| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0051/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/217 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/217
2025 05 14 2025/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,
улсын яллагч хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,
шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Н.Баатардорж,
хохирогч З.О,
шинжээч И.Ганболор,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа нарыг оролцуулан,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүгдэгч Б овогт Ж.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* дугаартай эрүүгийн /2 хавтас/ хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.А нь Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн нутаг 60-н даваа гэх газар иргэн З.О-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг.Хэргийн үйл баримт:
“Шүүгдэгч Ж.А нь 2024 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг явах замдаа Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн нутаг 60-н даваа гэх газар иргэн З.О-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий” хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ж.А: “Би өмнө нь өчнөөн мэдүүлэг өгчихсөн байгаа. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч З.Оын өгсөн: “2024 оны 8 дугаар сарын сүүлээр 9 дүгээр сарын эхээр Ж.Аай шөнийн 11 цаг өнгөрч байхад гэрээс гарч явсан. Ж.А сантехникийн ажил хийх гээд явахад нь хүүгээ аваад ээж дээрээ оччихоод ирье гээд явсан. Би замдаа хоёр лааз пиво уусан. Өөрөө миний авсан пивоноос талыг нь уусан. Манай хүүхэд яаж байна гэхээр нь танай хүүхэд ингэсэн тэгсэн, ээжийгээ зодоод энээ тэрээ болж байна лээ гэж хэлсэн. Тэрний маргаанаас үүсээд хүүгээ тэврээд явж байсан чинь эргээд харахын завдалгүй нүд рүү цохисон. Дараа нь хүүгээ сэрээгээд буухын завдалгүй ахиад цохисон. Одоо болохоор би цохиогүй гээд байна. Би тэр үед нь машинаас нь буугаад Баянчандмань сумын цагдаа дээр очсон. Миний хамраас цус гарсан, нүд хавдчихсан очсон. ...замын цагдаа гэртээ харь гээд машин зогсоогоод суулгаж өгсөн. Маргааш нь ирсэн шинжээчид үзүүл гэсэн. Шинжээчид үзүүлсэн. Нөхөртөө зодуулаагүй байсан. Сэтгэцэд учирсан хохирлоо, эмчилгээний зардлаа авмаар байна” гэх мэдүүлэг,
Гэрч цагдаагийн ажилтан Ц.Ганбатын өгсөн: “Хохирогч шөнийн 00 цагийн орчим замын цагдаагийн пост дээр ирсэн. 9-10 насны хүүхэд дагуулсан эмэгтэй баруун нүд нь хавдсан, хамраас нь цус гарсан байдалтай хүүхдээ дагуулаад явж байсан. Тухайн үед юу болсон талаар тодруулж асуухад А гэдэг хүнтэй Дархан руу явж байсан. Намайг замдаа зодоод хээр буулгаж хаячхаад явчихлаа гэдэг зүйл ярьсан. Ямар машинтай явж байгаа талаар асуухад цэнхэр өнгийн Акуа гэсэн. Тухайн үед Урьхан дээр зам тээврийн осол дээр ажиллаж байсан замын цагдаагийн хоёр албан хаагч руу залгаад тухайн тээврийн хэрэгслийг зогсоолгоод Баянчандмань сумын пост дээр авч ирсэн. Хохирогч болон холбогдогч хоёрыг уулзуулаад таныг зодсон хүн мөн үү гэхэд мөн гэсэн. Танд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх үү гэхэд зүгээр би одоо хот руу явна гээд шөнийн 02 цагийн орчимд замын унаанд суулгаад явуулсан. Ж.А архи уугаагүй эрүүл байсан” гэх мэдүүлэг,
Шинжээч эмч И.Ганболорын “Тухайн өдөр 9 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цаг 14 минутад З.Оыг үзсэн байна. Үзлэг хийхэд баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралттай, хаван хавдартай, баруун хацарт хаван хавдар, цус хуралттай байсан. Бүтэн биеийн үзлэг хийсэн. Дараагийн шатны эмнэлэг рүү компьютер томографик хийлгэхээр бичиг хийж явуулсан. Хатуу мохоо зүйл гэдэг нь хурц иртэй зүйл биш. Гадаргуу нь хавтгай мохоо зүйлийг хэлж байгаа. Унах үед үүсэх боломжгүй. Үүслээ гэхэд гаднын биет арьсыг гэмтээх, зулгарч, шарх үүсгэнэ. Унах үед хүн нүднийхээ зовхиор унахгүй. Хэд хэдэн газарт буюу баруун нүдний зовхинд цус хуралт, хаван хавдар, баруун хацарт хаван хавдар байгаа учраас хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэж хариулсан” гэж мэдүүлэг;
Эрүүгийн ******************дугаартай хэрэгт авагдсан:
-хохирогч З.Оын өгсөн “...2024 оны 9 дүгээр сарын 19-ний шөнийн 00 цагийн орчимд өөрийн нөхрийн найз Агэх хүний машинтай өөрийн хүү А нарын хамт Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэл явах болоод А машинаа жолоодоод би жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад миний хүү А миний өвөр дээр суугаад бид хотоос хөдлөөд явж байх замдаа би Улаанбаатар хотоос гарах үедээ 2 сав 500 граммын Сэрүүн нэртэй пивотой явж байгаад замдаа нэгийг задлаад би өөрөө уусан. Миний өвөр дээр хүү унтаж байсан тухайн үед би А “танай хүү Э муухай ааштай хүүхэд байна миний өөдөөс хэрэлдэж өөрийнхөө ээжтэйгээ өмнөөс нь цохиж нүдээд байсан” гэж ярьтал А надад гэнэт уурлаж манай эхнэр гэр бүлийнхээ талаар яриагүй байхад чи яагаад хов зөөгөөд байгаа янхан, гичий вэ гээд миний нүүр рүү rapaapaa 2-3 удаа цохиж, баруун гарын булчин хэсэг руу 2-3 цохиж зодсон би тухайн үед хүүгээ өвөр дээрээ аваад сууж явж байсан тэгтэл миний хүүгийн баруун талын дал, зүүн талын өвдөг хэсэг рүү мөн цохиж зодож цохиод, машинаа зогсоогоод хүү бид хоёрыг харанхуй шөнө хөдөө хээр газарт зам дээр хөөж буулгаж орхиод машинтайгаа Дархан-Уул аймгийн чиглэлд яваад өгсөн. Би хүүгийнхээ хамт шөнийн 01 цаг өнгөрч байхад зам дээрээс гар өргөж машинд гуйж суугаад Баянчандмань сумын цагдаагийн хэсэгт хүргүүлж ирээд цагдаагийн байгууллагад ирээд гомдол гаргасан..." гэх мэдүүлэг /I-хх-ийн 5-6/,
-хохирогч З.Оын дахин өгсөн “...Би гомдолтой байна. Зүгээр байж байгаад Ат зодуулсандаа гомдолтой. Өөрийн биед эмчилгээ хийлгэх үед зарцуулсан зардал мөнгөө нэхэмжлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /I-хх-ийн 8/,
-насанд хүрээгүй гэрч Н.А-ийн дахин өгсөн “…А ах, ээж нарын хамтаар явж байсан. Унтаад явж байсан. Тэгтэл ээж, А ахад юм хэлэхээр уурлаад ээжийн нүүрэн хэсэгт А цохиод, эргэдэг зам дээр ээж бид хоёрыг буулгаад хаясан... А ах ээжийг гараараа 2 удаа нүд хэсэг рүү нь цохиод, замд ээж бид хоёрыг машинаас буулгасан... Би тээврийн хэрэгслийн урд талын суудал дээр ээжийн өвөр дээр сууж явсан. Машин хойно багтахгүй угаалгын машин ачсан байсан. А ах ээжийг цохихдоо намайг бас гараараа цохисон. Миний нуруу хэсэг рүү цохисон” гэх мэдүүлэг /II-хх-ийн 0-11/,
-Ж.А-ын сэжигтнээр өгсөн “...Улаанбаатар хотоос гарах гээд явж байгаад би дэлгүүр орж хөгжимдөө сиди авах гээд зогссон. Тэгтэл О надтай хамт машинаас буугаад хажуу талын өөр хүнсний дэлгүүр ороод гарч ирэх үедээ надад нэг тамхи, ундаа, өөртөө 5 ширхэг Сэрүүн нэртэй пиво аваад ирсэн. Тэгээд бид хоёр машинд суугаад явж байтал О дэлгүүрээс авч ирсэн пивоо машинд задалж уухаар нь би О-ыг чи ууж болж байгаа юм уу чи ч уухаараа их агсан хүн шүү гэж тоглоод сануулаад хэлтэл чи битгий хуцаад байгаарай гээд пиво уугаад ярьж байгаад О надад танай хүүхэд их дүрсгүй ээжийнхээ үгэнд орохгүй миний өөдөөс хэрэлдэж хамт байгаа дүүгээ зодоод байдаг гээд надад хэлэхээр нь би тухайн үед чи битгий хов яриад бай гэж О-д хэлсэн чинь би угаасаа ярина энэ бол хов биш би болсон явдлыг үнэнгээр нь ярьж байна гээд маргалдаж над руу агсан тавиад байхаар нь би чамайг ингээд агсам тавиад байвал замд буулгаад орхино шүү гэж хэлээд машин жолоодоод явж байсан чинь агсам тавиад болохгүй байхаар нь би замд машинтайгаа зогссон тэгээд би О-ыг чи машинаас буу гэж хэлсэн чинь чи намайг хээр буулгаж хаях гэлээ гээд надтай ноцолдож хэрүүл хийж байгаад над руу ууж байсан савтай пивоны үлдэгдлийг цацаад агсам тавиад байхаар нь машинаа жолоодож явж байгаад Төв аймгийн Баянчандмань сумын постоос зүүн тийш 5 км орчим зайд О-ыг машинаасаа хүүхэдтэй нь хамт буулгаж орхиод би машинаа унаад явсан...” гэх мэдүүлэг /I-хх-15-16/,
-Ж.А-ын яллагдагчаар өгсөн “...Улаабаатар хотоос явахдаа дэлгүүрээс 5 ширхэг лаазтай пиво аваад замдаа уугаад явсан. Удалгүй согтоод над руу ууж байсан пиво уугаад шидсэн. Тэгээд хэрэлдээд байхаар нь би олон юм яриад байвал буугаарай гэсэн. О бууя гэхээр нь машинаа замын хажууд зогсоод буулгасан. Тэгээд над руу О пиво шидээд буусан. Би О-ыг зодсон зүйл байхгүй. Хэрэлдэж маргалдаад гараа түлхсэн юм. ...О гэртээ 2 сав пиво уусан. Замаараа 5 лааз пиюо аваад 3 лааз пиво уугаад согтуу байсан... Тэгээд орой нь О гэртээ ирээд нөхөр Н-той зодолдсон талаар манай Э, хүүхэд А.Э, А харсан байсан...” гэх мэдүүлэг /I-хх-52-53/,
-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 558 дугаартай “...Н.А-ийн биед баруун өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /I-хх-18-19/,
-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 559 дугаартай “...3.О-ын биед баруун нүдний зовхи, баруун хацарт, цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдолоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /I-хх-21-22/,
-Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Г-ын гэрчээр өгсөн: “2024 оны 9 дүгээр сарын 20-ны шөнийн 01 цагийн орчим намайг Баянчандмань сумын цагдаагийн постон дээр байхад гаднаас 30 орчим насны эмэгтэй хүн хүүхдээ дагуулаад ороод ирсэн. Уг 30 орчим насны эмэгтэй хүний нүд нь хөхөрсөн, хамарнаас нь цус гарсан байдалтай, цуг явсан жолооч А намайг зодоод зам дээр хаяад явлаа гэж хэлэхээр нь тээврийн хэрэгслийг холбогдох замын алба хаагч нараар олж тогтоолгон, саатуулан цэнхэр өнгийн Акуа маркын тээврийн хэрэгслийг зогсоолгон цагдаа дээр авчирч мэдүүлэг авахад Ж.А нь З.О-ыг цохисон талаар хэлсэн тул мэдүүлгээр авсан” гэх мэдүүлэг /II-хх-14/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /I-хх-2/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2024 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө хохирогч З.О нь тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа шүүгдэгч Ж.А-тай маргалдсан, улмаар Төв аймгийн Баянчандмань сумын Цагдаагийн газарт очиход З.О нь Ж.А өөрийг нь зодсон, хүүхэдтэй нь буулгаж үлдээсэн талаар хэлэхэд цагдаагийн алба хаагч Ж.А-ыг саатуулж, Төв аймгийн Баянчандмань сумын Цагдаагийн постод авчирсан, тухайн үед З.О-ын нүд хөхөрсөн, хамраас цус гарсан байдалтай байсан гэх үйл баримтууд тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэг, хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр шүүгдэгч Ж.А нь З.О-ыг би цохиж зодоогүй, тухайн шөнө Төв аймгийн Баянчандмань сумын цагдаа гэр рүү нь явуулчихсан байсан, гэртээ очоод нөхөр болох хүндээ зодуулсан байсныг тэдний гэрт байсан хүмүүс гэрчлэх тул гэрчээр асуулгах хүсэлт гаргаад байхад цагдаа нар асууж өгөөгүй гэж мэдүүлсэн нь дараах баримтаар үгүйсгэгдсэн. Үүнд:
Хохирогч З.О-ын: “...тухайн шөнөө цагдаа машин зогсоож гэр рүү явуулсан, маргааш нь цагдаагийн хэлтэст ирж, мэдүүлэг өгсөн. Шинжээчид үзүүл гэсэн” гэх мэдүүлэг,
Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Г-ын гэрчээр өгсөн: “2024 оны 9 дүгээр сарны 20-ны шөнийн 01 цагийн орчим намайг Баянчандмань сумын цагдаагийн постон дээр байхад гаднаас 30 орчим насны эмэгтэй хүн хүүхдээ дагуулаад ороод ирсэн. Уг 30 орчим насны эмэгтэй хүний нүд нь хөхөрсөн, хамарнаас нь цус гарсан байдалтай... ирсэн” гэх мэдүүлэг /II-хх-14/,
Шинжээч эмч И.Ганболорын “Тухайн өдөр 9 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цаг 14 минутад О-ыг үзсэн. Дүгнэлтэд цаг нь тавигдаагүй байсан тул компьютер дээрх файл үүсгэсэн цагаа харахад 12 цаг 14 минутад нээсэн байсан. Үзлэг хийхэд баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралттай, хаван хавдартай, баруун хацарт хаван хавдар, цус хуралттай байсан. Бүтэн биеийн үзлэг хийсэн” гэх мэдүүлэг,
Гэрч У.Н-ийн: “2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр эхнэр З.О хүү Н.А-ийн хамтаар Ж.А-тай орой Дархан-Уул аймаг руу явсан. Би гэртээ унтаад үлдсэн. Өглөө үүрээр 04 цагийн орчим З.О гэртээ хүү Н.А-ын хамтаар ирсэн. З.О-ын нүүр нүд нь хөхөрсөн гэртээ орж ирсэн ба болсон зүйлийн талаар асуутал, Ж.А замдаа зодсон гээд надад уурлаад, миний гар утсыг аваад явсан ...Түүнээс эхнэр бид хоёр өөр хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй” гэх мэдүүлэг /II-хх-12/ зэрэг болно.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч Б.Лувсанцэрэн “Шүүгдэгч Ж.А нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн нутаг 60-н даваа гэх газар иргэн З.О-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэрч гэж хэнийг хэлэх вэ гээд хуульчилсан байгаа. Тухайн үйл явдлыг хэн мэдээд байгаа вэ гэхээр А хүү мэдэж байгаа. Энэ хүүхдээс хавтаст хэрэгт хоёр удаа мэдүүлэг авсныг шүүх хуралд шинжлэн судалсан. Мэдүүлэг авсан цаг хугацааг ярьж байна. Хавтаст хэрэгт 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлэг өгсөн гээд гэрч гарын үсэг зурсан байгаа. Хууль бус гэж үзэж байгаа бол үндэслэлгүй байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримтаар шийдэх ёстой. А-ийг унтаж явсан гэж байна. Хохирогчийг машинаас буулгасан. Цагдаагийн газар очсон. Энэ цаг хугацаанд насанд хүрээгүй гэрч унтаад л яваад байгаа юм уу? Хохирогчтой хамт цагдаа ороод гэртээ очоод байна. Шүүгдэгч Ж.А-ыг буруутгаад байгаа үндэслэл нь хохирогчийн мэдүүлэг. Хохирогчийн биед гэмтэл учирсан энэ хүн намайг цохисон гэж хэлсэн, шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан байна. Баримтаар хохирол шаардаагүй. Сэтгэл санааны хохирлыг гаргуулах саналтай” гэх дүгнэлтийг,
Хохирогч З.О “Би гомдолтой байгаа. Тухайн үед учирсан эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна” гэх тайлбарыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Шүүх нэмэлт ажиллагаагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Үүнтэй холбоотой хэдэн зүйл хэлье. А, Н нараас өчигдөр дуудаж мэдүүлэг авсан байдаг. Манай үйлчлүүлэгч рүү өчигдөр залгаж ярьсан байдаг. Цаг хугацаа зөрүүтэй байгаад байна. Шүүхийн захирамжид шүүхэд 05 дугаар сарын 12-ны өдөр материалыг ирүүл гэсэн. Мөрдөгчөөс гэрчээр мэдүүлэг авах процессыг би ойлгохгүй байна. Сэтгэцэд учирсан хохирлын тухай Шүүх шинжилгээний тухай хуульд хүснэгтээр хүний сэтгэцэд учирсан гэдгийг батлах тогтоох боломжгүй. Хохирогч сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ гэвэл шинжээч томилуулаад тогтоох бүрэн боломжтой. Н гэрчид хууль сануулаагүй. Манай хүүхэд унтаж явсан гэж хохирогч хэлсэн. Улсын яллагч нэмэлт тайлбартаа А-ийг унтаж явж байсныг зөвшөөрлөө. Гэтэл унтаж байгаа хүүхэд яаж мэдэж, мэдүүлэг өгөөд байгаа юм. А би унтаад явж байсан гэж мэдүүлэг өгдөг. Бага насны гэрчид хууль сануулахгүй. Анхдагч эх сурвалжийн мэдүүлэг бол хохирогчийн мэдүүлэг. Унтаж байгаа хүүхэд цохиж байгааг мэдэхгүй. Ээжийнхээ эсрэг хүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн хувийн байдлыг тогтоо гээд шүүгч хэлсэн боловч захирамждаа дурдаагүй байсан. Шинжээч нэг цохилтоор үүссэн гэж сүүлд хэлж байх шиг байна. Эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байгаа учраас ял оногдуулах үндэслэлгүй байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 3-т зааснаар та процессоо зөрчөөд байна. Прокурор процессын ноцтой зөрчлөө зөвтгөж ярьж байна. Хууль бус нотлох баримт авчирсан. Яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулсан бол шүүх хурал болохоос 72 цагийн өмнө танилцуулах ёстой шүү дээ. Дараа нь шүүх хурал хийх ёстой шүү дээ. Өнөөдөр та яллах дүгнэлт гардуулж өгсөн. Эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас хэргийг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Ж.А нь хохирогч З.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийн нөхцөл байдалтай холбоотой хохирогч, шүүгдэгч, насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авч, хохирогчид учирсан гэмтлийн зэргийг тодорхойлуулахаар шинжээч томилон дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсэн бол хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд цагдаагийн газарт албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчаас гэрчийн мэдүүлэг болон насанд хүрээгүй гэрчээс дахин мэдүүлэг авч зөрчлийг арилган, хохирогчид учирсан гэмтлийг үүсгэх хүчин зүйл, цаг хугацааг тодорхойлуулахаар шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулсан тул хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцэхүйц гэж үзэв.
Мэдүүлгийн нотлох баримт нь мэдүүлэг өгөгч мэдүүлэг өгөх цаг хугацаанд ядарсан, согтуурсан байсан, эсхүл хэргийн талаарх хувийн ашиг сонирхол, харилцан хамаарал, ой тогтоолт зэрэг дотоод шалтгаанаас хамаарч хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв тусган тогтоосон байдалд тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч болдог.
Шүүх хэргийн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож үнэлэлт, дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай бөгөөд гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн, гэмт сэдэл, зорилго нь юу болохыг зөв тодорхойлох нь шүүн таслах ажиллагааны гол зорилтын нэг байх ёстой.
Тодруулбал, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд болсон үйл явдлын бодит байдал, гэмт хэрэг үйлдсэн гэх хүний үйлдэл, үйл хөдлөлийн гадаад илрэл болон түүндээ хандаж буй сэтгэл зүйн хандлага, түүнчлэн хохирогчийн үйлдэл зэрэг хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, нарийвчлан хянах үүрэгтэй бөгөөд тэдгээрийн үнэн зөв байдал, хэмжээ хязгаар, агуулга зэрэгт эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоох үүрэгтэй.
Шүүгдэгч Ж.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байх ба тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь хэрэгт бэхжүүлэгдсэн мэдүүлгүүдээр нотлогдсон.
Харин хохирогч З.О нь тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа согтууруулах ундааны зүйл болох пиво уусан гэдгээ хүлээн зөвшөөрдөг ба энэ нь шүүгчдэгчийн мэдүүлгээр давхар нотлогддог боловч хэдий хэмжээний согтолттой болохыг цагдаагийн алба хаагч хохирогчоор мэдүүлэг авах үедээ тогтоогоогүйгээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнээс мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэх маргааныг үүсгэсэн байх ба үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх, тогтоох эсхүл няцаах боломжгүй болно.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “замын хөдөлгөөнд оролцогч нь Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих”, 12.3-т “замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй”, 13 дугаар зүйлийн 13.2.1-т “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээнэ” гэж,
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 6 дахь бүлгийн 6.2-т тээврийн хэрэгслээр зорчигчид хориглох зүйлийг жагсаалтаар тогтоосон бөгөөд түүний “а” заалтад “хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, жолоодлогод саад болохыг хориглоно” гэж заасан.
Аюул тулгарсан нь бодитой үүссэн, аюул нэгэнт эхэлсэн дуусаагүй үргэлжилж байгаа, аюул тулж ирээгүй боловч хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд бодитойгоор шууд заналхийлсэн байхыг ойлгодог.
Тодорхой үйл баримтын талаар өөр, өөр зүйлийг мэдүүлсэн баримтат мэдээллийг шалгаж үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хангалттай болон хууль ёсны байдлыг нэгэн ижил шалгуураар хэмжих ёстой бөгөөд аль нэг нотлох баримтад илүү ач холбогдол өгч нөгөөг нь үгүйсгэх бус харин бодит үнэнийг таньж олох, тогтооход ашигладаг эрх зүйн болон логик дүгнэлтэд үндэслэсэн хууль зүйн үнэлэлт, дүгнэлтийг хийдэг.
Шүүгдэгч Ж.А-ыг хүний биед хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч зөвхөн хохирогчид учирсан гэмтлийн шинж чанар, хор уршигт хэт ач холбогдол өгч, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоож, шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болохуйц гарцаагүй байдалд хохирол учруулах нөхцөл байдал, гэмт санаа, сэдлийг анхаарах нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцнэ гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж заасан.
Аливаа гэмт хэргийн үндсэн шинж болох гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй гэсэн хоёр хэлбэртэй.
“Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно”,
“Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж,
“Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ”, “Энэ хуулийн тусгай ангид гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг тусгайлан заана” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2, 2.4 дүгээр зүйлд хуульчилсан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ж.А нь 2024 оны 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн нутаг 60-н даваа гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ зорчигч буюу хохирогч З.О-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актаар хориглосон дүрмийг зөрчиж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хамт зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор гараараа цохисон үйлдэлдээ хүний эрүүл мэндэд гэмтэл учруулах зорилго агуулан хор уршгийг урьдчилан тооцож хүссэн гэж үзэх баримт тогтоогдоогүйн дээр, тухайн үйл явдал болсон нөхцөл байдлаас дүгнэхэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, халдлагыг зогсоохоор гараараа цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгчийн үйлдлийг “санаатай” буюу хохирол, хор уршигт зориуд хүргэхийг хүсч үйлдсэн, гэмт санаа сэдэлтэй гэж дүгнэх үндэслэлгүй гэж үзсэн.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд тулгарах аюул нь гол төлөв гэнэтийн шинжтэй, богино хугацаанд, онцгой нөхцөлд болдгоос хамаарч аюулыг зайлуулж байгаа хүн өөрөө гол төлөв сэтгэл санааны гэнэтийн цочирдолд ордог учир зан үйлийнхээ оновчтой хувилбарыг тэр болгон зөв сонгох боломж хязгаарлагдмал байдаг тул шүүх тогтоогдсон үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ зайлуулагдсан хохирол, учирсан хор уршиг хоёрын харьцааг заавал харгалзах ёстой ба зорчигч З.О-ыг цохисон үйлдэл нь тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөн үргэлжилж байхад эхэлж, мөн дууссан байна.
Иймд хохирогч З.О нь Ж.А-ыг тээврийн хэрэгсэл жолоодож явах үед хэрүүл маргаан үүсгэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй нөхцөл байдалд хүргэхэд аюулыг зайлуулах зорилгоор санаатай цохисон үйлдлийн улмаас хохирогчийн нүүр нүд хэсэг оногдож хохирол учирна гэж тооцоолоогүй буюу өөрөөр хэлбэл үйлдэлдээ санаатай боловч хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдаж болгоомжгүйгээр хандсан гэм буруугийн холимог хэлбэртэй байна гэж үзэв.
Гэм буруугийн холимог хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцоогүй тул Ж.А-т холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарах гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг нотлох буюу түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, хангалттай буюу гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц нотлох баримт бүрдээгүй, шүүхээс нэмэлт ажиллагаа явуулахыг үүрэг болгож, боломжит хугацаа олгосон боловч бие биенээ үгүйсгэх нотлох баримтыг няцаах, эсвэл эргэлзээгүй нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлээгүйгээс улсын яллагчийн яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Ж.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.
Шүүхээс Ж.А-ыг гэм буруугүйд тооцож цагаатгасан тул хохирогч З.О-д учирсан хохирол, хор уршигтай холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхив.
Цагаатгагдсан этгээд нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн бичлэгийг хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж.А-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.А-ыг цагаатгасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн ***************** дугаартай /2 хавтас/ хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3.Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон З.О-ын хохирол, хор уршигтай холбоотой хэсгийг орхисугай.
4.Цагаатгагдсан этгээд Ж.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Цагаатгагдсан этгээд Ж.А нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, мөн битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн бичлэгийг хэрэгт хавсаргасугай.
6.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд хуульд заасан хугацаанд тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
9.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН