Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар  2021/ДШМ/415

 

 

 

 

 

 

      2021         4             27                                      2021/ДШМ/415                              

 

 

Э.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЗ/679 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ундрахын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Э.Гд холбогдох эрүүгийн 2108 00000 0202 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Эын Г, ..... оны .. дүгээр сарын ...-ны өдөр ............. төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ...................... дүүргийн ... дугаар хороо, ............... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .................. дүүргийн ... дугаар хороо, ............ дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...................../;

            Яллагдагч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 03 цагийн үед ..................... дүүргийн ... дугаар хороо, ................... дугаар гудамжны .... тоот гэртээ хохирогч Д.Мийг “орон дээрээ хэвтсэнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд 4 дүгээр шүдний хугарал, зүүн дээд 1 дүгээр баруун, зүүн доод 1, 2 дугаар шүднүүдийн сулрал, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 686 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 6-7/, гэрч Г.Гын /хх 12/, гэрч Г.Оийн /хх 16-17/, хохирогч Д.Мийн /хх 24, 62/ мэдүүлгүүд хэрэгт авагджээ. Гэтэл улсын яллагчаас Э.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан байхад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүндэвтэр гэмтэлд прокурор хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “... цохиулсандаа айгаад гэр лүү буцаж ороогүй ...” гэсэн байхад яллагдагчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай бөгөөд энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Иймд дээр дурдсан үндэслэлээр яллагдагчид холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Э.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч Э.Г нь .................... дүүргийн ... дугаар хороо, ................... дугаар гудамжны .... тоот болох өөрийн гэртээ 2021 оны 1 дүгээр сарын 07-ноос 8-нд шилжих шөнө  найз Г.О, Д.Мэ, Г.Г нартай архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, улмаар Э.Г нь хохирогч Д.Мийг “орон дээр хэвтсэнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “Баруун дээд 4 дүгээр шүдний хугарал, зүүн дээд 1 дүгээр, баруун, зүүн доод 1, 2 дугаар шүднүүдийн сулрал, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Харин хохирогч Д.Мийн эрүүл мэндэд “хоёр хөлийн тавхайн 2-3 дугаар зэргийн хөлдөлт бүхий” хүндэвтэр гэмтлийг Д.Мэ нь Э.Ггийн гэрээс хөл нүцгэн гарч явсны улмаас учирсан үйл баримт тогтоогдсон. Яллагдагч Э.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, Д.Мийн нүүрэн тус газарт цохисон, Э.Ггийн цохилтын улмаас Д.Мийн шүд, нүүрэн тус газарт гэмтэл учирснаар гэмт хэрэг төгссөн бөгөөд дахиж цохиж, зодох айлгах үйлдэл хийгээгүй байна. Хохирогч Д.Мэ нь Э.Ггээс айж гэрээс гарч, хөл нүцгэн гүйснээр түүний хөлийн тавхайд хөлдөлтийн улмаас хүндэвтэр хохирол учирсан. Хэдийгээр яллагдагч Э.Г нь хохирогч Д.Мэд уурлаж, цохих үйлдэл хийсэн ч түүнийг өвлийн хүйтэнд гэрээс гадагш гаргах, биед нь өөр байдлаар гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон. Харин ч Э.Г нь хэрэг учрал болох үед хамт байсан Г.Оийг унтаж байхад нь дуудаж хохирогч Д.Мийг гараад явсан талаар хэлж, Г.О хохирогч Д.Мийн араас гарч явсан үйл баримт тогтоогддог ба хор уршиг учруулахаар чиглэсэн ямар нэгэн хандлага гаргаагүй гэж үзэхээр байна. Э.Гг хууль бус шинжтэй эс үйлдэхүй хийсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаас тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, яллагдагч нь хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулах гэсэн санаатай үйлдэл, эс үйлдэхүй, түүний үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдохгүй байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, прокуророос 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Э.Гд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд “хоёр хөлийн тавхайн 2-3 дугаар зэргийн хөлдөлт бүхий хүндэвтэр гэмтлийг хохирогч Д.Мэ гэрээс нь хөл нүцгэн гарч явсны улмаас учирсан болох нь тогтоогдсон, дээрх хүндэвтэр гэмтлийг Э.Ггийн шууд санаатай үйлдлийн улмаас учирсан гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэлт хийсэн байхад шүүхээс хохирогч Д.Мийн биед хүндэвтэр гэмтэл учирсанд дүгнэлт хийгээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Хэрэг учрал болох үед байсан хүмүүс болох хохирогч Д.Мэ, гэрч Г.О, Г.Г, яллагдагч Э.Г нараас мэдүүлэг авч, шинжээчийн дүгнэлт гаргах зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэн хэргийн үйл баримтад дүгнэлт өгч хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад мөрдөн шалгах ажиллагаа дутуу гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй юм. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Гд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ, прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлон тогтоожээ.

Хуулийн энэхүү зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн хэрэг, хүний хувьд л шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд эдгээрт дурдагдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй юм.

Э.Гг бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан прокурор Б.Ундрах 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 140 тоот яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд уг дүгнэлтийн тогтоох хэсэгт түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа талаар дурдсан байна /хх 85-87/.

Тухайн хэргийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх хэрэг хэлэлцэх ажиллагааг явуулж шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шижлүүлэх ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЗ/679 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.Гд холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Э.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ