Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 30

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд

               Нарийн бичгийн дарга Б.Урангоо

               Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Бадмаараг, А.Отгонбаяр

 Улсын яллагч А.Ариунзаяа нарыг оролцуулав.

     Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт  явуулж, Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 175-р зүйлийн 175.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Доржийн Болормаа, Боржигон овогт Баярхүүгийн Ариунзаяа нарт холбогдох эрүүгийн 201601000228 тоот хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1970 оны 04 дүгээр 28-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хувцасны загвар зохион бүтээгч мэргэжилтэй, ам бүл 3, аав, зээгийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 29 дүгээр байр 93 тоотод түр оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Харчин  овогт Доржийн Болормаа  РД: /ХА-70042805/

Монгол улсын иргэн, 1984оны 11 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 76 дугаар хороо, 25 дугаар гудамж 1546 тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1-т зааснаар  01 жилийн хорих ялаар шийтгүүлж 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Боржигон овогт Баярхүүгийн Ариунзаяа РД:/ХП-84111761/

 

Холбогдсон хэргийн талаар

    Шүүгдэгч Д.Болормаа нь Б.Ариунзаяатай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Б.Ариунзаяагийн захиалсны дагуу 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаан-Үүд Улаанбаатарын 362 дугаарын галт тэргээр ОХУ-н талаас Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор” Засгийн газрын 2011 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-ын 93.06 дугаарын кодтой тарифын бус аргаар хязгаарласан ан агнуурын зориулалт бүхий 2.776.000 төгрөгийн үнэ бүхий 1134 ширхэг сумыг жүүс, виноны сав болон бусад саванд нуун далдалж, ачаа тээшиндээ хийн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн 

   Шүүгдэгч Б.Ариунзаяа нь ан агнуурын зориулалт бүхий сумыг ОХУ-аас Монгол улсад оруулж ирэхийн тулд Д.Болормаатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, түүгээр Засгийн газрын 2011 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-ын 93.06 дугаарын кодтой тарифын бус аргаар хязгаарласан ан агнуурын зориулалт бүхий 2.776.000 төгрөгийн үнэ бүхий 1134 ширхэг сумыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэхийг захиалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. .

 

Тодорхойлох  нь

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд 

Шүүгдэгч Д.Болормаагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “.... 2016 оны 08 дугаар сараас эхэлж ОХУ-д байнга оршин суух эрхийн хугацаа дууссан тул материал бүрдүүлж Улаанбаатар ОХУ-ын хооронд олон удаа явсан. Манай Орос нөхрийн ээжийн бие муу байсан ба эмч нар удахгүй нас барах талаар хэлсэн. Тэгээд улс, улсын ёс заншил өөр учраас Орос улсад ажил явдалд нь бэлдэж эхэлсэн. Би олон удаа хилээр яваад байхаар мөнгө их гарч байсан тул гутал оруулж ирээд Нарантуул зах дээр зардаг байсан. Тэгээд мөнгө хэрэгтэй байсан тул сум оруулж ирвэл яах бол гэж бодож үзсэн. Улаанбаатар хотод манай аав, зээ хүүгийн хамт хөлсний байранд амьдардаг. Тэгээд Ариунзаяагийн ээжээс мөнгө зээлдэг байсан. Тэгээд би Ариунзаяа дээр очоод 1.000.000 төгрөг зээлснийхээ дараа “эгч нь сум оруулаад ирвэл яах вэ?” гэсэн чинь “мэдэхгүй дээ, хэцүү шүү дээ” гээд байсан. Тэгээд би сум оруулж ирэхээр болоод Улаан-Үүдэд очоод дэлгүүрээс сум авсан. Тэгээд Монгол руу орж ирэх гээд хилээр шалгуулахад тагнуулын байцаагч нар ирж танд сум байгааг мэдэж байна гэж хэлсэн. Тэгээд би үнэнээ хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү ...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Б.Ариунзаяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “..... Би 2 хүүхэдтэйгээ 3-уулаа амьдардаг. 2 өвчтэй хүүхэдтэй. Тусалж дэмждэг хүн байдаггүй. Хэцүү байдаг. Байшин маань шатчихсан. Орох орон байхгүй. Айлаар хоноод явж байгаа. Хэцүү байна. Би Д.Болормаад захиалаагүй. Намайг захиалагч гээд байгаа. Надаас сум оруулж ирвэл яах вэ гэхээр нь би хэцүү шүү гэж хэлээд харин сумны ангилал зориулалт асуугаад байхаар нь гар утсаар захиа илгээж тусалсан....” гэх мэдүүлэг

        Гэрч Д.Жаргалсайханы 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.....Би 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 362 дугаар галт тэрэгний 8 вагонд гаалийн үзлэг шалгалтыг зохих журмын дагуу шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Би тэр эмэгтэйн  ачаа тээшинд хэрхэн үзлэг шалгалтыг явуулсан аа санахгүй байна. Би зохих журмын дагуу сэжигтэй гэсэн ачаа тээшийг нарийвчлан шалгаж бусад жижиг сажиг барааг нарийвчлан шалгаагүй. Би зохих журмын дагуу гаалийн деклараци бөглүүлэн таньд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс байгаа юу гэж асууж үзлэг шалгалтыг явуулдаг хүмүүс “байхгүй” гэж хариулдаг. Би энэ эмэгтэйг танихгүй. Сүүлд тагнуулын байгууллагын ажилтнаас энэ тухай мэдсэн. Би тэр эмэгтэйн ачаа тээшинд үзлэг шалгалт явуулаад илрүүлж чадаагүй юм байна лээ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 78-79 дүгээр тал/

Гэрч Э.Төгөлдөрийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний ээж Д.Болормаа нь сүүлийн 2 жилийн хугацаанд ОХУ-аас ойр зуурын жижиг эд зүйлс гутал, хүнсний ойр зуурын эд зүйлс авчирч зардаг байсан. Тэгээд ер нь хойд аавтай Орост байдаг. Монголд хааяа ирдэг ирэхдээ ойр зуурын хүнс авчирдаг...” гэх  мэдүүлэг \ 2-р хх-ийн 80-81 дүгээр тал\

Гэрч Д.Баярмаагийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.Болормаа нь миний хамгийн бага дүү юм. Миний дүү Болормаа нь бие муутай хүүхэд байсан. Дүү маань сүүлийн 2 жилийн хугацаанд ОХУ-аас гутал, хувцас, ойр зуурын хүнсний эд зүйлс оруулж ирдэг байсан. Харин сүүлийн жил сүүлд танилцсан Александр Павлов гэх хүнтэй хамт ОХУ-д хамт амьдрах болсон. Александрийн ээж бие муутай бараг өнөө маргаашгүй болчихсон хүн байдаг гэсэн.  Тэрийг хараад байж байдаг хааяаа Монголд ирдэг. Дүү маань ОХУ-д удаан суух визгүй болохоор нааш цаашаа их явдаг. Сая уг нь тэр удаан суух виз энэ тэрээ хөөцөлдөж байсан чинь ийм юм болчихлоо...” гэх  мэдүүлэг \ 2-р хх-ийн 83-84 дүгээр тал\

Гэрч С.Энхтуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний охин Ариунзаяа нь сүүлийн 2 жилийн хугацаанд Нарантуул худалдааны төв дээр оймс, дотуур хувцас зарж, 6 нэрийн дэлгүүрээ ажиллуулаад амьдарч байгаа. 2015 онд байхаа нэг удаа Солонгос улс руу 2 сарын хугацаатай яваад ирсэн. 1 ах нь Солонгос улсад ажиллаж амьдардаг тэгээд хүүхдийнхээ эмчилгээний журмаар явсан. Миний охин нийтэч ажилсаг, даруу дуу цөөнтэй, хүнд их тусархаг, уул нь сургуулиа төгссөн бол их сайн бага ангийн багш болох байсан юм. Охины маань том охин болох Хонгорзул нь хөгжлийн бэрхшээлтэй, түүний байнгын асаргаанд байдаг бага охин нь 2 настай, өрх толгойлсон эмэгтэй 2 хүүхдээ хараад аж амьдарлаа авч яваа охиндоо...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 86-87 дугаар  тал/

Гэрч Н.Ган-Очирын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нарантуул худалдааны төв дээр явж байгаад баруун талын хаалганы ойролцоо явж байхад нэг эмэгтэй сум зарна гэсэн явж байхаар нь нэг хайрцаг калибр бууны сум 33.000 төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь дансаар шилжүүлсэн юм. Миний эцэг эх хөдөө малчин хүмүүс байдаг юм. Би гэрийнхэндээ сумыг авсан юм. Намар хэдэн малаа чоно нохойноос хамгаалах гээд хэдэн сум авсан юм. Би тэр эмэгтэйгээс ганц л удаа ангийн бууны сум худалдан авсан ахиж аваагүй. Би энэ надад сум зарсан эмэгтэйг танихгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 88-89 дүгээр тал/

Гэрч Ж.Нэргүйн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нарантуул худалдааны төв дээр явж байгаад гутал зардаг хэсгийн урдхан талд дуран хөөрөг зардаг хэсэгт нэг эмэгтэй сум зарна гэсэн явж байхаар нь 2 хайрцаг винтов бууны сумыг 100.000 төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь дансаар шилжүүлсэн юм. Би ангийн буутай тэр буугаа анд явах зорилгоор сум худалдан авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 90-91 дүгээр тал/

Гэрч Ж.Батнасангийн 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Нарантуул худалдааны төвд явж байгаад өргөтгөлийн ойролцоо явж байхад нэг эмэгтэй сум зарна гэсэн. Би тэр эмэгтэйгээс нэг хайрцаг калибр бууны сум 50.000 төгрөгөөр худалдан авч мөнгийг нь өөрийн Хаан банкны 5638052040 дугаарын данснаас шилжүүлсэн юм. Би өөрийн малаа чононоос хамгаалах зорилгоор авсан. Тухайн үед миний бэлэн мөнгө хүрэхгүй байсан учир данснаасаа сумны мөнгийг шилжүүлэн утга гэсэн хэсэгт sum гэж бичсэн юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 92-93 дугаар тал/

Гэрч Б.Эрдэнэбаатарын 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Нарантуул худалдааны төвөөс нэг эмэгтэйгээс сум худалдан авсан юм. Манай аав ээж Өвөрхангай аймгийн Өлзийт суманд байдаг юм. Тэд нар сум захисан юм. Манай малыг чоно бариад байх юм гэхээр нь нэг хайрцаг калибрь бууны сум худалдан авсан. Тэгээд мөнгийг нь дансаар шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 94-95 дугаар тал/

Гэрч А.Бямбаагийн 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумандаа сэлбэгийн худалдаа хийгээд байж байсан. Тухайн үед нэг хүн мобайл банкнаасаа мөнгө шилжүүлээд өгөөч гээд гуйгаад байхаар нь шилжүүлж өгсөн байх. Одоо хэн тэгэж гуйсныг нь санахгүй байна. Би энэ мөнгийг шилжүүлээгүй. БИ Ариунзаяа гэдэг хүнийг танихгүй. Нэг хүн мөнгийг нь бэлнээр өгье та мөнгө шилжүүлээд өгөөч гэж гуйхаар нь шилжүүлсэн байх...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 96-97 дугаар тал/

Гэрч Д.Батбилэгийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Нарантуул худалдааны төв дээр явж байгаад үл таних эмэгтэйгээс 95.000 төгрөгийн үнэ бүхий ангийн бууны сум худалдан авсан юм. Тэгээд бэлэн мөнгө хүрэхгүй байсан учир гүйлгээний утга гэсэн хэсэгт sum гэж бичин тэр эмэгтэйн дансруу 95.000 төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 98-99 дүгээр тал/

 

   2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэнд №6525 тоот дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн 12х70мм калибртай 3 ширхэг сум , 7.62х63мм калибртай 3 ширхэг сум, 7.62х54мм калибртай 6 ширхэг сум, 7.62х39мм калибртай 3 ширхэг сум, мөн 22 magnum  калибртай 3 ширхэг сум нийт 18 ширхэг сумны хошуу нь зүрхэвчгүй бөгөөд ан агнуурын зориулалттай.
  2. Шинжилж буй 18 ширхэг сум нь ан агнах зорилгоор ашиглах галт зэвсэгт зориулагдсан.
  3. Шинжилж буй 12х70мм калибртай 3 ширхэг сум, 7.62х63мм калибртай 3 ширхэг сум, 7.62х54мм калибртай 6 ширхэг сум, 7.62х39мм калибртай 3 ширхэг сум нийт 15 ширхэг сум нь ОХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн. Мөн 22 magnum калибртай 3 ширхэг сум нь Филлипин улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 102-104 дүгээр тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 5 дугаар тал/

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 7 дугаар тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-25 дугаар тал/

Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 26-33 дугаар тал/

Эд зүйлст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 34-79 дүгээр тал/

Вэб сайтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 80-85 дугаар тал/

Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх барааны жагсаалт /1-р хх-ийн 86-89 дүгээр тал/

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 94 дүгээр тал/

Эд зүйлст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 96-127 дугаар тал/

Гар утасны холболтонд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 128-131 дүгээр тал/

Мобиком Корпораци ХХК-ний лавлагаа /1-р хх-ийн 135-193 дугаар тал/

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 195-223 дугаар тал/

Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 225-229 дүгээр тал/

Дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 230-232 дугаар тал/

Хас банкны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 5д/6950 тоот лавлагаа /1-р хх-ийн 236-237 дугаар тал/

Төрийн банкны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02/12534 тоот лавлагаан /1-р хх-ийн 241-242 дугаар тал/

Худалдаа хөгжлийн банкны 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 5/16 тоот лавлагаа /1-р хх-ийн 245-246 дугаар тал/

Голомт банкны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 05/УАА/2580 тоот лавлагаа /1-р хх-ийн 249-250 дугаар тал, 2-р хх-ийн 01-011 дүгээр тал/

Хаан банкны 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 29/11126 тоот лавлагаа /2-р хх-ийн 12-64 дүгээр тал/

Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 67 дугаар тал/

Хаан банкны 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05027/172 тоот лавлагаа /2-р хх-ийн 68-70 дугаар тал/

Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 72 дугаар тал/

Төрийн банкны дансны тодорхойлолт /2-р хх-ийн 73-74 дүгээр тал/

Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /2-р хх-ийн 109-113 дугаар тал/

Хохирлын тооцоо /2-р хх-ийн 114 дүгээр тал/

Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 11-р хорооний Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 147-149 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 151 дүгээр тал/

Шүүгдэгч Д.Болормаагийн иргэний цахим үнэмлэхний хуулбар 154-155 дугаар тал/

Гадаадын иргэн харъяатын газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 05/2431 тоот лавлагаа хавсралтын хамт /2-р хх-ийн 159-160 дугаар тал/

Автотээврийн үндэсний төвийн лавлагаа /2-р хх-ийн 162-166 дугаар тал/

Шүүгдэгч Б.Ариунзаяагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 175 дугаар тал/

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 178-182 дугаар тал/

Шүүгдэгч Б.Ариунзаяагийн иргэний цахим үнэмлэхний лавлагаа /0-р хх-ийн 191-193 дугаар тал/

Гадаадын иргэн харъяатын газарын лавлагаа /2-р хх-ийн 197-198 дугаар тал/

Төрийн банкны дансны хуулга /2-р хх-ийн 219-220 дугаар тал/

Монгол Улсын шинжлэх ухааны академи, хэл зохиолын хүрээлэнгийн албан тоот хавсралтын хамт /2-р хх-ийн 227-228 дугаар тал/

Д.Болормаагийн 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг 2-р хх-ийн 124-127-р тал/

Д.Болормаагийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 128-130 дугаар тал/

Д.Болормаагийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар дахин байцаасан мэдүүлэг /2-р хх-ийн 131-133 дугаар тал/

Д.Болормаагийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 135-137 дугаар тал/

Б.Ариунзаяагийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 139-143/

Б.Ариунзаяагийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 145-146 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд:

 

    Шүүгдэгч Д.Болормаа нь Б.Ариунзаяатай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Б.Ариунзаяагийн захиалсны дагуу 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаан-Үүд Улаанбаатарын 362 дугаарын галт тэргээр ОХУ-н талаас Сэлэнгэ аймгийн “Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор” Засгийн газрын 2011 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-ын 93.06 дугаарын кодтой тарифын бус аргаар хязгаарласан ан агнуурын зориулалт бүхий 2.776.000 төгрөгийн үнэ бүхий 1134 ширхэг сумыг жүүс, виноны сав болон бусад саванд нуун далдалж, ачаа тээшиндээ хийн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн 

   Шүүгдэгч Б.Ариунзаяа нь ан агнуурын зориулалт бүхий сумыг ОХУ-аас Монгол улсад оруулж ирэхийн тулд Д.Болормаатай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, түүгээр Засгийн газрын 2011 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалт”-ын 93.06 дугаарын кодтой тарифын бус аргаар хязгаарласан ан агнуурын зориулалт бүхий 2.776.000 төгрөгийн үнэ бүхий 1134 ширхэг сумыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэхийг захиалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

   Үүнд; Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 5тал, 13-25 тал, Бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 26-30тал, 31-33 тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 34-35, 36-43 тал, 47-49, 50-79 тал/, Вэб сайтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 80-81, 82-85 тал/, Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалтын хуулбар /1хх-ийн 86-89 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 96-97, 98-105тал, 106-107, 108-127 тал/,  гар утасны холболтонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 128-131 тал/, Д.Болормаагийн 99751975 дугаарын утасны ярианы дэлгэрэнгүй жагсаалт /1хх-ийн 135-193 тал/, гар утасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 199-223 тал/, Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 225-229 дүгээр тал/, Дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 230-232 дугаар тал/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2хх-ийн 75-76 тал/, Шинжээчийн 6525 дугаартай дүгнэлт /2хх-ийн 102-104 тал/, шинжээч Б.Батгэрэлийн мэдүүлэг /2хх-ийн 107-108 тал/, Эд хөрөнгийн үнэлгээ /2хх-ийгн 109-113 тал/ болон шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

   Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шүүх үнэн зөв, үндэслэлтэй гэж үзэв.

   Учир нь: дээрх нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангасан, хэрэгт ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан баримтууд байгаа болно. Энэ нь шүүгдэгч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байгаа болно.

     Иймд шүүгдэгч Д.Боломаа, Б.Ариунзаяа нарын гэм буруутай үйлдэлд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175-р зүйлийн 175.2-д зааснаар Д.Болормаад, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-д зааснаар Б.Ариунзаяад тус тус зүйлчлэн ирүүлсэн нь тохирсон байна.

Шүүгдэгч Д.Болормааг Б.Ариунзаяатай урдчилан үгсэн тохиролцож бүлэглэн түүний захиалгаар хязгаарласан эд зүйлийг бага бус хэмжээгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Ариунзаяаг Д.Болормаатай урдчилан үгсэн тохиролцож, хязгаарласан эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг захиалсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

     Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3-д зааснаар анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирол төлбөр байхгүй зэргийг харгалзан хөнгөрүүлж ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.      

Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч нарын эдлэх ялыг ял жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.1.2-т  зааснаар мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-д заасан гэмт хэрэг нь хүндэвтэр төрлийн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа ба мөн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1, 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар  шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, ар гэрийн байдал болон дээр дурьдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах ялыг шүүх биечлэн  эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзах, мөн шүүгдэгч Б.Ариунзаяад оногдуулах ял шийтгэлийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэх нь зүйтэй  гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ариунзаяагийн охин Хүслэн 03 насанд хүрээгүй, өөрөөр хэлбэл 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн одоо 02 нас 09 сартай болох нь  2 дугаар хавтаст хэргийн 149 дэх талд авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.   

Шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 төрлийн 1116 ширхэг сумыг улсын орлого болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлж, бор саарал болон бор өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг, DVD зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Болормаагийн Е-1473380 дугаарын энгийн гадаад паспорт, 2 ширхэг нүдний шилний хайрцаг, сони-эриксон маркийн цагаан гар утас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчдэд нь буцаан олгож, сумыг далдлах зорилгоор бэлтгэсэн вино жүүсний хайрцаг, гялгар цаас, наалддаг тууз, галт тэрэгний тасалбар, картүн цаас зэрэг эд зүйлсийг устгахаар тогтов.

Шүүгдэгч Б.Ариунзаяагийн Төрийн банкны 106300083997 дугаарын 246,072.68 төгрөгтэй данс, шүүгдэгч Д.Болормаагийн Хаан банкны 5003464306 дугаарын 148.468.90 төгрөгтэй дансыг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр заав.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ”...Б.Ариунзаяагийн энэ гэмт хэргийг захиалаагүй, түүний оролцсон оролцоо бүрэн нотлогдоогүй эргэлзээтэй байдаг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэсэн санал хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь: Шүүгдэгч Б.Ариунзаяа нь  урд өмнө сум борлуулж байсан ба энэ төрлийн мэдлэг мэдээлэлтэй байсан бөгөөд шүүгдэгч Д.Болормаа энэ байдалд тулгуурлан түүнээс мэдээлэл авч түүний заасан төрлийн сумыг ОХУ-ын Улаан-Үүд хотоос худалдан авсан ба түүний сум авсан мөнгөний хэсэг нь Б.Ариунзаяагийн мөнгө болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна.  

      Түүнчлэн шүүгдэгч Б.Ариунзаяа нь шүүгдэгч Д.Болормааг улсын хилээр хязгаарласан бараа болох сумыг хууль бусаар нэвтрүүлэхэд идэвхтэй дэмжлэг туслалцаа үзүүлж мөнгө төгрөг өгч, сумны төрөл зүйлийг нарийвлан зааж өгсөн байх тул Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-д заасан зүйлчлэл тохирсон гэмт хэрэг үйлдэхэд захиалагчийн үүргээр оролцсон байдал нотлогдон тогтоогдсон гэм буруутай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 д зааснаар Харчин овогт Доржийн Болормааг мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-д заасан “хязгаарласан эд зүйлийн хууль бусаар хил нэвтрүүлэх” гэмт хэрэгт, Боржигон овогт Баярхүүгийн Ариунзаяаг мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-д заасан “хязгаарласан эд зүйлийн хууль бусаар хил нэвтрүүлэх” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-д зааснаар шүүгдэгч Харчин овогт Доржийн Болормаагийн 50.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 02 жилийн хорих ял, шүүгдэгч Боржигон овогт Баярхүүгийн Ариунзаяагийн 80.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 02 жил 06 сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч Д.Болормаад оногдуулсан 02 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Ариунзаяад оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.  

4.Шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.Шүүгдэгч Б.Ариунзаяагийн Төрийн банкны 106300083997 дугаарын 246,072.68 төгрөгтэй данс, шүүгдэгч Д.Болормаагийн Хаан банкны 5003464306 дугаарын 148.468.90 төгрөгтэй дансыг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.  

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар 88.1.1, 88.1.3, 88.1.7-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 төрлийн 1116 ширхэг сумыг улсын орлого болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлж, бор саарал болон бор өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг, DVD зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Болормаагийн Е-1473380 дугаарын энгийн гадаад паспорт, 2 ширхэг нүдний шилний хайрцаг, сони-эриксон маркийн цагаан гар утас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчдэд нь буцаан олгож, сумыг далдлах зорилгоор бэлтгэсэн вино жүүсний хайрцаг, гялгар цаас, наалддаг тууз, галт тэрэгний тасалбар, картүн цаас зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч  шүүгдэгч Д.Болормаад оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж 01 жилийн  хугацаагаар хянан харгалзсугай .

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар ялтан Д.Болормаагийн засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан тэнсэгдсэн хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч Б.Ариунзаяад 02 жил 06 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жил 06 сарын хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.2-д зааснаар ялтан Б.Ариунзаяа хүүхдээ асарч хүмүүжүүлэх үүргээс зайлсхийсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдүүлэхийг анхааруулсгай.

12.Ялтан Д.Болормаа, Б.Ариунзаяа нарт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

15.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

16.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Б.ЭРДЭНЭХИШИГ