэлсэн, бид нэхэмжлэгчийг төлбөрөө төлөхийг тодорхой хугацаанд хүлээсэн, төлөөгүй учир гэрээг цуцалж, дараагийн хүмүүс болох гуравдагч этгээдүүдтэй 2021 оны 06, 07 сард гэрээ байгуулсан байгаа, харин нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсанаас хойш бүтэн 6 сарын дараа буюу 2021 оны 12 сард 70,000,000 төгрөг төлчихөөд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гээд байгааг ойлгохгүй байна, нэхэмжлэгчийн төлсөн 144,285,000 төгрөгийг буцаан өгөх гэхлээр данс нь байдаггүй, утсаа авахгүй, холбогдохгүй байгаа, иймд нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.
3.2.Зохигчдын хооронд 2019.08.26-ны өдөр орон сууцны захиалгын гэрээ байгуулагдсан байх ба, энэхүү гэрээгээр нэхэмжлэгч Г.М нь хариуцагч ДН групп ХХК-ийн барьж буй Сүхбаатар дүүргийн * дүгээр хороонд байрлах, ** apartment орон сууц, үйлчилгээний төвийн барилгын 14 дүгээр давхрын, С загварын ** тоот, 46,36 м.кв, хоёр өрөө орон сууц, ** тоотын 49,83 м.кв хоёр өрөө орон сууцыг нийтэд нь 144,285,000 төгрөгөөр захиалга өгөх хэлбэрээр худалдан авах, төлбөр төлөх үүргийг, хариуцагч ДН групп ХХК нь орон сууцыг 2020 оны 01 дүгээр улиралд ашиглалтад оруулж, ашиглалтад орсон үед нь орон сууцны өмчлөх эрх бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг болон орон сууцыг шилжүүлэн өгөх хэлбэрээр худалдах үүргийг тус тус хүлээжээ.
Энэхүү гэрээнд тусгаагаагүй боловч зохигчид орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,500,000 төгрөг байхаар, нэхэмжлэгч Г.М нь сар бүр 5,000,000 төгрөгийг хариуцагч ДН групп ХХК-нд төлж, орон сууцыг ашиглалтад орох үед үлдэгдэл төлбөрийг төлөхөөр амаар тохиролцсон талаар маргаагүй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 18* дүгээр зүйлийн 189.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр, худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна.
3.3.Харин бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С, түүний өмгөөлөгч нь дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлан, гэрээнд гарын үсэг зурсан хариуцагч ДН групп ХХК-ийн захирал Г.Мягмаржамц нь тухайн үед гүйцэтгэх захирал байсан гэдэг нь нотлогдохгүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд энэ талаарх бичилт байхгүй гэж маргаж байх боловч түүний бие даасан шаардлага нэхэмжлэгчид бус хариуцагчид холбогдож байгаа, тайлбар, татгалзлын үндэслэлээ хариуцагчид холбогдуулах учиртай тул түүний энэхүү тайлбараар дээр дурдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ДН групп ХХК нь гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тухайлан маргаагүй, нэхэмжлэгч тал гэрээний дагуу төлбөр төлж, хариуцагч төлбөрийг хүлээн авч байсан байх ба, талууд гэрээ биелэгдсэн эсэх, цуцлагдсан эсэх дээр маргаж байгаа тул Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг эрх бүхий этгээд буюу хариуцагч ДН групп ХХК-ийн захирал Д.Г хожим дэмжин зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
3.4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Энэхүү гэрээний үндсэн шинжийг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх боломжтой хариу төлбөр, хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай харилцан үүрэг үүсгэсэн хэлцэл гэж тодорхойлдог байна.
Хэдийгээр зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь орон сууцны захиалгын гэрээ нэртэй, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1‑д заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгатай, гүйцэтгэсэн ажлын үр дүн нь хүлээн авах орон сууц байх ба, энэхүү хөрөнгийг бий болгож байгаа барилгын үйл явцад хяналт тавих, зохих дэмжлэг үзүүлэх зэрэг нэмэлт эрх, үүрэг нэхэмжлэгч Г.Мт үүсээгүй байх тул шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг худалдах, худалдан авах гэрээний шинжид илүү нийцэж байна гэж дүгнэсэн болно.
3.5.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Г.М нь хариуцагч ДН групп ХХК-нд 2019.08.02-ны өдөр 18.000.000 төгрөг, 2019.09.06-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019.10.10-ны өдөр 3.000.000 төгрөг, 2019.11.06-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019.12.06-ны өдөр 5.000.000 төгрөг, 2020.01.07-ны өдөр 5.000.000 төгрөг, 2020.02.11-ний өдөр 5.000.000 төгрөг, 2020.10.05-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021.01.04-ний өдөр 3.000.000 төгрөг, 2021.03.02-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021.04.11-ний өдөр 4.000.000 төгрөг, 2021.06.07-ны өдөр 3.285.000 төгрөг, 2021.07.04-ний өдөр 10.000.000 төгрөг, 2021.12.26-ны өдөр 70.000.000 төгрөг, нийт 142,285,000 төгрөгийг төлсөн байна.
Хариуцагч ДН групп ХХК нь иргэн Г.Б-н захиалгын дагуу Сүхбаатар дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт, өндөр төвөгшилтэй ангиллын, 5 автомашины дулаан зогсоолтой 15 давхар, үйлчилгээтэй 1 блок хүчин чадал бүхий 70 айлын орон сууцны зориулалттай барилгыг 2019 оны 06 сард эхлүүлж, 2021.06.21‑ний өдөр албан ёсоор улсын комисст хүлээлгэн өгсөн байх ба, улсын комиссын дүгнэлт нь 2021.09.03‑ны өдөр гарчээ.
3.6.Нийслэлийн Засаг даргын 2022.01.11‑ний өдрийн А/15 тоот захирамжаар тус барилгын доорх Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, 7 дугаар хороолол /14181/, ****н гудамжны *** тоотод байрлах, 882 м.кв газар нь иргэн Г.Бийн өмчлөлөөс үйлчилгээний орон сууцны зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшлийн газар болж солигдсон, иргэн Г.Бэд эзэмших эрхийн гэрчилгээг 2022.01.18‑ны өдөр олгожээ.
Энэ цаг хугацаанд буюу 2019.04.03‑ны өдрөөс нэхэмжлэгч Г.Мын аав гэх Б.Гнь хариуцагч ДН групп ХХК‑нд зөвлөх, ерөнхий инженерээр ажиллаж эхэлсэн байх ба 2021.06.23‑ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл маргааны зүйл болсон барилгын явцыг бүхэлд нь мэдэж, ерөнхий инженерийн хувиар хяналт тавин ажиллаж байсан байх бөгөөд энэ талаарх хариуцагч талын гаргасан “...барилгын ажил нь улирлын чанартай бөгөөд энэхүү барилгын явц 2019 оны 10 дугаар сард ковид‑19 өвчин болон өвлийн улиралтай холбоотой зогсож, 2020 оын 04 сард буцаад эхэлж, 2020 оны 10 дугаар сард мөн өвлийн улиралтай холбоотой дахин зогсож, 2021 оны 04 сард дахин эхэлж, ийнхүү 2021.06.21‑ний өдөр албан ёсоор ашиглалтад орж, улмаар дурдсан орон сууцны барилгын захиалагч буюу худалдан авагч нарын өмчлөх эрхийн гэрчилгээ 2022 оны 02 сараас гарч эхэлсэн, өндөр төвөгшилтэй орон сууцны барилга богино цаг хугацаанд ашиглалтад орох ямар ч боломжгүй, гэрээнд заасан 2020 оны 1 гэсэн цаг хугацаа техникийн алдаа буюу буруу бичигдсэн байна, манай бүх гэрээнд барилгын ашиглалтад орох хугацаа 2021 оны 2 дугаар улирал гэж байгаа...” гэх агуулга бүхий тайлбарыг шүүх бодит үнэнд нийцэж байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ДН групп ХХК нь гэрээнд заасан барилгыг ашиглалтад оруулах үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1‑д зааснаар шударгаар, зохих ёсоор биелүүлжээ.
3.7.Дээр дурдсан нэхэмжлэгч Г.Мын төлбөр төлсөн байдал, хоорондын цаг хугацаанаас үзвэл, тэрээр гэрээний үүргийг 2019.08.02-ны өдрөөс эхлэн 2020.02.11-ний өдрийг хүртэл хэвийн гүйцэтгэж, сар бүрийн төлөлтийг зохих ёсоор, шударгаар төлж байгаад төлбөр төлөхөө больсон, хариуцагч ДН групп ХХК нь төлбөр төлөхийг нэхэмжлэгчид, түүний аав гэх Б.Г-р дамжуулан хэлж, шаардсан байх боловч нэхэмжлэгч тал “...ковидын нөхцөл байдалтай холбоотой Бүгд найрамдах Солонгос улсад хүү ажилгүй байгаа, төлбөр төлөх боломжгүй байна, түр хүлээж байгаарай, удахгүй төлнө гэдэг...” хариу хэлж байсан боловч төлбөрийг төлөөгүй байна.
Ийнхүү хариуцагч ДН групп ХХК нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.1‑д зааснаар гэрээ цуцлах талаар нэхэмжлэгч Г.Мт 2020.08.13‑ны өдрийн 19/178 дугаар албан бичгээр мэдэгдэж, албан бичгийг аав Б.Г танилцуулсан, хүлээлгэн өгсөн байх боловч тэрээр танилцчихаад орхиод явсан, уг албан бичиг нь “...гэрээ байгуулах үед харилцан тохиролцсон сар бүрийн төлөлт нь 2020 оны 02 сараас хойш төлөгдөхгүй байгаа бөгөөд энэ талаар удаа дараа утсаар мэдэгдэж, төрсөн аав, манай байгууллагын ерөнхий инженер Б.Г хэд хэдэн удаа хэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл орон сууцны төлбөр төлөгдөхгүй байгаа учраас гэрээний 5.1, Иргэний хуулийн 249.1‑д зааснаар манай байгууллагын зүгээс гэрээг цуцалж байгааг үүгээр мэдэгдэж байна..." гэсэн агуулгатай.
3.8.Тиймээс нэхэмжлэгч Г.М нь сар бүр, тогтмол 5,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, буруутай байх бөгөөд үүний улмаас хариуцагч ДН групп ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, гэрээний 5 дугаар зүйлийн 5.1‑д зааснаар 2020.08.13‑ны өдрийн албан бичгээр зохигчдын хооронд байгуулагдсан 2019.08.26‑ны өдрийн ЗГ19/02 тоот орон сууцны захиалгын гэрээг цуцласан байна гэж шүүх дүгнэлээ. Иймд нэхэмжлэгч талын гаргасан “...гэрээ цуцлах талаар нэхэмжлэгч Г.Мт огт мэдэгдээгүй, хэлээд байгаа албан бичгийг хүлээн аваагүй...” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд эсрэгээрээ нэхэмжлэгч Г.М нь аав Б.Г-р дамжуулж гэрээ цуцлах талаар мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Улмаар нэхэмжлэгч Г.М нь гэрээ цуцлагдснаас хойш 2020.10.05-ны өдрөөс эхлэн дахин төлөлт хийсэн боловч 2021.01.04-ний өдрөөс 2 сарын хугацаанд тасалдсан, дахин 2021.03.02-ны өдрөөс 2021.07.04-ний өдрийг хүртэл төлбөр төлсөн боловч мөн л дахин тасалдсан, эцэст нь 2021.12.26-ны өдөр 70.000.000 төгрөгийг төлж, гэрээний үүргийг биелүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно.
3.9.Харин хариуцагч ДН групп ХХК нь 2021.03.15‑ны өдрийн 20/73 тоот албан бичгээр нэхэмжлэгч Г.Мт хандан “...2020 оны 08 сард гэрээг цуцласан тухай албан бичгийг хүргүүлсэн байхад түүнийг мэдээгүй дүр үзүүлэн 2020 оны 10 сараас орон сууцны төлбөрийг дахин шилжүүлж эхэлсэн явдлыг зохисгүй үйлдэл гэж үзэж байна. Иймд өнөөдрийг хүртэл төлсөн 55,000,000 төгрөгийг буцаалт хийхээр шийдвэрлэсэн ч одоог хүртэл буцаалт хийх дансны дугаар олдохгүй хэвээр байна. Иймд зохисгүй үйлдлээ нэн даруй зогсоож өнөөдрийг хүртэл төлсөн төлбөрөө 100 хувь буцаан авахыг хүсье...” гэсэн агуулгатай мэдэгдлийг өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ДН групп ХХК нь нэхэмжлэгч Г.М гэрээний үүргийг зөрчсөн, түүнд нэмэлт хугацаа тогтоогоод үр дүн гараагүй гэж үзэн гэрээг цуцласан байхад нэхэмжлэгч Г.М нь гэрээ цуцласан цаг хугацаанаас бүр хойно дахин төлөлт хийж, 2021.12.26-ны өдөр эцсийн байдлаар 144,285,000 төгрөгийг бүрэн төлсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэв төлбөрийг өөрөөс үл хамаарах шалтгаанаар сар бүр төлж, гэрээний үүргийг биелүүлж байсан гэж үзсэн бол байр ашиглалтад орсон 2021 оны 06 сараас эхлэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 3.4, Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2-т зааснаар хариуцагч ДН групп ХХК‑иас маргааны зүйл болсон **, ** тоот орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөхийг шаардах, түүнчлэн өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай бичиг баримтыг шаардах эрхтэй байсан гэж үзнэ.
3.10.Гэтэл нэхэмжлэгч нь дээрх эрхээ хэрэгжүүлээгүй, орон сууцны барилга ашиглалтад орсон 2021 оны 06 сард төлбөрийн үлдэгдэлтэй байсан төдийгүй, 2020 оны 08 сард гэрээ нэгэнт цуцлагдсан байна. Өөрөөр хэлбэл гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд бие биедээ харилцан шаардлага тавих бөгөөд нэхэмжлэгч Г.Мыг төлбөрөө сар бүр төлөхийг хариуцагч ДН групп ХХК-иас удаа дараа сануулсан, мэдэгдсэн байхад нэхэмжлэгч Г.М тухайн үедээ гэрээний төлөлтийг хэвийн болгож чадаагүй, тавьсан шаардлагыг биелүүлээгүй, гэрээ цуцлагдахад хүргэсэн буруутай болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч талын гаргасан “...хариуцагч ДН групп ХХК-ийн орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй учир бид бас төлөлтийг хийгээгүй, зогсоосон...” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй, харин шүүх хариуцагч талын гаргасан “...өндөр төвөгшилтэй барилга богино цаг хугацаанд ашиглалтад орох ямар ч боломжгүй, 2020 оны 1 дүгээр улирал гэж бичигдсэн нь техникийн алдаа гэж үзэж байна, манай бүх гэрээнд 2021 оны 2 дугаар улирал гэж бичигдсэн байгаа, бид гэрээний үүргийг зөрчөөгүй гэх...” агуулга бүхий тайлбарыг бодит үнэн гэж үзсэн болно.
Иймд гэрээний нэг тал гэрээг цуцласан байхад нөгөө тал гэрээг цуцлахгүй гэх хууль зүйн боломжгүй, нэхэмжлэгч Г.Мын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул ДН групп ХХК‑нд холбогдох Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, ****** гудамж, “** apartment” барилгын ** дүгээр давхрын **, ** тоот орон сууцуудын өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай Г.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
нэхэмжлэгч Г.М нь хариуцагч ДН групп ХХК‑нд холбогдох алданги 34,988,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4.Бие даасан шаардлагын талаар.
4.1.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С, Ж.Ябаяр нар нь хариуцагч ДН групп ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу маргааны зүйл болсон **, ** тоот орон сууцны төлбөрийг бүрэн төлж, байрандаа ороод 1 жил гаруй хугацаанд амьдарч, ашиглалтын зардал төлсөөр ирсэн, улсын бүртгэлд өмчлөх эрхээ бүртгүүлэх гэхэд шүүгчийн захирамжаар захиран зарцуулах эрхийг хориглсон гэж бүртгэхээс татгалзсан учир бидний эрх ашиг хөндөгдсөн, иймд өмчлөгч болохоор шаардах эрхтэй гэсэн адил агуулгаар тайлбарлаж байна.
Хариуцагч ДН групп ХХК нь дээрх тайлбарыг маргахгүй байх бөгөөд бид нэхэмжлэгч Г.Мтой байгуулсан гэрээг албан ёсоор цуцласнаас хойш тодорхой хугацааны дараа гуравдагч этгээд болох Б.Стай ** тоот орон сууцыг, Ж.Ябаяртай ** тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гуравдагч этгээдүүд ямар нэгэн төлбөрийн тооцоогүй, төлбөрийг бүрэн төлсөн, тийм учраас бид байрыг хүлээлгэн өгсөн, өмчлөх эрхээ баталгаажуулахтай холбоотой баримтуудыг нь бүрдүүлж өгсөн, эдгээр хүмүүс байрандаа ороод 1 жил гаруй хугацаанд амьдарч байгаа учир өмчлөгч мөн, бие даасан шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарласан.
4.2.Хариуцагч ДН групп ХХК нь нэхэмжлэгч Г.Мтой байгуулсан 2019.08.26‑ны өдрийн орон сууцны захиалгын гэрээг 2020 оны 08 сард цуцалснаас хойш 2021.07.05‑ны өдөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Стай орон сууцны захиалгын гэрээг байгуулж, маргааны зүйл болсон Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, “** apartment” *** дугаар байрны ** тоотын 48.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, 1 м.кв-ыг 2,000,000 төгрөгөөр тооцож, нийт 97,400,000 төгрөгөөр,
мөн 2021.06.10‑ны өдөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Ябаяртай орон сууцны захиалгын гэрээг байгуулж, маргааны зүйл болсон Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, “** apartment” *** дугаар байрны ** тоотын 44,5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, 1 м.кв-ыг 1,900,000 төгрөгөөр тооцож, нийт 84,550,000 төгрөгөөр тус тус худалдаж, Б.С, Ж.Ябаяр нар нь төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Энэхүү гэрээнүүд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 18* дүгээр зүйлийн 189.1‑д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, энэ үед маргааны зүйл болсон **, ** тоот орон сууцууд нь Иргэний хуулийн 251, 252 дугаар зүйлд зааснаар биет байдлын доголдолгүй, ямар нэгэн эрхийн зөрчилгүй байжээ.
4.3.Дээрх гэрээ болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1‑д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С нь 2021.07.05‑ны өдөр 97,400,000 төгрөгийг, Ж.Ябаяр нь 2021.06.10‑ны өдөр 84,550,000 төгрөгийг тус тус хариуцагч ДН групп ХХК‑нд төлсөн байх бөгөөд хариуцагч ДН групп ХХК нь 2021.07.05‑ны өдрийн 21/40 тоот албан бичгээр Б.Ст ** тоотын 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн, мөн Ж.Ябаярт ** тоотын 2 өрөө орон сууцыг 2021 оны 07 сард хүлээлгэн өгсөн байх ба, энэ талаар баримтгүй хэдий ч зохигчид маргасангүй.
Өөрөөр хэлбэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С, Ж.Ябаяр, хариуцагч ДН групп ХХК нь бие биенийхээ өмнө хүлээсэн үүргийг харилцан зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байх бөгөөд 2021 оны 07 сараас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С нь ** тоот орон сууцанд, Ж.Ябаяр нь ** тоот орон сууцанд өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт тус тус амьдарч, ашиглалтын зардал төлж байгаа болох нь зохигчдын гаргасан тайлбар, тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаар тогтоогдсон.
4.4.Ийнхүү бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.4, 4 дүгээр зүйлийн 4.5‑д зааснаар ** тоот орон сууцны өмчлөх эрхээ баталгаажуулах, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авахаар Улсын бүртгэлийн байгууллагад хандсан байх боловч Улсын бүртгэлийн байгууллага нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.24‑ний өдрийн 2286 дугаар шүүгчийн захирамжаар худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр тодорхой ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч ДН групп ХХК‑нд даалгасан гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан хариу өгчээ.
Тиймээс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.С, Ж.Ябаяр нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д зааснаар маргааны зүйл болсон **, ** тоот орон сууцнуудын өмчлөгч болохоор шаардах эрхтэй бөгөөд ДН групп ХХК нь Б.С, Ж.Ябаяр нарын бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно.
4.5.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5‑д зааснаар хариуцагч ДН групп ХХК нь Б.Сын гаргасан Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, “** apartment” *** дугаар байрны ** тоотын 48.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг,
Ж.Ябаярын гаргасан Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, “** apartment” *** дугаар байрны ** тоотын 44,5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч Г.Мын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,212,270 /879,375+332,895/ төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Сын тэмдэгтийн хураамжид төлсөн **5,000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Ябаярын тэмдэгтийн хураамжид төлсөн 562,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ДН групп ХХК‑иас **5,000 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ст, 562,950 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Ябаярт тус тус олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 115.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д зааснаар ДН групп ХХК‑нд холбогдох Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, ****** гудамж, “** apartment” барилгын ** дүгээр давхрын **, ** тоот орон сууцуудын өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай Г.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5‑д зааснаар нэхэмжлэгч Г.М нь хариуцагч ДН групп ХХК‑нд холбогдох алданги 34,988,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5‑д зааснаар хариуцагч ДН групп ХХК нь Б.Сын гаргасан Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, “** apartment” *** дугаар байрны ** тоотын 48.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг,
Ж.Ябаярын гаргасан Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо, “** apartment” *** дугаар байрны ** тоотын 44,5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй богосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Мын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,212,270 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Сын тэмдэгтийн хураамжид төлсөн **5,000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Ябаярын тэмдэгтийн хураамжид төлсөн 562,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ДН групп ХХК‑иас **5,000 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Ст, 562,950 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Ябаяр нарт тус тус олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА