| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0180/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/200 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Түмэндэмбэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/200
2025 05 07 2025/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Түмэндэмбэрэл,
шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нарыг оролцуулан,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б.Л-д холбогдох ************** дугаартай /1 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед халдаж, 2 гараа гавлуулсан үедээ 2025 оны 3 дугаар сарын 13-ны оройн 21 цаг 20 минутын орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэсгийн албаны өрөөнд тус сумын олон нийтийн цагдаа А.А-ийн нүүрэн тус газар нь толгойгоороо 1 удаа мөргөж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн:
Шүүгдэгч Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед халдаж, 2 гараа гавлуулсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 13-ны оройн 21 цаг 20 минутын орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэсгийн албан өрөөнд тус сумын цагдаагийн алба хаагч Д.Бгийн шаардлагыг эсэргүүцсэн, олон нийтийн цагдаа А.Аийн нүүрэн тус газар нь толгойгоороо 1 удаа мөргөж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Э.Лы өгсөн: “Хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хэрэгт авагдсан:
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,
-Төв аймгийн Өндөрширээт сумын Цагдаагийн хэсгийн албаны өрөөний хяналтын 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-9/,
-хохирогч Д.Бийн "Төв аймгийн цагдаагийн газрын хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн цагдаагийн албан хаагчаар ажилтай. ...Тухайн өдрийн орой 18 цагийн орчим олон нийтийн цагдаа А.Аийн хамтаар Сант 4 дүгээр багийн нутаг буюу сумын төв дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр эргүүл шалгалт хийж байгаад 20 цаг 55 минут өнгөрч байхад Цагдаагийн хэсгийн байран дотор орж ирээд албан өрөөнд сууж байхад 21 цаг 03 минутын үед цагдаагийн хэсгийн байрны гадна талын хяналтын камерт 2 хүн орж ирж байх шиг харагдахаар нь ажлын өрөөнөөс гарч хэн байгаа болох талаар харсан чинь тус суманд оршин суух хаягтай Ё.Б, Б.Л гэх 2 хүн байсан бөгөөд Ё.Бн нүүр хэсэгт цус болсон байхаар нь олон нийтийн цагдаагийн хамтаар ажлын өрөөнд оруулж ирэхэд ...Б.Л гэх хүн Ё.Б гэх хүнтэй хэрэлдэж, хэл амаар доромжилж байгаад сууж байсан газраасаа босож ирээд нүүр, толгой хэсэгт нь гараараа цохиж, хоолойг нь боох хугацаанд ...шаардлага тавьж салгаад олон нийтийн цагдаагаар гав авчруулж, Б.Л гэх хүнийг гавласан боловч чамайг ажилгүй болгоно, ингэж ажлаа хийдэггүй юм, энэ гаваа тайл гөлөг минь гэх зэргээр хэл амаар доромжилж дайраад байсан. ...Б.Л нь Ё.Бг хэл амаар доромжилж зодолдох үедээ ажлын өрөөнд байсан 4 хөлтэй модон ширээний хөлийг хугалсан, олон нийтийн цагдаагийн нүүрийг мөргөж, хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн. Б.Лг үүдэн хэсэгт байдаг өрөөнд орж суугаад байж бай гэхэд наашаа цаашаа орж ирээд зодолдох гээд байх үед цаанаа байж бай гэхээр хэл амаар доромжлоод байсан. Б.Л нь гавлуулсны дараа хэл амаар доромжилж, мөргөх зэрэг хууль ёсны шаардлага эсэргүүцсэн үйлдэл гаргасан” гэх мэдүүлэг /хх-19-21/,
-хохирогч А.Аийн өгсөн: “Төв аймгийн цагдаагийн газрын хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн цагдаагийн албан хаагчаар ажилтай. ......Б.Лыг өрөөнд оруулж ирээд суулгасан юм. Тэгээд уг өрөөн дотор би хэсгийн цагдаа Д.Бд Б.Л нь намайг ингэж зодсон гээд хэлж байхад Б.Л нь намайг болон цагдаа Д.Бг хэл амаар доромжлоод байсан бөгөөд тухай бүр нь хэсгийн цагдаа Д.Б нь хэл амаар доромжилж болохгүй, хууль ёсны шаардлага тавьж байгаа талаар удаа дараа хэлж байсан. Тэгээд тухайн үед Б.Л нь хэл амаар доромжилж байгаад сууж байсан газраасаа шууд босож ирээд миний нүүр, толгой хэсэгт гараараа цохиод байхаар нь би газар унагаасан чинь миний толгой хэсэгт дахиад цохиж, өшиглөх үйлдэл хийж байхад цагдаа, олон нийтийн цагдаа хоёр салгаад Б.Лыг гавласан чинь Б.Л нь “Чи намайг гавладаг хэн юм бэ лалраа” гэх зэргээр харааж хэл амаар доромжлоод байсан. Уг үйл явдлын дараа Б.Лыг эхнэр Н гэх хүнд хүлээлгэж өгч явуулсан. Харин Ё.Бг авах хүн байхгүй байсан болохоор гэрт нь оруулж өгсөн үйл явдал болсон. Намайг мөргөх үед миний нүүр жоохон хөндүүртэй байсан одоо бол надад учирсан гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-25-26/,
-гэрч Ё.Бн өгсөн: “Миний биед учирсан гэмтэл байхгүй, би Шүүх эмнэлэг болон Цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтгүй байна. Намайг тухайн үед “ална пизда, гөлөг” гэх зэргээр дайраад байсан. Харин хэсгийн цагдааг “Чи муу бацаан намайг гавладаг хэн юм, ажилгүй болгоно чамайг лалар минь” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан... Д.Бийн нүүр хэсэгт мөргөх гэж дайрсан, олон нийтийн цагдаагийн нүүр хэсэгт мөргөсөн... Б.Лыг зодсон асуудал байхгүй, харин Б.Л нь цагдаа нарын шаардлага эсэргүүцээд мөргөх үед нь хөдөлгөөнийг нь хорих гээд гавлаж, газар унагааж барьсан үйлдэл байгаа... Цагдаагийн хэсгийн байранд орж ирээд би зүгээр сууж байхад Б.Л нь намайг шууд цохиж зодолдох үед 4 хөлтэй ширээний хөлийг нь хугалж эвдэлсэн... Тухайн үед Б.Л нь ямар нэгэн ийм үйлдэл гаргаагүй байсан бол эд зүйл эвдэж сүйтгэх ямар нэгэн зүйл байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-28-29/,
-Б.Лы гэрчээр өгсөн: “...Ё.Б ахтай муудалцсан талаар санахгүй байна, ямар ч байсан Ё.Бахтай муудалцаад Цагдаагийн хэсгийн байранд орж ирж цагдаа Д.Бтэй юм яриад сууж байсан. Тухайн үед сууж байх үедээ Ё.Б ахтай муудалцаж хэрэлдэж байх үедээ өөрийн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болон түргэн уурандаа сууж байсан газраасаа босож Ё.Б ахын толгой, нүүр хэсэгт цохих үйлдэл хийгээд бид хоёр хэсгийн цагдаагийн өрөөнд хоорондоо зодолдсон тэр үед олон нийтийн цагдаа А.А болон хэсгийн цагдаа Д.Б нар нь салгаж цагдаа Д.Б нь миний гарыг ард талд нь гавласан. Би согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас өөрийгөө удирдан жолоодох боломжгүй түргэн уурандаа ийм үйлдэл гаргасан байна. Тэгээд олон нийтийн цагдаа А.А нь намайг Ё.Б ахаас холдуулах гээд нөгөө өрөө рүү түлхэж оруулж байх үед нь олон нийтийн цагдаагийн нүүр хэсэгт нэг удаа мөргөсөн үйлдэл гаргасан” гэх мэдүүлэг /хх-35/,
-Б.Л-ы яллагдагчаар өгсөн: "... Надад тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Төв аймгийн Өндөрширээт сумын цагдаагийн хэсгийн албан өрөөнд хэсгийн цагдаа Б, олон нийтийн цагдаа А нарын шаардлагыг эсэргүүцэж улмаар А-ийн нүүрэн тус газар нь мөргөсөн тул прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн мэдүүлэгт болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан тул өөр нэмж ярих зүйл байхгүй... Хөдөөнөөс ирж мэдүүлэг өгөх боломжтой хүн байхгүй тул өөрийн хувийн байдлын талаар өөрөө ярих болно. Би 1991 онд Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт 3 хүүхэдтэй айлын дунд хүүхэд нь болон мэндэлсэн. 1998 онд Төв аймгийн Өндөрширээт сумын арван жилийн сургуульд нэгдүгээр ангид элсэн суралцаад 2006 онд 8 дугаар анги төгсөөд сумандаа мал маллан амьдарч байгаад 2010 онд Зэвсэгт хүчний 013 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж 2011 онд халагдсан. 2011 оноос хойш Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт мал маллан амьдарч байна. Эхнэр Н-тай 2012 онд гэр бүл болж одоо дундаасаа 13-аас 6 насны 3 хүүхэдтэй. Эхнэр Н Өндөрширээт сумын цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг..." гэх мэдүүлэг /хх-83-84/, зэрэг болно.
-“Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 07/67 дугаартай “Монгол Улсын иргэн Ш.Э-ын өмчлөлийн модон ширээний зах зээлийн үнэ цэн нь 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 190,000 төгрөг болно” гэх шинжээчийн үнэлгээний тайлан /хх-44-53/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-103/,
-Шүүгдэгч Б.Л-ы иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-99-102/ зэрэг нотлох баримтууд болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлд "Энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно" гэж хууль тогтоогч тайлбарласан.
Хэрэгт авагдсан Төв аймгийн цагдаагийн газрын 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/35 дугаартай “Олон нийтийн цагдаа томилох тухай” тушаалаар А.А-ийг мөн өдрөөс Өндөрширээт сумын олон нийтийн цагдаагаар томилогдсон, Д.Б нь Төв аймгийн цагдаагийн газрын хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн цагдаагийн албан хаагч ба тэдгээр нь Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд болох нь нотлогдож байна. /хх-19, 62-63/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлд заасан "Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилсан бөгөөд үндсэн шинжид Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол..." гэж, хүндрүүлэх шинжид тухайн гэмт хэргийг, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн" бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан бөгөөд яллагдагч Б.Л-ны үйлдэл энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарахгүй байна.
Учир нь яллагдагч Б.Л нь Ё.Б-тэй маргалдаж, түүний биед халдаж, зодох явцдаа тухайн албан байранд байсан 4 хөлтэй модон ширээний 1 хөлийг унагаасан, уг 4 хөлтэй модон ширээ нь "Хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламж"-д хамаарахгүй бөгөөд тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ш.Э-ын хувийн эд зүйл болох нь тогтоогдсон, сэргээн засагдсан байна.
Мөн иргэн Б.Л-ы иргэн Е.Б-н биед халдсан үйлдлийн улмаас модон ширээний хөл унасан бөгөөд эд хөрөнгө устгах, гэмтээх гэдэгт тухайн зүйлийг биет байдлын хувьд үгүй хийх, анхны шинж чанарыг бүрэн алдагдуулан зориулалтын дагуу ашиглах, сэргээн засварлах боломжгүй болгож, аж ахуйн эргэлт болон иргэний гүйлгээнээс гаргасан санаатай үйлдлийг хамааруулан үздэг ба дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан "Эд хөрөнгө устгах гэмтээх" гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.
Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлд "Нэг бүрийн тус хэрэгсэл"-ийг гав, хүлэг, ороох цамц, хөдөлгөөн хязгаарлах бусад хэрэгсэл, бороохой, цахилгаан гүйдлээр цохигч, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр, резин болон хуванцар сумтай буу, нэг бүрийн бусад тусгай хэрэгсэл зэргийг ойлгохоор, мөн хуулийн 52 дугаар зүйлд "Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх" талаар тус тус хуульчилсан бөгөөд цагдаагийн албан хаагч нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй халдлагыг таслан зогсоох, гэмт хэрэг, зөрчлийн үйлдлийг таслан зогсоох, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг баривчлахдаа хэрэглэхээр тогтоосон учир цагдаагийн алба хаагч нь иргэн Б.Л-ы хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдсан гэж үзэхгүй.
Мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагч Б.Л цагдаагийн алба хаагч хохирогч А.А-ийн хууль ёсны шаардлага болох үргэлжлүүлэн хэрүүл маргаан үүсгэхгүй байх, тухайн үйлдлийг хязгаарлах зорилгоор өөр өрөө рүү түрж, түлхэх явцад түүний биед нь халдсан буюу нүүрэн тус газар нь толгойгоороо 1 удаа мөргөсөн болох нь хохирогч Д.Б, А.А, гэрч Ё.Б нарын мэдүүлэг, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хууль сахиулагчийг эсэргүүцэх” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын Б.Л-ыг яллагдагчаар татах тогтоол болон түүнд холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.Л-ы “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед халдаж, 2 гараа гавлуулсан үедээ 2025 оны 3 дугаар сарын 13-ны оройн 21 цаг 20 минутын орчимд Төв аймгийн Өндөрширээт сумын Сант 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэсгийн албан өрөөнд тус сумын олон нийтийн цагдаа А.А-ийн нүүрэн тус газар нь толгойгоороо 1 удаа мөргөж, алба хаагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, цагдаагийн алба хаагч Д.Б-ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл нь түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл болж байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Тус хэрэгт хохирогчоор Төв аймгийн Өндөрширээт сумын хэсгийн цагдаа Б овогт Д.Б, Төв аймгийн Өндөрширээт сумын олон нийтийн цагдаа Б овогт А.А нарыг тогтоосон байх ба хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...биед учирсан гэмтэл байхгүй, гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.
Хохирогч Д.Б, А.А нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гарах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдав.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Л-ы гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч Б.Л-д шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Л-д холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Л-ы хувьд прокурорын шатанд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн үндсэн шинж нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмтлийн зэрэг учирсан байхыг шаардахгүй, мөн хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Ширээний хөл унасан асуудлын тухайд өөрөө ширээгээ янзлаад, засаад өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэсгийн төлөөлөгч Ш.Э мэдэгдсэн. Энэ хэргийн хохирогч нар нь миний эрүүл мэндэд хохирол учраагүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй гэсэн тул шүүгдэгч Б.Л-д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх талаар санал болгоход зөвшөөрсөн. Шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан. Уг саналаа дэмжиж оролцож байна...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан: “...Миний үйлчлүүлэгч Б.Л нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор уг хүсэлтийг хүлээн авсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Шүүх хуралдаанд энэ саналаа дэмжиж оролцож байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
эрүүгийн хариуцлага нь “тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг удирдлага болгож,
улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн ************** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж,
түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.3 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-ы зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрээр тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, бусад газарт зорчихыг хориглосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч Б.Л-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн **************** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Л нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тооцон гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар **************** дугаартай эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан 2 ширхэг сиди-/CD/-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Саран-Учрал/-д үүрэг болгосугай.
10.Улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гагцхүү энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргахыг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН