| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/0139/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/141 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.З,
Шүүгдэгчийн биеийн байцаалт: О
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн *** Оийн нүүрэн тус газар нь гараараа цохисны улмаас биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Оийн “...Би 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын мөсний баярын орой сумын *** зохион байгуулагдсан бүжгийн цэнгээнд оролцож байх үеэр зүс таних Лгийн О нь согтуу байгаа харагдаж байсан. Тэгээд би соёлын төвийн ажилчдын хаалгаар гарч гадаа байдаг 00-д орж бие засах гээд хаалгыг нь нээтэл миний нүүрлүү шууд л зангидсан гар орж ирээд миний хамар руу 2 удаа цохисон бөгөөд ахиад намайг цохих гэж байхад нь нутгийн хүмүүс цаанаас Оыг татаж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 хуудас),
Гэрч Б.Бийн “...манай нөхөр Л.О гэнэт уурлаж ирээд Мөнгөн-Өлзийтэй маргалдаад эхлэхээр нь гаргасан чинь ойрхон байсан О эгчийг цохичихсон гэж сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Энхцэцэг, Мөнгөн-Өлзий, Энхтуяа нар хэлж байсан...” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 9 хуудас),
Гэрч Б.Бийн “...Л.О орж ирээд “та нар муу сайнуудын дарга гэж юу байсан юм, бүгдээрээ энд цуглачхаад” гээд бид нарт уурлаад эхэлсэн чинь Энхцэцэг өрөөнөөс гарсан чинь О нь тэр өрөөн дотор О эгчийн нүүр рүү цохчихсон. Яг хэдэн удаа цохисон бэ гэдгийг нь мэдээгүй бөгөөд тэр үед О ч гаднаас нэлээд согтуу орж ирсэн байсан, гэнэт л О эгч чи эгчийгээ яагаад цохиж зодож байгаа юм бэ гээд загнаад байсан...” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 13 хуудас),
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ДОГ0725/126 дугаартай шинжээчийн “...Оийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.... Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 хуудас),
Яллагдагч Л.Оын “...2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дэлгэрэх сумын Бумбат дугаар багийн мөсний баяр болж тэндээ тэмцээн уралдаан болоод тухайн үедээ архи дарс их хэрэглэсэн. Тэгээд орой нь сумын төвд сумын *** нийтийн бүжигтэй гэсэн зарлалын дагуу сумын соёлын төв рүү 19-20 цагийн орчимд очиж соёлын төв дотор нэлээд олуулаа бүжгийн дундуур сууж босоод архи ууцгаасан. Тухайн үедээ Мөнгөн-Өлзийтэй маргалдаад харилцан бие биенээ гараараа цохиж авсан чинь О эгч бид хоёрыг салгах гээд голоор орохдоо надад цохиулчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 хуудас) болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
1.Гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Л.О нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн *** согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Оийн нүүрэн тус газар нь цохиж түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.
Түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Шүүгдэгч Л.Оын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэхээс гадна тэрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч О нь 843,800 төгрөгийг нэхэмжилснээс 231,000 төгрөгийн баримт хэрэгт хавсаргасан байх бөгөөд шүүгдэгч Л.О нь хохирогч От 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хохирогч О нь цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Л.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж оролцлоо.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.От Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр зохицуулжээ.
Дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагаас шүүх ял оногдуулахаар сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг харгалзаж сонгож оногдуулна.
Шүүгдэгч Л.От эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц биелүүлнэ. Шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Л.О нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц биелүүлэх бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4.Шүүгдэгч Л.От оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О нь цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Шүүгдэгч Л.О нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ