Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/MA2017/0147

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 16 өдөр

  Дугаар 221/МА2017/0147

         Улаанбаатар хот

 

 

Ю.Алтанхүүгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Ю.Алтанхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Хишигбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1011 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ю.Алтанхүүгийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1011 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ю.Алтанхүүгийн “нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар захирамжийн Караван ХХК-д, 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар, 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжийн Д.Энхцэцэгт холбогдох хэсгийг тус тус илт хүчин төгөлдөр бусад тооцуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Д.Энхцэцэгийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжийн Ю.Алтанхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, уг захирамжийн Ю.Алтанхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ю.Алтанхүү давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар маргаж буй үйл баримтад бодит байдалд нийцсэн үнэн зөв дүгнэлт хийгдснээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болох бөгөөд 1011 дугаартай шийдвэрийн үндэслэлээс үзэхэд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэн зөвийг тогтоох, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөж байгаа эсэх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим, захиргааны үйл ажиллагааны зөрүүтэй үйл баримт, нотлох баримт зэргийг анхаарч үзсэнгүй, түүнд дүгнэлт хийсэнгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс нийслэлийн Засаг даргаас гаргасан 132, 20, 257 дугаар захирамжууд нь гарсан цагаасаа илт хууль бус, хүчин төгөлдөр байх боломжгүй хууль зөрчсөн алдаатай болохыг, энэхүү илт хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх хөндөгдсөн нөхцөл байдал үүссэн гэж, мөн гуравдагч этгээд болох Д.Энхцэцэгийн газар эзэмших эрх хууль бусаар үүссэн зэрэг нөхцөл байдлыг тогтоолгохоор маргасан байтал анхан шатны 1011 дугаар шийдвэрээр “Жэй эм интернет моторс” ХХК-иас газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн талаар гомдол гаргаагүй, ... “Караван” ХХК-ийн газрын баталгаат хэмжээг тогтоосон актаар 30 га хэмжээтэйгээр тусгагджээ” гэсэн дүгнэлт хийгдсэнээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна...

Мөн гуравдагч этгээдээс хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж, бие даасан шаардлага гаргасныг шүүх хангаж, нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 233 дугаар захирамжийг хүчингүй болгож, энэхүү захирамж нь Д.Энхцэцэгийн газар эзэмших эрхийг хөндсөн байна гэж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар эзэмших эрх хэрхэн үүссэн талаарх бүх нотлох баримтыг анхан шатны шүүх хэргийг шалгах ажиллагааны явцад хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай болохыг нотлох баримтыг бүрдүүлсэн боловч шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Тухайлбал, шүүх нэхэмжлэгч гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хэрхэн үүссэн нөхцөл байдлыг харилцан уялдуулж үзэлгүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд Ю.Алтанхүүгээс хүсэлт гаргасан нь нотлогдохгүй байна гэж, мэдээллийн санд бүртгэл тэмдэглэл байхгүй нөхцөл байдлыг дүгнээгүй, суурийн судалгаа хийгдээгүй нь Д.Энхцэцэгийн эрхийг хөндсөн гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас Ю.Алтанхүүгийн хүсэлт шийдвэрлэгдэх үед суурийн судалгаа хийх үед ямар ч худаг, байшингийн суурь, хашаа байгаагүй байдаг. Мөн 2008 оны “Google”-ийн агаарын зургаар ч тодорхой харагддаг. 2009 онд Д.Энхцэцэгт газрын эрх шилжсэнээс хойш хашаа, худаг барьсан гэдгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр тайлбарладаг.

Иймд шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий, хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хууль бус нөхцөл байдлыг тогтоож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Ю.Алтанхүүгээс маргаан бүхий акт болох нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 132 захирамжийн “Караван” ХХК-д, 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар, 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжийн Д.Энхцэцэгт холбогдох хэсгийг тус тус илт хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Анх нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 110 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Жэй Эм интернет моторс” ХХК-д 40.0 га газрыг 15 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ.

Улмаар нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 132 дугаар захирамжаар дээрх компанийн ашиглаж байсан газраас 30.0 га газрыг “Караван” ХХК-д болон 10.0 га газрыг “Сайн констракшн” ХХК-д тус тус 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар захирамжаар иргэн Д.Энхцэцэгт “Караван” ХХК-ийн эзэмшлийн 30.0 га газрыг 5 жилийн хугацаатай шилжүүлж, 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжаар мөн 5 жилийн хугацаатай тус газрын зориулалтыг өөрчлөн эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан үйл баримтуудаар тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заажээ.

Тодруулбал, “Караван” ХХК-ийн 0065578 дугаар газар эзэмших эрх бүхий гэрчилгээг нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар захирамжаар гуравдагч этгээд болох Д.Энхцэцэгт шилжүүлэн эзэмшүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Харин гуравдагч этгээдийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжийн Ю.Алтанхүүд газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга зөрчиж Ю.Алтанхүүд маргаан бүхий газарт 2.0 га газрыг эзэмшүүлсэн нь “Хээрийн судалгаа хийгээгүйгээс бусдын эзэмшилд байгаа газартай давхцуулж олгосон нь Д.Энхцэцэгийн газар эзэмших эрхийг зөрчсөн” гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Тодруулбал, маргаан бүхий газрыг анх нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 110 дугаар тогтоолоор “Жэй Эм интернет моторс” ХХК-д 15 жилийн хугацаатай ашиглуулахаар эрх олгосон. Түүнээс хойш нийслэлийн Засаг дарга 2007 оны 04 дүгээр сарын 02-ны 132 дугаар захирамжаар “Караван” ХХК болон “Сайн констракшн” ХХК-д тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байхад уг газрыг дүүргийн Засаг дарга бусдад эзэмшүүлэхээр захирамж гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, хууль болон журмын дагуу маргаан бүхий газрыг анх “Жэй Эм интернет моторс” ХХК-д ашиглуулахаар, улмаар Д.Энхцэцэгт шилжүүлж эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч Ю.Алтанхүүгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иймд маргаан бүхий газрыг “Караван” ХХК, Д.Энхцэцэг нар “Жэй Эм интернет моторс” ХХК-иас шилжүүлж эзэмшиж байгаа нь анхнаасаа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хөндөөгүй байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн баримталсан хуулийн заалтад зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1011 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “...33 дугаар зүйлийн 33.1-д” гэснийг “...38 дугаар зүйлийн 38.1-д” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                    ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

                    ШҮҮГЧ                                                       Э.ЗОРИГТБААТАР

                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР