2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1368

 

     2025       05         22                                   2025/ШЦТ/1368

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Б.Амармөрөн,  

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Б-ийн Аод холбогдох эрүүгийн **************** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр **************** гадаа хохирогч М.Боос “гар утсаараа яриулаач” гэж гар утсыг нь авч явахдаа түүний эзэмшлийн Хаан банкны ************ тоот данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг нь үнэн, зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн **************** дугаартай хэргээс:

Улсын яллагч хохирогч М.Бийн мэдүүлэг /1-р хх-ийн 50-52-р хуудас/, хохирогч М.Бийн Хаан банкны ************ тоот дансны баримт /1-р хх-ийн 32-р хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 37-38-р хуудас/, гэрч Э.Гын мэдүүлэг /1-р хх-ийн 53-р хуудас/, яллагдагч Б.Аын мэдүүлэг /1-р хх-ийн 72-73-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогч М.Бийн мэдүүлэг /1-р хх-ийн 50-52-р хуудас/, хохирогч М.Бийн Хаан банкны ************ тоот дансны баримт /1-р хх-ийн 32-р хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 37-38-р хуудас/, гэрч Э.Гын мэдүүлэг /1-р хх-ийн 53-р хуудас/, яллагдагч Б.Аын мэдүүлэг /1-р хх-ийн 72-73-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Шүүгдэгч Б.А нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно. 

Шүүгдэгч Б.Аод холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Б.А нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ****************гадаа хохирогч М.Боос “гар утсаараа яриулаач” гэж гар утсыг нь авч явахдаа түүний эзэмшлийн Хаан банкны ************ тоот данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хулгайлсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Нотлох баримтын талаар:

- Хохирогч М.Бийн гэрчээр өгсөн: “...Өнөөдөр 15:00 цагт өөрийн 25-25 УББ улсын дугаартай машиндаа жолооч Аын хамтаар засвар хийж байсан юм. Тэгээд астачираа засуулж ирээд Аоор машиндаа тавиулж дууссаны дараа А намайг утсаар яриулаач гэхээр нь би өөрийнхөө утсыг өгсөн, би тэр хооронд нь багажаа хамаад байж байсан тэгээд нэг мэдсэн чинь А алга болчихсон байсан. Тэгээд тэр хавиар хайсан чинь А байгаагүй, тэгээд миний утасны ард талд карт байсан болохоор найзынхаа утсаар дансаа үзэхэд 15:23 минутад данснаас 1,000,000 төгрөг гарсан байсан. Тэгээд би өөрийнхөө утас луу залгахад А очиж байна. Дөлгөөн нуурын энд явж байна гэж ярьсан тэгээд 30 орчим минут хүлээгээд ирэхгүй байхаар нь 102 дугаар луу залгаж дуудлага өгсөн. Тэгээд өөрийнхөө утас луу дахиад залгасан чинь өөр нэг эрэгтэй хүн аваад “би таксины жолооч байна утсыг чинь хаана хүргэж өгөх вэ” гэж ярихаар нь би гэрээ зааж өгсөн, тэр хооронд би цагдаатай ярихад наад хүнээ ирэхээр нь байлгаж бай гэсэн тэгээд би ирэхээр нь утсаа аваад, цагдаа бас дуудсан. Тэгээд цагдаа бид 2-г энд авчирсан... хохирлын мөнгө болох 1,000,000 төгрөгөө буцааж авсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 50-52-р хуудас/,

- Хохирогч М.Бийн эзэмшлийн Хаан банкны ************ тоот данснаас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 15:23 минутад 1,000,000 төгрөгийн зарлага гарсан талаарх баримт /1-р хх-ийн 32-р хуудас/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Б.А нь 15 цаг 22 минут 05 секундэд шаргал өнгийн виза картыг АТМ машины карт шургуулдаг хэсэг рүү хийж АТМ машины тоон товчлууртай хэсэг болон дэлгэцэн дээрх хэсгүүд дээрээ баруун гарын хуруунуудаараа дарж АТМ машинаар үйлчлүүлэн сонголтуудыг хийсээр 15 цаг 23 минут 18 секундэд картаа буцааж авах бөгөөд 15 цаг 23 минут 50 секундэд АТМ-ээс хэдэн төгрөг нь тодорхой бус мөнгөн дэвсгэртүүд гарч ирэхэд Б.А нь авч куртикний зүүн хэвлий орчмын хэсэгт байрлах гадна талын халаасандаа хийж үргэлжлүүлэн дахин шар өнгийн виза картаа хийж АТМ-ын тоон товчлуур байрладаг хэсэг болон дэлгэц хэсгүүд дээрээ баруун гарын хуруугаараа дарах хүрэх үйлдлүүд хийсээр АТМ машинаас цагаан өнгийн баримт гарч ирснээр 15 цаг 25 минут 05 секундэд шар өнгийн виза карт болон цаасан баримтаа аваад 15 цаг 25 минут 30 секундэд гарч яваа дүрс бичлэг байв...” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 37-38-р хуудас/,

- Гэрч Э.Гын: “...бор царайтай, 170 см орчим өндөртэй, туранхай эрүүндээ сахалтай, 35 орчих насны залуу ирээд “энэ утсыг шинэ замын 32-т хүргээд өгчхөөч, залгасан дугаар нь байгаа” гээд надад ард талд нь виза карттай хар өнгийн гар утас өгсөн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 53-р хуудас/,

- Яллагдагч Б.Аын: “...би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Бусдад учруулсан 1,000,000 төгрөгийн хохирол М.Бт хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 72-73-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас өмчлөгч, эзэмшигчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэт захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, шүүгдэгч Б.А нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ****************гадаа хохирогч М.Боос “гар утсаараа яриулаач” гэж гар утсыг нь авч явахдаа түүний эзэмшлийн Хаан банкны ************ тоот данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хулгайлсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

1.1 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба гэмт хэргийн улмаас хохирогч М.Бт учирсан 1,000,000 төгрөгийн хохирол /1-р хх-ийн 32-р хуудас/-оос шүүгдэгч Б.А нь 1,000,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч М.Бийн “...Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан, одоо надад ямар ч гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 50-р хуудас/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх” саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэх...” саналыг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгч Б.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон бага насны 1 хүүхэдтэй буюу түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэн, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д овгийн Б-ийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 /таван/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Аод хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ОЧБАДРАХ