Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар  2021/ДШМ/416

 

 

 

 

 

 

     2021           4             27                                        2021/ДШМ/416                              

 

 

Б.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/179 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Тын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1911 02179 1502 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овогт Б-ийн Т, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр ....... төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эх, дүү нарын хамт ..................... дүүргийн ...... дугаар хороо, .................. дугаар гудамж, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............................../;

            Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Гүнтийн давааны орчим Б.Аийн өмчлөлийн молдокийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт Бийн Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Тыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Таас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Кантер” загварын автомашины үнэ 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Тын эдлэх ялыг 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Таас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Кантер” загварын автомашины үнэ 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд анхан шатны шүүх надад холбогдох хэргийг хэлэлцэж дүгнэсэн зүйлчлэл, оногдуулсан ял шийтгэлд гомдолгүй, маргахгүй. Харин шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Энэ давж заалдах гомдлын хууль зүйн үндэслэлийг миний бие санаачилсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг хэрэглэхдээ хэрэгт байгаа нотлох баримтыг хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоосон гэж үзсэн. Хохирогч Б.А, гэрч С.Б нарын мэдүүлгээр тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогддог ба тээврийн хэрэгсэл ашигласан гэдэг дээр шүүгдэгч маргаагүй. Гэхдээ энэ тээврийн хэрэгсэл нь 1999 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн “Тоёота Кантер” загварын автомашин байсан гэх Б.Тын мэдүүлгийг үндэслэн “Тэнцвэр эстимэйт” ХХК нь уг автомашиныг 2.500.000 төгрөгөөр үнэлсэн. Хэрэгт авагдсан баримтаар энэ машин Б.Тын эзэмшилд байдаггүй болох нь тогтоогдсон. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дахин үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жил, 1 сарын хорих ял оногдуулсан. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан болох нь тогтоогдсон. Тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ямар машин механизм ашигласан бэ гэдгийг Б.Т өөрөө мэдүүлсэн. Тухайн автомашиныг биет байдлаар үнэлүүлэх боломжгүй болсон тул зах зээлийн дундаж ханшаар буюу 2.500.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээн дээр мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ямар нэг гомдол санал гараагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхээ ашигласан техник хэрэгслийг ойлгоно гэж заасан. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзсэн. Тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулахаар шийдсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Тын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Гүнтийн давааны орчим Б.Аийн өмчлөлийн молдокийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Аийн “...Уг газар нь хад ихтэй болохоор дараачийн ажил хийх экскаваторт молдокоо ашиглуулна гэж бодоод тухайн газраа үлдээсэн. Тухайн үед экскаваторын оператор Б.Тт “...молдокийг авах хүн байна уу мэдэж байгаарай гэж хэлсэн”. ...Б.Т руу утсаар яриад “юу болсон бэ нөгөө авах хүн чинь” гэсэн чинь “өнөөдөр бороо их орсон, уул руу машин гарахгүй байна, больчихлоо” гэсэн. Би суурь ажлаа дутуу орхиод экскаватороо зарсан болохоор уг ажлыг хийхийн тулд экскаватор хөлслөөд ажиллуулж байсан жолоочоос асуухад нэг ачааны машин ирээд молдокийг ачаан дээрээ тавиулаад аваад явсан гэж хэлсэн. Би хаана зарсан талаар асууж сураглаж яваад 86061098 гэх дугаартай хүнд зарсан талаар мэдсэн. Уг хүнтэй утсаар яриад молдокоо авъя гэхэд Б.Т гэх хүнээс худалдаж авсан, урьдчилгаа 3.000.000 төгрөгийг өгсөн гэж надад хэлсэн. Би Б.Тыг зарж борлуул гэж хэлээгүй, харин авах хүн байвал надад хэлээрэй гэж хэлсэн. Б.Т надад молдок зарсан гэдгээ хэлээгүй...” /хх 22, 74, 157/,

 

гэрч С.Бийн “...Б.Т над руу яриад молдок авах уу, миний барьдаг экскаваторын эзэн Б.А молдокоо зарна гэсэн гэхээр нь “надад одоо бэлэн 3.000.000 төгрөг байна, үлдсэнийг нь 15 хоногийн дотор өгч болох уу” гэсэн чинь асуугаад өгье гэсэн. Тэгээд 8 дугаар сарын 5-ны өдөр Б.Т над руу яриад “чи молдокоо авах уу, би машин хөлслөөд аваад очъё” гэхээр нь “тэг” гэсэн. Тухайн өдрөө нөгөө молдокоо ачаад хуучин 22-ын товчооны ойролцоо авч ирсэн. Би молдокоо тэнд нь буулгаж аваад ачааны машиных нь мөнгийг өгсөн...” /хх 67/,

 

шүүгдэгч Б.Тын “...Би молдокийг зарахдаа Б.А гэх хүнд хэлээгүй, шууд зарчихсан... Улсын дугаарыг нь санахгүй байна. Ямар ч байсан цагаан өнгөтэй 1999 оны ачааны “Тоёота Кантер” маркийн автомашин байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” /хх 152, 167/ гэх мэдүүлгүүд,

 

Хаан банкны 5077016573 дугаар /С.Б/, 5315157096 дугаар /Б.А/ депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 69-71/,

 

фейсбүүк зарын хуулбар /хх 25-26/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

 

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жил, 1 сарын хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Т нь “...“Тоёота Кантер” загварын автомашины үнэ болох 2.500.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргаж, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нь “...шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр “Тоёота Кантер” загварын автомашиныг “Тэнцвэр эстимэйт” ХХК тус автомашиныг 2.500.000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй. Гэхдээ хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дахин шинжээч томилох шаардлагагүй...” хэмээн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг тайлбарлажээ.

Шүүгдэгч нь 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Гүнтийн давааны орчим Б.Аийн өмчлөлийн молдокийг ачиж ирэх зорилгоор “Тоёота Кантер” загварын тээврийн хэрэгслийг түрээслэхээр дуудан ирүүлж, авч явсан байх бөгөөд уг молдокийг машин механизм ашиглахгүйгээр авч явах, зөөх боломжгүй ба тэрээр уг тээврийн хэрэгсэл нь 1999 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй “Тоёота Кантер” загварын автомашин байсан талаар мэдүүлжээ.

Үүний дагуу үнэлгээ гаргах эрх бүхий “Тэнцвэр эстимэйт” ХХК уг тээврийн хэрэгслийг 2.500.000 төгрөгөөр үнэлж, үнэлгээний дагуу 2.500.000 төгрөгийг Б.Таас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүдэд заасантай нийцсэн байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/179 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

           

                                    ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

 

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ