Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/138

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Ц,

өсвөр насны шүүгдэгч А, түүний өмгөөлөгч З.А,

өсвөр насны шүүгдэгч Г, түүний өмгөөлөгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2419004890084 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт: А, Г

Холбогдсон хэргийн талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

А, Г  нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсэрт баригдаж байсан ***ны дээвэр дээрээс 120 метр газардуулагч цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч “Э” ХХК-д 600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-9 хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 9 хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бгийн “...2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн орой 19 цагийн орчим тухайн барилгын гадна талд манай оффисийн үүдэнд зогсож байхад барилгын дээвэр дээр буюу 6 давхрын дээвэр дээр хүн явж байсан. Тэр үед би ямар хүн явж байдаг билээ гээд дээшээ гартал 2 хүүхэд юм хийгээд доошоо харчихсан сууж байсан. Би очтол кабелийн утас тасдаад нугалчихсан байхаар нь дээвэр дээгүүр явсан зэс бүрээстэй газардуулгын кабелийг тасдаад цүнхэндээ хийж байхаар нь та нар юу хийж байна аа, манай дээр ажилладаг билүү гэж асуутал тэр 2 залуу үгүй гэж хэлсэн. Тэгвэл талбайн оффис дээр очъё гээд тэнд очоод цахилгааны хүмүүсийг явуулж үзүүлтэл 120 метр утас тасдаад авчихсан байна гэж хэлсэн. ... тухайн үед барилгын дээвэр дээрээс юм алдагдсны дараа хураагдсан утаснуудыг ашиглах шаардлага гараад барилга дээр дахин ашигласан. Одоо тухайн утаснууд холбогдоод дарагдсан болохоор дахин авах боломжгүй. Би өөрөө хүсэлт гаргаж 99 метрийн урттай цахилгааны утсыг буцааж авсан. Яагаад гэвэл дээрх зүйлсийг барилга дээр ашиглах шаардлага гарсан учраас авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13,84 хуудас),

Хөрөнгийн үнэлгээний “А” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27-30 хуудас),

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 65 хуудас),

Б.А, Г нарын насыг тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 74-75 хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, өсвөр насны шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дугаар заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах,

өсвөр насны шүүгдэгч Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 2 дахин багасгаж 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дугаар заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн бол шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж,

өсвөр насны шүүгдэгч Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 2 дахин багасгаж 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Г, А нар нь тогтоол гарахаас өмнө баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Мөн шүүгдэгч А, Г нарт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Өсвөр насны шүүгдэгч Г, А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Гт хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ат 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 2 дахин багасгаж 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ат оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагч зорчихыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийн хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5.Өсвөр насны шүүгдэгч А, Г нарт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 21 метр урттай цахилгааны утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч “Э” ХХК-д буцаан олгож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Samsonite гэх бичиглэлтэй цайвар ногоон өнгийн цүнх 1 ширхэг, шар өнгийн хөлтэй хар өнгийн бариултай тасдагч багаж 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г, А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.АРИУНЗУЛ