| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 194/2025/1181/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1393 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1393
2025 05 26 2025/ШЦТ/1393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч П.Даваасүрэн,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овгийн Б-ийн Аод холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2024 оны 12 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчим ****************** орчимд Д.Хгийн ******* улсын дугаартай Приус-30 маркийн автомашины цонхийг гараараа цохиж хагалж гэмтээсний улмаас 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ************** дугаартай хэргээс:
Улсын яллагч хохирогч Д.Хгийн мэдүүлэг /хх-ийн 8, 29-р хуудас/, гэрч Э.Бийн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 533 дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлыг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчийн машинд учирсан хохирлыг 500,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 17-20 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай бичлэг бүхий 1 ширхэг сиди-г “Эд мөрийн баримтаар тооцох тогтоол” /хх-ийн 35-р хуудас/, “таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл" /хх-ийн 30-33-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.А нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Аод холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Б.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Б.А нь 2024 оны 12 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчим ****************** орчимд Д.Хгийн *******улсын дугаартай Приус-30 маркийн автомашины цонхийг гараараа цохиж хагалж гэмтээсний улмаас 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Хохирогч Д.Хгийн: “2024 оны 12 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнийн 00:30 цагийн орчим ажлаасаа гараад гэрлүүгээ харьж явах замд ****************** орчимд найзыгаа буулгачхаад буцаж эргээд төв зам руугаа ороход гэнэт миний хойд шил хагарсан тэгэхэд миний хойно *******гэх улсын дугаартай приус-30 маркийн автомашинтай 3 согтуу залуу бууж ирээд миний машины цонх толь шил рүү бас цохиод байсан. Тэгээд тухайн 3 залуугийн нэг нь машиндаа буцаад суулгаад аваад явсан, тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн хүмүүсийг огт танихгүй одоо харвал танина. Мөрдөгчөөс харуулсан хүний зураг нь тухайн 3 залуугийн нэг мөн байна. Миний машины шил толийг цохиод байсан хүн мөн байна... Яг миний машин луу халдсан залуу нь дөрвөлжиндүү толгойтой, бага зэрэг махлагдуу залуу байсан би харвал танинаа, харин нөгөө 2 залуу нь бол миний тээврийн хэрэгсэлд халдаагүй найзыгаа салгаад аваад явсан. ****** гэх тээврийн хэрэгслийн жолоочийг бол харвал танина 3 ууланг нь бол дүрсэлж хэлж мэдэхгүй байна. Миний тээврийн хэрэгслийг яг юугаар цохиж хагалсныг мэдэхгүй байна. Би гараараа л цохисон байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8, 29-р хуудас/,
- Гэрч Э.Бий: “Би болон А, Хасу бид гурав 11 дүгээр хороололд шөнө 1 шил архи хувааж уугаад тамхи авах гээд замын буудал дээр байдаг ТҮЦ орох гээд явсан. Тэгээд би ТҮЦ орчхоод гараад ирсэн А нэг машины хүнтэй маргалдаад шил руу нь цохисон байж байсан. Тэгээд би очоод салгаад явсан. Би ТҮЦ ороод гараад ирсэн юм, намайг гарч ирэхэд А тухайн тээврийн хэрэгслийн цонхийг нь цохисон, хүнийг нь гараад ир гээд зогсож байсан Хасу бол машиндаа сууж байсан тухайн тээврийн хэрэгсэлд хүрээгүй. А, Хасу 2 л уусан би бол уугаагүй машин бариад явж байсан нэлээн их согтолттой байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
- “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 533 дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлыг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчийн машинд учирсан хохирлыг 500,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 17-20-р хуудас/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 30-33-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Б.А нь 2024 оны 12 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчим ****************** орчимд Д.Хгийн *******улсын дугаартай Приус-30 маркийн автомашины цонхийг гараараа цохиж хагалж гэмтээсний улмаас 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
1.1 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Хд 500,000 төгрөгийн хохирол /хх-ийн 17-20-р хуудас/-оос шүүгдэгч Б.А нь төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинээр гаргаж өгсөн баримт болох Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хохирлын үнэлгээний тайлбан гаргуулахтай холбоотой 48,000 төгрөгийн зардал /хх-ийн 16-р хуудас/-ыг хохирогч Д.Х нь төлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Аоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 48,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Хд олгуулах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч Б.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг харгалзан үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аод оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Аоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 48,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Хд олгуулж, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон таньж олуулах ажиллагаа явуулсан тухай бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овгийн Б-ийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аод шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Аоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 48,000 /дөчин найман мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Хд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон таньж олуулах ажиллагаа явуулсан тухай бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ