2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1404

 

 

 

 

 

 

 

 

 

    2025         5         26                                    2025/ШЦТ/1404

 

 

                          

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа, 

улсын яллагч Э.Мөнх-Оргил /томилолтоор/,

хохирогч Б.Жын өмгөөлөгч Г.Багахүү, Б.Золжаргал,

шүүгдэгч О.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн О-ийн Лд холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч О.Л нь 2024 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **********нутагт дэвсгэрт иргэн Б.Ж, иргэн М.Э нартай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар хохирогч Б.Ж нь найз М.Эыг өмөөрч, араас нь очих үед түүний толгой нүүр хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж, түүний эрүүл мэндэд нь зүүн хөлийн шаант ясны дотор булууны цууралт, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, хамар ёсны цөмөрсөн хугарал, хоёр талын нүдний эргэн тойрон, зүүн хацар, хамар, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний хөдөлгөгч булчингийн ивэрхийлэл, баруун дээд, зүүн доод зовхинд шарх, хоёр нүдний зовхи, зүүн алим, цээж, хоёр бугалга, зүүн шуунд цус хуралт, хоёр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн орой караокед байсан. Надаас биерхүү 3 залуу байсан. Намайг ариун цэврийн өрөө лүү оруулахгүй, өөрсдөө өдөж хоргоосон нь үнэн. Би цохьсон нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ********** дугаартай хэргээс:

Улсын яллагч иргэн Шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/, хохирогч Б.Жын мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/, гэрч М.Эын мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, гэрч О Дгийн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 4011 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-33-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 13/5946 дугаартай “зүүн талын өвдөгний КТГ-ын сиди байхгүй тул дүгнэлт гаргах боломжгүй, толгойн КТГ болон хоосон Сиди ирсэн болно.” гэх албан бичиг /хх-ийн 37-р хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “23:08 минутад холбогдогч О.Л хохирогч Б.Жтай ноцолдож зодолдож байгаа нь харагдана, 23:09 минутад О.Л хохирогч Б.Жын толгой нүүрэн хэсэгт гар болон хөлөөрөө цохиж байгаа нь харагдана” гэсэн тэмдэглэл /хх-ийн 94-98-р хуудас/, яллагдагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 125-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Золжаргал хохирогч Б.Жын мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/, гэрч М.Эын мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, гэрч О.Дгийн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 4011 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-33-р хуудас/,   “Лазер мед” эмнэлгийн компьютерт томографийн шинжилгээний хариу /хх-ийн 44-46-р хуудас/, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз /хх-ийн 60-р хуудас/, иргэний үнэмлэхийн мэдээлэл /хх-ийн 64-74-р хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 94-98-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Багахүү “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.           

Шүүгдэгч О.Л нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч О.Лд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч О.Л нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч О.Л нь 2024 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **********нутагт дэвсгэрт иргэн Б.Ж, иргэн М.Э нартай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар хохирогч Б.Ж нь найз М.Эыг өмөөрч, араас нь очих үед түүний толгой нүүр хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж, түүний эрүүл мэндэд нь зүүн хөлийн шаант ясны дотор булууны цууралт, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, хамар ёсны цөмөрсөн хугарал, хоёр талын нүдний эргэн тойрон, зүүн хацар, хамар, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний хөдөлгөгч булчингийн ивэрхийлэл, баруун дээд, зүүн доод зовхинд шарх, хоёр нүдний зовхи, зүүн алим, цээж, хоёр бугалга, зүүн шуунд цус хуралт, хоёр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Нотлох баримтын талаар:

- Иргэн Шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны дуудлагын дагуу очиж шалгаж, дуудлага өгсөн Батхүү овогтой Ж /РД:**********/-ыг 103-т үзүүлж, эмч М.Бэд хүлээлгэн өгсөн, зодсон гэх О.Л /РД: /РД:**********/-ийг Цайз-120-д эрүүлжүүлэх гэхэд тэнцэхгүй байсныг жижүүрийн мөрдөгч, ахмад Б.Тэмүүлэнд хүлээлгэн өгсөн” гэсэн тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/,

- Хохирогч Б.Жын: “...Тухайн үед бид архи уугаад согтсон байсан ба Э босоод бүжиглэж байх үед сүүлд цагдаа дээр шалгагдах үед мэдсэн Л гэх эрэгтэй Эыг цохисон гэж надад хэлсэн, тэгэхээр нь би очоод ойртуулахгүй байх санаатай дундуур нь орох үед Л нь миний нүүрний зүүн хэсэгт нэг удаа цохисон, би тэгэхээр нь газарт унасан бөгөөд цагдаа дуудах талаараа Эод хэлсэн. Би босоод харах үед Л нь караокены хаалгаар гараад гүйж байсан, би барьж авахаар араас нь гүйсэн ба Цагдаад дуудаад хүлээлгэж өгөхөөр явсан. Намайг гадаа гарах үед Л нь хойшоо зам гараад Асайт худалдааны төвийн авто зогсоол хүртэл гүйсэн, би араас нь гүйгээд зогсоол дээр очих үед Л нь машинуудын голд зогсож байсан. Би дөхөж очоод Лийг зуураад хамт орьё гэхэд намайг дагаад хамт оръя гэж хэлсэн. Би хамт орох гэж байгаа юм чинь гээд гарыг нь тавчихсан, тэгтэл миний нүүрэнд Л ямар нэгэн зүйлээр цохих шиг болсон, тэгээд би газарт унтал Л миний нүүр толгой хэсэгт олон удаа өшиглөөд эхэлсэн. Би яг хэдэн удаа өшиглөсөн гэдгийг санахгүй байна, олон удаа өшиглөсөн, миний толгой маш их өвдөөд ухаан алдсан байсан. Сэрээд хартал миний ойр хавьд хэнч байгаагүй газраас босоод зогсох үед миний толгой эргээд байсан, тэгээд алхаж болохгүй болохоор нь доошоо суугаад өөрийгөө амраасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

- Гэрч М. Эын: “...Тухайн газарт нэрийг нь санахгүй байна нэг шил архи аваад хувааж уугаад байж байгаад би дуу тавиад дуулсан. Гэтэл нэг мэдэхэд намайг үл таних залуу цохисон, би нүүрээ бариад ширээн дээр очиж Ж Д хоёрт үл таних хүнд цохиуллаа гэж хэлээд намайг цохисон залуу руу очсон. Би тэр залуугаас яагаад цохиж байгаа талаар асуухад согтуурхаад байсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан, би цагдаа дуудсан хүлээж бай гээд хэлэхэд зугтаад явсан. Тэгээд би араас нь гүйгээд гүйцээгүй учир караоке руу буцаж орсон. Энэ үед караоке дотор Д ах байсан, Ж байхгүй байж байгаад хэсэг хугацааны дараа гаднаас доголоод нүүр ам нь цус болсон хавдартай орж ирсэн, юу болсон талаар асуухад үл таних хүнд зодуулсан гэж хэлсэн. Би найзыгаа аваад доошоо буух үед Д ах манай найзыг зодсон гэх хүнийг барьсан нэг давхарт зогсож байсан., бэртэл гэмтэл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

- Гэрч О.Дгийн: “...Э Ж хоёр архи хэргэлсэн, нэг цаг дуулж байгаад явмаар байна, та хамт байгаач гэснээр би дотогш цуг орсон. Тухайн үед 23 цаг болж байсан ба бид хэд нэг шил архи хувааж ууж байтал Э бусад хүмүүстэй хамт дуулж бүжиглэж байсан, гэтэл удалгүй намайг хүн цохисон гээд хүрээд ирсэн. Тухайн залууг заалгаж юу болсон талаар нь асуухад тухайн залуу согтуурхаж маргалдаж миний нүүр хэсэгт нэг удаа цохиж, Эыг мөн адил цохиж байсан, тэгээд цагдаа ирж байгаа гэхэд гараад зугтаасан араас нь Э Ж нар явсан. Би дотор үлдээд хүлээгээд байж байтал Э ирж хэсэг хугацааны дараа доголсон, нүүр нь хавдсан цус болсон орж ирсэн. Юу болсон талаар асуухад үл таних хүн зодчихлоо гэж хэлээд байж байтал нөгөө залуу гадуур хувцасаа авах гээд орж ирэх үед нь би барьж аваад цагдаад хүлээлгэж өгсөн, бэртэл гэмтэл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 4011 дугаартай “Б.Жын биед зүүн хөлийн шаант ясны дотор булууны цууралт, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, хамар ёсны цөмөрсөн хугарал, хоёр талын нүдний эргэн тойрон, зүүн хацар, хамар, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний хөдөлгөгч булчингийн ивэрхийлэл, баруун дээд, зүүн доод зовхинд шарх, хоёр нүдний зовхи, зүүн алим, цээж, хоёр бугалга, зүүн шуунд цус хуралт, хоёр шүдний эмтрэл гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. биед зүүн хөлийн шаант ясны дотор булууны цууралт, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, хамар ёсны цөмөрсөн хугарал, баруун дээд, зүүн доод зовхинд шарх, хоёр нүдний зовхи, зүүн нүдний алимны цус хуралт, хоёр шүдний эмтрэл гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн Хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-31-33-р хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын газрын 2024 оны 8 дугаар сарын 30- ны өдрйин 13/5946 дугаартай “зүүн талын өвдөгний КТГ-ын сиди байхгүй тул дүгнэлт гаргах боломжгүй, толгойн КТГ болон хоосон Сиди ирсэн болно.” гэсэн албан бичиг/хх- 37-р хуудас/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “23:08 минутад холбогдогч О.Л хохирогч Б.Жаргалтбаттай ноцолдож зодолдож байгаа нь харагдана, 23:09 минутад О.Л хохирогч Б.Жын толгой нүүрэн хэсэгт гар болон хөлөөрөө цохиж байгаа нь харагдана” гэсэн тэмдэглэл /хх-94- 98-р хуудас/,

- Яллагдагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 125-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Г.Багахүү, Б.Золжаргал нараас шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хүртэл хоногоор хойшлуулж, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 4011 дугаартай шинжээчийн дүгнэлт нь бүрэн биш, эргэлзээтэй байгаа тул хохирогчийн компьютер томограф үзүүлсэн СиДи болон холбогдох бусад баримтыг үндэслэн дахин шинжээч томилж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан болно.

            Хэрэгт цугларсан баримтаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаа нь хохирогч Б.Жын биед хэсэг газарт үзлэг хийх, Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн 4301 дугаартай өвчний түүх, 2024 оны 03 дугаар сраын 15-ны өдрийн Толгойн болон зүүн талын өвдөгний компьютер томографт үзүүлсэн зураг, СиДи зэргийг үндэслэн шинжилгээ хийж 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 4011 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан байх тул хохирогчийн өмгөөлөгч Г.Багахүү, Б.Золжаргал нараас гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.    

            Иймд хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч О.Л нь 2024 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **********нутагт дэвсгэрт иргэн Б.Ж, иргэн М.Э нартай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар хохирогч Б.Ж нь найз М.Эыг өмөөрч, араас нь очих үед түүний толгой нүүр хэсэгт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж, түүний эрүүл мэндэд нь зүүн хөлийн шаант ясны дотор булууны цууралт, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, хамар ёсны цөмөрсөн хугарал, хоёр талын нүдний эргэн тойрон, зүүн хацар, хамар, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний хөдөлгөгч булчингийн ивэрхийлэл, баруун дээд, зүүн доод зовхинд шарх, хоёр нүдний зовхи, зүүн алим, цээж, хоёр бугалга, зүүн шуунд цус хуралт, хоёр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Шүүгдэгч О.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

   1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Б.Жын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ж нь эмчилгээний зардалд 1,743,050 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ж нь эмчилгээ, үйлчилгээ авсан 2,909,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас тус тус нэхэмжилжээ.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар шүүгдэгч О.Лээс 1,745,050 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Жад, 2,909,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт, мөн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Жын сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6,600,000 төгрөгөөр тогтоож хохирогчид тус тус олгуулахаар шийдвэрлэв.  

Шүүгдэгч О.Лээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөх санал гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч, шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар завсарлуулсан боловч шүүгдэгч О.Л нь дээрх завсарлуулсан хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас санаатай оргон зайлж, шүүн таслан ажиллагаанд саад учруулсан болно.

Улмаар тус тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1896 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүгдэгчийн эрэн сурвалжлах ажиллагаа явуулахыг Эрүүгийн цагдаангийн албаны Эрэн сурвалжлах хэлтэст даалгаж, шүүгдэгчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх аргэ хэмжээ авч, олсон даруйд уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар захирамжид дурдаж шийдвэрлэсэн.

Тус тойргийн шүүхийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1896 дугаартай захирамжийн хувийг Эрүүгийн цагдаангийн албаны Эрэн сурвалжлах хэлтэст хүргүүлж, эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд шүүгдэгчийн байгаа газрыг олж тогтоон, Эрүгийн цагдаагийн албаны 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 11з/6792 дугаартай албан бичгээр шүүгдэгч О.Лийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хорьсон болохыг мэдэгдсэн.

Тиймээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр товлон зарлаж, шүүх хуралдааныг үргэлжүүлэн явуулсан болно.

Шүүх хуралдааныг завсарлуулж шийдвэрлэсэн дээрх хугацаанд шүүгдэгч О.Л нь хохирогч Б.Жад гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 370 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг,

Хохирогчийн өмгөөлөгч нараас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” саналыг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Л.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа хүрэлцэн ирээгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас санаатайгаар оргон зайлсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулаагү болон түүний хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

            Шүүгдэгч О.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 18 хоногийн 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас хасч, түүний нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг хугацааг 2 сар 12 хоногоор тогтоов.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Эрин хороолол 53/12 байрны 58 тоотоос гарахыг хязгаарлахаар тогтоож, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавихыг үүргийг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт 18 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Лд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон СиДи – 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Д овгийн О-ийн Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лийг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 18 /арван найман/ хоногийн 1 /нэг/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногоор тооцож эдлэх ялаас хасч, түүний нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг хугацааг 2 /хоёр/ сар 12 /арван хоёр/ хоногоор тогтоосугай.

4. Шүүгдэгч О.Лд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 /гурван зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.Лд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хүрээг Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Эрин хороолол 53/12 байрны 58 тоотоос гарахыг хязгаарлахаар тогтоож, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

8. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Шүүгдэгч О.Л нь энэ хэрэгт 18 /арван найм/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйиргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар шүүгдэгч О.Лээс 1,745,050 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Жад, 2,909,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгуулж, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Жын сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6,600,000 төгрөгөөр тогтоож хохирогчид олгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон СиДи – 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.ОЧБАДРАХ