| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/0127/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/128 |
| Огноо | 2025-05-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Л,
Улсын яллагчаар Ц.Ц,
Шүүгдэгч Д.Р,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д аймаг дахь прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Р холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .......................................................................,
урьд Д аймаг дахь Сум дундын * дүгээр шүүхийн 20** оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Д аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Д.Р
Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга: Яллагдагч Д.Р нь 20** оны 02 дугаар сарын 06-ны өдөр Д аймгийн С сумын *дугаар багийн нутаг дэвсгэр * замын пост орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн ***** улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “Д.Р нь 20** оны 02 дугаар сарын 06-ны өдөр Д аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэр * замын пост орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн ****** улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь нологдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйлд зааснаар түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 73 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэхийг санал болгоход хүлээн зөвшөөрсөн тул уг саналын дагуу шүүх шийдвэрлэж өгнө үү. Энэ хэрэгт Д.Р нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Уг таслан сэргийлэх арга хэмжээгч шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг дурдаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Р нь үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хэргийн улмаас бусдад учруулсан гэм хор болон төлөх төлбөр байхгүй. Прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа. Өмгөөлөгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан цаашид гарах үр дагавар буюу тэнсэн харгалзах ялын үр дагаврыг сайтар ойлгуулж тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Р нь Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 10 сарын 03-ны өдрийн 20**/ЗШ/*** дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 20** оны 02 дугаар сарын 06-ны өдөр Д аймгийн С сумын * дугаар багийн нутаг дэвсгэр * замын пост орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэн ******* улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Д.Р нь 20** оны 02 дугаар сарын 06-ны өдөр Д аймгийн С сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 3 замын пост орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн *** улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тиймээс шүүгдэгч Д.Р-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Р нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар мөн зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Р-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар мөн зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Р-д оногдуулсан ял, эрх хасах арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Г аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө овогт Д Р Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Р-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Р-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Шүүгдэгч Д.Р-д оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Г аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА