| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0194/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/212 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Алтансүх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/212
2025 05 13 2025/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Улсын яллагч хяналтын прокурор О.Алтансүх,
шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү нарыг оролцуулан,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Д-т холбогдох ************ дугаартай /1 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Д нь 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Давст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Е.М-н гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Н-тэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж толгой тус газар гарaapaa цохиж зодон Б.Н-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудад үндэслэн:
Шүүгдэгч Б.Д нь 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Давст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Е.Мын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Нтэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж толгой тус газар гарaapaa цохиж зодон Б.Нгийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ. Үүнд:
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,
-хохирогч Б.Нийн өгсөн: “...Би Төв аймгийн Дэлгэрхаан сумын Давст 3 дугаар багт эхнэр 8 хүүхдийн хамтаар амьдардаг юм. Тухайн 2025 оны 3 дугаар сарын 18-ний өдөр 14 цагийн үед би сумын төв орж бензин хийх болон хувцас угаах зорилгоор эхнэр Мын хамтаар явсан юм. Сумын төв орж бензин аваад хувцсаа хадам ээж болох Н гэх хүний гэрт очоод угаалга хийчхээд хоол цай идэж уучхаад буцах гээд байж байтал гаднаас Д гэх хүний эхнэр Э гэх хүн орж ирсэн. Орж ирээд эхнэр бид хоёрт хандан "та хоёр буцах гэж байна уу эгч нь замд нь дайгдаад гэртээ буучихъя" гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр болон Э эгч бид 3 хадмын гэрт хоол идчихээд орой сумын төвөөс 19 цаг өнгөрч байхад хөдөлсөн юм. Тэгээд Э эгчийг гэрт нь 20 цагт дөхүүлээд буулгачхаад явах гэтэл Э эгч гэрт ороод цай унд уучихаад хөдөл" гэж эхнэр бид хоёрт хэлсэн юм. Тэдний гэрт ороод цай унд уугаад байж байтал Э эгч "цэргийн баяр болж байгаа юм чинь гээд" сумын төвөөс орж авсан бололтой 0.5 литрийн нэрийг нь сайн мэдэхгүй нэртэй архи гаргаж ирээд задлаад эхнэр бид хоёрт өгөх гэсэн. Тэгээд би "за эгч би гарч дугуйны хий чангалчхаад ороод ирье" гэж Э эгчид хэлчихээд гэрээс гараад дугуйны хий чангалчхаад ороод иртэл нөгөө архийг задалчихсан эхнэрт аягалаад өгчихсөн эхнэр бариад сууж байсан. Тэгээд надад өгөх гэтэл "Зүгээрээ эгч би уухгүй, харин танай гэрт байгаа "тарагны бараашиг" гэх юмнаас чинь уучихъя гэж хэлсэн. Тэгээд тухайн юмнаас том стаканаар нэг аягийг уугаад байж байгаад удалгүй гэрийн гадаа машин ирэх чимээ гарсан. Би "хэн юм бол" гэж хэлэхэд Э эгч гэрээс гарч шагайчхаад буцаж орж ирээд "Д ирсэн байна" гэж хэлсэн. Тэгээд гэр дотор Д нь ганцаараа ороод ирсэн, орж ирээд бид нартай мэнд ус мэдэлцээд цай унд уугаад суусан. Тэгээд тэдний гэрт задалчихсан байсан архинаас Дт Д гэх хүний хүүхэд насанд хүрсэн Т гэх хүн архи аягалж өгсөн. Тухайн айлд нэлээн сууж байгаад цаг 21-22 цагийн үе болж байхад Д нэлээн халчихсан байж байгаад надтай үг сөргөөд "Чи одоо айл амьтан ухсан гэж сэжиглэгдээд цагдаад очиж мэдүүлэг өгсөн энэ тэр гэсэн биз дээ" гэж хэлэхэд нь би "Арай ч айл амьтан ухах дээрээ тулчхаагүй байна шүү" гэж хэлэхэд надад хандан "Чи амнаасаа болж алуулав даа муу гөлөг минь, би эхнэрээсээ нууж өөрийнхөө адууг ченжид зарсныг чи эхнэрт хэлдэг хэн юм бэ" гэх мэтээр надтай маргалдаж эхэлсэн. Тэгээд удалгүй тухайн айлд надтай барилцаж аваад миний толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохиж, нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөж, намайг газарт унасан байхад цээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний хамраас цус гараад тухайн айлд бөөн цус болсон. Намайг газарт унасны дараагаар Д нь миний толгой хэсэг рүү хөлөөрөө дэвслэх гээд байсан гэж манай эхнэр сүүлд надад хэлсэн. Би газарт унасны дараагаар толгойгоо бариад хэвтсэн. Удалгүй манай эхнэр болон Э эгч нар Дыг гэрээс гаргаад явуулсан. Би тухайн айлд байж байгаад Дыг явсны дараа тухайн гэрт дуссан байсан цусыг манай эхнэр цэвэрлэж байгаад 1 цаг орчмын дараагаар хөдөлсөн юм. Учирсан хохирлыг барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй”... гэх мэдүүлэг /хх-6-9,11-12/,
-гэрч Е.Мн "... Д гэр рүү нэлээн халамцуу бололтой орж ирсэн. Тэгээд гэрт байсан нэг шил архийг Д нь бараг л ганцаараа шахуу уусан. Э эгчийн гэрт байж байхад нөгөө шил архи нь бараг дуусаж байх үед манай нөхөртэй маргалдаад эхэлсэн. Д нь манай нөхөрт хандан чи миний ченжид зарсан адууг гэрийнхэнд хэллээ гээд уурлаад байсан, манай нөхөр би өөрөө ямар хүн амьтанд нууцаар адуу мал зарж үзсэн биш би яаж мэддэг юм гэж хэлээд тэр хоёр муудалцаад байсан. Тэгээд удалгүй Д нь чи айлын гэр ухаад хамаг юмыг нь авчихсан юм биш үү гээд улам их маргалдаад хэрэлдээд эхэлсэн. Үүний дараа Д нь манай нөхрийн толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон, бас нүүр лүү өшиглөсөн. Манай нөхөр газарт унасны дараагаар Д нь манай нөхрийг өшиглөөд байсан. Манай нөхөр өөрөө харин доошоо хараад хэвтчихсэн тэгээгүй бол Д нь бүр дэвслэх гээд амандаа "Ална чамайг гүйцээнэ" гэх мэтээр үг хэлээд байсан. Тэгээд би Э эгчийн хамтаар Дыг Нээс салгаад гэрээс гаргаад машинд нь суулгаад буцаж гэр лүү орсон..." гэх мэдүүлэг /хх-14-16/,
-гэрч С.Эийн "... Бид хэд байж байтал удалгүй Н, Д нар нь юунаас болсон юм бүү мэд маргалдаад, удалгүй тэр хоёр ноцолдоод зодолдоод эхэлсэн. Тэгээд удалгүй Д нь гэрээс гараад машинаа унаад яваад өгсөн. Н нь эхнэртээ хандан чи намайг хүнд зодуулчихлаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад явтал араас М нь нөхрөөсөө айсан бололтой хоёр хүүхдээ аваад гэрээс гарсан. Удалгүй буцаад гэр лүү ортол Н нь сөхрөөд суучихсан байдалтай байж байгаад удалгүй тэр хэд бас яваад өгсөн..." гэх мэдүүлэг /хх-18-20/,
-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 0725/203 дугаартай "Б.Нийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, доод уруулын салстанд шарх, хамрын таславчны хугарал, зүүн нүдний зовхи, хамар, баруун шуунд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцралт, дээд зүүн 1 дүгээр шүд, дээд зүүн 2 дугаар шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-26-27/,
-Б.Дын яллагдагчаар өгсөн "...2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн үед санагдаж байна. Би тухайн үед ээжийн төрсөн дүү болох Д ахын гэрт мэнд хүргэх гэж ирсэн. Тэгсэн чинь зүс таних Н эхнэр Мөнхзулын хамт 1 шил архи уугаад дуусаж байсан. Тэгээд би мэнд ус мэдээд суусан бөгөөд гэнэт Б.Н босож ирээд хармаанаасаа тонгорог гаргаж ирээд "Малаар чинь биш амиар чинь тоглоно" гэхээр нь би Нийн нүүр хэсэгт 1 удаа мөргөсөн. Мөргөсөн чинь Н доошоо хараад хэвтчихсэн. Тэгээд би гараас нь тонгоргийг нь авах гэтэл эхнэр нь Нийн дээр нь дараад хэвтсэн бөгөөд эхнэр нь намайг боль гар гэхээр нь би гараад гэр лүү явсан.... Нийн данс руу хохирлын 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-39-40/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/,
-Шүүгдэгч Б.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, жолоочийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-43-49/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээч эмчийн дүгнэлтээр хохирогч Б.Нйн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.
Энэ хэргийн тухайд, шүүгдэгч Б.Дын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Нгийн эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын Б.Дыг яллагдагчаар татах тогтоол болон түүнд холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.Дын “2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Давст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Е.Мын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Нтэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж толгой тус газар гарaapaa цохиж зодон түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Тус хэрэгт хохирогчоор Д овогт Б.Нг тогтоосон байх ба хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...эмчилгээний зардалд 310,000 төгрөг, шатахуунд 247,000 төгрөг, нийт 557,000 төгрөгийг барагдуулсан. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж, “нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй” тухай хүсэлтээ гаргасан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-62/
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч О.Алтансүх: “...шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг: “...шүүгдэгч Б.Н гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдэг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
эрүүгийн хариуцлага нь “тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг удирдлага болгож,
улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн *************** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, шүүгдэгч Б.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.3 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У овогт Б. Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган /600,000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.Д-т оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Эрүүгийн ************* дугаартай хэрэгт шүүгдэгч Б.Д нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.
9.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт оролцогч гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН