Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/122

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

улсын яллагч хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аэд холбогдох эрүүгийн 2319000000153 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: А, урьд:

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 616 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 8 сар 22 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 633 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1090 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар: А нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бусдыг төөрөгдөлд оруулан 180,000 төгрөгийг бэлнээр өгч тухайн мөнгийг задруулахаа болилоо гэж бутархай мөнгийг буцааж өгөх замаар хуурч хохирогч От 80,000 төгрөгийн хохирол учруулан залилсан, хохирогч Дт “мөнгө задалж өгөх үү” гэж хэлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 180,000 төгрөгийг бэлнээр өгч тухайн мөнгийг задлуулахаа болилоо гэж бутархай мөнгийг хохирогчид буцааж өгөх замаар хуурч 50,000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Оын “2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 22 цаг 20 минутын орчимд *** хүнсний дэлгүүрт манай худалдагч Оюунцэцэг ажлаа хийж байхад гаднаас үл таних 40 орчим насны, намхан нуруутай хар хөх өнгийн яах саравчтай хар малгайтай, хар өнгийн масктай, дөрвөлжин шоотой хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн ултай хар өнгийн пүүзтэй эрэгтэй хүн ганцаараа орж ирээд 180,000 төгрөг задлаад өгөөч гээд 9 ширхэг бүхэл 20,000 төгрөг өгсөн. Манай худалдагч тэгээд тухайн мөнгийг нь задлаад 180,000 төгрөгийг өгөөд байж байтал мөнгөө задлуулахаа болилоо гэж хэлээд задалсан мөнгийг буцаагаад өгсөн бөгөөд худалдагч өөрийнх нь өгсөн 9 ширхэг 20,000 төгрөгийг буцаагаад бүхлээр нь өгсөн. Тэгтэл мөнгө буцааж өгөхдөө мөнгөнөөс 50,000 төгрөгийг авчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-5 хуудас),

Хохирогч Дын “...2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд “О” хүнсний дэлгүүрт худалдагчийн ажлаа хийгээд байж байхад гаднаас үл таних 40 орчим насны, намхан нуруутай хар хөх өнгийн яак, саравчтай хар малгайтай, хар өнгийн масктай, дөрвөлжин шоотой хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн ултай хар өнгийн пүүзтэй эрэгтэй хүн ганцаараа орж ирээд 180,000 төгрөг задлаад өгөөч гээд 9 ширхэг бүхэл 20,000 төгрөг өгсөн. Би тэгээд тухайн мөнгийг нь задлаад 180,000 төгрөгийг өгөөд байж байтал мөнгөө задлуулахаа болилоо гэж хэлээд надад миний задалсан мөнгийг буцаагаад өгсөн бөгөөд би өөрийнх нь өгсөн 9 ширхэг 20,000 төгрөгийг буцаагаад бүхлээр нь өгсөн. Тэгтэл надад буцааж өгсөн мөнгөнөөс 50,000 төгрөгийг авчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 хуудас),

О хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бусдыг төөрөгдөлд оруулан 180,000 төгрөгийг бэлнээр өгч тухайн мөнгийг задлуулахаа болилоо гэж бутархай мөнгийг буцааж өгөх замаар хуурч хохирогч От 80,000 төгрөг, Дт 50,000 төгрөгийг тус тус залилан авсан болох нь тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

1.Гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Аийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэх гэмт хэргийн шинжийг тус тус агуулжээ.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг мэдсээр байж бусдыг үгээр болон үйлдлээр төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг анхнаасаа буцаан хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох санаа зорилго, сэдэлтийг агуулсан байдаг бөгөөд гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгынхоо шинжээр бусад төрлийн гэмт хэрэг болон иргэний эрх зүйн маргаанаас ялгагддаг.

Өөрөөр хэлбэл бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн болгож, ашиг олох, шунахайн сэдэлт зорилгоор бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг. Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч А нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “***” хүнсний дэлгүүрт орон “мөнгө задалж өгөх үү” гэж хэлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 180,000 төгрөгийг бэлнээр өгч тухайн мөнгийг задруулахаа болилоо гэж бутархай мөнгийг буцааж өгөх замаар хуурч хохирогч От 80,000 төгрөг, Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг О хүнсний дэлгүүрт хохирогч Дт “мөнгө задалж өгөх үү” гэж хэлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 180,000 төгрөгийг бэлнээр өгч тухайн мөнгийг задлуулахаа болилоо гэж бутархай мөнгийг хохирогчид буцааж өгөх замаар хуурч 50,000 төгрөгийг залилан авсан байх бөгөөд Аийн санаа, сэдэл, зорилго нь хуурч 130,000 төгрөгийг авч “Залилах” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Шүүгдэгч А нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.

Шүүгдэгч нь хохирогч От 80,000 төгрөг, Дт 50,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Аийг  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ...цагдан хоригдсон 11 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр дүйцүүлж 165,000 төгрөгийг 500,000 төгрөгийн торгох ялаас хасаж 335,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.

 “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Аэд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр зохицуулжээ. 

Дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагаас шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг харгалзаж сонгож оногдуулна.

Шүүгдэгч Аэд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдохгүй, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Аийн 11 хоног цагдан хоригдсон 1 хоногийн 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000 төгрөгөөр тооцож, 165,000 төгрөгийг торгох ялаас хасаж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч А нь хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хадгалах хугацаа дуусах хүртэл хадгалахыг дурдав.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Аийн 11 хоног цагдан хоригдсон 1 хоногийн 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000 төгрөгөөр тооцож, 165,000 төгрөгийг торгох ялаас хасаж тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А нь оногдуулсан 335,000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч Аэд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Аэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7.Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хадгалсугай.  

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.АРИУНЗУЛ