Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/211

 

2025        05            13                                  2025/ШЦТ/211

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Мөнхтайван,

          шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү нарыг оролцуулан,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч У овогт Д.Т-т холбогдох ************* дугаартай /1 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авснаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Т нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутагт 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Ц.Г-ай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь хөлөөрөө 1 удаа өшиглөж түүний эрүүл мэндэд "зүүн дээд 4-р шүд булгарч унсан, зүүн хөмсөгт шарх, зүүн чихэнд зөөлөн эдийн няцралт, дээд зүүн 2,3-р шүд хөдөлгөөн орсон гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудад үндэслэн:

Шүүгдэгч Д.Т нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутагт 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Ц.Гай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь хөлөөрөө 1 удаа өшиглөж түүний эрүүл мэндэд "зүүн дээд 4-р шүд булгарч унсан, зүүн хөмсөгт шарх, зүүн чихэнд зөөлөн эдийн няцралт, дээд зүүн 2,3-р шүд хөдөлгөөн орсон гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсанүйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Д.Тийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй”  гэх мэдүүлэг,

Хэрэгт авагдсан:

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,

-хохирогч Ч.Гын өгсөн: “...Би Төв аймгийн Эрдэнэсант суманд ээж, дүү нарын хамтаар амьдардаг. 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр би сумын төвийн гэртээ байж байгаад ойролцоогоор 21 цаг өнгөрч байхад ганцаараа сумынхаа Б гэдэг айлд ороход тэднийд Б нь эхнэр Цын хамтаар согтуу байсан. Гэрт Х гээд манай сумын залуу согтоод тасарчихсан бололтой унтаж байсан. Ширээн дээр нь нэг шил Хараа архи байсан тэрнээс Б надад хийж өгөхөөр нь би хоёр татсан, мөн үзэмний бараашиг хийж өгөхөөр нь уугаад Б, Ц бид 3 хувааж уугаад байж байтал гаднаас манай сумын залуу М буюу Т нэлээн согтуу орж ирсэн. Тэгээд ууж байсан архинаасаа Б тойруулсан. Тэр өдрөөс өмнө нь хоёр гурван хоногийн өмнө нь М бас Бын гэрт архи ууж байгаад согтуу миний хөмсөг рүү өшиглөж миний зүүн талын хөмсгийг язалсан. Т хөмсөг рүүгээ өшиглүүлсэн байсан болхоор тухайн үед Тт "...чи эртээд яагаад миний хөмсөг рүү өшиглөчихөөд зугтаагаад явчихаж байгаа юм" гэж хэлтэл өөдөөс "уучлаарай ах аа би харин согтчихоороо ингээд байдаг юм аа" гэж хэлхээр нь би "би одоо танай хөгшин настай аавыг чинь бие хаа нь муу байхад чинь цагдаа, сэргийлэх гэж чамд гай болоод ч яах вэ" гэж гэрээс нь гараад юм яриад байж байтал гаднаас П мөн Баян-Өндөр сумын танихгүй хоёр залуутай орж ирсэн бид хэд Бын гэрт ороод 0.75 литрийн 1 шил Хараа архи эхлээд задалж тэр архийг тойруулаад дуусахын даваан дээр Төмөрчөдөртэй би огт маргалдаж муудалцаагүй байхад Төмөрчөдөр намайг газар сууж байхад баруун талын хөлөөрөө миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд л тэр үед миний амнаас цус гараад аман дотор 1 ширхэг шүд хугарчихсан би гараараа амаа дартал ахиад хоёр, гурван удаа нүүр рүү өшиглөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс ч салгахгүй байхаар нь би шууд амаа дараад гарч шууд сумын эмнэлэг ороход сумын эмнэлэгт намайг үзэх эмч байгаагүй нэрийг нь мэдэхгүй нэг бондгор сувилагч байсан тэр хүүхэн жижүүр эмч рүүгээ залгахад эмч нь утсаа авахгүй байхаар нь би болиод сумын цагдаа дээр очиход цагдаагийн байран дээр хүн байгаагүй хэсгийн төлөөлөгч, нар Төв аймаг явсан байсан..." гэх мэдүүлэг /хх-6-7-р/,

-гэрч Н.Цын өгсөн "...М, Г-йн нүүр рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөтөл Г доошоо газар тонгойход амнаас нь нил цус гарсан. Тэр үед би нойлын цаасаар арчиж өгөхөд Г амаа дараад гараад явсан..." гэх мэдүүлэг /хх-9/

-гэрч С.Бын өгсөн "... Манай гэрт М буюу Т, Г буюу Гыг нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэр үед 1 шүд нь хугарсан гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-11/

-гэрч А. Бын өгсөн "... Би тэр үед архи их уусандаа болоод согтсон сандал дээр суугаагаараа унтсан байсан. Яг хэн нь хэнийгээ зодсон гэдгийг нь хараагүй. Сэртэл Ц эгч л хэлэхдээ Т Гийн нүүр рүү өшиглөсөн талаар хэлсэн. Намайг сэрэхэд Г, Т байхгүй байсан...." гэх мэдүүлэг /хх-13/

-Д.Трийн сэжигтнээр өгсөн: “Төв аймгийн Эрдэнэсант суманд аав Д, ээж Г, эхнэр Ц, 2 настай хүү Н нарын хамтаар амьдардаг юм. Манайх хөдөө мал малладаг байж байгаад 1 жилийн өмнөөс сумын төвд ирж амьдарч байна. Би яг хэдний өдөр болохыг сайн санахгүй байна. 2025 оны 4 дүгээр сарын эхэн үеэр байх тэр өдөр П ах, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Ш, Г гурав манайд ирээд тэр хэдтэй хамт гарч бид дөрөв 19 цагийн орчимд П ахын хашаанд Ш Приус-30 машинд 0.75 литрийн Хараа архи хувааж ууцгаасан. Тэгээд ер нь архиа уунгаа жоол юм ярьцгааж байгаад би П ахын хашаанаас гарч Бын ахын гэрт очиход гэрт нь Б ах, Ц эгч, Г ах нар байсан. Х ах согтуу тасарчихсан гэрийнх нь зүүн хойд талд шалан дээр унтаж байсан. Намайг ороход Г ах, Б ах, Ц эгч гурав нэг шил Хараа архи уугаад сууцгааж байсан. Тэр архийг ууж байтал би урд өмнө нь хоёр, гурав хоногийн өмнө архи ууж байгаад Г ахтай маргалдаад би Ганаа ахын хөмсөгрүү өшиглөчихсөн юм тэр асуудлаас болсон байх би бас бүдэг бадаг санаад байна. Би Б ахын ширээг дэрлээд байж байтал Г ах намайг гараараа миний баруун талын шанаа руу нэг удаа цохихоор нь би босоод Г ахыг хөлөөрөө нэг удаа нүүр рүү нь өшиглөчихсөн. Тэгээд бид хоёр тэрнээс хойш зодолдоогүй харин гадаа гарч эв зүйгээ олж юм яриад байж байтал гаднаас П, Ш, Г гурав ирсэн. Г ах түрүүлээд яваад өгөхөөр нь бид хэд Б ахын гэрт орж П ахын авчирсан нэг шил архийг нь уучихаад тарцгаасан. Би лав гэрлүүгээ харьж унтсан” гэх мэдүүлэг /хх-15-16/,

-Д.Тийн өгсөн: “Би өмнө өгсөн мэдүүлэг дээр болсон явдлыг дэлгэрэнгүй ярьсан тул надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-30/,

-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Төв0725/226 дугаартай "Ц.Гын биед зүүн дээд 4 дүгээр шүд булгарч унасан, зүүн хөмсөгт шарх, зүүн чихэнд зөөлөн эдийн няцралт, дээд зүүн 2,3-р шүд хөдөлгөөн орсон гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн шүдний 4 дүгээр шүдний булгарал нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт /хх-19-20/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/,

-шүүгдэгч Д.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35-37/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээч эмчийн дүгнэлтээр хохирогч Ц.Гын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 Энэ хэргийн тухайд, шүүгдэгч Д.Тийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ц.Гын эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.

          Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын Д.Тийг яллагдагчаар татах тогтоол болон түүнд холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

          Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

          Иймд шүүгдэгч Д.Тийн Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутагт 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Ц.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь хөлөөрөө 1 удаа өшиглөж түүний эрүүл мэндэд "зүүн дээд 4-р шүд булгарч унсан, зүүн хөмсөгт шарх, зүүн чихэнд зөөлөн эдийн няцралт, дээд зүүн 2,3-р шүд хөдөлгөөн орсон гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл болж байна гэж дүгнэлээ. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Тус хэрэгт хохирогчоор У овогт Д.Тийг тогтоосон байх ба хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Төмөрчөдөр намайг газар сууж байхад баруун талын хөлөөрөө миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд л тэр үед миний амнаас цус гараад аман дотор 1 ширхэг шүд хугарчихсан би гараараа амаа дартал ахиад хоёр, гурван удаа нүүр рүү өшиглөсөн. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.

Хохирогч Ц.Г нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Д.Т нь хохирогчид эмчилгээний зардалд 700,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гарах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдав.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Улсын яллагч М.Мөнхтайван: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгчөөс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан бөгөөд түүнийг хянан авч үзээд, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзээд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй...” гэх дүгнэлт,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн: “...шүүгдэгч Д.Т гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

эрүүгийн хариуцлага нь “тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг удирдлага болгож,

улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзлээ.  

         Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн ************* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, шүүгдэгч Д.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.3 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч У овогт Д.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500,000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Д.Т нь оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6.Эрүүгийн ************ дугаартай хэрэгт шүүгдэгч Д.Т нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.

9.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт оролцогч гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХБҮРЭН