| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 148/2017/0017/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/22 |
| Огноо | 2017-03-28 |
| Зүйл хэсэг | 152.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2017/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Урангоо
Улсын яллагч Л.Энхтайван
Хохирогч Ж.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр нарыг оролцуулав.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152-р зүйлийн 152.1-д зааснаар зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн С.С-ад холбогдох эрүүгийн 2017*******2 дугаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ***** аймгийн ***** хотод төрсөн, ** настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа валютын арилжаа эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт **** аймгийн ***** сумын * дугаар баг, * дугаар хэсгийн *-р байрны ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Ц овогт С-ийн С- /РД: ******/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.С- нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр **** аймгийн **** сумын *-р багт оршин суух Ж.Гаас түүнд ОХУ-ын Улаан-Үдэ хотод 13.400 ам долларыг рублиэр солиулах гэж итгэмжлэн өгсөнийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд
Шүүгдэгч С.С-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 04 цагийн үед Г-тай хамт доллор солиулах гэж Улаан-Үүд рүү явсан. Бид 2 тус тусдаа явсан учраас би Г-ыг хэдэн доллартай явж байсныг мэдэхгүй. Тэгээд доллараа солиулах гэсэн чинь ченжүүд нь бага мөнгөтэй байна гээд би үлдэж үлдсэн мөнгөө солиулах болсон. Тэгээд Г- надад 9200 доллар үлдээгээд явсан. Явсныхаа дараа над руу залгаад чамд 2000 доллор илүү өгсөн байна” гэж хэлэхээр нь би “уулзаж учраа олъё” гэж бодоод “уулзая” гэсэн чинь “за” гээд хэсэг хугацааны дараа дахиж миний Орос дугаар луу залгаад “би өөр ченжид өгсөн мөнгөө андуурсан байна” гэж хэлсэн. Тэгээд Улаан-Үүдэд хонохдоо өөрийнхөө мөнгөөр казинод тогтоод алдсан. Тэгээд Г-ын 9200 доллороор дахиж тоглоод алдчихсан. Тэгээд Монгол руу ороод Г-ад юу болсон талаараа хэлээд 7 хоногийн дараа 20.000.000 төгрөг өгсөн. Дараа нь 2.160.000 төгрөг эхнэрийнх нь данс руу шилжүүлсэн. Одоо надаас 10.000.000 төгрөг нэхээд байгааг ойлгохгүй байна...” гэх мэдүүлэг
Хохирогч Ж.Гын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Би 2016 оны 10 дугаар сарын 30-нд С-ад 13.400 доллор үлдээгээд Монгол руу явсан. Би 2000 доллор илүү өгсөн байна гэх мэт илүү дутуу зүйл яриагүй. Эхлээд надад “би хотод байна, дээрэмдүүлчихлээ” гэсэн. Тэгэхээр нь “чи тоголсон биз” гэсэн чинь “тийм ээ би удахгүй өгье” гэж хэлсэн. Бид 2-ын хооронд өс хонзон байхгүй. Би гэрт нь орж охиноос нь 20.000.000 төгрөг авсан. Хамгийн сүүлд надад машин авах уу гэхэд нь би үгүй гээд дахиж уулзаагүй. Хүү, алданги тооцоогүй. Сүүлд нь манай гэрт орж ирээд эхнэрийн дансанд 2.160.000 төгрөг хийсэн. Тэрнээс хойш үлдсэн мөнгийг өгөөгүй. Одоо үлдэгдэл 10.000.000 төгрөгөө нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг
Гэрч М.Э-ын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би С.С-ад 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20.0 ам долларыг ОХУ-руу рубль болгож солиулахаар өгсөн юм. Тэгээд тухайн үед С.С- ОХУ-д дээрэмдүүлсэн гэж байгаад мөнгө төгрөг өгөхгүй байсан тул би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст С-ад 20.0 ам доллар алдсан талаар 2016 оны 11 сарын 05-ны өдөр өргөдөл өгөөд тэгээд цагдаад шалгагдаж байхдаа С.С- миний 20.0 ам долларыг төлсөн юм.....С.С- надад би Ж.Гаас 13.400 ам доллар авсан тэгэж байгаад төлнө гэдгээ хэлж байсан талаар тайлбар дээрээ хэлсэн байна. Гэхдээ яг тэр хоёрыг 13.400 ам доллар өгөлцөж авалцаж байхыг бол хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Сүүлд Ж.Г бас С надаас мөнгө аваад өгөхгүй байна гэж хэлж байсныг мэднэ. Гэхдээ яг хэдэн ам долларын талаар гэдгийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар тал/
Гэрч Т.Дын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Х миний төрсөн дүүгийн нөхөр байгаа юм. Бид хамтран ажилладаг юм. Тухайн С.С-ад өгсөн 10.0 ам долларыг манай Х С.С-ын дүү М-т оруулж өгсөн юм. С.С-ад 10.0 ам доллар өгөхийг би мэдэж байсан. Өмнө нь би С.С-тай өөрөө утсаар ярьж рубль авах талаар ярьсан байсан. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны үед би өөрийн ******* дугаарын утсаар С-руу залгаж мөнгөө нэхсэн юм. Тухайн үед С.С- надад бусдад өр байгаа тэрийг дараад би таны мөнгийг өгнө гэсэн. Тэгэхдээ Ж.Гын 13.400 ам доллар, Э-ын 20.0 ам долларыг төлөөд удахгүй таны мөнгийг өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар тал/
Гэрч Г.Х-ын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байх Д ах бид хоёр хамт байж байхад С.С- руу Д ахын утсаар залгахад С.С- өөрөө та хоёр битгий цагдаа сэргийлэхэд хандаарай би эхлээд Ж.Гын 13.400 ам доллар, Э-ын 20.0 ам долларыг өгөөд дараа нь та хоёрын мөнгийг өгнө гэж өөрөө утсаар хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр тал/
Мобиком Корпораци ХХК-ний лавлагаа /хх-ийн 04-07 дугаар тал/
Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 08 дугаар тал/
Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал /хх-ийн 11-26 дугаар тал/
Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар холбогдох баримтуудын хамт /хх-ийн 27-35 дугаар тал/
Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтсээс ирүүлсэн лавлагаа /хх-ийн 37 дугаар тал/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 39-45 дугаар тал/
Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 49-50 дугаар тал/
С.С-ыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 63-65 дугаар тал/
С.С-ыг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 67 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд
Шүүгдэгч С.С- нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р багт оршин суух Ж.Гаас түүнд ОХУ-ын Улаан-Үдэ хотод 13.400 ам долларыг рублиэр солиулах гэж итгэмжлэн өгсөнийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд; Хохирогч Ж.Гын шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 52-53 тал/, М.Э-ын /хх54-55/, Т.Дын /хх-ийн 56-57/, Г.Хын /хх-ийн 58-59/ мэдүүлгүүд, мобиком Корпораци ХХК-ний лавлагаа /хх-ийн 04-07 дугаар тал/, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 08 дугаар тал/, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал /хх-ийн 11-26 дугаар тал/, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар холбогдох баримтуудын хамт /хх-ийн 27-35 дугаар тал/, Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтсээс ирүүлсэн лавлагаа /хх-ийн 37 дугаар тал/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 39-45 дугаар тал/, Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 49-50 дугаар тал зэрэг болно.
Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг болон бичгийн бусад баримт сэлтүүдээр шүүгдэгч С.С- нь хохирогч Ж.Гын түүнд итгэмжлэн өгсөн 13.400 ам долларыг завшсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх хохирогч гэрчүүдийн мэдүүлэгийг шүүх үнэн зөв гэж үзэв.
Шүүгдэгч С.С-ад холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.С-ыг дээрх зүйл ангид заасан буюу “бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс “...9200 ам долллар авсан, түүнийгээ төлж барагдуулсан, хохирогч 13.400 ам доллар өгсөн гэх байдал нь нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх санал хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь Хохирогч Ж.Гын мэдүүлэг гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа ба харин шүүгдэгчийн өгч буй мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдохгүй, үгүйсгэгдэж байна.
Иймд шүүгдэгч С.С-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасны дагуу ял шийтгэл оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийн зарим хэсгийг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хөнгөрүүлж үзэв.
Хохирогч Ж.Гаас итгэмжлэн өгсөн 13.400 ам долларыг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1 ам долларын 1 төгрөгтэй харьцах ханш буюу 2374.21 төгрөгөөр тооцож 31.814.414 төгрөгөөс шүүгдэгч С.С-ын төлж барагдуулсан 22.160.000 төгрөгийг хасч 9.654.414 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 293, 294, 297-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ
1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар Ц овогт С-ийн С-ыг мөн хуулийн 152-р зүйлийн 152.1-д заасан “...бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар Ц овогт С-ийн С-ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.200.000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шүүгдэгч С.С- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Монгол Улсын Иргэний Хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.С-аас 9.654.414 төгрөг гаргуулан **** аймгийн **** сумын * дугаар баг * дугаар хэсэг * дүгээр байр * тоотод оршин суух хохирогч Ч овогт Ж-ын Г-ад /МН********/ олгосугай.
6.Шүүгдэгч С.С-ад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ