Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/213

 

   2025        05        13                                              2025/ШЦТ/213

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ж.Мөнхзул,  

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү нарыг оролцуулан

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч.Б холбогдох ***************** дугаартай /1 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ч.Б нь Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1003 дугаартай шийтгэврээр жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 01 дүгээр багийн нутагт согтуугаар "Королла Спасио" маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудад үндэслэн:

“Шүүгдэгч Ч.Б нь Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 1003 дугаартай шийтгэврээр жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 01 дүгээр багийн нутагт согтуугаар "Королла Спасио" маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож  замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо. Үүнд:

-Шүүгдэгч Ч.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

-2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн цагдаа зохицуулагч ахлах ахлагч Г.Бын “Ч.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэн Тоёота королло маркын ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон” гэх эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-3/

-жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4/

-Ч.Б-ын сэжигтнээр өгсөн "... Би 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн орчим Төв аймаг Алтанбулаг сум Сумт 01 дүгээр багийн сумын төвд "Ноён тээг" дэлгүүрийн урд талд мөнгөлөг саарал өнгийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл, машин жолоодож, байгаад төв уурын зуухны хашаа руу ортол араас цагдаа нар ирээд намайг шалгахад би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тэгээд тээврийн хэрэгслийг цагдаа жолоодоод Алтанбулаг сумын цагдаагийн хэсэг дээр ирээд дотогшоо өрөөнд нь орж үлээлгэхэд 2.36 хувийн согтолтой гарсан. Би тухайн өдөр Алтанбулаг сумын Цэргийн ангийн ажилчдын уурын зуухны буланд үүдэн дээр машин дотроо байж байхдаа 0.33 граммтай "Хараа нэртэй архийг ганцаараа уугаад Алтанбулаг сумын төвийн халаалтын нэгдсэн зуухны хашаанд оруултал араас цагдаа ирээд намайг улээлгэсэн зүйл болсон..." гэх мэдүүлэг /хх-14-16/

-Ч.Б-ын яллагдагчаар өгсөн "...Цэргийн ангийн уурын зуухны хашаанаас хөдлөөд Нэгдсэн зуухны хашаа руу ортол араас цагдаагийн алба хаагч нар ирсэн. Ойролцоогоор 100 метр газар байсан” гэх мэдүүлэг /хх-24-25/,

-Alcodetect Pro загварын 91102070 дугаартай согтуурал шалгах багажийн баталгаажуулалтын хуудас /хх-6/,

-Шүүгдэгч Ч.Б-ын жолоочийн лавлагаа, иргэний үнэмлэхийн болон хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ЗШ/1003 дугаартай шийтгэвэр /хх-38-43, 33-36/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Ч.Б нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1003 дугаартай дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаанд хасуулж, эрх хасах шийтгэлийн хугацаа дуусаагүй байх үедээ дээрх зөрчлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан шийтгэврийн хуулбараар нотлогдож байна. /хх-33-36/

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь хэлбэрийн шинжтэй байхыг тус тус шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн аутентик тайлбар буюу хууль тогтоогчийн “энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласан.

Шүүгдэгч Ч.Б-ын “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг “Alcodetect Pro гэх багаж ашиглан шалгахад 2.36 хувийн согтолттой” гэх тэмдэглэл, түүний амьсгал дахь спиртийн агууламжийг драгер багажаар үлээлгэж гэрэл зургаар бэхжүүлсэн байна.

Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Баталгаажуулалтад тэнцсэн хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалт хийсэн байгууллага лац, тэмдгээр битүүмжилж, гэрчилгээ олгоно” гэж заасны дагуу Alcodetect Pro гэх согтуурал шалгах багажийг баталгаажуулсан байх тул согтуурсан эсэхийг шалган тогтоох ажиллагааны үр дүнд шүүгдэгч Ч.Б-ыг “согтуурсан” гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болж байна. /хх-6-7/

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

          Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч , түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргасан, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар шүүх хуралдаанд мэдүүлж байх бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Ч.Б-ын Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1003 дугаартай шийтгэврээр жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр багийн нутагт согтуугаар "Королла Спасио" маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу Ч.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

Улсын яллагч Ж.Мөнхзул: “...шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэх дүгнэлтийг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл... хориглохыг эрх хасах ял гэнэ”,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж тус тус заасан.

Хэрэгт түүний хувийн байдлыг нотлох жолоочийн лавлагаа, иргэний үнэмлэхийн болон хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38-43/ зэрэг авагджээ.

Шүүгдэгч Ч.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн зүйлийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баттулгад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг,

Шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

*************** дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сар /1 жил 6 сар/-ын хугацаагаар хасаж, гурван мянган /3,000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая /3,000,000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-гын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6.Шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7.Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.

10.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт оролцогч гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

12.Шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХБҮРЭН